Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0203 |
Огноо | 2014-05-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2014/0203
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 05 сарын 22 өдөр Дугаар 203 Улаанбаатар хот
"М” ХХК, “М” ХХК, “Н” ХХК,
“О” ХХК, “П” ХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч З.С, “П” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, “М” ХХК-ийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “М” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “О” ХХК, “П” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон тус газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “О” ХХК, “П” ХХК-иуд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... 2012 оны 01 дүгээр сард автобензин, дизелийн түлшний үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан тус газраас газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдааны үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчдийн үнэ нэмэгдүүлсэн үйлдлийг шалгаж, уг шалгалтаар нэр бүхий 8 аж ахуй эрхлэгч зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлсэн нь тогтоогдсон тул Улсын байцаагч хууль зөрчсөн гэм буруутай аж ахуй эрхлэгч нарт Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.1-д заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 1.5-2 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргасан.
... Нэхэмжлэгчдийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-д заасныг зөрчсөн болох нь хангалттай тогтоогдсон байхад Улсын байцаагчийн гаргасан дүгнэлт, шийтгэврийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцэн, 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудад давуу байдал олгож, үнээ нэмж асар их хэмжээний орлого олох боломжийг олгосон.
... Дээрх үндэслэлгүй шийдвэрийг тус газрын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа авч хэлэлцэн 09 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь хуульд нийцсэн шийдвэр юм.
... Иймд Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш тул “П” ХХК, "Н” ХХК, “М групп” ХХК, “М” ХХК, “О” ХХК-иудын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүухийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр: “1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК нь “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 114 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаа нь картель бус Засгийн газар, Засгийн газрын байгууллагаас стратегийн бараа бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т заасан эрх зүйн харилцаа байсныг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/04 тоот дүгнэлт болон 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/11 тоот албан шаардлагын “П” ХХК-д холбогдох хэсэг, мөн 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0000812 дугаар шийтгэврийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа, нэхэмжлэгч “Н” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 13 ны өдрийн 5/04 тоот дүгнэлт болон 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/11 тоот албан шаардлагын “Н” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0000806 дугаар шийтгэврийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа, “М групп” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/04 тоот дүгнэлт, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0000804 дүгээр шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
2. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.16, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “М групп” ХХК, “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын нэхэмжлэгч “П” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “М групп” ХХК, “О” ХХК-иудад холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одавж заалдах гомдолдоо: “НЭГ. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4 дэх заалт, 4.2 дахь хэсгийг нэхэмжлэгч нарт ашигтайгаар буруу тайлбарлан хэрэглэсэн.
Нэхэмжлэгч нарын илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрүүлэхийг хүсэж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 03- ны өдрийн 09 дүгээр тогтоол нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бүхий захиргааны акт биш юм.
Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид ЗХХШТХ гэх/-ийн 3.1,4-т “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /тогтоол, дүрэм, заавар, журам/-ийг захиргааны актад хамааруулна;
4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна.” гэж тус тус заасан байдаг.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад зааснаар Захиргааны акт нь дараахь үндсэн шинжүүдийг өөртөө агуулах бөгөөд түүний аль нэг байхгүй бол түүнийг захиргааны актад тооцдоггүй. Үүнд:
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2009.03.10-ны өдрийн зөвлөмжид: Тухайн захиргааны акт нь гадагш чиглэсэн, бусдаас дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх шинжийг агуулж байгаа тохиолдолд Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахыг зөвлөсөн байдаг.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 09 дүгээр тогтоол нь ЗХХШТХуулийн 3.1.4, 4.2-т заасны дагуу захиргааны актад байвал зохих шинжүүдийг агуулаагүй буюу гадагш чиглээгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тусдаа бие даан оршиж байгаа эрх зүйн бусад субъектэд буюу нэхэмжлэгчдэд заавал биелүүлэх үүргийг хүлээлгээгүй, тэдэнд эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй гэдгээрээ дээрх захиргааны актад байвал зохих шинжүүдийг
агуулаагүй байна. Мөн уг тогтоолыг улсын байцаагчийн албан шаардлага болон шийтгэврийн адилаар Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх боломжгүй юм.
Харин 09 дүгээр тогтоолоор зөвтгөсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5/04 дугаар дүгнэлт, торгууль ногдуулсан шийтгэврүүдийн биелэлтийг Өрсөлдөөний тухай хуулийн 20.3.5-т “захиргааны шийтгэл ногдуулах тухай өөрийн ... гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах; гэж заасан үүргийнхээ дагуу хангуулж ажиллахыг тухайн актыг гаргасан улсын байцаагч нарт үүрэг болгосон дотогш чиглэсэн акт юм. Өөрөөр хэлбэл 09 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчдэд эрх, үүрэг хариуцлага шууд ногдуулсан, тухайн компанийн хувьд заавал биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх боломжтой захиргааны акт биш юм.
Гэтэл шүүх захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй, захиргааны хэргийн шүүхэд үл хамаарах акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 09 дүгээр тогтоолд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан хэлэлцэж, улмаар уг актын илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрч шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.
Ер нь шүүх 09 дүгээр тогтоол болон улсын байцаагчийн 5/04 дүгээр дүгнэлт, торгууль ногдуулсан шийтгэврүүдийн эрх зүйн үр дагавруудыг бүрэн судалж үзэлгүй шийдвэрээ гаргасан.
Шүүхийн шийдвэрээс /17-р хуудас/ үзэхэд "... 09 дүгээр тогтоол нь улсын байцаагчийн 0000804, 0000806, 0000809, 0000810, 0000812 дугаартай
шийтгэврүүдийн үйлчлэлийг сэргээсэн нь шийтгэврээр ногдуулсан торгуулийг төлөх үүргийг нэхэмжлэгч нарт хүлээлгэж, шийтгэврийг заавал биелүүлэх эрх зүйн үр дагаврыг бий болгосон байна.” Гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18.1-т захиргааны шийтгэлийг торгуулийн хуудас болон шийтгэврээр ногдуулахаар хуульчилсан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 09 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч нарт торгууль ногдуулсан, түүнийг төлөхийг даалгасан шууд эрх зүйн үр дагаврыг бий болгосон захиргааны акт биш юм.
Тухайн хэргийн хувьд шийтгэврээр шийтгэл ногдуулсныг тодорхой заасан хугацааны дотор Төрийн сан банкин дахь дансанд оруулахыг үүрэг болгосон байдаг. Иймд нэхэмжлэгч нарт торгуулийн төлбөр төлөх үүрэг бүхий эрх зүйн үр дагаврыг шууд бий болгож буй захиргааны акт нь 0000804, 0000806, 0000809, 0000810, 0000812 дугаар шийтгэврүүд юм.
Харин нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь 09 дүгээр тогтоол бус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5/04 дүгээр дүгнэлт, 0000804, 0000806, 0000809, 0000810, 0000812 дугаар шийтгэвэр зэрэг захиргааны шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагш чиглэсэн акт хөндсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Иймд, анхан шатны шүүх дээрх байдлаар захиргааны актын шинжийг агуулаагүй өөрийн харьяалан шийдвэрлэхээргүй захиргааны актад гаргасан нэхэмжлэлийг ЗХХШТХуулийн 34.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 34.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэсэн заалтын дагуу хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх байсан гэж үзэж байна.
ХОЁР. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өөрийн гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосон 09 дүгээр тогтоолыг гаргах хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэгч нарын Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн үйлдлийн тухайд:
1. Анхан шатны шүүх хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 09 дүгээр тогтоолын “М” ХХК, “М групп” ХХК, “О” ХХК, “П” ХХК, “Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн 87 дугаар шийдвэрийг үндэслэх нь хэсгийн 1-т “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг байцаагчийн дээд шатны албан тушаалтан болох улсын ерөнхий байцаагч хянан шийдвэрлэх эрхтэй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.” гэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болсон.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтаар “Ж” ХХК, “М” ХХК, “М групп” ХХК, “О” ХХК, “П” ХХК, “Н” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “С” ХХК-иуд зах зээлд борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлэх шийдвэр гарган Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон байдаг.
Аж ахуй эрхлэгчид дээрх зөрчлийг тогтоосон захиргааны актыг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байдаг. Гомдлуудыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар авч хэлэлцэн улсын байцаагчийн гаргасан актуудыг хүчингүй болгон шийдвэрлэж 02 дугаар тогтоолыг гаргасан.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр болсон хуралдаанаар өмнө гаргасан 02 дугаар тогтоолыг Өрсөлдөөний тухай хуулийг 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж улсын байцаагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хууль тогтоомжид нийцээгүй захиргааны актыг анхлан гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан хэзээ ч буцаан авч хүчингүй болгох эрхтэй, эрхтэйгээр барахгүй үүрэгтэй. Энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцээгүй захиргааны акт гаргаснаар зөрчигдсөн хууль ёсны харилцааг буцаан засаж байгаа гэдгээрээ эрх зүйт төрийн хууль дээдлэх үндсэн зарчимтай болон Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасантай нийцэж байгаа юм.
Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа алдаа, зөрчил гаргах явдал тохиолддог тул эрх зүйт төрийн зарчмын дагуу захиргааны гадагш чиглэсэн ажиллагаанд тухайн байгууллага өөрөө хяналт тавьдаг системтэй байдаг. Хяналтын энэ системийн зорилго нь захиргааны хууль бус үйлдлийг засаж залруулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах /картель хийж үнэ нэмснээс үйлдэлтэйгээр тухайн зах зээлд шударга үнэ бүрдэлт алдагдаж хэрэглэгчдийн эрх ашиг ноцтойгоор хохирсон/ явдал юм.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өөрийн гаргасан хууль тогтоомжид нийцээгүй, илт хууль бус 02 дугаар тогтоолыг заавал биелүүлэх, хүлээн зөвшөөрнө гэдэг нь эрх зүйт төрийн хууль дээдлэх үндсэн зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд харин уг тогтоолыг хүчингүй болгосон нь эрх зүйт төрийн хууль дээдлэх үндсэн зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа юм.
Тухайн үед аж ахуй эрхлэгчдийн санаачилгаар үнэ нэмэх талаар удаа дараа салбарын яаманд хүсэлт гаргасны үр дүнд 2012.01.06-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хурал хийсэн байдаг.
Уг хурал нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурал, мөн тушаалын хавсралтаар баталсан удирдамжид заасан чиг үүргийн дагуу хуралдсан гэх тайлбарыг нэхэмжлэгч талууд хэлдэг.
Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 дүгээр тушаал болон мөн тушаалыг гаргах үндэслэл болсон Монгол Улсын Их Хурлын 2008 оны 48 дугаар тогтоолын зорилго, утга агуулгаас харахад газрын тосны бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох эрхийг төрийн ямар ч байгууллага, албан тушаалтанд олгоогүй байгаа. Олгох ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм.
Энэ тухай тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан ёсны мэдэгдэл гаргаж энэ ажлын хэсэгт үнэ тогтоох талаар эрх хэмжээ байгаагүй болохыг нийтэд мэдээлсэн байдаг. Хэрэгт авагдсан /ҮОНТелевизийн 01.15-ны мэдээний дүрс бичлэгт/ байгаа.
Нэхэмжлэгч аж ахуй эрхлэгчдийн болон анхан шатны шүүхийн тайлбарлаад байгаа төрийн байгууллага, түүний албан тушаалтан нарын оролцоотойгоор үнийг тогтоох боломжтой, болон эрхтэй мэт ойлголт болон Өрсөлдөөний тухай хуулийн 13.3-т ... стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх гэсэн ойлголтын дунд асар том ялгаа байгаа бөгөөд үүнийг шүүх ойлгож анхаарч үзэлгүй шийдвэрээ гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болсон.
Учир нь чөлөөт эдийн засагт нийгмийн тогтолцоотой манай улсын хувьд ямар нэг хэмжээгээр өрсөлдөөнтэй байгаа зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох хууль эрх зүйн үндэслэл, зохицуулалт байхгүй. Тэр тусмаа Өрсөлдөөний тухай хуулиар хориглодог.
Өрсөлдөөний тухай хуулийн 13.3 дахь хэсгийн зохицуулалт нь үнэ тогтоох бус эрэлт нийлүүлэлтийн талаар хийх төрийн эрх бүхий байгууллагын зохицуулалт юм. Харин дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, алдагдлыг нөхөн олгох, олборлолтыг эрчимжүүлэх, хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах, нийгмийн эмзэг бүлэгт оновчтой чиглэсэн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 дүгээр тушаалаар газрын тосны бүтээгдэхүүний тасалдал, хомсдол үүсгэхээс сэргийлэх, валютын ханшны өөрчлөлт, онцгой албан татвар, хураамж зэрэг асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийг байгуулсан байдаг.
Өнөөдрийн байдлаар Засгийн газраас үнэ тогтоох бус тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулан түүний хүрээнд зээл тусламж олгох, татварыг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.
Компани тус бүр өөрийн өртөг, зардалдаа тулгуурлаад өөрийн зах зээлийн үнийг тогтоох ёстой байсан. Засгийн газрын хувьд татвараас хөнгөлөх, валютын ханшны өөрчлөлтөд нийцүүлэн хөнгөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Аль нэг өрсөлдөгчийн эрх ашгийг хөндөх нь өрсөлдөөнд харш үйл ажиллагаа гэж үздэг төдийгүй тухайн зах зээлийн өрсөлдөөнт байдлыг алдагдуулах, өөр хоорондын өрсөлдөөнийг хязгаарлах, тухайн хэргийн тохиолдолд бол үнээрээ өрсөлдөх байтал, өрсөлдөөнийг үгүй хийж зогсоосон нь өрсөлдөөнд харш үйл ажиллагаа болсон байдаг. Шүүх өрсөлдөөний хуулийн зорилго, утга санаа, үр ашгийг ойлголгүй буруу тайлбарласан.
Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зорилго нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж улмаар эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, өргөн утгаараа бол хэрэглэгчийн чанартай боломжит хямд үнэ бүхий бараагаар хангах байдаг. Гэтэл аж ахуй эрхлэгчид үнэ нэмэх талаар хэлэлцэн тохиролцож өрсөлдөөнийг үгүй хийгээд зогсохгүй бодит бус үнийн дарамтыг хэрэглэгчдийн нуруунд үүрүүлсэн хэрэг болсон байдаг.
Анхан шатны шүүх хуралдааны явцад бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож тогтоосон талаар аж ахуй эрхлэгчид маргадаггүй. Зөвхөн уг үнэ тогтоох тохиролцоог хийхэд төрийн байгууллагын албан тушаалтнуудын оролцоотой хийсэн тул Өрсөлдөөний тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж аж ахуй эрхлэгчид үздэг.
Харин шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд болсон уг хурлыг даргалагч буюу тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Агаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь “Бүтээгдэхүүний үнэ хэлэлцэх эрх тухайн хуралд олгогдоогүй. Зөвхөн нөхцөл байдлыг судалж, өөрийн сайдад танилцуулах эрхтэй.” гэж мэдүүлсэн байдаг. Гэрчийн мэдүүлгээс харахад тухайн хурлаар бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон нь хурлын эрх, үүрэгт хамаарахгүй Засгийн газраас тийм эрх, үүрэг өгөөгүй болох нь хангалттай нотлогдохоор байна.
Шүүх дүгнэлтээ хийхдээ хуулийн зохицуулалт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны онцлогийг анзаараагүй байна.
Өрсөлдөөний тухай хуульд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх ойлголт бүрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаан гэж ойлгох боломжгүй юм. Учир нь шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх олонлог буюу төрийн албан хаагчдын нэгдэл нь олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэнд бие даан тус байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар ажилладаг болно. Хэрвээ Өрсөлдөөний тухай хуульд заасан шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх ойлголт бүрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаан гэж ойлгох юм бол тус байгууллагаас хийгдэж байгаа хяналт шалгалтын ажлыг, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн асуудлыг хүртэл хуралдаанаар хийх шаардлагатай болох юм.
Иймд энэ байдлыг харгалзан үзэж Засгийн газраас 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 66 дугаартай тогтоол гаргаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг баталсан бөгөөд энэ дүрмийн 4.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг заан тогтоож өгсөн байдаг.
Дүрмийн дээрх заалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг тус газрын хуралдаанаар хянан хэлэлцэж болох талаар огт заагаагүй байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 2.3-т “Өрсөлдөөний тухай хуулийг Иргэний хуулийн 3.3-т заасны дагуу өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль гэж үзнэ.” гэж заасан байх бөгөөд хуулийн энэ заалтыг аж ахуй эрхлэгч хоорондын өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль мөн гэж заасан гэж ойлгож байна.
Харин хяналт шалгалтын үйл ажиллагаа тэр тусмаа улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх тухай асуудлыг улсын хэмжээд төрийн хяналт шалгалтын харилцааг зохицуулсан хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
Гэтэл шүүгч шийдвэрээ гаргахдаа дээрх байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хуулийн заалт, ойлголтыг, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлан хэрэглэснийг буруу гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК, “М групп” ХХК, “О” ХХК, “П” ХХК, “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нараас бүрдсэн хяналт шалгалтын ажлын хэсэг нь “П” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “М групп” ХХК, “О” ХХК-иудад газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгасан байх ба 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч дээрх нэр бүхий компаниуд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаман дээр хуралдаж зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлэхээр хэлэлцэн, улмаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэн өрсөлдөөнийг хязгаарласан” гэсэн дүгнэлт гарган, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0000804 дүгээр шийтгэврээр “М групп” ХХК-д 924.415.334.10 төгрөгийн торгууль, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0000806 дугаар шийтгэврээр “Н” ХХК-д 6.206.336.258.67 төгрөгийн торгууль, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0000809 дүгээр шийтгэврээр “О” ХХК-д 251.643.631.86 төгрөгийн торгууль, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0000810 дугаар шийтгэврээр “М” ХХК-д 4.559.300.276.42 төгрөгийн
торгууль, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0000812 дугаар шийтгэврээр “П” ХХК-д 578.469.276.39 төгрөгийн торгууль тус тус ногдуулжээ.
Нэхэмжлэгч “П” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “М групп” ХХК, “О” ХХК-иуд улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасныг тус газар хянаж, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор улсын байцаагчийн дээрх 5/04 дүгээр дүгнэлт, шийтгэврүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэтэл Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрх 02 дугаар тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 09 дүгээр тогтоол гарган хүчингүй болгож, улсын байцаагчийн 5/04 дугаартай дүгнэлт 0000804, 0000806, 0000809, 0000810, 0000812, дугаартай шийтгэврүүдийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн байна. Дээрх тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар захиргааны хэргийн шүүхэд хандсан байх ба шүүх уг захиргааны актыг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр “илт хүчин төгөлдөр бус” захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь захиргааны хэргийн шүүхэд хамаарах акт биш, учир нь захиргааны акт нь заавал биелүүлэх, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэх, нийтийн эрх зүйн хүрээнд гарсан байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг байтал тус акт эдгээр шинжийг агуулаагүй” гэж гомдол гаргасан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор улсын байцаагчийн 5/04 дүгээр дүгнэлт, 0000812, 0000806, 0000810, 0000809, 0000804 дүгээр шийтгэврүүдийг хүчинтэйд тооцсоноор уг шийдвэрийн үйлчлэлийг сэргээх ба уг шийтгэврээр нэхэмжлэгч нарт ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөх эрх зүйн үр дагавар бий болгосон, өөрөөр хэлбэл, зөрчил гаргагч шийтгэврээр ногдуулсан торгуулийн төлбөрийг заавал төлөх үүргийг хүлээх ба шийтгэврийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэгдэх болно.
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба хоёр нь орон тооны зургаа нь орон тооны бус байна”, мөн хуулийн 15 дугаар 15.1-д “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,15.1.16-д “улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх” эрх, үүргийг хуулиар олгосон байна. Иймд хариуцагчийн “улсын байцаагчийн актыг улсын ахлах байцаагч хянах ёстой, улсын байцаагчийн актыг улсын байцаагч биш хүн бүрэлдэхүүнд нь орсон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүчингүй болгох эрхгүй” гэсэн гомдол нь үндэсгүй.
Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны байранд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдсан ажлын хэсгийн хурлаар “валютын ханшийн өөрчлөлттэй холбогдуулан компаниудын бензин, шатахууны үнийг нэмэх санал”-ыг хэлэлцсэн байх бөгөөд уг хуралдаанд Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.А, Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа, Газрын тосны газрын хэлтсийн дарга Б.Магсаржав, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтэн Л.Раднаасүрэн, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын 2 төлөөлөгч гэсэн төрийн байгууллагын албан тушаалтан болон нэхэмжлэгч компаниудын төлөөлөгч нар оролцсоноос үзвэл энэ нь зөвхөн аж ахуй нэгжүүдийн хоорондоо тохиролцсон хэлцэл биш, төрийн байгууллага, түүний албан тушаалтантай нэхэмжлэгч компаниуд хэлэлцэн тохиролцсон асуудал гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэгч компаниудыг “зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлэхээр хэлэлцэн, улмаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэн өрсөлдөөнийг хязгаарласан” гэж үзэх үндэсгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.