Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/шцт/63

 

 

 

 

 

 

 

 

   2022       01         10                                   2022/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “В” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг, 

Улсын яллагч А.Ариунаа /тээврийн прокурорын газар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар оролцсон Эрүүгийн 2103002360324 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч  нээлттэй хянан хэлэлцэв.                                                                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 58 дугаар гудамжны 0900 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Ж, /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Содон” чулууны дэлгүүрийн хойд замд “Субару импреза” маркийн 59-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Энхбаатарыг мөргөж, түүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэн жолооч нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах зэрэг холбогдох арга хэмжээг авахгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Жуковт найзтайгаа уулзчихаад гэр рүүгээ явж байсан. Зам дээр хүмүүс байгааг харсан. Тухайн үед өөрийгөө амжаад гарчихна гэж бодсон. Гэнэт нэг хүн машины хажуу талаас гүйгээд орж ирсэн. Мөргөөд сандарсандаа зугтсан...” гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхзул мэдүүлэхдээ:  Хохирол маш их учирсан. Буяны ажилд гарсан 16.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Надад шүүгдэгчээс 10.000.000 төгрөг өгсөн. Манай нөхөр эмнэлэгт 3 хоног эмчилгээ хийлгэсэн. Би 2, 5 настай бага насны хоёр охинтойгоо үлдсэн. Ажил явдлын дараа шүүгдэгчийн ээж нь над руу залгаад уулзаж, уучлалт гуймаар байна гэхээр нь хэлсэн газар нь очоод 30 минут хүлээхэд хэн ч ирээгүй. Би уучлалт гуйх ёстой хүн биш. Надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй” гэв.

Эрүүгийн 2103001960256 дугаартай хэргээс:

Гэрч Г.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 86-89 дүгээр хуудас/,

Гэрч А.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Гэрч И.Гүнтбаатарын  мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

            Гэрч Г.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/

2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...59-75 УНГ улсын дугаартай автомашин баруун урд хэсгээс үзлэг эхлэв. Урд буфер баруун урд хэсэг салсан, кырло халцарсан, хонхойсон, баруун толь хугарч, суурь хэсэг үлдсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1814 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 119-124 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2506  дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн “2” дугаартай толины их бие нь Япон улсад 2000-2009 оны хооронд үйлдвэрлэгдсэн “Субару Имприза” маркийн СЮ загварын машины баруун талын гадна толь байна...” гэх дүгнэлт /хх-ийн 141-143 дугаар хуудас/,

           “...Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 24997564 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 153-158 дугаар хуудас/,

          Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ихбаярын гаргасан “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 163-165 дугаар хуудас/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхзулаас гаргаж өгсөн оршуулгын зардалд зарцуулсан баримтууд /хх-ийн 36, 84 дүгээр хуудас/

          “Субару Имприза” маркийн 59-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 186 дугаар хуудас/,

          Яллагдагч Б.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, /хх-ийн 185 дугаар хуудас/,

          Хохирол төлбөр төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ

          ХААН банкны орлогын мэдүүлэг  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Содон” чулууны дэлгүүрийн хойд замд “Субару импреза” маркийн 59-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Энхбаатарыг мөргөж түүний амь насыг хохироосон үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал,ослын газрыг баримтжуулсан  гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхзулын “...манай нөхөр намайг харчхаад зам хөндлөн гарсан. Тэр үед замын урд талын баруунаас зүүн явдаг чиглэлийн хоёрдугаар эгнээн дээр нөгөө машин манай нөхрийг мөргөөд зогсолгүй шууд баруун тийшээ явсан. Би нөхөр дээрээ очиход доошоо хараад хэвтчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Одгэрэлийн “... Энхбаатар ярьж зогсож байгаад гэнэт гүйх шогших маягаар зам руу гүйхээр нь би зүүн тал руу харахад нэг машин их хурдтай ирж явсан. Энхбаатар эхний урсгалаа өнгөрөөд эсрэг урсгал руу ороод машин Энхбаатарыг баруун урд хэсгээрээ мөргөөд чигээрээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Батбаатарын “...Би оффис руугаа ороод түлхүүрээ хайж байгаад олж аваад ажлаас гараад иртэл цаана Энхбаатар машинд мөргүүлсэн. Тэгээд би гүйгээд очиход Энхбаатар ямар ч ухаангүй хэвтэж байсан. Мөргөсөн машин нь цаашаа чигээрээ зугтаад 32-н тойрог тал руу явсан. Тэгээд бид нар түргэн болон цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа ирсэн дараа нь түргэн ирээд Энхбаатарыг авч явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч И.Гүнтбаатарын “...Энхбаатар буцаад зам гарахаар шогшоод явсан чинь тэр үед нь нэг цэнхэр машин баруун урд талаараа Энхбаатарыг мөргөөд унагаасан тэгээд бид нар гүйгээд очсон Одког дугаарыг нь хараарай гэхэд сайн харж чадсангүй 70-тай л дугаар харагдлаа гэсэн....” гэх мэдүүлэг,

“...Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 24997564 дугаартай шинжээчийн дүгнэлт,

          Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ихбаярын гаргасан Мөрдөгчийн магадалгаа,  

Амь хохирогч А.Энхбаатарын үхлийн шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1814 дугаартай шинжээчийн: 1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр дух ясны зүүн хэсгээс зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх  цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн суурийн хэсгээр аалзан хальсан доор цус харвалттай, хоёр тал бөмбөлгийн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархины гүүрний эдийн цус харвалт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. З.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг,хууч өвчин тогтоогдсонгүй 4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Жы жолоодож явсан ”Субару импреза” маркийн 59-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулахаар томилсон  Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь: зүүн, баруун  урд крылоны будаг ховхорч хонхойсон, хойд гупер будаг халцарсан, улсын дугаарын болон тормозны гэрлийн ламп асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалт хазайлтын хэмжээ 0-5 мм байхаас -9.4мм, тоормосны хүчний зөрүү, гэрлийн тусгалын чадал 10.000-225000cd байхаас зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1800cd, хол дээрээ 10600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd, хол дээрээ 2500cd байгаа зэрэг авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг хангахгүй гэж дүгнэсэн бөгөөд дээрх эвдрэл гэмтэл нь замын нөхцөл муу үед шарвалт үүсгэх, зам дагуух үзэгдэлт муу харагдах байдлаар тээврийн хэрэгсэл жолоодоход хүндрэлтэй байдлаар нөлөөлсөн болохыг тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар хэрэгт зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн  цагдаагийн байгууллагад 18 жил, үүнээс тээврийн цагдаагийн албанд 8 жил ажилласан туршлагатай, тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ихбаярын  2021 оны 10 сарын 19-ны өдөр гаргасан 294 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар: жолооч Б.Ж нь замын хөдөлгөөний дүрмийн  3.4 дүгээр зүйлийн а/ хэсэгт заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ.  

Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт болон  мөрдөгчийн магадалгаа зэрэг баримтууд нь  хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт  гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Шүүгдэгч Б.Жыг хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн а/ хэсэгт заасан “...тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заасныг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч А.Энхбаатарын дух ясны зүүн хэсгээс зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх  цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн суурийн хэсгээр аалзан хальсан доор цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархины гүүрний эдийн цус харвалт зэрэг гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж  заасан байна. Шүүгдэгч Б.Ж нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоноор эрсдэл үүсэж хор уршиг учрах боломжтой болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад хайхрамжгүй хандсаны улмаас хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Хоёр: Шүүгдэгч  Б.Ж нь зам тээврийн осол гаргасан даруйд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хохирогч А.Энхбаатарыг мөргөсөн даруйдаа зохих арга хэмжээг авч, тусламж үзүүлэхгүйгээр зугтсан болох нь шүүгдэгч Б.Жы шүүхийн хэлэлцүүлэгт “би хүн мөргөчхөөд айж сандарсандаа зугтчихсан” гэх мэдүүлэг,  хохирогч Л.Энхзулын , “мөргөсөн машин нь тухайн үедээ тоормос гишгэлгүй шууд явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Одгэрэлийн “...Энхбаатар эхний урсгалаа өнгөрөөд эсрэг урсгал руу ороод машин Энхбаатарыг баруун урд хэсгээрээ мөргөөд чигээрээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Батбаатарын “...Би оффис руугаа ороод түлхүүрээ хайж байгаад олж аваад ажлаас гараад иртэл цаана Энхбаатар машинд мөргүүлсэн. Тэгээд би гүйгээд очиход Энхбаатар ямар ч ухаангүй хэвтэж байсан. Мөргөсөн машин нь цаашаа чигээрээ зугтаад 32-н тойрог тал руу явсан....” гэх мэдүүлэг, гэрч И.Гүнтбаатарын “...Осол хийчхээд хурдаа ч хасалгүй тэр чигээрээ 32-н тойрог руу давхиад алга болсон...” гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Жыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд  Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл  нь хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

  Шүүгдэгч  Б.Ж нь явган зорчигчийг мөргөж унагасны дараа дараа хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн хэргийн газрыг орхиж  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлд заасан жолоочийн үүргээ хэрэгжүүлээгүй санаатай үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн   27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шинжийг хангасан байна. 

Шүүгдэгч Б.Ж болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх баримт үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүх шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 320  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих,  

          Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтүүдийг тус тус гаргаж байна.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлан санал хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Нэг талаас шүүгдэгч Б.Жы болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан нь  нөхөж барахгүй ч нөгөө талаас шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон, өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, учруулсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу явган зорчигч А.Энхбаатарын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлд заасан –үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах  гэсэн явган зорчигчид хориглосон заалтыг зөрчсөн буруутай үйлдэл зэрэг нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг зөв оновчтой тодорхойлоход зайлшгүй харгалзан үзвэл зохих нөхцөл байдалд тооцогдоно.

Шүүгдэгч Б.Ж нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 58 дугаар гудамжны 900 тоотод байнга оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин сууж байгаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 4 жилийн хугацаагаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тус тус хязгаарлах ял оногдуулж шийтгэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр өөрийн оршин суух нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг тодорхой хугацаанд хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж засарч хүмүүжих, цаашид амь хохирогчийн ар гэрт туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн илэрхийллийг хангахад чиглэсэн бөгөөд гэмт үйлдлийн шинж чанар, ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондоо зүй зохистойгоор нийцсэн гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоон, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах  нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.  

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ” нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчлан тогтоосон байх тул шүүгдэгч Б. Б.Жы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул болон хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолох  болохыг дурдав.

 Бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхзул нь оршуулгын зардалд нийт 16.824.600 төгрөг нэхэмжилснээс 2021 оны 12 сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Жаас  10.000.000 төгрөгийг хүлээн авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхзул нь  цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн эвлэрлийн гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтыг тал бүрээс нь судалж үзэхэд хавтаст хэргийн 37-81 дүгээр хуудаст авагдсан 61 ширхэг баримт нь оршуулахтай холбогдон гарсан хүнс болон эд зүйл худалдан авсан бөгөөд тэдгээрийн нийт дүн болох 12.753.070 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 4.610.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлоос 10.000.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон ба үлдэх 2753070 төгрөгийг төлөхөөр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар 1 дахь хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 2022 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар завсарлуулсан. Дээрх хугацаанд шүүгдэгч Б.Жаас 2.754.000 төгрөгийг Л.Энхзулын ХААН банкны 5031846687 тоот дансанд шилжүүлсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Б.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг ...нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд...авах эрхтэй” гэж заасан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхзулын асрамжид 2016 оны 05 сарын 24-ны өдөр төрсөн охин Э.Цэлмэг, 2019 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн охин Э.Цэлмүүн нар үлдсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа талаар мэдүүлж байх боловч энэ талаар холбогдох баримтыг гаргаж ирүүлээгүй тул шүүхээс хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэх боломжгүй, хууль ёсны төлөөлөгч нь өөрөө хүсвэл холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг тайлбарлах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Жы №1183337 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд шилжүүлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2,  38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Бүрнээбаатарын Б.Жыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн дээрх гэмт хэргийн үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б. Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Б.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь  04 жил 06 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай. 

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б. Б.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Жы №1183337 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төвд шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхзулын нэхэмжлэлээс 4.610.000 /дөрвөн сая зургаан зуун арван мянга/ төгрөгт холбогдох  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар болон гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Б. Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б. Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН