Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Сарантуяа |
Хэргийн индекс | 164/2022/0033/Э |
Дугаар | 2022/ШЦТ/36 |
Огноо | 2022-03-17 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Э.Да, Э.До нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Да, Э.До нарт холбогдох 2216000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Да: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... багийн 19-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, Ван овогт Э.Да гэв.
Шүүгдэгч Э.До: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ....настай, бүрэн дунд боловсролтой, Ховд аймагт Политехникийн сургуульд малын эмч мэргэжлээр сурдаг оюутан, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт ... суудаг, урьд ял шийтгэлгүй, ...регистрийн дугаартай, Ван овогт Э.До гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Да, Э.До нар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Авдрант гэх газарт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой П.Дыг нохойгоо хорьсонгүй, яагаад шүлсээ хаяад байгаа юм гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнтэй маргалдаж улмаар цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Да, Э.До нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Догийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Хохирогч П.Дын хадам аав нь манайд нэг шил архитай ирсэн. Чүлтэмсүрэн ах аавтай нэг шил архи хувааж уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд ээж Чүлтэмсүрэн ахыг хүргэж өг гээд агаа бид хоёр хүргэж өгөхөөр явсан. Чүлтэм ахын гадаа машинтай нь очсон чинь хүргэн нь гарч ирээд Чүлтэмсүрэн ахыг аваад орсон. Агаа бид хоёр явъя гээд байж байсан чинь нохой нь дайраад намайг барих гэж байсан. Тэгсэн хүргэн нь гар чийдэн тусгаад гараад ирсэн. Тэгэхээр нь нохойгоо хориоч гэсэн чинь над руу чийдэн тусгаад шүлсээ хаяад яасан том дуутай юм гээд ирээд миний баруун шанаа руу цохисон. Бид хоёр барилцаж аваад зодоон болоод манай ах ирээд юу болоод байгаа юм боль гээд бид хоёрыг салгасан. П.Дыг гэр рүүгээ орохоор нь би араас нь орж барилцаж аваад агаа араас орж ирээд боль гээд салгаад агаа бид хоёр гэр рүүгээ явсан. Тэгээд ээжид Чүлтэмсүрэн ахыг хүргэж өгөөд хүргэнтэй нь маргалдаад зодчихлоо гэсэн чинь ээж юу яриад байгаа юм та нар гээд аавыг дуудаж босгоод энэ хоёр хүүхэд чинь хүний хүүхэд зодчихоод ирсэн байна очиж учрыг нь ол гээд аав, ах бид гурав явсан. Чүлтэм ахынд очиход П.Д байхгүй, Чүлтэмсүрэн ах ганцаараа байсан. Чүлтэмсүрэн ахыг оронд оруулж унтуулчихаад эргээд гэр рүүгээ явсан. ...Манай ах Э.Да сүүлд нь ирж нэг өшиглөсөн. Эхлээд П.Д намайг цохисон, би зүүн шанаа руу нь хоёр удаа цохисон, унаад дээр доороо ороод зүүн хавирганы хэсэгт нэг өшиглөсөн. П.Дыг нийлж зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... П.Дын биед хөнгөн гэмтэл учруулсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын гаргасан торгуулийн 600.000 төгрөгийг доош нь багасгаж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Э.Даийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “Чүлтэмсүрэн нь манай аавынд нэг шил архитай ирсэн. Нэг шил архиа уугаад нэлээн согтсон. Тэгээд ээж Чүлтэмсүрэн согтчихлоо хүргээд өг гээд би машиныг нь унаад манай дүү миний араас мотоцикль бариад дагаад явсан. Гэрийнх нь гадаа зогсоход хүргэн П.Д нь аавыгаа буулгаж авсан. Хоёр нохой нь дайрч байсан. Би Чүлтэмсүрэнд түлхүүрийг нь өгчихөөд мотоцикль руугаа явсан. Манай дүү машины тэнд зогсож байхад П.Д аавыгаа оруулчихаад гарч ирээд манай дүүг чи яасан том дуутай юм гээд манай дүү рүү шүлсээ хаяад энэ хоёр зодолдсон. Энэ хоёрыг зодолдохоор нь би та хоёр юу болцгоогоод байгаа юм гээд яваад очсон чинь энэ хоёр дээр доороо орж зодолдоод энэ хоёрыг салгаад залуу хүмүүс байж яагаад зодолдоод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд дүүгээ аваад гэртээ харьсан. Би очиж П.Дыг нэг цохиж, цээж рүү нь нэг өшиглөсөн нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна.
Хохирогч П.Дын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...тэгсэн чинь намайг яагаад нохойгоо хорихгүй байгаа юм гэхээр нь би дуугаралгүй шүлсээ хаясан. Э.До намайг яагаад шүлсээ хаяад байгаа юм гэсэн. Миний гарт байсан гар чийдэнг Э.До булааж аваад миний нүд рүү тусгаад байсан. Тусгаж байгаад намайг цохих гээд байхаар нь би зөрүүлээд Э.Дог бариад авсан. Намайг бариад авах үед Э.До ахыгаа дуудсан. Э.Да ирээд намайг татаад газарт унагаасан. Намайг унагаад Э.Да миний нүүр, шанаа, баруун талын цээжин хэсэг рүү өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Э.Датой зэрэгцээд Э.До нь миний зүүн хавирга, нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Аргаа бараад босоод зугтаасан. Араас Э.До толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд би гэр рүүгээ орсны дараа Э.До араас орж ирээд намайг боосон. Э.Да ирж салгаад одоо наадах чинь гай болох юм байна гээд гараад явцгаасан... Би хохиролд 803.900 төгрөгийг гаргуулж авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ9, 11/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай “...1. П.Дын биед хохирол учирсан байна. П.Дын биед баруун, зүүн шанаа, хацар, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-с дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Хэрэг учрал болсон гэх 2022.01.22-ны өдөр үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ34-35/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.Да, Э.До нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Э.Да, Э.До нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.Даийн шүүх хуралдаанд гаргасан “...Прокурорын гаргасан торгуулийн 600.000 төгрөгийг доош нь багасгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлага тухайн хүний гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын хүрээнд түүний прокурортой тохиролцсон ялыг багасгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч П.Дд учирсан хохирол 803.900 төгрөгийг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч П.Дд хохиролд 803.900 төгрөгийг бүрэн төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ван овгийн Э.Да, Ван овгийн Э.До нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Да, Э.До нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Да, Э.До нарт тус бүр оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Да, Э.До нарт танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Да, Э.До нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч П.Дд хохиролд 803.900 төгрөгийг бүрэн төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Да, Э.До нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА