Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Г.Ууганбаатар /томилолтоор/,

шүүгдэгч: С.Б түүний өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.Б-ад холбогдох эрүүгийн 220200000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С-гийн Б /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр ******* хотод төрсөн. ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошууны 000 тоотод оршин суудаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

  Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

  Шүүгдэгч С.Б нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  .......аймгийн  ....... сумын нутагт орших  ....... нэртэй амралтын газрын орчмоос Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 242.9 грамм хэмжээтэй 3 ширхэг хуванцар саванд хийсэн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 00-00  улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын багажинд хадгалан Улаанбаатар хотод оруулж ирэн мөн өдрөө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошууны 00-00  тоотод орших гэрийнхээ хашаанд байх угаалгын машин дотор худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хадгалсан, мөн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэрийнхээ хашаанд угаалгын машинд хадгалж байсан тухайн “Өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоор “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хийж бэлтгэсэн, уг бодисноос 0.4246 грамм хэмжээтэйг тамхины асаагуурт нааж худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  .......аймгийн  ....... сумын нутагт орших  ....... нэртэй амралтын газрын орчмоос Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 242.9 грамм хэмжээтэй 3 ширхэг хуванцар саванд хийсэн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 00-00  улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын багажинд хадгалан Улаанбаатар хотод оруулж ирэн мөн өдрөө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошууны 00-00  тоотод орших гэрийнхээ хашаанд байх угаалгын машин дотор худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хадгалсан, мөн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэрийнхээ хашаанд угаалгын машинд хадгалж байсан тухайн “Өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоор “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хийж бэлтгэсэн, уг бодисноос 0.4246 грамм хэмжээтэйг тамхины асаагуурт нааж худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-С.Б-ын оршин суудаг гэх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 00-00  тоотод байх хашаанд 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9-р хуудас/,

-С.Б-ын биед 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15-р хуудас/

-С.Б-ын биеэс 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

-Мөрдөгчөөс хойшлуулшгүй ажиллагааны явцад явуулсан хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлийг хураан авсан, нэгжлэг хийсэн, хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан зэрэг Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг тогтоол /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

-Үзлэг, нэгжлэгийн явцад хураан авсан хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-27-р хуудас/,  

-Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би өөрийн нөхрийн мансууруулах бодис хэрэглэж байна, хадгалж байна гэж сэжиглэж, таамаглаж байсан удаа байхгүй. Харин одоогоос 20 гаран хоногийн өмнө гадуур явж байгаад орой гэртээ орж ирээд миний хажуугаар өнгөрөх үед түүнээс сонин хурц, тамхины үнэрнээс өөр үнэр үнэртэхээр нь “ямар муухай үнэр үнэртээд байгаа юм бэ, юу хийсэн, яасан юм бэ” гэж асуухад өөдөөс “юу ч хийгээгүй, яагаач үгүй” гээд л өнгөрсөн. Харин цагдаад шалгагдаж эхэлсэн үеэс нь хойш бодоход л тэр үед тийм муухай зүйл хэрэглээд орж ирсэн байсан юм болов уу гэж бодож байна. Өөрөөр тэр хашаанд байдаг угаалгын машиныг одоогоос 2 жил гарангийн өмнө хашаанд гаргаж тавиад орхисон байсан юм...2021 оны 10 сарын сүүлээр санагдаж байна, яг хэдний өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр ахынхаа приус-20 маркийн машинтай өөрийнхөө 2 найз болох Чүлтэм, түүний найз охин Н  Т түүний найз О нарын хамтаар зургуулаа  .......аймгийн  ....... сумын нутаг руу агаар салхинд гарахаар өглөөдөө яваад оройдоо буцаж ирж байсан...манай нөхөр цагдаад шалгагдаж эхэлснийх нь дараа ямар учиртай талаар нь асуухад “ ....... рүү явах үедээ өвс түүж, та нарт мэдэгдэлгүй авч ирсэн” гэж байсан’’...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

-Гэрч Б.Ч-нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай найз Т, С.Б бид 3 өөрсдийн найз охин болон эхнэрээ дагуулаад зургуулаа С.Б-ын тухайн үед унаж байсан приус-20 маркийн машинтай  .......аймгийн  ....... сумын нутагт байх ахмадын амралтын ойролцоох амралтын газарт өглөө очоод өдөржин тэндээ байж байгаад оройдоо 19-20 цаг болж байх үед буцаж ирж байсан. Би амралтын газарт С.Б-ыг  өвс, ургамал түүж бэлтгэсэн талаар мэдээгүй, С.Б-тай хамт мансууруулах бодис хэрэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Г.З-ын 2022 оны  оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 686 дугаартай:

-Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. С-гийн С.Б ....., 2022.01.11” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидрокананнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42-44-р хуудас/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Г.З-ын 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 688 дугаартай:

-Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “2” гэж дугаарласанн хуванцар савтай ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан хажуу хэсэгтэй хоёр зэрэг цоолсон хуванцар сав, хуйлсан ..... серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “6” гэж дугаарласан дотор хэсэг нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга, тал притка мэт зүйлсээс “Дельта- 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ / илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно.

-Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 35.3 грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 59.6 грамм, “4” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 147.6 грамм байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 48-53-р хуудас/,  

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Г.З-ын 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 0000дугаартай:  

-Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан зип лок ууттай, шар өнгийн асаагуурын 2 талд наасан шавар мэт зүйлээс “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4246 грамм байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-58-р хуудас/,

          Шинжээч Г.З-ын: “... 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинжилгээний объектыг түүх боломжтой эсэх нь шинжээчийн мэдлийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Харин ямар ч цаг хугацаанд түүж бэлтгэсэн тухайн ургамлын өөрийн шинж чанар алдахгүй тохиолдолд “Дельта-9 тетрагидроканнабинол” буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх боломжтой. 0000 дугаартай дүгнэлтийн объект болох өвс ургамал нь шинж чанараа алдахгүй байсан тул дээрх дүгнэлтийг гаргасан ...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,

-Шүүгдэгч С.Б-ын яллагдагчаар өгсөн: ...“эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан учраас дахин мэдүүлэг өгөхгүй...” гэж /хавтаст хэргийн 83-84-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Б-ын хадгалж бэлтгэсэн өвс нэршилтэй ургамал бүхий бодис Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ хэмээх бодис бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1976 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон, Монгол Улс 1999.04.22-нд соёрхон баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх бодис /хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд  .......мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг хямраах чадвартай, эсхүл ...II.. жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай бодис/ болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Мөн Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Б-ын “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.С.Б-ыг  дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч С.Б-ын хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй, бусдад төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгуулах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна” гэх дүгнэлт гаргасан.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч С.Б нь анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт холбогдсон, урьд өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв, тогтвортой мэдүүлэг өгч ирсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа өөрөө удаа дараагийн мэдүүлгүүдээрээ илэрхийлсэн. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. С.Б-ын ар гэр хувийн байдлын хувьд хүнд амьдралтай, 4 хүнийг тэжээдэг, энэ хүн өнөөдөр ял аваад явсан тохиолдолд ар гэр нь маш хүнд байдалтай үлдэх болоод байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзаж үзэж, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, дээрх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон /хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хэргийн 110-111-р хуудас / бөгөөд түүний ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосон 1 жил 6 сар хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч С.Б-ын ар гэрийн байдал, 4 хүн тэжээдэг амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан үзсэн бөгөөд харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж, арга барилын хувьд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  .......аймгийн  ....... сумын нутагт орших  ....... нэртэй амралтын газрын орчмоос тухайн ургамлыг түүж бэлтгэн улмаар удаан хугацааны турш хадгалж, тусгайлан багаж хэрэгсэл бэлтгэн хэлбэр дүрсийг нь өөрчилж (шавар болгон) биедээ авч явж хэрэглэж байсан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Г.З-  2022 оны  оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 000дугаартай: С-гийн С.Б ....., 2022.01.11” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидрокананнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42-44-р хуудас/-ээр тогтоогдсон нөхцөл байдалтай байгаа нь шүүгдэгчид хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

   2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн асаагуурын 2 талд бор өнгийн шавар мэт бодис наасан байдалтай асаагуур 1 ширхэг, 5 ширхэг хэрэглэсэн ахуйн хэрэглээний газ, 2 дугаартай 72.3 гр жинтэй хуванцар савтай ургамал, 3 дугаартай 99.6 гар жинтэй хуванцар савтай ургамал, 4 дугаартай 295.6 гр жинтэй хуванцар савтай ургамал, 5 дугаартай хажуу хэсэгтээ 2 ширхэг цоолж хуйлсан 50 төгрөг шургуулсан, 0,5 литрийн хуванцар сав, 6 дугаартай аяга, тал приткийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт С-гийн С.Б-ыг  мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-гийн Б-ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн асаагуурын 2 талд бор өнгийн шавар мэт бодис наасан байдалтай асаагуур 1 ширхэг, 5 ширхэг хэрэглэсэн ахуйн хэрэглээний газ, 2 дугаартай 72.3 гр жинтэй хуванцар савтай ургамал, 3 дугаартай 99.6 гар жинтэй хуванцар савтай ургамал, 4 дугаартай 295.6 гр жинтэй хуванцар савтай ургамал, 5 дугаартай хажуу хэсэгтээ 2 ширхэг цоолж хуйлсан 50 төгрөг шургуулсан, 0,5 литрийн хуванцар сав, 6 дугаартай аяга, тал приткийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.УРАНГУА