Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/MA2016/0390

 

“Тайгам Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Бүрэнцогт, Ч.Батбаатар нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд хэрэглэгчдэд орон сууц худалдахдаа стандартыг баримтлалгүй хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/316 тоот Улсын байцаагчийн албан шаардлага ирүүлсэн. Тус албан шаардлагад иргэдэд худалдсан орон сууцны талбайн метр квадратын үнийг буцаан олгох, холбогдон гарсан зардлыг төлөх гэсэн шаардлага тавьсан ба шаардлага биелүүлээгүй тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулахыг анхааруулсан байдаг. Улмаар манай компанийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудыг зөрчсөн болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэврээр 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ байдал нь MNS6058:2009 стандартыг хүдалдаанд заавал дагаж мөрдөх ёстой гэж шахан тулгаж байгаа үйлдэл болно. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “стандарт нь үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх” гэж заасныг зөрчиж байгаа буюу хууль зөрчсөн стандарт мөрдөгдөж, чөлөөт зах зээл, худалдаанд саад учруулахад хүргэж байна. Иймд MNS6058:2009 стандартын хэрэглэх болон хамрах хүрээг өргөжүүлэн тайлбарлаж манай компанид захиргааны шийтгэл ногдуулаад байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 тоот Улсын байцаагчийн албан шаардлага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэврээр 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан актыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэдээс өргөдөл, гомдол ихээр ирүүлсэнтэй холбогдуулан тус газрын даргын баталсан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/70 тоот удирдамжийн дагуу барилгын ажил, үйлчилгээ эрхлэгч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд “Тайгам-Алтай” ХХК-ийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн байдаг. Үүнд: 1/ Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны 18 дугаар байрны 125 тоот орон сууцыг Д.Халиунаад худалдаалахдаа нийт талбайн хэмжээнээс 6.1 м.кв-аар дутуу худалдаалсан болох нь “Шинэ кадастр” ХХК-ийн хэмжилтийн дүгнэлт болон талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээгээр нотлогдсон. 2/ Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны 14 дүгээр байрны 40 тоот орон сууцыг Ж.Сүнчинсүрэнд худалдаалахдаа нийт талбайн хэмжээнээс 7.01 м.кв-аар дутуу худалдаалсан болох нь “Тоонто гранд” ХХК-ийн гүйцэтгэсэн хэмжилтийн дүгнэлт болон талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээгээр нотлогдсон.   3/ Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны 16 дугаар байрны 11 тоот орон сууцыг Б.Өлзийсайхан, Э.Гэрэлцэцэг нарт худалдаалахдаа нийт талбайн хэмжээнээс 8.65 м.кв-аар дутуу худалдаалсан болох нь “Зууны гүүр” ХХК-ийн гүйцэтгэсэн хэмжилтийн дүгнэлт болон талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээгээр нотлогдсон. “Тайгам-Алтай” ХХК-ийн орон сууцны талбайн хэмжээг дутуу тооцож, хэрэглэгчдийг төөрөгдүүлж худалдсан үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.3, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн тул уг зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгосон. Гэвч “Тайгам-Алтай” ХХК-ийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй байдаг. Дээр дурдсанчлан хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар тэдэнд хохирол учруулж хууль бус аргаар худалдаа хийсэн “Тайгам-Алтай” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийг ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн болно. Иймд “Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000185 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/316 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. “Тайгам-Алтай” ХХК-ийн хувьд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл нь тогтоогдож, улмаар тус байгууллагын шаардлага тавих эрх үүргийг анхан шатны шүүхээс үгүйсгээгүй буюу хуульд нийцүүлэн дахин тавих хүртэл тухайн актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ингэхдээ шийтгэврийг хэрэглэх ёсгүй буюу Өрсөлдөөний тухай хуулийг хэрэглэн ногдуулсан нь буруу гэсэн үндэслэлээр хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийг тухайн тохиолдолд хэрэглэхгүй мөн өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байгаа. Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилтод “..зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах, байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж....” гэж заасан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал ...хэмжээ... шаардлагыг хангасан байна” гэж заасан ба хуулийн эдгээр зүйл, хэсэг, заалтаас харахад зах зээл гэдэг ойлголт давхцаж байгаа, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ агуулсан стандарт нь тухайн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхий л аж ахуй эрхлэгчид нэгэн адил мөрдөгдөж, өрсөлдөөнд харш үйлдэл гарч байгаа эсэхэд хяналт тавих, улмаар шударгаар аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх үүрэг тус байгууллагын чиг үүрэгт хамаарч байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх аргагүй байна. Түүнчлэн хэрэглэгч бодитой хохирсон нь нотлох баримтаар тогтоогдсон, үүнийг анхан шатны шүүхээс дүгнэсэн атал ердийн шүүхээр нэхэмжлэх боломжтой гэж дурдаад тус газрыг холбогдох байгууллагад тухайн хэргийг шилжүүлэн шийдвэрлүүлэх эсвэл шүүхэд хэрэглэгчийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх аргагүй байна. Учир нь бодит байдалд захиргааны хяналтын байгууллага иргэнийг төлөөлөн ердийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг хүлээн авдаггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох байгууллага гэдгийг тодорхойлоогүй бөгөөд хэрэглэгчийн эрх зөрчигдсөөр байгаад түүнийг таслан зогсоох, хяналт тавих, хариуцлага ногдуулах эрх үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлэхээр хуулиар тогтоосон байхад “холбогдох байгууллагад шилжүүлэхээр байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК-ийн худалдсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй байгаа тухай нэр бүхий иргэдээс гаргасан гомдлын дагуу улсын байцаагч нар шалгаад, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.3, 12 дугаар зүйлийн 12.9, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10-т заасныг болон Орон сууцны барилгын доторхи сууцны талбайг тооцох аргачлал” MNS 2009:6058 стандартыг зөрчсөн гэх үндэслэлээр 2013 оны 12 дугаар 05-ны өдрийн 7/316 тоот албан шаардлага хүргүүлсэн байх ба улмаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000185 дугаар шийтгэврээр 10.000.000 төгрөгөөр торгожээ.

 Нэхэмжлэгч “Тайгам-Алтай” ХХК дээрх албан шаардлага болон шийтгэврийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасны дагуу дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь буруу байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах явцад хэрэглэгчийн эрх, ашиг зөрчигдсөнтэй холбоотой гомдлыг хянан шалгаж шийдвэрлэхдээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэглэх учиртай.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг заасан бөгөөд 16.1.7-д “хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах” гэжээ.

Гэтэл хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар хэрэглэгчийн эрхийг хохироосон гомдлыг хянан шалгаж, илэрсэн зөрчилд  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авалгүй, харин Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 0000185 дугаар шийтгэврээр захиргааны шийтгэл ногдуулсныг хуулиар олгогдсон чиг үүргээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид  учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн  шаардлагыг  үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар сууцны талбайн бодит хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс ямар хэмжээгээр зөрсөн эсэх, ийнхүү зөрсөн нь гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох эсэхийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлснээр худалдагч тал Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн эсэх нь тодорхойлогдох учиртай.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжид мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу 10 000 000 хүртэл төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах захиргааны шийтгэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч ногдуулах эрхтэй ч тухайн тохиолдолд, “Тайгам-Алтай” ХХК-ийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй, энэ тухайд талууд маргаагүй.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000185 дугаар шийтгэврийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

Түүнчлэн, худалдагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хэрэглэгчид гэм хор учирсан эсэх, хохирлыг нөхөн төлөх үүрэг үүссэн эсэхийг иргэний хэргийн шүүх тогтоогоогүй байхад нэр бүхий иргэдийн орон сууцны зөрүүтэй талбайн хэмжээг тогтоож үнийг болон хэмжилт хийлгэхэд гаргасан зардлыг буцаан олгох үүрэг хүлээлгэсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар 05-ны өдрийн 7/316 тоот албан шаардлагыг  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн атлаа уг албан шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад хүчингүй болголгүйгээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасантай нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 276 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасныг баримтлан “Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар 05-ны өдрийн 7/316 тоот албан шаардлага, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000185 дугаар шийтгэврийг тус тус хүчингүй болгосугай”  гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 383.640 төгрөг гаргуулж “Динновэйшн” ХХК-нд тус тус олгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН