| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00342/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 414
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 343-16 тоотод оршин суух, Мичид овгийн Лувсансамбуугийн Рэнцэнтамжидийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр баг, 8-7 тоотод оршин суух, Тэргүүн тайж овгийн Ганбаатарын Цэрэндоржид холбогдох
2000000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Рэнцэнтамжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Цэрэндорж нь согтуугаар машин жолоодож явах үедээ миний ӨВА 92-45 дугаартай автмашиныг мөргөж осол гаргасан. 2017 оны 0 дугаар сарын 22-ны өдөр 2000000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч өдийг хүртэл үлдэгдэл төлбөрөө барагдуулаагүй. Энэ хооронд залгах болгонд ямар нэг шалтаг тоочиж, одоог хүртэл холбоо барихгүй зугтах боллоо. Гэрээний нөхцөлд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш алданги 415000 төгрөг, тооцоо дуусан ёстой байсан өдрөөс хойш өөрийн land cruiser 80 маркийн автомашинаар түгээлт хийж 780000 төгрөгийн бензин зарцуулсаны зөрүү 585000 төгрөг, нийт хохирол 2000000 төгрөгийг Г.Цэрэндоржоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Рэнцэнтамжид болон хариуцагч Г.Цэрэндорж нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжилж буй 2000000 төгрөгөөс 1000000 төгрөгийг хариуцагч Г.Цэрэндорж нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Л.Рэнцэнтамжидад бэлнээр өгч, үлдсэн 1000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Рэнцэнтамжид нь хариуцагч Г.Цэрэндоржид холбогдуулан 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Цэрэндорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 2000000 төгрөгөөс 1000000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж, үлдсэн 1000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй байхаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Рэнцэнтамжидийн нэхэмжлэлтэй, Г.Цэрэндоржоос 2000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Цэрэндоржоос 11738 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 11738 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгөөс 23475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА