Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/351

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч: Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-нд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарынн 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Б-ийн Э /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ***** аймгийн ******** суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ………..ажилладаг ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо 0 дугаар хороолол Алтайн гудамж 00дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн  260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Э  нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг 000 худалдааны төв дотор иргэн Л.Э-тэй “эхнэр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь банкны карт уншигч Пос /Pos/ машинаар цохиж, эрүүл мэндэд нь “хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                     

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э  нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг ....  худалдааны төв дотор иргэн Л.Э-тэй “эхнэр доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь банкны карт уншигч Пос /Pos/ машинаар цохиж, эрүүл мэндэд нь “хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх дуудлагын хуудас /хавтаст хэргийн 1-р хуудас/,

-Хохирогч Л.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15 цаг өнгөрч байхад ганцаараа Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо ....  захаар цагаан сарын юм бэлдэх гээд орсон бөгөөд хиамны лангуун дээр очиход худалдагч гэх 50 гаран насны эмэгтэй, эрэгтэй хоёр хамт лангууны ард зогсож байсан бөгөөд хиам ямар үнэтэй вэ? гэж асуухад үнээ хэлсэн. Тэгэхээр нь би амталгаа хийж үзье гэж хэлэхэд амталгаа байхгүй гэж хэлсэн. Тэгээд би ойр орчим дахиад хиам хараад өөр лангуу хайсан бөгөөд өөр хиам байхгүй байсан тул дахиад нөгөө худалдагч эмэгтэй дээрээ очоод "Ах нь амталж үзэж авмаар байна” гэж хэлэхэд “Авахгүй байж яах гээд байгаа хөгшин төгрөг вэ" гэж хэлэхээр нь би хажууд нь зогсож байсан эрэгтэйд “энэ эмэгтэй өөрийн чинь юу вэ, эхнэр чинь үү дүү чинь үү, энэ хүнийхээ харьцаанд анхаараач" гэж хэлэхэд тухайн залуу үгийн зөрүүгүй "чи юу гээд байгаа хар пизда вэ яв гэж хэлээд байхад" гэж хэлээд карт уншдаг Пос машинаараа миний хөмсөг тус газар нэг удаа цохиж унагаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/,

-Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...буцаж эргэж ирээд тортой юм шидлээд дахиад намайг доромжлоод цохиж авах гээд байхаар нь би нөхрийнхөө араар ортол манай нөхрийг гараараа нүүр рүү нь хальт цохисон. Тэгээд манай нөхөр лангуун дээр байсан Пос машиныг аваад тухайн хүний толгой руу цохичихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1. Л.Э ийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Э гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр 15 цаг орчим лангуу дээр эхнэрийнхээ хамт ажиллаж байсан. Тухайн өдөр нь цагаан сарын битүүний өмнөх өдөр байсан тул үйлчлүүлэгч ихтэй байсан. Гэтэл 50 гаран насны согтуу эрэгтэй хиам ямар үнэтэй вэ гэж асуухаар нь би тухайн хүнд энэ ийм үнэтэй гээд бараагаа танилцуулсан. Гэтэл хиам авахгүй үйлчлүүлэгч хаагаад лангууны урд зогсоод байсан бөгөөд эхнэр Т “Та манайхаар үйлчлүүлэхгүй юм бол зайгаа тавиад өгөөч ард чинь олон хүн зогсоод байна” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эрэгтэй уурлаад манай эхнэртэй маргалдаж байгаад цааш явсан. Яваад удалгүй буцаж ирээд тортой зүйлээ хөргөгч дээр шидээд манай эхнэрийг “Гичий жингэр минь” гэж хэлээд харааж, ерөөгөөд байхаар нь би “Чи хүн доромжилдог хэн бэ” гэж хэлэхэд намайг шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Пос машинаараа толгой руу нь нэг удаа цохичихсон юм,...Одоогоор хохирогчид хохирол барагдуулаагүй байна. Би хохирол нэхэмжилвэл төлөхөө илэрхийлж байна... Би өөрийн гаргасан үйлдлээ буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж  /хавтаст хэргийн 41-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э  нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2760 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Э  нь хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хэрүүл маргааны үндсэн дээр хохирогчийн биед халдаж Пос машинаар нүүр рүү нь цохиж байгаа үйлдэл нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Л.Э  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг банкны карт уншигч Пос машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э д буцаан олгох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Э  нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт (хувиараа ажил эрхэлдэг), ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э  нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг банкны карт уншигч Пос машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Э д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Г овогт Б-гийн Э-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Б-гийн Э-нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг банкны карт уншигч Пос машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э д буцаан олгосугай. 

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА