Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0935/З |
Дугаар | 221/МА2016/0327 |
Огноо | 2016-05-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2016/0327
2016 оны 05 сарын 25 өдөр |
| Дугаар 221/МА2016/0327 | Улаанбаатар хот |
“М” ХХК, “Б” ХХК-уудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 199 дүгээр шийдвэртэй, “М” ХХК, “Б” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: "...”М” ХХК нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо 31 дүгээр байрны урд, давхар гараашны зориулалтаар нэгж талбарын 17/5111 дугаар бүхий 1628 м.кв газрыг Баянгол Дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжийн дагуу эзэмшиж Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0293314 тоот гэрчилгээ авч дүүргийн газрын албатай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж уг газрыг, “Б” ХХК нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо 16, 17 дугаар байрны урд давхар гараашны зориулалтаар нэгж талбарын 16/5177 дугаар бүхий 4750 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжийн дагуу эзэмшиж Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0293313 тоот гэрчилгээ авч дүүргийн газрын албатай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж уг газрыг хууль ёсоор тус тус эзэмшиж байсан. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/31 дүгээр Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гаргаж манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Бид энэ захирамжийн талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч "олон компани байгаа тул нэг мөр шийдвэрлэнэ, дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ" гэх мэтээр удтал хүлээлгэсний эцэст шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь дүүргийн Засаг даргад олгогдоогүй үүргийг ногдуулсан хууль бус захиргааны шийдвэр тул түүнийг үндэслэн гаргасан дүүргийн Засаг даргын захирамж нь мөн хууль бус юм. Иймд дээрх тогтоол, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож эдгээр компаниудын газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаартай захирамжаар “М” ХХК-д Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 31 дүгээр байрны урд талд давхар гараашны зориулалтаар 1628 м.кв газар, “Б” ХХК-д тус дүүргийн 12 дугаар хорооны 16, 17 дугаар байрны ард давхар гараашны зориулалтаар 4750 м.кв газрын газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Дээрх газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан "энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна", 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно". 33.4 дэх хэсэгт заасан "Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж газар эзэмших эрхийг олгосон. Баянгол дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмыг зөрчин газар эзэмших эрх олгосон. шийдвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн-29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл "эс үйлдэхүй"-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 /Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй/, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, 6.1-т ”Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 6.2-т “Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна, Энэ хуулийн 6.1,-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана”. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 6.3-т заасан "...хөөн хэлэлцэх хугацаа..." нь мөн зүйлийн 6.1-д заасан "холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоног" гэсэн хугацаагаар тодорхойлогдоно. Энэ хугацаанд гомдлоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй иргэн, хуулийн этгээд, байгууллага нь зөвхөн "хөөн хэлэлцэх хугацаа"-г сэргээлгэхээр урьдчилан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандана" хэмээн заасан байдаг. Гэтэл маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамж гарснаас хойш 3 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан байх бөгөөд Газрын тухай хуульд заасан хугацаа сэргээсэн шүүгчийн захирамж гараагүй болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар "М" ХХК-д тус дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны урд давхар гараашны зориулалтаар 1628 кв.м газар, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар "Б" ХХК-д тус дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны урд давхар гараашны зориулалтаар 4750 кв.м газрыг.эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна", 33 дугаар зүйлийн 33.1.2, дугаар зүйлд "газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээн заасан зориулалтын дагуу ашиглаагүй, зар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай 20 дугаар 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар “М” ХХК-д тус дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны урд давхар гараашны зориулалтаар 1628 кв.м газар, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар "Б" ХХК-д тус дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны урд давхар гараашны зориулалтаар 4750 кв.м газрыг холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн “М” ХХК болон ““Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... 2016 оны 03 дугаар сарын 03, 17-ны өдрүүдийн шүүх хуралд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий газартай холбогдуулж газрын давхцал байгаа эсэх талаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас лавлагаа мэдээлэл авах, энэ талаарх албан бичгийг дүүргийн Засаг даргын нэрээр явуулсан, энэхүү албан бичгийн хариу ирээгүй байна. Үүнийг хэргийн материалд хавсаргах нь зүйтэй талаар удаа дараа хүсэлт тавьсан байдаг.
Гэтэл шүүхээс уг хүсэлтийг хангаагүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаас захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан заалтыг зөрчсөн бөгөөд дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас лавлагаа мэдээллийг авах талаар шүүгчийн ажиллагаа хийгээгүй.
Уг баримтаар маргаан бүхий газар буюу “Б” ХХК-ийн нэр дээр эзэмшүүлсэн газар нь дүүргийн Засаг даргын 2014 оны А/61 дүгээр захирамжаар олон давхар гараашны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн байх бөгөөд холбогдох нотлох баримтыг хавсаргасан байна.
Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан гуравдагч этгээдийн асуудлыг шүүхээс судалж үзэлгүйгээр шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байх тул Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрыг гуравдагч этгээдээр татах нь зүйтэй юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1016 дугаартай албан бичиг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/2321 дугаартай албан бичгээр тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг нэр заан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/04 тогтоолоор батлагдсан 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тайлан, ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдааны тэмдэглэл холбогдох судалгаа хэрэгт шаардлагатай байх тул нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг хүссэн байдаг.
Гэтэл дээрх хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтуудаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/04 дүгээр тогтоолоор батлагдсан 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тайлан л ирсэн байдаг бөгөөд үлдсэн нотлох баримт ирээгүй талаар шүүхээс тодруулга, тайлбарыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аваагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаартай захирамжийн 2, 3 дахь хэсэгт заагдсан нэхэмжлэгч “М” ХХК, “Б” ХХК нарт үүрэг болгосон “нэг давхар гараашнуудын эзэмшигч нартай урьдчилан тохиролцож, төлөвлөлтийн дагуу цэгцлэх асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх”, “Батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл байгаа эсэхийг үл харгалзан” шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хэргийн материал болон дүүргийн Өмч, газрын харилцааны албанд маргаан бүхий газрыг эзэмшиж байсан нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэрэг байдаггүй бөгөөд энэ тухай дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/2501 дүгээр албан бичгээр шүүхэд мэдэгдсэн байдаг.
Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаартай захирамжийг дүүргийн архиваас хуулбарлан нотлох баримтын шаардлага хангуулах хүргүүлсэн байдаг бөгөөд захирамжийн 1 дэх хэсэгт маргаан бүхий газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болох нь нотлогддог.
Гэтэл нэхэмжлэгч нарын өөрсдийн шүүхэд гаргаж өгсөн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг харахад 5 жилийн хугацаатай, мөн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг харахад мөн адил 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн харагддаг. Анхан шатны шүүх эргэлзээ бүхий нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар нягтлан шалгаагүй, хариуцагч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаагүй нэхэмжлэгчид давуу байдлыг олгосон юм.
Мөн шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудалд хариуцагчийг нэхэмжлэгч нарт албан ёсоор бичгээр мэдэгдээгүй гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг болон Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байдлаар хуулийг буруу хэрэглэсэн нь үндэслэлгүй.
Маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамж гарснаас хойш 3 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан байх бөгөөд Газрын тухай хуульд заасан хугацаа сэргээсэн шүүгчийн захирамж гараагүй болно.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4-т заасан шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, эргэлзээ бүхий нотлох баримтын зөрүүг арилгаагүй байх тул тус хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаж буй актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудлыг шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар орон сууцны хорооллууд доторх төмөр болон тоосгон гаражуудыг цэгцлэн газар ашиглалтыг сайжруулах замаар орчны тохижилт бүхий нэгдсэн давхар гараж байгуулах ажлыг тухайн оршин суугчид болон гараж, авто зогсоол ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулах, дахин төлөвлөх зорилгоор нэхэмжлэгч “М” ХХК-д Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 31 дүгээр байрны урд талд давхар гаражийн зориулалтаар 1628 мкв газар, “Б” ХХК-д мөн дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 16, 17 дугаар байрны ар талд давхар гаражийн зориулалтаар 4750 м.кв газрын эзэмших эрхийг 2 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэж,[1] газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар тус тус олгожээ.
Нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, тус дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлсэн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, Газрын тухай хуульд заасан газар эзэмших гэрээг цуцлах, газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох үндэслэлүүдийг баримтлаагүйгээр хууль бус шийдвэр гаргаж, түүнийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлсэн нь хууль бус хэмээн маргасан байна.
Маргаан бүхий газрыг хүчингүй болгох үндэслэлүүдийн нэг болсон “уг газар нь дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” эсэхийг тодруулахаар Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/04 дүгээр тогтоол, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төлөвлөгөөний тайлан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны тэмдэглэл холбогдох судалгаа зэрэг баримтуудыг гаргуулахаар шүүхээс шаардсан[2] боловч хариуцагчаас шаардлагатай баримтуудыг бүрэн ирүүлээгүй[3] байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг нь 5 жилийн хугацаатай, харин нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамжид уг хугацааг 2 жил гэж зааснаас үзэхэд эдгээр баримт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үнэн зөв, эргэлзээгүй баримтаар үнэлэгдэх боломжгүй, мөн шүүхийн үзлэгийн фото зургаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хэнийх нь эзэмшлийн газар болох нь тодорхой бус, түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр[4] ”Г” ХХК-ийн үйлдсэн зургийн цэгүүдийн координатаар зурагт оруулан мэдээллийн сангийн зурагтай давхцуулахад мэдээллийн санд бүртгэгдсэн иргэдийн эзэмшлийн газартай давхцаж байна” гэж сансрын зургийг шүүхэд баримтаар ирүүлсэн байгаагаас үзэхэд энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс дүүргийн өмч, газрын харилцааны албаны архивын бичиг баримт болон маргаан бүхий газарт үзлэг хийж[5], холбогдох баримтуудыг цуглуулж, шалгаж тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, хариуцагч нарын шийдвэр хууль ёсны эсэх, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөрүүтэй тайлбаруудад үнэн зөв дүгнэлт өгөхийн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, дээр дурдсан асуудлуудыг тодруулсны дараа маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Түүнчлэн маргаж буй газрыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд анхан шатны шүүх уг захиргааны акт болон уг акттай холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авч, хариуцагчийн гомдолд дурдагдсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр гуравдагч этгээдийн асуудлыг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иймд, шаардлагатай нотлох баримтууд дутуу тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаарх гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан нь баримтуудаар тогтоогдож байгааг[6] дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ