Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 417

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг, Өлт гэх газар оршин суух Жүгдэр овогт Сангидоржийн Мягмар /РД:ЙО62073103/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Мягмар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэгнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Мягмар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна.

Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Мягмар нь 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдалтогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэдэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг /хх-ийн 30 дугаар тал/ -ээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

С.Мягмар нь 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 286 тоот архивын лавлагаа /хх-ийн 4 дугаар тал/, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8 тоот протоколын хуулбар /хх-ийн 5 дугаар тал/, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13 тоот протоколын хуулбар /хх-ийн 6, 7 дугаар тал/, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 тоот тогтоолын хуулбар /хх-ийн 8 дүгээр тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч И.Сүрэнжав, Ж.Батбаяр, Ц.Насанжаргал нарын мэдүүлэг /хх-ийн 21, 23, 25 дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд С.Мягмарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэйгэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Жүгдэр овогт Сангидоржийн Мягмар /РД:ЙО62073103/-ын 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарС.Мягмарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ