Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч А.Оргилбаяр

         Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ад холбогдох 2116001470032 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав ээжийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд  ял шийтгэлгүй, ...  регистрийн дугаартай, Бэсүд овогтой С.А.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймаг, Цогт сум, Баянтоорой 7-р багт хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Ч.Дийг “согтуу машинаа барьж болохгүй” хэмээн шаардлага тавихад нь согтуурхан маргалдаж улмаар модоор толгой, зүүн гарын шуу хэсэгт 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн гарын шууны богтсын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

         Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.А гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч С.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би 11 дүгээр сарын 10-нд нүүж яваад тийм хэрэг болсон. Ч.Дтой зодолдоод тийм зүйл болсон. Миний буруу. Тухайн үед машинтай намаржаанаас өвөлжөө рүү нүүж явсан. Машиндаа бензин авах гэж ирээд машин болохгүй зогссон байсан. Тэгэхэд араас мотоцикльтой 3 хүн согтуу ирсэн. Тэд нар 2 шил архитай ирэхээр нь уугаад би согтсон байсан. Тэнд зодоон хийсэн. Ч.Д бид хоёр хоёулаа нэлээд согтсон байсан. Миний машинд архи ууж байсан. Юунаас болсон талаар би согтуу байсан учир мэдэхгүй байгаа. Зодолдож байхдаа модоор цохисон талаар санаж байгаа. Гар руу нь  2 цохих шиг болсон. Хажууд манай ээж байсан тул ирээд салгаад намайг аваад явсан. Хохиролд 800.000-аад төгрөг өгсөн. 500.000 төгрөгийг дансаар шилжүүлээд үлдэгдэл мөнгийг эмчилгээнд нь зарцуулсан. Би гэм буруугаа зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг гаргахгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ч.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...С.А нь тосолгүй машинаа асааж унах гээд байхаар нь би боль гэж хэлсэн юм. Наад машины чинь мотор нь цохих магадлалтай шүү гэж хэлсэн. Тэгээд тэрнээсээ болоод бид 2 муудалцаад намайг заамдаад авсан.  Харилцан зодоон болсон. Миний өмсөж явсан тэрлэгийг ураад хаясан байсан. Хажууд байсан хүмүүс салгах гэсэн боловч С.А хүчрэгдээгүй. Би зугтаах гээд хувцсаа татаад эргээд явж байхад араас гүйж ирээд толгой болон чих хэсэгт модоор цохиод авсан. Би манараад толгой өвдөөд чихнээс цус гараад гараараа дарах гээд байхад нөгөө модоор дахиад цохиод авсан. Би толгойгоо хамгаалах гээд зүүн гараараа дарахад гарыг маань цохиж гэмтэл учруулсан. Дараа нь араас бууны дуу гарсан. Тэрнээс хойш би ухаанаа алдаад юу болсныг санахгүй байгаа... Би эмчилгээндээ 800.000-д төгрөг зарцуулсан. Миний эмчилгээний зардлыг С.А бүрэн барагдуулж эмчилгээ хийлгэж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. С.А нь надад байнгын хяналт тавьж байгаа.” гэсэн мэдүүлэг /ХХ28, 33-рт/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 413 дугаартай  “1.2. Ч.Дийн биед зүүн гарын шууны богтсын зөрөөтэй хугарал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Ч.Дийн биед үүссэн гэмтэл нь 2021.11.11-ний өдөр үүссэн байх боломжтой. 5. Ч.Дийн биед үүссэн гэмтлүүдээс зүүн гарын шууны богтсын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /ХХ55-56/, болон гэрч М.Алтансан, Ц.Нямжав, Ц.Ууганбаатар нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Аг уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч С.Аг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 47.5 см урттай, 7 см өргөнтэй, 1.6 см зузаантай банз модыг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ч.Дид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ад танилцуулсугай.

    5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 47.5 см урттай, 7 см өргөнтэй, 1.6 см зузаантай банз модыг устгасугай.

   7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ч.Дид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА