Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00035

 

Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Ж.Алтанхуяг, хариуцагч Ц.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Чулуунцэцэгт холбогдох

Дулааны төлбөр нийт 2,025,350 /хоёр сая хорин таван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл Дулаан ХК-ны ажилчин байсан Ц.Чулуунцэцэг нь тус компаний борлуулалтын ажил хариуцан дулааны төлбөр надаас авч санхүүгийн баримт өгөн цааш нь байгууллагдаа тушаадаг байсан. Гэтэл надаас мөнгө авч мөнгөний баримтын нэг хувийг өгсөн атлаа байгууллагадаа тухайн мөнгийг өгөлгүй дундаас нь завшдаг байсан нь байгууллагатай нь тооцоо нийлэх үеэр илэрсэн юм. Ц.Чулуунцэцэг энэ талаар өөрөө ч хүлээн зөвшөөрч би мөнгийг чинь цувуулаад буцааж өгнө гэж амласан боловч 2015 оны 3 сард 100,000 өгснөөс хойш дахин мөнгө өгөөгүй, хуурсаар байгаад сүүлдээ утсаар нь залгахад авахаа ч больсон...

...Ц.Чулуунцэцэг нь зөрүү гарвал төлнө гэж надад гарын үсэг зурж өгсөн баримт ч байгаа бөгөөд 2014 оны мөнгөний баримтууд нь Хөвсгөл Дулаан болон бидний хооронд байгуулсан гэрээг тооцох үед тус компаний дансанд тушаагдаагүй байсан. Түүний хувьдаа завшсан нь тооцоогоор илэрсэн боловч 714,400 төгрөгийг би дахин буюу давхар төлж байгууллагатай нь тооцоо дуусган, түүний өөрийнх нь хүсэлтээр өөрөөсөө барагдуулсан. Иймд Ц.Чулуунцэцэгийн дулааны төлбөр нэрээр надаас авч байгууллагадаа төлөлгүй замаас нь завшин намайг хохироосон 714,400 төгрөгийг түүнээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие шүүхэд анх 714.400 төгрөгийг Ц.Чулуунцэцэгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.130.350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Харин одоо баримтын хэмжээнд 2.025.350 төгрөг болгож багасгаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Чулуунцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Алтанхуягийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Хөвсгөл Дулаанд байцаагч хийж байхдаа Цагааннуур зочид буудлыг 2009-2013 он хүртэл хариуцаж байсан. 2014 онд ажлаа өгөхөд дээрх нэхэмжлэл бүхий тооцоо байгаагүй. ... Нэхэмжлэлд хавсаргасан материал нь 2009-2012 оны төлбөр тооцоо байна. Энэ хүү төлбөр тооцоо нь тухайн он жилүүдийн санхүүгийн шалгалтанд улирал, хагас, бүтэн жилээр тооцоо нийлэн шалгуулж байсан учир надтай холбоотой зөрчил тооцоо илэрч байгаагүй. Илэрсэн тохиолдолд санхүүгийн хуулийн дагуу ажлаас чөлөөлдөг дүрэмтэй. Мөн 2011-2012 онд Хөвсгөл Дулаан ХХК-нд санхүүгийн албанд Авилгатай тэмцэх газраас шалгалт орж бүх албан байгууллага, ААН, айл өрхийг нэг бүрчлэн шалгахад надтай холбоотой зөрчил гарч байгаагүй болно. Байцаагч нар бүх төлбөр тооцоог сар, улирал, жилээр ерөнхий санхүүчтэй тооцоо нийлж тайлан мэдээгээ өгч жил бүр орон нутгийн аудитын ба МХГазраас санхүүгийн албанд шалгалтанд орж байсан тул ийм зөрчил гарах үндэслэлгүй. ...Иймд Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийг нягтлан үзэж хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Алтанхуягийн нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь байцаагч нар бүх төлбөр тооцоог сар, улирал, жилээр ерөнхий санхүүчтэй тооцоо нийлж тайлан мэдээгээ өгч жил бүр орон нутгийн аудитын ба МХГазраас санхүүгийн албанд шалгалтанд орж байсан. Би тухайн үед дулааны байцаагч байсан учир мөнгө хурааж аваад тооцоо нийлж байгуулагадаа тушаадаг байсан. Би 2014 онд тэтгэвэрт орсон. Хэрвээ тухайн үед байгууллагатайгаа тооцоо байсан бол байгууллага намайг ажлаас гаргах үед надаас нэхэх учиртай, тэгээд ч аль 2009-2013 оны төлбөр тооцоог одоо 8-9 жил өнгөрсөн хойно яагаад гаргаж ирж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. ... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 751 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанхуягийн хариуцагч Ц.Чулуунцэцэгээс дулааны төлбөрт 2.025.350 /хоёр сая хорин таван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.036/ дөчин есөн мянга гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 21.770 / хорин нэгэн мянга долоон зуун дал/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуяг давж заалдах гомдолдоо: ... Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ИХШХШТХ-н 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд зөрүүтэй гэх дээрх баримт нь зохигч өөрөө олж авах боломжгүй баримт биш тул нэхэмжлэгчийн дээрхи тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэлд дурьдсан шаардлага нь нотлогдохгүй байна гэж үзлээ” гэснийг зөвшөөрөхгүй. Миний бие нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлж, “Хөвсгөл Дулаан”- ХХК-ийн кассын орлогын баримтуудыг архиваас хуулбарлан нотариатаар гэрчлүүлж, мөн Ц.Чулуунцэцэгийн надаас мөнгө авахдаа үлдээсэн өөрийнх нь гарын үсэг, тамга бүхий мөнгөний баримтуудын эх хувийг өгсөөр байхад нэгийг нь ч үнэлсэнгүй.

Үндэслэх хэсэгт: “Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Ц.Чулуунцэцэг дулааны төлбөрт авсан мөнгө байгууллагадаа тушаагаагүй гэх боловч “Хөвсгөл Ус суваг” ХХК-иас ирүүлсэн лавлагаанаас зөрүүтэй байх тул мөнгийг төлөөгүй гэж үзэж Ц.Чулуунцэцэгээс гаргуулах үндэслэлгүй байна” гэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжилж буй мөнгөний баримтуудаар касст орлого оруулснаа хариуцагч нотолж чадаагүй, няцаагаагүй. Харин “Хөвсгөл Ус Суваг” ХХК-иас ирүүлсэн албан бичиг нь кассын орлогын баримтуудаас зөрснийг хурал дээр би хэлж байсан. Нотлох баримтыг цуглуулахад хүндрэлтэй байсан учраас “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн санхүүгийн баримтад газар дээр нь үзлэг хийлгэх хүсэлт 2016 оны 12 сард гаргасан боловч шүүгч Л.Эрдэнэбат хангахаас татгалзсан байхад шүүгч Г.Даваахүү нь захирамжаар санхүүгийн баримтаас зөрүүтэй хариу авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэнд нийцсэнгүй. Албан бичиг санхүүгийн орлогын баримтаас зөрсөн ч архивт үлдсэн бодит кассын орлого нь хангалттай нотолгоо болно.

Үндэслэх хэсэгтээ: “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэснийг зөвшөөрөхгүй. 2016 оны 4 сард Улаанбаатар хотын Төв шуудангаас нэхэмжлэлээ явуулсныг 2016-05-05-ны өдрийн 1492 тоот захирамжаар бүрдүүлбэр хангаагүй гэж буцаасан. Бүрдүүлбэр ханган 2016-05-10-ны өдөр өгсөн нэхэмжлэлийг 2016-8-04-ний өдрийн “Нэхэмжлэлийг буцаах тухай” 2726 тоот шүүгчийн захирамжаар буцаасан бөгөөд 84 хоног хэрэг хэлэлцсэн хугацаа тасалдалд тооцогдоно. Мөн “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн санхүүгийн баримттай танилцан нэхэмжилснээс илүү олон мөнгөний баримтууд кассын орлогод ороогүйг 2016-12 сард олж мэдсэн нь “эрх зөрчигдсөн тухай мэдсэн” үе гэж тооцогдох тул Иргэний хуулийн 76.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах, буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эхлэн тоолно” гэж заасантай нийцсэн.

“Хөвсгөл Дулаан” ХХК-иас 5,9 сая төгрөг завшсан Ц.Чулуунцэцэгийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус байгууллагын иргэний нэхэмжлэлийг нь хянан шийдвэрлэхэд шүүгч Л.Эрдэнэбат, Г.Даваахүү нар ямар нэг байдлаар оролцож байсныг анхан шатны шүүх хуралдаан бүрт хариуцагч Ц.Чулуунцэцэг сануулж хэлж байсан. Бусдын мөнгө завшсаныг мэдсээр байж хаацайлж миний мөнгийг завшуулах гэж цаг хугацаа хожин, хэргийг санаатайгаар удаа дараа буюу захирамжаар 2 удаа, шийдвэрээр 2 удаа дээрхи шүүгчид хэрэгсэхгүй болгосоныг хариуцагчийн “нөлөөнд" автсан гэж харддаг.

Тухайлбал, шүүгч Г.Даваахүү хэргийг шийдвэрлэхээс санаатайгаар татгалзаж захирамжаар буцаасанд гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэй хэлэлцэн тогтоолоор хүчингүй болгосон нь миний хардалтыг баталгаажуулсан. Уг захирамжаа 3 хоногт гаргаж танилцуулаагүй, гомдол гаргахаар өдөр бүр очиход шүүгч захирамжаа гаргаагүй байна гэдэг тул 8 дахь хоног дээр шүүхийн Тамгын газарт хүсэлт өгч байж захирамжтай танилцан гомдол гаргаж хангагдсан юм. Түүний дараа ч эргэлзэн шударга шүүхээр шийдвэрлүүлэх үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр Г.Даваахүү шүүгчээс 3 удаа татгалзахад Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат 3 удаа заавал Г.Даваахүүгээр шийдвэрлүүлэхээр миний хүсэлтийг хангахаас татгалзаж, Г.Даваахүү ч санасандаа хүрч бодит байдлаас зөрүүтэй албан бичгээр хариуцагчийг хамгаалсан шийдвэр гаргаж амжлаа. Бусдын мөнгийг завшдагийг нь сайн мэдэх болсон 2 шүүгч ээлжлэн түүнийг илт өмгөөлөн хаацайлж, нэхэмжлэгчийг нэмж хохироон хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй, нотлох баримтыг үнэлэхгүй, нотлох баримтын эсрэг хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа тул нотлох баримтаа үнэлүүлэхээр шаардах эрхтэй. Гомдол бичихээр хавтас хэрэгтэй танилцах гэсэн боловч шүүгч дээр байгаа өгөхгүй гэснээр хэрэгтэй нарийн танилцалгүй гомдлоо бичив. Иймд. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-07-06-ны өдрийн 00751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтыг үнэлэн Ц.Чулуунцэцэгээс хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсаны үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Ж.Алтанхуяг дулааны төлбөрт төлсөн 2,025,350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Ц.Чулуунцэцэг дулааны төлбөрийг  байгууллагадаа тушааж сар бүр тооцоо хийж байсан тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ц.Чулуунцэцэг нь 2009 оноос эхэлж 2014 оны 10 сар хүртэл буюу тэтгэвэрт гартлаа Хөвсгөл Дулаан ХХКомпанид борлуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж, хариуцагчтай төлбөрийн  тооцоо хийж байжээ.

Шүүх нэхэмжлэгч Ж.Алтанхуягын гаргасан  нэхэмжлэл  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанхуягын шүүхэд гаргасан “... 2014 оноос манайх байраа Хөвсгөл Дулаан ХХКомпанид түрээслэх болсон ба түрээсийн мөнгөнөөс дулааны төлбөрийг хасч тооцох үед буюу 2014 оны 6 дугаар сарын 10 ны өдөр тооцоо хийх үед хариуцагч Ц.Чулуунцэцэгийг хүлээж авсан мөнгөө бүрэн гүйцэт санхүүд тушаагүй байсанг мэдсэн ба өөрөө төлнө гэхээр нь хүлээж хэдэн жил болсон...” гэх тайлбар нь хэрэгт авагдсан Хөвсгөл Дулаан ХХКомпани конторын барилга түрээслэх гэрээний биелэлт гэх баримтаар батлагдаж байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг дээрх үеэс тооцох боломжтой байгааг шүүх анхаарч үзээгүй байна./1-р хх-ийн 7/

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Ж.Алтанхуягын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” гэж заасны дагуу гаргаж өгсөн бэлэн мөнгөний гүйлгээний баримт, Хөвсгөл Дулаан ХХКомпанитай тооцооны нийцсэн тухай баримт,  хариуцагчаас төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо хийхийг зөвшөөрсөн тухай баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбарыг “...зохигч өөрөө олж авах баримт биш тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэлд дурьдсан шаардлага нотлогдоогүй” гэсэн дүгнэлт  хийж дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 -д заасныг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь борлуулалтын байцаагч Ц.Чулуунцэцэгт дулааны төлбөрийг 2009 онд  220,000 төгрөг, 2010 онд 221,850 төгрөг, 2011 онд 230,000 төгрөг, 2012 онд 346,500 төгрөг нийт 1,018,350 төгрөгийг тушаасан боловч дээрх төлбөрийг хариуцагч байгууллагынхаа санхүүд тушааж байгаагүй гэж үзэх боломжгүй харин 2013 онд тушаасан төлбөр 567,000 төгрөгөөс хариуцагч Ц.Чулуунцэцэг 231,000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сард санхүүд тушааж үлдэгдэл 336,000 төгрөгийг хэзээ тушаасан болох нь тодорхой бус байна.

Учир нь хариуцагч Ц.Чулуунцэцэг тухай бүр хүлээж авсан дулааны төлбөрийг байгууллагынхаа санхүүд тушаагаагүй тохиолдолд дараа жилийн дулааны төлбөрийн тооцоо хийхэд хичнээн төгрөг тушаагаагүй болох нь тооны үлдэгдлийн баталгаагаар мэдэгдэх ба нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь  2012 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх  хугацаанд дулааны  тооцооны үлдэгдэл 881,109 төгрөгийн төлбөрийг төлөхөөр тооцоо хийсэн нь нэхэмжилж буй 2009-2012 оны төлбөрөөс бага байна.

Харин нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь 2014 оны 6 дугаар сарын 10 ны өдөр Хөвсгөл Дулаан ХХКомпаний нягтлан бодогч Л.Лхамсүрэнтэй дулааны төлбөрийн талаар тооцоо нийлэхэд тэрээр 2013 оны эцсээр 2,135,954 төгрөгийн төлбөртэй байсан ба  хариуцагч Ц:Чулуунцэцэг 2013 онд хүлээж авсан 231,000 төгрөгийг санхүүд тушааж бусад 336,000  төгрөгийг санхүүд тушаасан эсэх тодорхойгүй ба хариуцагч нь энэхүү орлогыг тушаасан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагч Ц.Чулуунцэцэгээс дулааны төлбөрт тооцож авсан 336,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ж.Алтанхуяг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 1,485,350 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,149,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Чулуунцэцэгээс 336.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Алтанхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.149.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “2. Хариуцагч Ц.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 10,730 /арван мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Алтанхуягт олгосугай” гэж нэмэлт оруулсугай.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,510 /дөчин долоон мянга таван зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    Т.ГАНБАТ