Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/шцт/106

 

 

 

 

 

 

 

 

2022           02          08                                 2022/ШЦТ/106

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Г.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: П.Бямбасүрэн нар оролцсон эрүүгийн 2209000000015 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.П /РД:Н380061961/, 1980 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 42 настай, эмэггэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамтаар Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг, 1-11 тоотод оршин суух хаягтай Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2-190 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 11- ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 31 дүгээр байрны 65 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Баясгаланг архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж санаа гаргалаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2209000000015 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-18 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №349 дугаартай дүгнэлт:

1. Д.Баясгалан-д зүүн зулай, зүүн алганд зүсэгдсэн шарх, баруун цавинд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүсэгдсэн шарх нь ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, баруун цавины цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн зохих үйлдлээр үүсгэгдсэн байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 31 дүгээр байрны 65 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Баясгаланг архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж санаа гаргалаа гэх шалтгааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Д.Баясгалангийн 2021 оны 12 сарын 9-11-ны өдрүүдэд болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн ... Г.П намайг архи уухгүй санаа гаргалаа гээд зайлаарай гэж хэлээд заазуур бариад миний толгой, гар хэсэгт зүсэж гэмтээсэн, би тухайн байрнаас гарч зугтаагаад шөнө 01 цаг өнгөрч байхад буцаж орж унтсан. Тэгээд 2021 оны 12 дугаар 11-ний өдрийн 16 цагийн үед Г.Пын дүү гаднаас архи бариад орж ирсэн, Г.П надад архи өгөөд нэг татчих гэж хэлсэн, би архинаас нь хоёр татчихаад гарах гэтэл Г.П намайг гаргахгүй хүүхдээрээ бариулж байгаад 2-3 удаа намайг цохихоор нь зугтааж коридорт гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хамт амьдраад 3 жил гаран болж байна, гэрлэлтийн баталгаа байхгүй, архи уух уухгүй асуудал дээрээс болоод ийм асуудал болсон...тухайн үед би бас хэрүүл уруул хийж байгаад энэ хүнийг ийм байдалд хүргэсэн байх, одоо бид хоёр хамт амьдрахгүй байгаа тэгэхээр надад ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №349 дугаартай Д.Баясгалангийн зүүн зулай, зүүн алганд зүсэгдсэн шарх, баруун цавинд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх зүсэгдсэн шарх нь ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, баруун цавины цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн зохих үйлдлээр үүсгэгдсэн байна, 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй дүгнэлт, зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.П нь хүч хэрэглэн  хохирогч Д.Баясгалангийн  гар, толгойн тус газар заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.Баясгалангийн мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Пын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Г.П нь хохирогчийг заазуураар зүссэн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Д.Баясгалангийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч П.Г.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Пыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Г.Пын гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Баясгалантай эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй болсон зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Г.Пд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Хохирогч Д.Баясгалан эмчилгээний зардал баримтаар гаргаж өгөөгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тайжи овгийн Ганжуурын Г.Пыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Г.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             6.   Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН