Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/шцт/136

 

 

 

 

 

 

 

 

  2022         02          14                                   2022/ШЦТ/136

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Ц.Төгөлдөр

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Учралгэрэл

Гэрч Б.Равдан нар оролцсон эрүүгийн 2109002541422 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 /, 1997 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арилдий” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52-286г тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн "14 дүгээр хороо, Хандгайтын 23-99 тоотод байрлах агуулахад ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 48 ширхэг “Р106-100 6gb” загварын график картыг завшиж, 19.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109002541422 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Даваагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Б.Равдангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Гэрч А.Баяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “СБ2-21-120” дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн "14 дүгээр хороо, Хандгайтын 23-99 тоотод байрлах агуулахад ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 48 ширхэг “Р106-100 6gh” загварын график картыг завшиж, 19.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Д.Даваагийн “...Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 23-99 тоот дахь хашаа агуулах түрээсэлдэг. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цуглуулсан бараагаа агуулах дотроо хийж дуусаад тооллого хийхэд график картнаас 48 ширхэг дутаж байсан. Манай агуулахад ажиллаж байсан хүмүүсээс асуухад Н.Б гэдэг хүн авсан гэдгийг би мэдсэн. Н.Бгаас өөрөөс нь асуухад өөрөө график карт авч хүнд зардаг байсан гэж хүлээн зөвшөөрсөн. Би Н.Бд хохирлоо барагдуулмаар байна гэхэд Н.Б Солонгос улсад байдаг эгчээсээ мөнгө зээлээд хохирол барагдуулна гээд алга болсон. Залуу хүүхэд заавал шүүх цагдаа болоод яахав миний хохирлыг барагдуулчих байх гээд өдий хүрсэн. Н.Б манай агуулахад түр ажиллаж байсан. Тодорхой ажлын чиг үүрэг байхгүй. Би Солонгос улсаас 2018 онд нэг бүр нь 350-450 долларын үнэтэй 48 ширхэг график карт худалдан авсан. Одоо алдагдсан график картуудыг 150 доллараар үнэлж байна..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Равдангийн “...Би тухайн агуулахыг хариуцсан нярав маягийн ажил хийдэг байсан юм. Би өдөр болгон ирж чадахгүй болохоор Н.Бгаар хариуцуулан харуулж байсан юм. Би Н.Бгийн хамт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тооллого хийгээд бүх зүйлийг нь тоо ширхгийн дагуу бүртгээд Н.Бд хариуцуулан өгсөн юм. Би сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин тооллого хийхээр Н.Бг дуудахад ирээгүй. Би агуулах дээр очиход агуулахын хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би гадаа хүлээж байгаад ирэхгүй болохоор нь агуулах руу ороод тоолсон чинь 48 ширхэг график карт дутсан. Н.Б нь тухайн өдөр ирэхгүй олдохгүй байж байгаад нэг холбогдоод уулзаад дутсан картаа асуухад эхэндээ би аваагүй гэж гүрийж байснаа дараа нь дахин уулзаад хоол идэж сууж байгаад дахиад картны талаар асуухад Н.Б график карт авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 23 ширхэг карт авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад 11 дүгээр сарын 05-ны өдөр тооллоготой гэж байхад ирээгүй талаар асуухад тухайн үед агуулахад байсан, дэлгүүр гарсан хойгуур та ирсэн байсан. Тэгээд би танаас айгаад орж чадаагүй юмаа гэж хэлсэн. Тэгж хэлэх үед миний найз Анхбаяр надтай цуг сонсож байсан. Тухайн үед хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би барьцаанд нь унаж явсан машиныг нь авах гэсэн боловч надад машины хугархай түлхүүр өгөхөөр нь машин нь хаана байгаа юм бэ гэсэн чинь журмын хашаанд байгаа, машинтай мөргөлдсөн гэж хэлсэн. Тэгээд хорио цээр болоод тухайн үед хөөцөлдөж чадаагүй. Дараа нь Даваа ах журмын хашаанд очиж үзэхэд тийм машин байгаагүй гэсэн. 2020 оны сүүлээр хорио цээр сулрахаар нь Н.Бтай уулзаад хохирлоо яасан бэ, зөндөө хүлээлээ гэсэн чинь эхлээд ахаа би төлж чадахгүй юм байна. Намайг өгдөг газар нь өг гэснээ, дахиад би төлнөө, надад хугацаа өгөөч, би 2 сар гэхэд талыг нь барагдуулъя гэж хэлээд яваад тэрнээс хойш алга болсон. Яг гарын үсэг зуруулсан баримт бол байхгүй. Ехсеl программ дээр шивсэн бүртгэл файл байгаа. Н.Бгийн найз нь гээд нэг хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Эд зүйл хүлээлгэн өгсөн бүртгэл байхгүй. Анхны тоолж бүртгэлжүүлсэн нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Н.Бгийн хамт тоолсон. Тэрнээс Даваа ах надад тэр агуулахад тэдэн ширхэг эд зүйл байгаа гээд хүлээлгэж өгсөн бүртгэл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Баяндэлгэрийн “...Тэр өдөр тухайн агуулахад Н.Б бид хоёр эд зүйлийг нэг бүрчлэн тоолоод тоог Равдан ах бичээд эд зүйлийг Н.Бд хүлээлгэн өгсөн. Тухайн агуулахын түлхүүр нэг байдаг. Тэр түлхүүрийг Равдан ах Н.Бд хүлээлгэн өгсөн. Тийм болохоор Н.Бгаас өөр хүн орох боломж байхгүй. Миний хувьд мэдэх зүйл байхгүй. Нэг мэдсэн чинь хулгай орсон, карт байхгүй байна. Н.Б авсан байна гэж сонссон. Тухайн агуулахын түлхүүр ганцхан Н.Бд байсан. Сайн санахгүй байна. Нэг удаа намайг гэрт байхад Равдан ах надруу яриад 7 буудлын тог тасарчихлаа, очиж асаагаарай гэхээр нь би Н.Б руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь би очиж тогийг нь асаагаад юмнуудаа янзалж байгаад өглөө эрт байсан болохоор тэндээ унтаж байхад Н.Б ирсэн... Үгүй би тэр үед юу ч мэддэггүй байсан болохоор намайг юм битгий хий өрөөндөө энэ компьютер дээр ажлаа хий, би өөрөө хийнэ гээд Н.Б тэгдэг байсан...” гэх мэдүүлэг,

Дамно ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “СБ2-21-120” дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-63 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Даваагийн агуулахад ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 48 ширхэг “Р106-100 6gb” загварын график картыг завшиж, 19.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Даваа, гэрч Б.Равдан, Н.Баяндэлгэр нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал Н.Б нь бусдын хариуцуулсан эд хөрөнгө болох 48 ширхэг “Р106-100 6gb” загварын график картыг итгэмжлэн эзэмшиж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хууль бусаар авч захиран зарцуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл,  нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1 дахь хэсэгт  “Бусдын...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч   Н.Бгаас 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч  Д.Даваад олгож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдлаа.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:   

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргаж байна.  

Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тогтов.

Шүүгдэгч Н.Б нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52-286г тоотод оршин суудаг болох нь оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг 01 жилийн хугацаанд шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах  нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

Шүүхээс хохирогчийн эрх ашгийг хангах үүднээс шүүгдэгч Н.Бд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Отгон овогт Нэргүйн Н.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 01 (нэг) жилийн  хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

            4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Бд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бгаас 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянган/  төгрөг гаргуулж хохирогч Д.Даваад олгосугай.

10. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

12. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН