Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/шцт/172

 

 

 

 

 

 

 

 

2022           02          21                                 2022/ШЦТ/172

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: М.Отгонбаатар нар оролцсон эрүүгийн 2209000000188 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 /, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, БЕС онцгой дизайн ХХК-нд ерөнхий инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москва гудамжны 39 дүгээр байрны 29 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ дэлхий төвийн байран дотор хохирогч М.Ганбаатартай ажлын байр руу нэвтрүүлсэнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож түүний биед “цээжний зүүн талын 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хацар, дух тохой, мөрний зулгаралт, доод уруулын няцарсан шарх, доод эрүүний 1 дүгээр шүдний булгарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2209000000152 дугаартай хэргээс:

Хохирогч М.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4,24,27 дугаар хуудас/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дүгээр хуудас/,

Гэрч Л.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн 980  дугаартай дүгнэлт:

1. М.Ганбаатарын биед цээжний зүүн талын 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хацар, дух тохой, мөрний зулгаралт, доод уруулын няцарсан шарх, доод эрүүний 1 дүгээр шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл

байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ дэлхий төвийн байран дотор хохирогч М.Ганбаатартай ажлын байр руу нэвтрүүлсэнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож түүний биед “цээжний зүүн талын 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хацар, дух тохой, мөрний зулгаралт, доод уруулын няцарсан шарх, доод эрүүний 1 дүгээр шүдний булгарал” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч М.Ганбаатарын “... 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Шинэ дэлхий” төвийн байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд шөнө 00:00 цаг өнгөрч байхад манай байрлуу 9 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Вест онцгой дизайн” ХХК-ийн ажилчид шинэ жилийн арга хэмжээгээ тараад ажил дээр ирсэн. Тэгээд тэднийг ирсний дараа тухайн компаний ажилтан гэх Б.М гэж залуу 00:50 минутын үед ирсэн ирэхдээ их хэмжээний согтолтой ирсэн. Тэгэхээр нь би ажлын байр руу согтуу хүн оруулахгүй гэхэд ямар нэгэн шалтгаангүй намайг зодож миний биед халдсан... миний нүүрний хэсэгт гараараа хэдэн удаа цохисон, мөн газар унагааж цээж хэвлий хэсэгт өшиглөсөн... миний 2 шанаа хэсэгт халцарсан, цээжний хэсэгт амьсгалахаар өвдөж байна, доод эрүүний нэг шүд хугарч унасан байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн “...2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө бид нар 00:00 цаг өнгөрч байхад ажил дээр ирцгээсэн. Баясаа эгч болон бусад хүмүүс орчихсон. Тэгэхэд Заяа ах Хэрлэн эгч бид 3 тамхилаад зогсож байгаад Хэрлэн эгч бид хоёр дотогшоо орсон ба Заяа ахыг оруулахгүй гэж харуул хамгаалалтын ажилтан хориглосон учраас ороогүй, захирлыг хүлээгээд доор гадаа үлдсэн... Б.М гаднаас орж ирсэн. Орж ирээд төд удалгүй харуул ах орж ирээд Заяа ахыг шууд цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг шууд салгасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Амарбаясгалангийн “... ардаас Б.М орж ирээд сандал дээр сууж байхад гаднаас харуул Ганбаатар ах орж ирээд шууд Б.Мг цохиод авсан. Тэгээд бид нар гайхаад яасан бэ гэхэд удалгүй гараад явсан. Манай өрөөнд орж ирээд Б.Мг цохисноос бус манай өрөөнд зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №980 дугаартай шинжээчийн 1. М.Ганбаатарын биед цээжний зүүн талын 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хацар, дух тохой, мөрний зулгаралт, доод уруулын няцарсан шарх, доод эрүүний 1 дүгээр шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хүч хэрэглэн  хохирогч М.Ганбаатарын биед цээжний зүүн талын 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хацар, дух тохой, мөрний зулгаралт, доод уруулын няцарсан шарх, доод эрүүний 1 дүгээр шүдний булгарал бүхий гэмтэл  учруулсан болох нь хохирогч М.Ганбаатарын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.М нь хохирогчийг зодож цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас М.Ганбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Шүүх шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хохирогч М.Ганбаатар, шүүгдэгч Б.М нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч хянаж үзвэл:  шүүгдэгч Б.Мгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, прокурорын сонсгосон 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Ганбаатарт 1.000.000 төгрөгийг төлж цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтов.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Бух овогт Бямбасүрэнгийн Б.Мг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5 Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН