Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 954

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 576 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И-гийн гаргасан давж заалдах гомдлоор Б.И-д холбогдох эрүүгийн 1709026730250 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Б-ийн И-,

 

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1376 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн магадлалаар хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт шилжүүлсэн гэх;

 

Б.И- нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 52 дугаар байрны гадаа иргэн Л.Д-н өмчлөлийн “Хуавей” брендийн “Honor” загварын гар утас, иргэний үнэмлэх, банкны картуудтай матрын арьсан түрийвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.И-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.И-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсны улмаас бусдад 626.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-гийн цагдан хоригдсон 114 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.И- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 4-5 цагийн орчимд, 28-10 УБИ улсын дугаартай приус загварын машинаар таксинд явж байгаад хохирогч болох Л.Дамбатай таксины мөнгөнөөс болон маргалдах үед газар унасан гар утас, мөн түрийвчийг нь авч явсан нь үнэн болно. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, хохирогч Л.Д-тай өөрийн биеэр уулзан уучлалт гуйсан болно. Хохирогч Л.Д нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож, хохирол болон гомдолгүй хэмээн албан ёсоор хэлсэн болно. Миний бие өөрийн гэм бурууг бүрэн ухамсарлаж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул ял шийтгэлийг минь хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдэгт түүнийг хоригдож байх хугацаанд ээж нь нас барсан, мөн хохирогчид хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзаж, хорих хугацааг 1 жил болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.И-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Б.И- нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 52 дугаар байрны гадаа иргэн Л.Д-ын өмчлөлийн “Хуавей” брендийн “Honor” загварын гар утас, иргэний үнэмлэх, банкны картуудтай матрын арьсан түрийвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Л.Д-ын: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би таксигаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 52 дугаар байрны гадна хүргүүлсэн юм. Таксины мөнгө өгөхөөр болоход жолооч нь “6000 төгрөг гарсан байна” гэхээр нь би “3500 төгрөг гардаг” гэж хэлээд дээрх мөнгийг өгөөд машинаас буухад жолооч нь бууж ирээд “мөнгө нэмж өг” гээд бид хоорондоо барьцалдаж авсан юм. Тэгээд тэр жолоочоос салаад явсан юм. Араас ирээд миний зүүн шанаа руу нэг удаа цохиод, “миний куртик урагдсан байна” гэхээр нь би “уучлаарай” гээд түрийвчнээсээ 10.000 төгрөг гаргаж өгөөд цааш явсан юм.

Гэтэл орц руу орох гэхэд нөгөө залуу араас гүйж ирээд барьж аваад толгой хэсэг рүү нэг удаа, эрүү хэсэг рүү нэг удаа цохиод би дээшээ харж унасан юм. Тэгээд би зууралдаж байхад миний баруун энгэрийн халааснаас түрийвч, зүүн энгэрийн халааснаас гар утсыг аваад зугтаасан юм.

Гар утас маань HUAWEI брендийн HONOR загварын утас байсан. Түрийвч маань улбар шар өнгийн матрын арьсан түрийвч байсан. Харин намайг суулгаж өгсөн эмэгтэй миний сууж явсан машины зургийг авсан байсан. Уг зурган дээр УБИ 2810 дугаартай приус маркийн машины зураг байсан. Эрүү хөндүүр, дух хэсэгт бага зэрэг хавдсан байна. Уруулын дотор талд язарсан байна.” /хх-13/,

 

Гэрч Н.Раднаарагчаагийн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны үеэр И-тай холбогдож, И- ирж миний машины тэнхлэг тохиргоог хийж өгөөд явсан. Тэр өдөр И- ирэхдээ шаргал өнгийн, камер нь босдог, Honor маркийн гар утас барьчихсан ирэхээр нь “чи юун гоё утас барьчихаа вэ, хаанаас авсан юм бэ” гэхэд “найз охин Сансармаа Солонгосоос явуулсан” гэж хэлсэн...” /хх-21-22/,

 

Гэрч М.Д-ын: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын шинэ жилийн үйл ажиллагаа болсон. Өглөө 04:45 минутад захирал Л.Дамбыг таксинд суулгаж өгсөн юм. Захирал Д-ыг суулгаж өгөөд машины ард талаас нь 2007 оны 12 дугаар сарын 17-ны 04:47 минутанд 28-10 УБИ улсын дугаартай машины зургийг дарж үлдээд, захирлыг явуулсан. Маргааш өглөө 09:00 цагийн үед захирал Л.Д- над руу залгаад “миний суусан таксины жолоочийг санаж байна уу, би түрийвчтэй мөнгө, утсаа дээрэмдүүлсэн байна” гэхээр нь машины дарсан зургаа явуулсан...” /хх-18/,

 

Шүүгдэгч Б.И-гийн: “...миний бие тухайн хэрэг гарсан гэх өдөр хохирогч Д-тай таксины мөнгөнөөс болоод маргалдсан, тэгээд эхлээд намайг машин дотор сууж байхдаа над руу салаавч гаргаад доромжлоод байхаар нь буугаад “зайл” гээд би хэлчихсэн. Тэрнээс болоод л хохирогч гэх тэр залуу машинаас буугаад цонх нүдсэн, би буугаад очсон, бид хоёр барьцалдаж байх үед миний куртикны ханцуйны мөнгө гэж 10.000 төгрөг өгчихөөд цаашаа алхаад явсан. Тэгээд цаашаа алхаж яваад тэр залууг газарт унасан. Тэр залуу ямар ч мэдрэл байхгүй, маш их согтсон байсан. Ингээд газарт уначихаар нь би яваад очиход газарт Хуавей брендийн Honor загварын гар утас, түрийвчтэйгээ цуг уначихсан байхаар нь би авчихсан. Миний бодлоор бол тэр залуу надад түрийвчээ уудлаж мөнгө гаргаж өгчихөөд халаасандаа ч хийж амжаагүй барьж яваад унахдаа газар унагаачихсан байх гэж бодож байна...” /хх-117-118/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-46-47/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-51/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, шүүгдэгч Б.И- нь бусдын  эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх Б.И-г гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөгдсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 2 жилээс доош татаж, 1 жил 5 сар хорих ял оногдуулжээ.

 

Гэвч шүүгдэгч Б.И- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болох нь түүний “ял шийтгэлийг дахин хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс харагдаж байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлсэн байдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шүүгдэгч Б.И-д холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.И-гийн “...газар уначихаар нь яваад очиход түрийвч нь газарт унасан байхаар нь авсан...” гэх мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байх бөгөөд харин хохирогчийн халаасанд байсан гар утас, түрийвч зэрэг 2 эд зүйлийг нь авсан байдлыг хүч хэрэглэн хувцасных нь халааснаас авсан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.И-гийн гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 576 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т  зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

-

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ