Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1867

 

    Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/00987 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хаммер монголиа” ХХК-д холбогдох    

Гэрээний үүрэгт 99 811 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б.Пүрэвдорж нь “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэтэй АНУ-ын Аризона мужийн Меса хотод байрлах “Rignt Industries” компанид үйлдвэрлэдэг автомашины Лэд гэрлийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн, худалдаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээ байгуулсан өдрөө 30 000 ам.долларыг “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэд бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн миний нөхөр Б.Пүрэвдоржийн 2012 оны 12 дугаар сраын 24-ний өдөр АНУ-аас оруулж ирсэн Тоёота Приус-20 маркийн автомашиныг Т.Болор-Эрдэнэ 10.000 ам.доллараар тооцож худалдан авахаар тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор нэр шилжүүлэн авсан. Автомашины үнийг 1 сарын дотор төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөг хүртэл мөнгөө төлөөгүй байна. Иймд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу олгосон 30 000 ам.доллар, Тоёота приус-20 маркийн автомашины үнэ 10 000 ам.доллар нийт 40 000 ам.доллар буюу 99 811 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэ нь Б.Пүрэвдоржтой хуурай ах дүүсийн барилдлагатай дотно найз нөхөд явсан бөгөөд дээрх 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-гээр өөрсдийн итгэлцэл дээр хамтран ажилласан боловч амжилттай болоогүй. Гэсэн ч бид хоёрын харилцаанд уг ажил асуудал болоогүй бөгөөд би өгөх ёстой мөнгөө өгсөн. Одоо төлбөр тооцооны үлдэгдэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Б.Пүрэвдоржид өгч байсан төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөх болно. Мөн Б.Пүрэвдоржийн үхэлд намайг буруутай мэтээр бичиж байгаа нь намайг илтэд хүн амины хэрэгт гүтгэж байгааг харуулж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас 99 811 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 610 609 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 46 397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 657 008 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ч.Өлзийсайханы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 13.30 цагт товлогдсон гэх ба шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг өмгөөлөгч надад мэдэгдээгүй эргээд мэдэгдье хэмээн хэрэг танилцуулахдаа хэлж байсан атлаа хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ. Үнэн хэрэгтээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтээ гаргасан, хариуцагч түүний өмгөөлөгчөөс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "ЭДТ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч н.Баасанжавт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан эхлээд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 13.30 цагт 14 хоногийн өмнө товлогдсон байсан тул өмгөөлөгч энэ хуралдаандаа орсон. Өмгөөлөгчөөс хуралдан давхцсан нотлох баримтыг хүсэлтийн хамт хүргүүлсээр байхад шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд хянан шийдвэр гаргасан атлаа шүүхийн шийдвэр дээр хэлэлцсэн мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг хангаагүй, хариуцагчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргаж хариуцагчаас хууль зүйн туслалцаа авах эрхээ хангуулах улмаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа шүүхэд тайлбарлах боломж олгоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ч.Өлзийсайхан хариуцагч “Хаммер монголиа” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 30 000 ам.доллар буюу 74 858 700 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний дагуу 10 000 ам.доллар буюу 24 952 900 төгрөг нийт 99 811 600 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу хамтран ажиллах үүргээ биелүүлсэн, гэрээ дуусгавар болсон гэж маргажээ. 

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-гээр Америкийн нэгдсэн улсаас албан ёсны эрхтэйгээр оруулан ирэх “LED” гэрлийн худалдааг санхүүжүүлэхээр тохиролцож, санхүүжилт нь 30 000 ам.доллар, боруулалтын ашгаас 30 хувийг санхүүжүүлэгч талд өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу 30 000 ам.долларыг хариуцагч “Хаммер монголиа” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэ хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна. 

Дээрх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 02-нд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, талууд гэрээний дагуу үүссэн үүргийн зөрчилтэй холбоотой шаардлага гарган хэрэгжүүлэх эрх үүсэх учраас хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2016/06754 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид “нэхэмжлэгч Ч.Өлзийсайханаас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох”-оор зааснаас үзэхэд тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ биелүүлсэн, гэрээ дуусгавар болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. 

Хамтран ажиллах гэрээний үүрэг биелэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул хамтран ажиллах гэрээнээс нэг тал татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний дагуу “Тоёота приус” маркийн автомашиныг хүлээн авснаа үгүйсгээгүй, энэ нь  2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Авто тээврийн газар“-т иргэн Б.Пүрэвдоржоос Тоёота приус автомашиныг худалдан авч байгаа учраас дугаар шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг гаргаснаар нотлогдож /хх-11/ байх тул худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашины үнийг шаардах эрх 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар Тоёота приус маркийн автомашинтай холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тоооцоход гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнэ 10 000 ам.доллар буюу 24 952 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлснийг хүлээн авалгүй, хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасан бөгөөд хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрхи үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/00987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас 74 858 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Өлзийсайханд олгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн  75.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 24 952 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “657 008” гэснийг “532 243” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хаммер монголиа” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                Д.БАЙГАЛМАА