Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0193

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 25 өдөр          Дугаар 128/ШШ2020/0193           Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ү .

Хариуцагч: У...

Нэхэмжлэлийн шаардлага: “ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/406 дугаар тушаалыг хүчингүй олгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх[1].”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З[2], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч[3] Ц.О, Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Улсын бүртгэлийн эрөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/406 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны алин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх.

Нэхэмжлэлийн утга: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/406 дугаар тушаалаар “Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин хуурамч нотлох баримтад үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтөлсөн, цахим бүртгэлийн санд нэгж талбарын дугаарыг оруулаагүй,     албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй" гэх үндэслэлээр Ж.Ү-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ж.Ү  нь улсын бүртгэлийн Ү2205069932, Ү2205069930, Ү2205069164, Ү2205069692 дугаарт бүртгэл салгах бүртгэлийг хийхдээ үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн Төрийн банкны албан бичгийг үндэслэсэн бөгөөд уг баримт нь хуурамч байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл шалгалтын газраас явуулсан шалгалтаар тогтоогдож, улсын бүртгэгчийг албанаас халах гол үндэслэл болжээ.

Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга зөрчлийн шинж чанар, түүнд нөлөөлсөн нөхцөл байдлыг үл харгалзан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/406 дугаар тушаалаар улсын бүртгэгчид албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

... Ж.Ү-г эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж урьдчилан тогтоож, буруутгах нэг талын хандлагаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан УБЕГД-ын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/406 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/406 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ тушаалын үндэслэл болсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 582 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөт шалгалт явуулах тухай захирамжаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр шалгалт явагдаж, уг шалгалтын үр дүнгээр тухайн бүртгэлийн хэлтсийн нэр бүхий бүртгэгч нарыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн. Энэ бүртгэгчдийн нэг нь Ж.Ү  бөгөөд халах тушаал гаргах болсон үндэслэл болсон 2859 дугаар дүгнэлт болон тус дүгнэлтийг гаргах үндэслэл болсон шалгалтын илтгэх хуудас зэрэг нь анхнаасаа ажлаас нь халахад чиглэсэн санаатай үйл ажиллагаа байсан гэж үзэж байна. Учир нь 582 дугаартай тушаалын дагуу хийсэн шалгалтын илтгэх хуудсан дээр яг ижил төрлийн зөрчилтэй хоёр хүний зөрчлийн тайлбарыг харилцан адилгүй бичсэн байна. Улсын бүртгэгч О.Г нь яг ижилхэн нөхцөл байдалтай гаргасан хоёр гэрчилгээг энгийн зөрчил гэсэн агуулгаар тайлбар бичиж, даргадаа танилцуулсан. Уг илтгэх хуудсанд үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 2859 дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээр улсын бүртгэгч С.О, Ж.Ү, Д.Б гуравт хариуцлага тооцуулах саналтай байна гэж санал ирүүлсэн ба уг саналыг үндэслэн тушаал гарсан. Гэтэл яг адил нөхцөл байдалтай байсан улсын бүртгэгч н.Г-ийн илтгэх хуудсанд бичсэн тайлбар нь өөр байсан. Хяналтын байцаагчийн дүгнэлт дээр буруутай үйл ажиллагааг Төрийн банкны 19/197 гэсэн албан тоотоор баталж байна гэсэн боловч, тийм албан бичиг хэрэгт огт байдаггүй. Ажлаас халах болсон шалтгаан нь Төрийн банкны чөлөөлсөн бичиг байхгүй байхад чөлөөлсөн бичгийг хууль бус бичиг баримт гэж мэдсээр байж гэрчилгээ гаргасан гэдэг ч аливаа иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргахдаа мэдүүлэг, түүнд хавсаргах нотлох баримтын үнэн зөвийг өөрөө хариуцна, үүнтэй холбогдон үүссэн хохирлыг өөрөө хариуцна гэсэн хуулийн зохицуулалтыг үл тоомсорлон хэргийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг явуулж, нэр бүхий бүртгэгч нарыг шалгуулах болсон. Гэтэл энэ нэрс дунд н.Г-ийн нэр байдаггүй. Яг ижилхэн зөрчил гаргаж, гэрчилгээ олгосон талаарх нотлох баримтууд хэрэгт бүгд авагдсан. Ижил зөрчил гаргасан байхад нэг нь ажлаасаа халагдаж, нөгөө нь ажлаа гүйцэтгээд явж байна. Энэ тушаал нь үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэн гарсан тул Ж.Ү-г ажлаас халсан тушаал нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаж байхгүй” гэжээ.

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хурал болсон ба уг хурлаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хийсэн шалгалтын үр дүнгээр гарсан бүртгэгч нарын гаргасан алдаа нь нийтлэг тохиолдож байх тул зөрчилд тооцохгүй болсон. Үндсэндээ нэхэмжлэгчийг ажлаас халсны дараагаар цагаатгах үндэслэл гарч ирсэн.

Тус Төрийн банкнаас ирсэн албан бичгийг үндэслэн нийт 30 гэрчилгээ гаргасан байдгаас нэхэмжлэгч Ж.Ү  нь 4 гэрчилгээг гаргасан. Ж.Ү-ийн 8 төрлийн 46 төрлийн зөрчил нь олон сонсогдож байгаа боловч чанар дээрээ энэ дундаас нэхэмжлэгчийг халах гол үндэслэл нь дээр дурдсан 4 гэрчилгээг гаргасан явдал юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд аливаа мэдүүлэг гаргаж байгаа этгээд гаргаж буй мэдүүлгийнхээ үнэн зөвийг өөрөө хариуцна гэж заасан. Үүнээс болж үүссэн хохирлыг тухайн хуурамч нотлох баримтыг гаргасан этгээд өөрөө хариуцдаг. Мөн хяналт шалгалтын журамд зааснаар аливаа хяналт шалгалт нь анхнаасаа товлосон зорилгод чиглэсэн байх ёсгүй бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ж.Ү-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан ба мөн өдөр шалгалт зохион байгуулах захирамж гарсан байдаг” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шалгалт зохион байгуулах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/582 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан. Шалгалтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Ү  нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг зөрчсөн зөрчил илэрсэн тул Ж.Ү-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Өмнө нь “Ж.Ү-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/248 дугаар тушаалаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль зөрчин эрхийн улсын бүртгэлийн Ү-22.....дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр хянан хэлэлцэж байхад өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн, хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1513 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул улсын бүртгэгч Ж.Ү-д албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг сахилгын шийтгэлийг ногдуулснаас хойш Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу 1 жилийн хугацаа өнгөрөөгүй буюу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 09/04-39 тоот тогтоолоор үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул хариуцлага тооцож, хурлын тэмдэглэлээр хатуу анхааруулж байсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Ж.Ү-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/406 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/582 дугаар тушаал гарч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн. Уг хяналт шалгалтаар улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаандаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрсэн тул Ж.Ү-д ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Хяналт шалгалтын явцад улсын бүртгэл хөтлөхдөө хууль тогтоомжийг зөрчиж, хуурамч нотлох баримтад үндэслэж бүртгэл хөтөлсөн, цахим мэдээллийн санд газрын нэгж, талбарын дугаарыг оруулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн учир ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Өмнө нь Ж.Ү-д 2019 оны 05 сарын 31-ний өдөр мөн сахилгын шийтгэл ногдуулж байсан ба ингэхдээ шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад бүртгэл хийсэн гэсэн үндэслэлээр 6 сарын цалингийн хэмжээг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2017 оны 11 сард хариуцлага тооцуулах тухай арга хэмжээ тооцогдож, төрийн албаны салбар зөвлөлөөс анхааруулах арга хэмжээ авагдаж байсан. Иймд Төрийн албаны хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг бүрэн биелүүлж ажиллаагүй, улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаандаа ноцтой алдаа, зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалыг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүх иргэн Ж.Ү-аас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/406 дугаар тушаалыг хүчингүй олгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[4].

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдөр “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”[5] гэж нэмэгдүүлсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/406 дугаар “Ж.Ү-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар гомдол гаргах журмын 6.1, хавсралтаар батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин хуурамч нотлох баримтад үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтөлсөн, цахим мэдээллийн санд газрын нэгж талбарын дугаарыг оруулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/582 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн шалгалтын илтгэх хуудас, хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2859 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Ү-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ[6].

Дээрх маргаан бүхий захиргааны акт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/582 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн шалгалтын илтгэх хуудас, хяналтын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2859 тоот дүгнэлт зэргийг үндэслэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/582 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн шалгалтын илтгэх хуудас нэхэмжлэгчийг 8 төрлийн 46 зөрчил гаргасан талаар дурджээ[7].

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2859 дүгээр дүгнэлтээр Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж, хуурамч нотлох баримтад үндэслэн бүртгэл хийсэн, нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсан гэж нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ[8].

Нэхэмжлэгчийн “шалгалтын илтгэх хуудаст дурдагдсан зөрчлүүдийг гаргасан нь бол үнэн гэхдээ нийтлэг зөрчлүүд байсан тул намайг халагдсанаас хойш дээрх зөрчлүүдийг зөрчилд тооцохгүй гэж үзсэн гэх” тайлбар нь үндэслэлгүй.

Учир нь шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйл.Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг”, 19.4.10. “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.13. “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” гэж заасан хуулийн заалтуудтай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2859 дүгээр дүгнэлтийг хууль бус, дүгнэлтэд дурдсан зөрчлийг гаргаагүй гэх зэргээр маргадаг боловч дүгнэлттэй холбоотой санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/248 дугаар “Ж.Ү-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгчийг албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан гэж албан тушаалын цалинг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ[9].

Нэхэмжлэгч нь дээрх тушаалтай холбоотой санал, гомдол гаргаагүй байх бөгөөд тушаал хүчин төгөлдөр болсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 48.6. “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулга, хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд зэргээс үзвэл нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

Мөн хуулийн 48 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 48.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.З. “төрийн албанаас халах;” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулах” гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн зэргийг нь харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна.

Энэ хэргийн маргаан бүхий тохиолдлын тухайд, нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халахаар гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Ж.Ү-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/406 дугаар тушаалыг хүчингүй олгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх.” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.10., Төрийн албаны тухай хуулийн 37.1.13., 48.1., 48.1.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ү-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/406 дугаар тушаалыг хүчингүй олгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

              

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-2, 206 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 3 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 21 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-2 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 206 дугаар хуудас

[6]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 5 дугаар хуудас

[7]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 66-69 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 14 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 97 дугаар хуудас