| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00380/И |
| Дугаар | 416 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 416
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 19-07 тоотод оршин суух Дөлгөөн овогт Цэмбэлийн Мөнхбат /РД:ЙИ57072116/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэгнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Мөнхбат нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Намайг Цэмбэл, Даваа гэдэг 2 хөгшин 1959 онд өргөж авсан гэдэг. Аав маань 1971 онд нас барсан тул би Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн бие дааж мал маллаж байгаад 1979 оны 11 дүгээр сарын 30-наас агент хийж эхэлсэн бөгөөд 1983 оны 11 дүгээр сарын 01-нд агентаа өгсөн. Ингээд 1983 оны 11 дүгээр сарын 13-наас 1986 оны 3 дугаар сарын 25 хүртэл 1 дүгээр сургуулийн харьяа 2 дугаар бага сургуульд нярав, галчаар ажиллаж байгаад оройгоор 8 дугаар анги төгссөн. Тэгээд жолооны курс төгсөх гэж байсан чинь сумаас дуудаж 1986 оны 5 дугаар сарын 14-нд Цацрал нэгдэлд тууврын мал өгсөн бөгөөд 1986 оны 11 дүгээр сарын 15-нд мал туувраа мал баазад тушаасан. 1986 оны 12 дугаар сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 01 хүртэл Зүүнбаян-Улаан сумын Дэвшил бригадад агентаар ажилласан. 1991 оны 5 дугаар сарын 01-нээс агентын сууринд Дөлгөөн хоршоо байгуулж, 12 хүний бүрэлдэхүүнтэй малчид хөдөлмөрчдөд үйлчилж 1996 он хүртэл ажилласан.
Иймд 1972-1979 онд Цацрал нэгдэлд, 1979-1982, 1987-1991 онуудад Худалдаа бэлтгэлийн ангид агент, 1983-1986 онд 2-р бага сургуульд нярав, галчаар ажилласан хугацааг сэргээж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Мөнхбат нь 1972-1979 онд Цацрал нэгдэлд, 1979-1982, 1987-1991 онуудад Худалдаа бэлтгэлийн ангид агент, 1983-1986 онд 2-р бага сургуульд нярав, галчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн хугацааг 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилсөн.
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэдэг нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 256 тоот албан бичиг /хх-ийн 42 дугаар тал/-ээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
Ц.Мөнхбат нь 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчин, 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид агент, 1983 оны 11 дүгээр сарын 13-наас 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Арвайхээр хотын 2 дугаар бага сургуульд нярав, гачекар, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын Дэвшил бригадад агентаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 485 тоот архивын лавлагаа /хх-ийн 4 дүгээр тал/, Ц.Мөнхбатын 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан 578 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 12-18 дугаар тал/, 436173 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-6 дугаар тал/, Арвайхээр хотын 1 дүгээр бага сургуулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 26 тоот тушаалын хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, Арвайхээр хотын 1 дүгээр бага сургуулийн захирлын 1986 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 10 тоот тушаалын хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, Зүүнбаян-Улаан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот тушаалын хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/, Зүүнбаян-Улаан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны гишүүд, ХАА-н Цацрал нэгдлийн зөвлөлийн тэгүүлэгчдийн 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан хурлын 02 тоот протоколын хуулбар /хх-ийн 10, 11 дүгээр тал/, Ц.Мөнхбатын хөдөлмөрийн алдар медалиар 1990 оны 12 дугаар сарын 12-ний өдөр шагнуулсан үнэмлэхийн хуулбар /хх-ийн 19 дүгээр тал/, Ц.Мөнхбатын 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр авсан аваргын дипломын хуулбар /хх-ийн 20 дугаар тал/, Ц.Мөнхбатын 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр авсан аваргын дипломын хуулбар /хх-ийн 21 дүгээр тал/, Ц.Мөнхбатын 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр системийн аваргаар шалгарч авсан дипломын хуулбар /хх-ийн 22 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Ц.Пэлжээ, Д.Адъяа, С.Чимэдбат нарын мэдүүлэг /хх-ийн 34, 37, 40 дүгээр тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ц.Мөнхбатын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Дөлгөөн овогт Цэмбэлийн Мөнхбат /РД:ЙИ57072116/-ын 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчин, 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид агент, 1983 оны 11 дүгээр сарын 13-наас 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Арвайхээр хотын 2 дугаар бага сургуульд нярав, гачекар, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын Дэвшил бригадад агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарЦ.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ