Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00034

 

Голомт банкны Хөвсгөл салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баттогтох, Ц.Гантуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 769 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үнэлгээнд гомдол гаргах хугацаа сэргээлгэх, үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Хосбаяр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны шийдвэрээр иргэн Ц.Баттогтох, Ц.Гантуяа нараас 288.008.667 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Ингээд зээлдэгч нар буюу хариуцагч нар нь зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичүүлэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгүүлэхээр өгч мөн өдөр №29 тоот ШГАлбатай гэрээ байгуулсан юм.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2 жил гаран явагдаж өнөөдрийн байдлаар зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй төлбөр төлөгч Ц.Баттогтох Ц.Гантуяа нарын өмчлөлийн Мөрөн сумын 7-р баг 29 дүгээр гудамж, 13 тоотод байрлах 400 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Мөрөн сумын 7-р баг 29 дүгээр гудамж, 13а тоотод байрлах 390 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 914.3 кв.м хэмжээтэй газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар ажиллагаа хийгдсэн боловч дуудлага худалдаанд нэг ч оролцогч оролцохгүй тухайн эд хөрөнгийг худалдан авахаар сонирхогч этгээд гарахгүй өдий хүрсэн болно. Тухайн үед төлбөр төлөгч нар эд хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байсан ба хөрөнгийн үнэлгээчин нь дундуур нь үнэлсэн гээд 740 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэж манайд мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд болон ШШГЕГазарт нь гомдол гаргасан юм. Одоо ШГАлбанаас дээрхи эд хөрөнгийг 50% буюу 300 гаран сая төгрөгөөр манай байгууллагыг аваад зөрүү 80 гаран сая төгрөг буцааж төл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээн тогтоолгож, үнэлгээчний үнийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь: Тухайн үед эд хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээчин Ш.Даваасүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайлан нь иргэн Ц.Баттогтох, Ц.Гантуяа нарын үнийн саналыг багасгасан мэтээр харагдаж байгаа боловч бодит байдал дээр Зах зээлийн харьцуулсан арга хэрэглэсэн нь хийсвэр төсөөллийн байдалтай үнэмшилгүй, бодит байдалтай илтэд нийцэхгүй байгаагаас үнэлгээ нь үндэслэл бүхий болж чадаагүй ба төлбөр төлөгч нарын 1 тэрбум гэсэн үнийн 50% бууруулж тогтоосон явдал юм. Бид 300 сая төгрөгөөр зарагдахгүй байгааг эд хөрөнгийг төлбөрт аваад зөрүү 80 сая төгрөг өгөх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин манай зүгээс зарагдахгүй байгаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөр буюу 288 сая төгрөгт тооцож авахыг зөвшөөрч байгаа юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунтуяа шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа: ... Тус алба нь иргэн Ц.Гантуяа, Ц.Баттогтох нарын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Голомт банктай байгуулсан БГ4905010371 дугаартай ипотекийн зээлийн гэрээнд дурдагдсан зээлийн барьцааны хөрөнгө болох Мөрөн сум 7 дугаар баг, 29-13 тоотод байрлах 400 кв.м бүхий Ү-1723003311, Г№000198396 дугаартай үйлчилгээний зориулалттай барилга, Ү-172300983, Г№-000199976 дугаартай үйлчилгээний зориулалттай барилга болон, НТД21070931, Г№-000444902 дугаартай 914,2 кв.м талбай бүхий газар зэргийг 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 01 дугаартай актаар хураан авч үл хөдлөх хөрөнгийг мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож үнэлгээний тайланг Голомт банкинд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор танилцуулж үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргах эрхтэйг тайлбарлан мэдэгдсэн. Үүний дагуу төлбөр авагч Голомт банк Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд гаргасан нэхэмжлэлээ татан авч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус албанаас үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 2 сарын 15-ны өдөр, үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 03 сарын 14-ний өдөр тус тус зарлан явуулсан.

Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2 удаа зарлан явуулахад дуудлага худалдаанд дэнчин тавьж оролцохоор бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд гараагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг тус тус үндэслэн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон. Тухайн үл хөдлөх хөрөнгийг санал болгохдоо үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахад тогтоосон доод үнэ буюу мэргэжлийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь болох 370,175,000 төгрөгөөр тогтоосон. Учир нь Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор ШШГТХуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд тогтоолын 16.2 дахь хэсэгт “Мөн зүйлийн 48.7-д заасан “албадан дуудлага худалдаа” гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж тооцно.” гэж тайлбарласан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Гантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед бид эд хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр үнэлснийг үнэлгээчин нь 740 сая төгрөгөөр үнэлснийг зөвшөөрсөн учир гомдол гаргаагүй. Харин Голомт банкны Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан юм байна. Тухайн үед зээл олгохдоо бидний үл хөдлөх хөрөнгийг 385 сая төгрөгөөр үнэлж зээл гаргасан байж одоо үнийн саналаа өгөхдөө 288 саяд өгсөн байгаа дээр гайхаж ойлгохгүй байна. Бид банкны мөнгийг төлөх нь үнэн, зээл авсан нь үнэн тул ямарч л байсан банкийг хохиролгүй болгоно. Бидний зээлийн хугацааг сунгаад өгч болох уу гэж очиж байсан гэтэл бидэнтэй тохиролцоогүй. Одоо тэгээд хууль шүүхийн байгууллага нь үнэн зөвшөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баттогтохын шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бүх юм л анхнаасаа шүүхээр яваад л шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжаад явж байгаа болохоор өмнө гарсан шүүхийн шийдвэрүүд байгаа учраас үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 769 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, 55.7-т зааснаар Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээж, үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 564.787 /таван зуун жаран дөрвөн мянга долоон зуун наян долоо/ төгрөгнөөс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, улсын орлогоос буцаан 494.557 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баттогтох, Ц.Гантуяа нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь анх шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 81.367.336 төгрөгийг буцаан төлүүлэх тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдол гаргасан байтал шүүхэд хэрэг хянаж байх хугацаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл өөрчилсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн ба тус шүүхийн 2017-01 -02-ны өдрийн 128-р захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл Шүүх үүнийг анхаарч үзээгүй ба энэ талаар шийдвэртээ огт дурдаагүй.

Хариуцагч ШШГАлбаны дарга Ж.Батмөнхөд 2017-07-06-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч 14 хоногийн дотор хариуцагч тайлбараа шүүхэд ирүүлээгүй гэж үзсэн нь: -Шүүх нэг талын эрх ашгийг хамгаалсан гэж үзэхээр байна. Учир нь ШШГАлбанаас хариу тайлбар өгөх боломжит цаг хугацаа олдоогүй ээ. Өөрөөр хэлбэл баярын амралт маш олон хоногоор үргэлжилсэн нь нөлөөлсөн гэж үзэхээр байхад 7 сарын 20-нд шүүх хурлаар уг асуудлыг шийдэж банкны талд ашигтай шийдвэр гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй 3-дагч этгээд Баттогтох, Гантуяа бид 2- ын эрх ашиг хөндөгдөж байхад шүүх энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч 81,367,336 төгрөгийн шаардлагаас татгалзаж үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүсч байгаа ба үнэлгээ хийсэн үнэлгээний байгууллага, үнэлгээчин Даваасүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өөрийн гаргасан үнэлгээний тайлангийн талаар шүүхэд тайлбар өгч үнэн зөв гаргасан эсэх талаараа мэтгэлцэх ёстой. Гэтэл шүүх үүнийг огт авч хэлэлцээгүй нь шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой..” гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн.

Иймд нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 769-р шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үнийн дүнгийн зөрүү болох 81.367.336 төгрөг төлөхийг шаардаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй тооцуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ш.Оюунтуяа нь албадан дуудлага худалдаа гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль нь хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасч тооцохоор зохицуулагдсан  тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 690 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний  хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагт хийхээр тогтоосон ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр, гуравдагч этгээд Ц.Баттогтох, Ц.Гантуяа нар хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 17 ны өдөр хийхээр хойшлуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банкны Хөвсгөл салбарын захирал  П.Хосбаярт олгогдсон  итгэмжлэлийн хугацаа 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгч төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний  үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээх, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан   үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээх, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хувийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга Б.Батмөнхөд гардуулах өгсөн  түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Б.Батмөнх эсхүл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунтуяа нарын хэн оролцох эсэх нь тодорхой бус байхад хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. .

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон  эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    Т.ГАНБАТ