Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 188/2022/0339/Э

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч: Г.С М.Т /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.С М.Т нарт холбогдох эрүүгийн 210000000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Х овогт Г-гийн С /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн ******** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гар утас засдаг ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт иргэний бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилтын 00 дугаар гудамж, 000 тоотод оршин суух хаягтай боловч, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо зээлийн 000 тоотод оршин сууж байгаа, урьд:

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

2. Б овогт М-ын М.Т  /РД:000000/,

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кимбабны үйлдвэрт тоног төхөөрөмж хариуцан ажилладаг ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, үйлдвэрлэлийн гудамжны 10000 тоотод оршин суух хаягтай, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 553 дугаартай шийтгэл тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил тэнсэн харгалзаж байсан,

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Үйлдвэрлэл 0-000 тоотод иргэн М.Т-тай “машин бариулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөн хутгаар нүүрэн хэсэгт нь зүсэж, эрүүл мэндэд нь “баруун хацар, хамрын баруун сүвний доод хэсгээс зүүн хацар хүрсэн зүсэгдсэн шарх, зулгаралт дух, баруун эгэм, сарвуунд зулгаралт, хүзүү, баруун багалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Үйлдвэрлэл 0-00 тоотод иргэн Г.С-тай “согтуу машин бариулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зовхи, хамарт цус хуралт, баруун бугалга, сарвуунд гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Үйлдвэрлэл 1-16 тоотын хашаанд иргэн М.Т-тай “машин бариулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөн хутгаар нүүрэн хэсэгт нь зүсэж, эрүүл мэндэд нь “баруун хацар, хамрын баруун сүвний доод хэсгээс зүүн хацар хүрсэн зүсэгдсэн шарх, зулгаралт дух, баруун эгэм, сарвуунд зулгаралт, хүзүү, баруун багалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Үйлдвэрлэл 1-16 тоотын хашаанд иргэн Г.С-тай “согтуу машин бариулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зовхи, хамарт цус хуралт, баруун бугалга, сарвуунд гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

 Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9-р хуудас/,

-Хохирогч М.М.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Үйлдвэрлэлийн 1-16 тоот өөрийн гэртээ С  бид хоёр байж байгаад 21 цагийн орчим,...С  ирээд машин би барина гээд байхаар нь би С т хандаж андаа чи нэлээн согтуу байгаа юм биш үү би гайгүй байгаа юм чинь машинаа баръяа гэсэн чинь намайг С машинаас чирч буулгаад миний духны зүүн хэсэгт хөлөөрөө өшиглөөд С  гэнэт хар иштэй хутга гаргаж ирээд миний нүүрийг зүсэх шиг болсон юм. Тухайн үед би анзаараагүй хамраас цус гараад байна гэж бодож байтал миний дээд уруулийг зүүнээс баруун тийш хацар хүртэл зүсчихсэн байсан,...Би гомдолтой байна гоо сайхныхаа хохирлыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,

-Хохирогч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр,...М.Т  над руу дайраад чи намайг согтсон гэж бодоо юу гээд шанаа хавьцаа нэг удаа цохиход би цаашаа түлхсэн, Д боль гээд салгасан. Г гэртээ орлоо гээд орсон. Тэгээд буцаад гэр лүү явж байхдаа машин дотор М.Т  бид хоёр маргалдсан бөгөөд М.Т  машины урд суугаад явж байсан харин би ард нь суугаад явж байсан. Тэгээд М.Т  эргэж хараад надтай маргалдаж байхдаа миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохисон би зөрүүлж М.Т ын нүүр хавьцаа гараараа хэд хэдэн удаа цохисон,...Ер нь бол М.Т  л надад шүүх эмнэлгийн дүгнэлтэд гарсан гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

-Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Т ын гэр рүү очих замд маргалдаад барилцаж аваад байсан тэгээд С  машинаас буугаад М.Т ыг машинаас нь чирч буулгасан тэгээд би машинаас буугаад тойроод очиход М.Т ын ам хамарнаас нь цус гарчихсан С  гартаа хар иштэй хутга барьчихсан тэгээд би С ыг түлхэж холдуулахад М.Т  хамраа дараад сууж байгаад ахиж маргалдах гээд байхаар нь би Г-нг дуудсан юм. Тэгээд удалгүй Г ирээд гэрлүү орж С ыг жийж унагаад хутгыг нь салгаж аваад,...М.Т , С  нар хоорондоо машин жолоодох жолоодохгүй шалтгааны улмаас маргалдаж зодолдох болсон юм,...М.Т-ыг С  нэг удаа дух руу нь өшиглөж, нэг удаа хутгаар нүүрийг нь зүссэн,...М.М.Т , Г.С хоёр хоорондоо машин дотор нилээн барилцаж аваад зодолдоод байсан. М.Т нь Г.С-ыг гараараа нүүр болон бие рүү нь хэд хэдэн удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

-Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг очихоос өмнө М.Т , С  хоёр хоорондоо машин дотор зодолдсон гэсэн,...С  баруун гартаа хутга барьчихсан байсан ба ойртоод очиход над руу хутгаа далайхаар нь цохиод,...хутга нь гараас нь унахад Д өшиглөөд холдуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,

-Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад над руу манай найз М.Т  согтуу байдалтай залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь хаана байгаа юм бэ гээд асуухад гэртээ байна гэхээр нь би Баянхошуунд байдаг найзынхаа гэрээс гараад М.Т ын гэр буюу Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо үйлдвэрлэлийн 000 тоот гэрт нь ганцаараа очиход Г, Д, С  нар байсан. М.Т  гал тогооныхоо өрөөнд нүүрээ дарсан байдалтай цус гарсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад С  М.Т  хоёр маргалдаж байгаад С  М.Т ын нүүрийг хутгаар зүсчихсэн байна. Намайг М.Т ыг аваад эмнэлэг яв гэхээр нь би М.Т ыг аваад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод М.Т ын нүүрэнд 7-8 оёдол тавиад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  33-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-гийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11282 дугаартай:

“...1. Г.С ын биед тархи доргилт, баруун зовхи, хамарт цус хуралт, баруун бугалга, сарвуунд гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Өөрийн гар хүрэх бүх хэсгүүдэд өөртөө гэмтэл учруулах боломжтой байдаг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-гийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .......дугаартай:

“...1. М.М.Т ын биед баруун хацар, хамрын баруун сүвний доод хэсгээс зүүн хацар хүрсэн зүсэгдсэн шарх, зулгаралт дух, баруун эгэм, сарвуунд зулгаралт, хүзүү, баруун багалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүсэгдсэн шарх, зурагдал хэлбэрийн зулгаралт гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 

5. Өөрийн гар хүрэх бүх хэсгүүдэд өөртөө гэмтэл учруулах боломжтой байдаг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.С ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр,... М.Т т хандан чи хэрэггүй согтуу байна машин бариулахгүй гэж хэлэхэд над руу уурлаад зүгээр гэсэн. Энэ асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдсан юм,... Г-ийн гэрийн үүдэнд машин дотор пиво ууж байхад М.Т  над руу дайраад чи намайг согтсон гэж бодоо юу гээд шанаа хавьцаа нэг удаа цохиход би цаашаа түлхсэн, Д боль гээд салгасан,... Тэгээд буцаад М.Т ын гэр лүү явах замдаа машин дотор М.Т  бид хоёр дахиад маргалдсан,... М.Т  эргэж хараад надтай маргалдаж байхдаа миний нүүр рүү хэд хэдэн удаа буюу 3-4 гараараа цохисон би зөрүүлж М.Т ын нүүр хавьцаа гараараа хэд хэдэн удаа буюу 2-3 цохисон,... Тэгээд хашаанд орж ирээд зогсоход нь би машинаас буугаад гэр рүү орох гэтэл хаалга цоожтой, үүдний хажууд хар иштэй хутга байхаар нь аваад М.Т  айлгах гээд машин дээр явж очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгосон тэгтэл М.Т  машинаас бууж ирээд заамдаад авахад би хутга барьсан гараараа М.Т ын нүүр лүү цохиход нүүр нь хутганд зүсэгдсэн. Тэгээд М.Т  доошоо суухаар нь хөлөөрөө нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89-р хуудас/,

Шүүгдэгч М.М.Т ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр,... С  би машин барина чи согтуу байна гээд надтай маргалдсан. Д машин бариад явсан ба С  бид хоёр машин дотор маргалдаад Г-гийн гэрийн үүдэнд очсон,... Буцаад С  Д бид гурав манай гэр рүү явах замдаа машин дотор С  бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон ба нэгийнхээ нүүр рүү гараараа цохисон. Тухайн үед би машины урд талд С  арын суудал дээр сууж явж байсан. Тэгээд машин хашаанд орж зогсоход С  түрүүлж буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг машинаас татаад буулгаад нүүр рүү цохих шиг болсон тэгээд нүүрнээс цус гараад хамраа дараад газар суухад нүүр лүү өшиглөсөн,... С  бид хоёр машин дотор нэг нэгийнхээ нүүр толгой руу гараараа цохисон. С  миний дух, нүүрний хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж нүүрний хацар, уруул хэсгийг хутгаар зүсэж гэмтээсэн...” /хавтаст хэргийн 66-67-р хуудас/ гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд Г.С ын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 116-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 117-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 93-96-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 118-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 119-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 120-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 121-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 122-128-р хуудас/,

М.М.Т ын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 78-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 79-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 134-167-р зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.С М.Т нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-гийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-гийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч Г.С М.Т нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

  Шүүгдэгч Г.С нь хэрүүл маргааны үндсэн дээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар М.М.Т ын биед халдсан, мөн шүүгдэгч М.Т харилцан тухайн үед үүссэн маргааны үндсэн дээр Г.С ын биед халдаж байгаа нөхцөл байдал нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдлээр тус тус үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б Г.С М.Т нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч, хохирогч Г.С М.Т нар нь бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Г.С М.Т нар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч М.М.Т т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.С М.Т нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг тус тус хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.С М.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдний хувийн байдлыг (хувиараа хөдөлмөр эрхэлдэг) дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч М.М.Т т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.   

Учир нь Г.С ын хувьд үйлдлийн шинж буюу арга барилын хувьд хүний амь нас эрүүл мэндэд учруулах хор уршигт аюултай аргаар буюу хутгыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн байгаа нь түүнд ялгамжтайгаар дээрх эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл болсон.

Шүүгдэгч Г.С М.Т нар нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг Г.С-ыг 4 (дөрөв) сарын хугацаанд, М.Т-ыг 3 (гурав) сарын хугацаанд тус тус биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Г.С М.Т нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт Г-гийн С , шүүгдэгч Боржигон овогт Мишковын М.Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,  

         

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман мянган) төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч М.Т-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.С М.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш Г.С-ыг 4 (дөрөв) сарын хугацаанд, М.Т-ыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар устгах комисст даалгасугай. 

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Г.С М.Т нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА