Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 955

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-д холбогдох эрүүгийн 1806000000065 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн Б-ын Э-,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамрагдаж, хэргийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;

 

Шүүгдэгч Б.Э- нь согтуурсан үедээ, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Сансар” үйлчилгээний төвийн подволын заалны хэсэгт иргэн Б.Мийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж толгой болон суган тус газар нь хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчлөн зүйлчилж, А   овгийн Б-н Э-г хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 15 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-гийн цагдан хоригдсон 203 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Э-гээс нийт 4.288.130 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХБ 10-304 тоотод оршин суух, Б овогт С-н Э-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай ямарваа саад учруулаагүй, би хэрэг гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл хуулийн өмнө хүлээсэн ухамсар, үүргийнхээ дагуу хууль хяналтын байгууллагынханд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, уг хэрэгт өөрийн хийсэн үйлдэл, гэм буруугаа үнэнээр хүлээж, түүний сацуу хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг бүрэн үнэн зөв шийдвэрлэж өгөх тухай санал хүсэлтээ гаргаж байснаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүх болон шүүгч нар та бүхэнд хэлэх нь зүй бизээ. Шүүгдэгч Б.Э- миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа үндэслэл шалтгаан нь: 1. Хэргийн мөрдөн байцаалтын явцад хяналт тавьж байсан Баянзүрх дүүргийн хяналтын прокурор П.Болормаагийн яллагдагчийн ялыг хүндрүүлж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нөхцөл байдал нь эргэлзээтэй хийгээд үндэслэлгүй буюу хуульд заасан “хэргийг бүрэн илрүүлэх, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоох” гэсэн заалтуудыг хангаагүй гэж шүүгдэгч миний бие үзэж байна. Өөрөөр хэлбэл намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчилсэн нь хэргийг бүрэн илрүүлэх, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байж “хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан” гэж үзээд хэргээ үнэн зөвөөр хүлээж, өөрийн хийсэн үйлдэлдээ гэм буруугаа илэрхийлсэн байгаа дээр минь бусад тогтоогдоогүй, тодорхойгүй үйлдлүүдийг нэмж тулган яллаж, анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэж ял оногдуулсанд би гомдолтой байна. Чухам үүнд нэгдүгээрт, яг ямар “онц харгис хэрцгий үйлдлийн арга байсан бэ” гэдгийг дээд шатны шүүхийн шударга шүүхийн шүүгч нар та бүхэн тогтоож өгнө үү. Яагаад гэвэл миний хувьд хэрэг гарсан өдөр хүн амины гэмт хэрэг үйлдэх сэдэл, хүнийг онц хэрцгий аргаар алъя гэсэн санаа зорилго байгаагүй нь дээр гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг ч уг нь би үүсгээгүй билээ. Тэр өдөр пиво уухыг санаачлан талийгаачтай маргалдан зодолдсон Ггэгч түрээслэгч, талийгаач хоёрын зодооныг би салгаж, шалтгааныг тодруулахад талийгаач Г-ын мөнгийг нь авсан байсан ба би талийгаачид мөнгийг нь буцааж өгөхийг шаардсанд эсрэгээр надруу довтолж гэмтэл учруулсан нь тэрхэн зуур миний хувьд цочрон уурлаж, хийж буй үйлдлийнхээ хууль бус шинжтэй ба түүний хор уршгийг мэдэж байсан ч хутга авч талийгаачийг 2 удаа хутгалсан. Гэхдээ би онц харгис хэрцгий гэх ямар нэг арга хэрэглэн үйлдээгүй ба тийм байх ямар арга байдгийг нь ч мэдэхгүй билээ. Хоёрдугаарт мөрдөн байцаалтын явцад эмнэлзүйн буюу анагаахын шинжлэх ухааны хувьд шинжээчийн дүгнэлт “талийгаачийг 5 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэл толгойн тус болон цээжний хөндийд нь илэрсэн” гэж гарсан нь намайг гайхшруулсан ба миний хувьд 2 удаа хутгалсан болон толгойн тус буюу гавлын тэр олон хөндийрүү өөрийн барьсан хутгаараа үйлчлэл үзүүлээгүй гэдгээ үнэн зөвөөр бүх үед мэдүүлсэн хийгээд тухайн харсан гэрчүүд гэрчилж байдаг. Миний бие энэ бүхнийг тодорхой санаж байгаа ба энэ асуудлаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хуралдаан, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр П.Б прокурорт гаргасан хүсэлт, 6 дугаар сарын 21-ний Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт болон 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол зэрэгтээ тодорхой дурдсан байгаа. Гэвч прокурор болон анхан шатны шүүх уг асуудлыг авч хэлэлцэлгүйгээр, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүйгээр /шинжээчийн дүгнэлтэд цээжний хөндий болон гавлын хөндийд нэвтэрсэн шарх нь аль аль нь үхэлд хүргэх боломжтой ба шархнууд нэгнээ хавсарсан гэж тайлбарласан/, мөн хуульд заасан бүх арга хэмжээг авч холбогдох ажиллагаануудыг бүрэн гүйцэд авалгүйгээр намайг “олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан” гэж яаж нотолж тогтоосон нь тодорхойгүй байдлаар ял оногдууллаа. Хууль зүйн үүднээс онц харгис хэрцгий гэж үзсэн олон тооны шархны асуудлыг шалгаж тогтоох, өөрөөр хэлбэл миний үзүүлсэн 2 үйлчлэлийг ямар үндэслэлээр онц харгис хэрцгий гэж үзсэн, түүнчлэн миний хийгээгүй бусад үйлчлэлийн асуудлыг яагаад тогтоогоогүй юм бэ гэдэг нөхцөл байдал өөрийн эрхгүй бодогдож байна.

2. Хэрэг гарсан өдөр талийгаачтай маргалдан зодолдож, улмаар хэргийн газраас зугтан зайлсан түрээслэгч Г-ыг энэ хэрэгт яагаад ийм өнгөц авч үзэн шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна. Учир нь: 1. Гантулгыг хэрэг гарахын өмнөхөн куртикны халаасанд жижиг, хоол хийдэг хар иштэй хутга хийчихсэн, “төрсөн өдөр болж байна, архи авч өгөөч” гэж гэрч Гэрэлмаад хэлсэн байдаг. Мөн гэрч Э-ийн мэдүүлгээр намайг хутганы асуудал болохоос өмнөхөн гараад явсан гэсэн хүн өрөөндөө ороод байж байхад, Э цагдаа дуудах үед Г-ыг гараад зугтсан гэсэн байдаг. Гнь талийгаач Мтэй өмнө нь хэд хэдэн удаа мөнгө төгрөгийн асуудлаас болж муудалцдаг, тэр үедээ хутга шөвөг болж дайрч довтолдог байсан. Эдгээр асуудлыг гэрчүүд болох түрээслэгч нар мэдүүлэгтээ дурдаагүй ч бүгд мэдэж байгаа тул би шүүхэд гэрчүүдийг байлцуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. 2. Мөн Гмэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийж зугтаж явах үедээ найз Хонгор, Хүрэлчөдөр нарт “хөгшин нь хүн амины хэрэгт холбогдсон, яах вэ мөнгө зээлээч” гээд явж байсан талаарх мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан байгаа. Энэ бүхнээс харахад миний бие Гантулгыг хэрэг явдал дундуур, бусдыг цагдаа түргэн гээд гарч, орж явах үед хувийн санаа зорилгоор үгсэн тохироогүй ч үйлдэлдээ санаатай нэгдсэн, өөрөөр хэлбэл өөрт байсан хутга эсхүл эд мөрийн баримт болох хутганы аль нэгээр хохирогчид шарх үзүүлсэн байна, үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй байх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад эрэн сурвалжлах ажиллагаагаар Гантулгыг олж, түүний хурууны хээг эд мөрийн баримт болох хутганаас аваагүй болон бусад үйлчлэл ижил хутганаас уу, эсвэл өөр нэг үзүүртэй зүйлээс үзүүлсэн үү зэрэг асуудлыг шалгах, Ггэгч яагаад зугтах болсон зэргийг шалгасангүй вэ гэдэгт би үнэхээр гомдолтой байна. Эцсийн эцэст хэрэг хийсэн хүн л зугтах байх гэдгийг хууль эрх зүйн ухамсар дотоод итгэлээрээ мөрдөгч, прокурор, шүүгч авч үзээгүй юм байна. Гэвч хуульд заасан үндэслэл журмын дагуу авч үзэн шалгаасай, хэргийг эргэлзээгүй үнэн зөв шийдвэрлэж эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянан шалгаж өгөөч гэж шүүгдэгч Б.Э- миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний хүү Б.М-рийн минь амь насыг хөнөөсөн Б.Э-гээс сэтгэл санааны хохиролтой байгаа тул 30.000.000 төгрөг нэхэмжилж байна. Бас оршуулгын зардал төлөхийг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу “онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан” гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн тухайн хэрэг болдог өдөр байсан гэх Гантулгыг хэргийн газрыг хаяж явсан гэж үздэг. Иймд ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа тул нэмж шалгуулах шаардлагатай гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн зөв тогтоосон. Анхан шатны шүүх түүний үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Мөн 9 гэрч түүнийг хохирогчийн амь насыг хөнөөсөн гэдгийг гэрчилдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.    

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Э- нь согтуурсан үедээ, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Сансар” үйлчилгээний төвийн подволын заалны хэсэгт иргэн Б.М-ийн толгой болон суган тус газар нь хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э /1хх-37-38/, гэрч П.Б /1хх-40-42/, Л.Э /1хх-45-46/, Б.Б/1хх-47-48/, С.Э /1хх-50/, Б.Ж /1хх-51-52/, Б.Тн /1хх-53-54,57/, Ц.Б хх-63-64/, З.О /1хх-68-69/, шинжээч эмч Ц.Г /1хх-113-114/, яллагдагч Б.Э- /1хх-136, 137-141, 236/ нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 304, 916, 1458, 1457 дугаартай дүгнэлтүүд /1хх-79-83, 1хх-90-94, 1хх-100, 112/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э- нь иргэн Б.Мийн толгой болон суган тус газар хутгалж, онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдолдоо: “...Онц харгис хэрцгий аргаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаачийн биед 2 удаа хутгалсанаа зөвшөөрнө. Харин 5 удаа хутгалаагүй. Хэрэг болох үед маргалдсан   Ггэгчийг шалгаагүй” гэжээ.

Гэрч С.Э-ийн: “...Мочоод Ба эгчийг тайвшир гээд Э- тэр хоёр зууралдаад нэг нэг удаа цохилцсон. Салаад М ах өрөөндөө ороод байж байхад Э- ах араас нь ороод тэр хоёр тэнд ноцолдсон. Тэр үед М Э-гийн хөмсөгөнд цохиж сэтлэн их цус гаргасан байсан. Тэр хоёрыг нэг нь салгаад өрөөнөөс хамт зууралдаж гарсан. Э- ах салаад өрөө рүүгээ гүйж ороод урт хутга бариад гарч ирсэн. Би айгаад харж чадаагүй. Хэсэг байж байгаад би өрөөнөөсөө гүйж гарахад М ах манай өрөөний нилээн цаана цусаа гоожуулсан байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /1хх-50/,

Гэрч Б.Ж-н: “...Тэгээд Түвшин өрөө рүүгээ яваад орсон. Тэгээд найз бид хоёр одоо зодолдохгүй байх гээд өрөөндөө орсон. Тэгээд хэсэг байж байгаад дуу чимээ гарахаар нь өрөөнөөс гарч иртэл Т /Э-/ өрөөнөөсөө гараад ирсэн, гартаа хутга барьсан байсан. Барьсан хутга нь хар иштэй хутга байсан. Тэр үед Гчи ингэж болохгүй гээд гарнаас нь барих шиг болсон. Түвшин  /Э-/ өрөөнөөсөө гарч ирэх үед Гхоёр нэг нэгэнтэйгээ барьцалдсан байсан. Тэгээд Түвшин нь /Э-/ Мийг баруун, зүүн талын аль нь гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан дал нуруу орчимд нь нэг удаа хутгалаад дахиад нэг дүрэх гээд дайрсан. Тэр үед Млдөр цагдаа дууд, эмнэлэг дууд гэхээр нь би найзтайгаа хамт шууд цагдаа дуудахаар гарсан. Тэгтэл гар утсаа өрөөндөө орхисон байснаа мэдээд буцаад байрны хаалгаар ороод иртэл манай зүүн талын өрөөний Бямбаа ах 103 дуудчихлаа гэж байсан. Тэр үед М газарт хэвтчихсэн хаанаас нь юм мэдэхгүй цус алдаад байгаа нь мэдэгдээд нилээн гүнзгий амьсгалаад байсан. Тэгээд Түвшингээс айгаад өрөөндөө ороход цагдаа, эмнэлэг ирсэн.” /1хх-51-52/,

 

Гэрч Б.Т-ны: “...Тэгээд Т  /Э-/ өөрийнхөө өрөө лүүгээ яваад буцаад гэнэт хутга бариад гараад ирсэн. Тэгээд шууд Мөнхүүлэйг /М/ урдаас нь зүүн талын хавирга руу нь нэг удаа хутгалаад, дахин далайхаар нь Жанчив бид хоёр цагдаа дуудах гээд тэндээс гараад гүйсэн.” /1хх-53-54/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд:

 

  2018 оны 1 дүгээр сарын 17-нд “Сансар” үйлчилгээний төвийн подвалыг түрээслэгч нар архи уусан байх бөгөөд уг подвалыг түрээслэгч Гантулга, амь хохирогч Б.М нар нь 5000 төгрөг чамд байгаа, байхгүй гэх шалтгаанаар маргалдан, улмаар харилцан зодолдсон, шүүгдэгч Б.Э- уг маргаанд оролцон Б.Мт нүүрэн тус газраа цохиулж, өрөө рүүгээ явж хутга авч ирэн Б.Мийг хэд хэдэн удаагийн үйлдлээр тархи, суга болон бусад хэсэгт хутгалан амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогджээ.

 

Энэ хэргийг шууд харсан Б.Ж, Б.Тн, С.Э нарын гэрчүүд байх бөгөөд тэдний мэдүүлгээс үзэхэд Б.Мийг Б.Э- хутгалахаас өмнө хэн нэг этгээд түүн рүү хутга барьж дайрсан байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Э- нь хутгалсны дараа амь хохирогч газарт унаж их хэмжээний цус алдсан, хэрэг болсон нэн даруй, цагдаа, түргэн тусламжийн эмч нар ирсэн, амь хохирогч Б.М нь тархи болон биендээ 5 удаа хутгалагдаж амь нас нь хохирсон болох нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ” №304-т “Талийгаачийн биед гавал, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн зулайн гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн зулайн хатуу хальс доорхи цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, харааны товгор гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны дээд дэлбэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны авчилт, цээжний зүүн хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Эдгээр шархнууд нь 2.5 см өргөнтэй, 17 см-аас багагүй урттай, ир үзүүртэй зүйлийн таван удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Бүгд шинэ шархнууд байна. Шинжилгээгээр талийгаач нь үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач дөрөвдүгээр бүлгийн цустай байна. Талийгаачийн үхэлийн шалтгаан нь гавал тархи, цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас нас барсан байна.” гэх дүгнэлт /1хх-79-81/-ээр тогтоогдож байна.

 

Онц харгис хэрцгий арга гэдэгт хүнийг алахын өмнө, алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан үйлдэл ордог. Амь хохирогч Б.Мийн тархинд хүнийг үхэлд хүргэх хэмжээний хутганы шарх үүсгэгдсэн бөгөөд цээж, бусад хэсэгт нийт 5 удаагийн хутгалагдсан шарх нь бүгд амь биед аюултай, үхэлд хүргэх боломжтой, амь нас аврагдах боломжгүй, амь хохирогчийг өвтгөн шаналгасан, харгис хэрцгий үйлдэл мөн тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу “онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан” гэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхээс “амь хохирогч Б.М хэдийгээр хүнд зэргийн согтолттой байсан боловч харилцан маргалдах, зодолдох зэрэг идэвхтэй үйлдэл хийж байсан зэргээс үзэхэд  шүүгдэгч Б.Э- амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй  болохыг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Амь хохирогч Б.М нь тухайн үед нийтийн байрны түрээслэгч Ггэдэг хүнтэй маргалдсан үйлдэл байгаа боловч Б.Э- гал тогооноос хутга авч ирээд Б.Мийг хутгалсан болохыг тухайн үед хажууд нь байсан хүмүүс гэрчилдэг бөгөөд шүүгдэгч Б.Э- ч мөн амь хохирогчийн биед үүссэн 5 удаагийн хутгалалтын шархаас 2 удаагийн хутгалалт нь миний үйлдэл гэж хүлээн зөвшөөрчээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл, дэглэм тохирсон, хэргийн үйл баримт тогтоогдсон, нэмэлт мөрдөн байцаалтаар хэргийг дахин шалгах шаардлагагүй.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт буй баримтын хэмжээнд хохирлыг тооцож, шүүгдэгчээс 4.288.130 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбаярт олгохоор шийдвэрлэжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байна.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Э-гийн гаргасан “хэргийг дахин шалгах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-ын “сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн  давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн эдлэх ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр заахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу “бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” заалтыг баримталсан нь буруу байх тул зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр  шийтгэх тогтоолд  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1167 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-гийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                              ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ