Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0343

 

 

 

 

                                                

 

 

 

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0343

Улаанбаатар хот

Г.А, Г.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ... нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй, Г.А, Г.А нарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “Миний бие “Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ө” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл, Улсын бүртгэлийн 1820001029 тоот гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчингүй болгуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Н овогтой Ц нь Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд ирвэл зохих 8 гишүүнээс ирсэн 8 гишүүн буюу 100 хувийн ирцтэй гэж хуурамчаар протокол үйлдэж, тус нөхөрлөлийн гишүүн Г овогтой А-н гарын үсгийг хуурамчаар үйлдэж, Г овогтой А миний гарын үсгийг сканердаж байрлуулсан хуурамч протоколоо Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, өөрийгөө “Ө” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар томилсон байна. Ийм учраас энэхүү протокол хуурамч, мөн нөхөрлөлийн тогтоол хуурамч юм. Мөн эдгээр тэмдэглэл, тогтоолыг хуурамч гэдгийг мэдэлгүй Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж авсныг цуглуулахын тулд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “”Ө” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь шинэчилсэн гэрээг бүртгүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бор-Өндөр сумын бүртгэгч П.Э-р дамжуулан хүсэлт гаргасан ба ирүүлсэн баримтыг үзэхэд нөхөрлөлийн гишүүнээс гишүүн Г.А-г өргөдөлгүй хасаж, гэрээг шинэчлэн баталсан байсныг нотлох баримтын шаардлага хангахгүй байна хэмээн эхний удаад буцаасан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Ц дахин хүсэлт гарган тус нөхөрлөлийн шинэчилсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг шинэчилсэн гэрээний 1.3 дахь хэсэгт нөхөрлөлийг удирдах, төлөөлөх хүнийг Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4 дэх хэсэгт заасанчлан тусгасан байсан ба гэрээг шинэчлэн баталсан тогтоол, хурлын тэмдэглэлд ирц 100 хувь нөхөрлөлийн бүх гишүүд гарын үсэг зуран, нөхөрлөлийн тэмдэглэл, гэрээнд гарын үсгийг хуурамчаар зурсан эсэхийг бүртгэлийн байгууллага тогтоох боломжгүй юм. Харин хувийн хэрэгт авагдсан гарын үсэгтэй тулгалт хийж, нотлох баримтын бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж үзсэний дараа бүртгэл хийдэг. Тиймээс уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхдээ баримт бичиг дээрх гарын үсгүүдийг тулган үзэхэд хувийн хэрэгт хадгалагдаж буй гарын үсгүүдээс илтэд зөрүүгүй байсан тул бүртгэл хийсэн. Монгол Улсын Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар нөхөрлөлийн гишүүд дахин хуралдаж хурлын шийдвэртээ өөрчлөлт оруулсан тохиолдолд заавал шүүхийн шийдвэрийн дагуу бус улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой болохыг уламжилж байна“ гэжээ.

Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Бор-Өндөр сумын “Өндөрбумбат” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь Монгол Улсад “Сумын анхны өрхийн эмнэлэг” болж, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, бидний “бахархал” болсон эмнэлэг юм. Г.А эмч даргаар томилогдсон, даргаас чөлөөлөгдсөн. Одоо 3 дугаар өрхийн их эмчийн үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа зэрэг нь бүгд хууль дүрмийн дагуу явагдаж байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хэмжээнд хүртлээ түүний гишүүний болон эмчийн эрх үүрэг зөрчигдөөгүй гэж үзэж байна. Г.А архи их уудаг, ажил их тасалдаг, өөртөө чөлөө их өгдөг. Эмчилгээний эрхгүй, зөвхөн бариа засалчийн эрхтэй. Н.Ц миний хувьд 1 дүгээр өрхийн их эмчээр ажилладаг. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдаж би нөхөрлөлийн гишүүн, ТУЗ-н гишүүн, дарга болсон. Нэхэмжлэлдээ 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц нь сумын Засаг даргын Тамгын газарт хуурамч протокол хөтлөн ирцийг 100 хувь ирсэн. Г.А-н гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, Г.А-н гарын үсгийг мөн хуурамчаар үйлдсэн гэжээ.Тухайн үед Г.А дарга байсан учир энэ бүгдийг А хийсэн бөгөөд ямар нэг хууль дүрэм зөрчсөн үйлдэл байвал А хариуцна. Ц миний бие нь дарга А-н өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан учир энэ бүхэн худал, намайг энэ хоёр үгсэн хуйвалдаж, нэг хүн мэт гарын үсэг зурж гэмгүй намайг буруутган болгох гэж гүтгэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь няцааж байна“ гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Өндөрбумбат” нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл, Улсын бүртгэлийн 1820001029 тоот гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчингүй болгожээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо:Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой атал шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дундын прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5/05 дугаар албан бичиг, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/03 тоот албан бичиг” гэсэн 2 нотлох баримт нь үндэслэлгүй буюу бүртгэл хийгдсэний өмнөх үйл ажиллагааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна. Энэ байдал нь шүүх хэргийн нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шийдсэн гэдэг нь харагдаж байна.

Би маргаан хянагдаж байх хугацаанд өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор маргааны асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч эсвэл тодорхой туршлагатай, шударга өмгөөлөгч авах гэж өөрийн оршин суух газар, аймаг хот явж хайсан бөгөөд энэ хугацаанд биеийн эрүүл мэнд муудаж хотод эмчлүүлж байсан цаг хугацаанд шүүх хурлыг зарлаж хийсэн юм.

Би нарийн бичиг н.Л-д өвчтэй, хотод эмчлүүлж байгаа талаар утсаар байнга мэдэгдэж байсан боловч миний эзгүйд шүүх хурал хийж өмгөөлөгч авах үндсэн хуулийн маань эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Би энэ маргааны явцад эрх ашгаа хамгаалж өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадаагүй болно.

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хувьд мөн 8 гишүүнтэй нөхөрлөлийн хувьд гомдол гаргасан. А, А хоёроос бусад үлдсэн 6 гишүүний эрх ашиг хөндөгдөж байхад ганцхан намайг гуравдагч этгээдээр шүүх татсан нь нөхөрлөлийн бусад гишүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн бөгөөд одоо энэ шалтгааны улмаас “Өндөр бумбат” БГБХН нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гишүүдийн эрх ашигт сөрөг үр дагавар бий болоод байна.

Гэтэл нөхөрлөлийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан дарга А, А нар нь шүүхийн шийдвэр гарсны дараа шууд /шүүхээр асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад/ өөр нэртэй шинэ нөхөрлөл байгуулж, өөрт таалагдаагүй хуучин нөхөрлөлийн гишүүдээ хасаж, ажиллаж байгаа нь анхнаасаа бүртгэлийг хүчингүй болгуулах зорилго өвөрлөж байсныг гэрчилж байна. Гэтэл анхнаасаа нөхөрлөлийн өөрчлөлтийг бүртгүүлэх үүрэг нь дарга Анхбаярт нөхөрлөлийн дүрмээр оногддог атал өөрийн хийж гүйцэтгээгүй үүргээ нөхөрлөлийн гишүүн надаар гүйцэтгүүлээд эргээд түүнийгээ өөрөө хүчингүй болгуулах үйлдэл хийж байгааг хууль бус гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Г.А, Г.А нарын Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Өндөрбумбат” нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл, Улсын бүртгэлийн 1820001029 тоот гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Бор-Өндөр сумын “Өндөрбумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн Г.А, Г.А нараас “... Н-н Ц нь Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд ирвэл зохих 8 гишүүнээс ирсэн 8 гишүүн буюу 100 хувийн ирцтэй гэж хуурамч протокол үйлдэж, нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хууль бусаар гэрээг шинэчлэн баталж, өөрийгөө нөхөрлөлийн даргаар томилж бүртгүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум дундын прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас[1] болон Хэнтий аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/03 дугаар тогтоолоор[2] гуравдагч этгээд Н.Ц нь нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлсэн, гишүүдийн гарын үсгийг зуруулсан, нөхөрлөлийн гэрээнд нэмэлт заалт оруулсан, өөрийгөө даргаар томилуулахаар хуурамч баримт бүрдүүлсэн болох нь  тогтоогдож байна.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо ““Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум дундын прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5/05 дугаар албан бичиг, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/03 тоот албан бичиг” гэсэн 2 нотлох баримт нь үндэслэлгүй буюу бүртгэл хийгдсэний өмнөх үйл ажиллагааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй” гэжээ.

Дээрх баримтууд нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Өндөрбумбат” нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.А, Г.А нарын Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт гаргасан гомдлыг хянан шалгаж, улмаар уг гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн агуулгатай, цаг хугацааны хувьд маргаан бүхий бүртгэлийг хийсний дараа гарсан байна.

Дүгнэвэл, өргөдөл гаргагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон байх тул бүртгэлийг хүчингүй болгож, нөхөрлөлийн гишүүд хамтын зарчмаар шийдвэр гаргах боломжоор хангах нь зүйтэй.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн[3] боловч гуравдагч этгээд Н.Ц шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотолсон баримтыг хүсэлтийн хамт шүүхэд ирүүлээгүй учир давж заалдах гомдолд дурдсан “биеийн эрүүл мэнд муудаж хотод эмчлүүлж байсан цаг хугацаанд шүүх хурлыг зарлаж хийсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй, харин шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэж, “Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1” гэснийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “22 дугаар зүйлийн 22.5.1” гэснийг “22 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

 

 

 

[1] Хэргийн 78 дахь тал

[2] Хэргийн 79 дэх тал

[3] Хэргийн 154 дэх тал