Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00985

 

П-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/1003 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалтай,                                                                                                                                               

П ы нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуульд холбогдох

Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуульд няраваар ажиллаж байсан ба тус сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн тушаалд заасан зөрчлийг миний бие гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байх тул 42 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Уг тушаалд заасан удаа дараа ажлын цагаар архи уусан, дотуур байранд зөвшөөрөлгүй гадны хүмүүс байрлуулсан, захирлын тушаал зассан, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэх зэрэг зөрчлүүдийг миний бие гаргаагүй. Дотуур байранд зөвшөөрөлгүйгээр хүн байрлуулсан тухайд манай сургуулийн төгсөгчдийн 20 жил, 30 жилийн ой болж ойгоор төгсөгчид ирсэн байсан. Ингээд төгсөгчдийг дотуур байранд оруулах эсэхийг асуухаар захирал руу ярьсан боловч утсаа аваагүй, тэгээд холоос ирсэн хүмүүсийг яаж гадаа байлгаад байхав гээд арга буюу байранд оруулсан. Захирлын тушаалыг зассан гэдэг худлаа, би тэр тушаалын талаар мэдэхгүй, удаа дараа ажлын цагаар архи уусан гэдгийг зөвшөөрөхгүй, би хааяа архи уудаг, гэхдээ ажлын цагаар ажлаа таслаад архи уугаад явсан зүйл байхгүй. Өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж байна, үүнийг мөн зөвшөөрөхгүй, би хийх ёстой ажлаа хийгээд, даалгасан ажлыг цаг хугацаанд нь хийдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Мартын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.Ж нь Заг сумын ЕБС-д няравын ажил хийж байх хугацаандаа ажлын цагаар удаа дараа архи ууж ажил тасалсан. 2018 оны 08 сарын 30, 31-ний өдөр архи ууж ажилдаа ирэхгүй байсан тул миний бие өөрийн биеэр очиж 17 цаг 00 минутад гэрээс нь авчирч байсан. 2017 оны 09 сарын 27-ны өдөр ажлын байранд ажлын цагаар архи уусан. 2018 оны 03 сарын 05-ны өдөр, 03 сарын 29-ний өдөр, 2018 оны 06 сарын 26-ны өдөр, 2018 оны 08 сарын 30, 31-ний өдрүүдэд удаа дараа архи ууж ажил тасалсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний 2.2.4, 2.2.5, Сургуулийн дотоод журмын 11.2.10, 11.2.11 дэх заалтуудыг зөрчсөн. 2018 оны 07 сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд дотуур байранд захирлын зөвшөөрөлгүй гадны 30 жилийн төгсөгчдийг байрлуулсан. Миний бие 2018 оны 07 сарын 21-ний шөнийн 01 цаг 20 минутад дотуур байранд эргүүл хийж ороход хүмүүс 2 өрөөнд байрласан гэх боловч 4 өрөөнд маш замбараагүй байдалтай байсан. Зарим нь архи уугаад тойроод сууж байсан. Зарим нь гуталтайгаа орон дээр унтаж байсан. 2018 оны 7 сард хийх ажлын төлөвлөгөө гаргаж өгсөн боловч зарим ажлыг огт хийгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Энэ нь мөн Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний 2.2.2, Сургуулийн дотоод журмын 11.2.5 дахь заалтуудыг зөрчсөн. 2018 оны 5 сард Санхүүгийн шалгалт ирэхэд захирлын тушаалыг дур мэдэн засаж, сольсон. 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 09 дугаартай тушаалыг 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 36 дугаартай болгон сольж засварласан нь Сургуулийн дотоод журмын 11.2.5 заалтыг зөрчсөн нь баримтуудаар нотлогдож байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 258 дугаар тогтоолыг 2 удаа уншиж өгч, удаа дараа амаар хэлж архи уухгүй байхыг учирласан. Гэвч энэ хүн өөртөө дүгнэлт хийлгүй, алдаа зөрчлөө дахин давтан гаргасаар байсан. Иймд сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 42 тоот тушаал нь хууль тогтоомжид нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/1003 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жы Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/1003 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жы Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, П.Жыг Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасугай” гэж, 2 дугаар заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Мартын хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 05 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг магадлалд П.Жы 2018 оны 03 сарын 05, 29, 6 сарын 26-ны өдрүүдэд удаа дараа архи ууж, ажил тасалсныг шийтгэл ногдуулах хугацаа дууссан гэж үзсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл шийтгэлгүйд тооцно гэж заасан байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 02 сарын 22 ны өдөр болсон. Дээрх удаа дараа гаргасан зөрчлүүд нь 2018 оны 3, 6 дугаар сард гаргасан тул 1 жилийн хугацаа болоогүй гэж үзэж байна. 2018 оны 6, 8 дугаар сарын цагийн бүртгэлийн огноо нь 2018 оны 03 сарын 01-нд бичсэн огноотой байгаа нь сар өдрийн зөрчилтэй гэж үзсэн байна. Энэ нь 2018 онд тус сургуульд Олон нийтийн оролцоот сургууль төсөл хэрэгжиж үүний хүрээнд бид Олон нийтийн оролцоот сургуульд цаг бол алт гэж зорилт тавин ажиллаж ажлын цагийн бүртгэлийг 2018 оны 03 сарын 01-ний өдөр баталж мөрдөн ажилласан. 2018 оны 03 сарын 01-нд баталсан цагийн бүртгэлээр бүх сарын цагийн бүртгэлийг хөтөлж ажилласан. Үүнд сар, өдрийн зөрчил байхгүй гэж үзэж байна. 2018 оны 08 сарын 30, 31-ний өдөр ажилласан гэж үзэж байгаа бол цалин олгосон баримт байхгүй гэсэн байна. Энэ нь тус сургуулийн 8 дугаар сарын цалингийн цэсэнд цалин олгосон баримт байгаа, нотлох баримт болох 8 сарын цалингийн цэсийг сумаас унаанд дайж явуулсан боловч унаа саатаж хугацаанд өгч чадаагүй. Энэ нь нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас тодорхой харагдана. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас гараар бичсэн, хэдийд бичсэн тодорхойгүй зөвхөн нэг талыг барьсан гараар бичсэн баримт бөгөөд бусад нотлох баримтаар баталгаажаагүй баримт гэж үзсэн байна. Энэ нь Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу өгөгдсөн журам, зааврын дагуу хөтөлж явуулсан. Тус хуулийн 27.4.2, 27.4.3, 27.4.4-т заасны дагуу явуулсан. П.Ж нь өөрөө гарын үсэг зурахаас татгалзсан. П.Жыг архи уусан гэдэг нь согтолтын зэрэг тогтоосон баримт байхгүй гэсэн байна. Үүнд сумын цагдаа н.Бат-Эрдэнэ, олон нийтийн цагдаа н.Отгонбаяр нарыг явуулсан боловч очиж уулзаад сургууль дээр олдохгүй байна гэж ирдэг. Сумын хүмүүс бие биенээ таньдаг учраас хамгаалаад өнгөрдөг. Сумд согтолтыг тогтоох багаж хэрэгсэл байдаггүй. П.Жыг ажлын байран дээр, ажлын цагаар согтуу байсныг гэрчлэх зураг өгсөн, цагийн бүртгэлээс тодорхой харагдаж байгаа. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.5-т заасан ажлын цагаар болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед гэрээг цуцлана гэж заасан. П.Ж нь өгсөн үүрэг даалгавар хугацаанд нь биелүүлээгүй, захирлын тушаалыг зассан зөрчлүүдийг гаргасан гэсэн ч нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн байна. П.Жд 7 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөг гаргаж өгсөн. Хийсэн хийгээгүй ажлыг дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр та хашаагаа янзалж, оохордсон уу гэж асуухад П.Ж “үгүй” гэж хэлсэн өөрөө зарим ажлаа хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. П.Ж ажилчдаа манлайлан ажиллах чадваргүй, маш залхуу. 2018 оны 5 сард аймгийн Санхүүгийн шалгалт ирэхэд Заг сумын сургуулийн захирлын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 09 дугаартай тушаалыг 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 36 дугаар болгон сольж засварласан. 2017 онд П.Жы сахилгын арга хэмжээ авсан тушаалыг авч оронд нь сар өдрийг зассан тушаалыг сольж хийж шалгалтад үзүүлсэн. Энэ нь Сургуулийн дотоод журмын 11.2.5 дах заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх хурлын дараа П.Ж нь над руу ярьж хэл амаар доромжилж, ална гэж заналхийлсэн. П.Ж архи ууж ажил тасалж, ёс зүйн зөрчил гаргаж байгаа дээрх үйлдлүүд нь төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээг мөрдөн ажиллах чадваргүй гэдэг нь харагдаж байна. Иймд 2019 оны 05 дугаартай давж заалдах шатны магадлалыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Ж Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож, П.Жыг тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Заг сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалаар тус сургуулийн нярав ажилтай П.Жыг архи ууж ажил тасалсан, зөвшөөрөлгүй гадны хүмүүс дотуур байранд байрлуулсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, захирлын тушаалыг зассан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажил тасалсан гэсэн зөрчлүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан шийтгэл ногдуулах хугацаа дууссан байна.

Түүнчлэн П.Жыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2018 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн гэсэн ажил олгогчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй, эргэлзээ бүхий гэсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 6 дугаар сарын цагийн бүртгэл, 8 дугаар сарын цагийн бүртгэлүүдийн огноо нь 2018 оны 3 дугаар сарын 01 гэсэн огноотой байгаа нь сар өдрийн зөрчилтэй, П.Жы амралт нь хэзээ эхэлж, дууссан нь тодорхойгүй, 2018 оны 8 дугаар сард П.Ж нь ээлжийн амралттай байсан байхад 8 дугаар сарын 30, 31-ний өдөр ажил тасалсан гэж бүртгэсэн атлаа 2018 оны 8 дугаар сарын 20-ноос эхлээд түүнийг  ажилласнаар цагийн бүртгэл хийгдсэн ба хэрэгт авагдсан цагийн бүртгэл гэсэн баримт нь харилцан зөрчилтэй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймээс хариуцагчаас шүүхэд ирүүлсэн цагийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэн, П.Жыг 2018 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдөр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.  

Түүнчлэн П.Жыг ажлын байран дээр архи уусан гэдгийг шалгаж тогтоосон болон гэрчийн мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдаагүй байх тул ажилтныг   хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн зүгээс П.Ж нь өгсөн үүрэг даалгавар хугацаанд нь биелүүлээгүй, захирлын тушаалыг зассан зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр зөрчлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Ажил олгогчийн гарсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байх тул П.Жыг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН