Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Энх-Амгалан

Шүүгдэгч О.Тэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Тэмүүлэнд холбогдох 2230000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын II цэцэрлэгт бичиг хэргийн ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр дугаар баг Отряадын 12-03 тоотод түр оршин суух, Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Нуурын 2-3 тоот үндсэн хаягтай, РД:ЛЛ00232012, Зээрднүүд овогт Отгонбаатарын Тэмүүлэн

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч О.Тэмүүлэн нь Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн иргэн Б.Дуламсүрэнгийн “Dulamsuren Bud” гэх Facebook хаягтай ижил  хаяг нээж Өмнөговь аймгийн харьяат иргэн Г.Энхжинд хурдан удмын адуу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Энхжингээс адууны төлбөрт иргэн Э.Даваажаргалын ХААН банкны 5637084095 дугаарын дансаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, өөрийн нэр дээрх ХААН банкны 5648032928 дугаарын дансаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч О.Тэмүүлэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч О.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг өгөхгүй гэв...” гэв.

 

2230000000039 дугаартай хавтаст хэрээс:

 

  • Шүүгдэгч О.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б.Дуламсүрэн бид 2 нэг нутгийн хүмүүс. Бид 2 холын хамаатан. Б.Дуламсүрэн нь хурдан адуутай. Хүмүүс мэддэг болохоор нь адилхан хаяг нээж түүгээрээ адуу зарна гэж зар тавибал хүмүүс адуу сонирхоод авч магадгүй гэж бодоод Б.Дуламсүрэн ахын “facebook”-тэй адилхан хаяг нээгээд зар тавьсан. 2021 оны 11 дүгээр сард Г.Энхжин гэх хүн адуу авна гэж холбогдоод 5,000,000 төгрөг шилжүүлэхээр нь Э.Даваажаргал гэх танил ахынхаа дансанд 4,000,000 төгрөг хийлгэн өөрийнхөө данс руу шилжүүлээд гаргуулж авсан. Дараа нь уг хүнээс 600,000 төгрөг болон 400,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5648032928 тоот данс руу шилжүүлж авсан. Авсан мөнгөөрөө гар утсан дээрээ “Poker-2” гэдэг мөрийтэй тоглоомын аппликейшн татаж суулгаад тэгээд мөрийтэй тоглоом тоглоод бүгдийг нь алдчихсан...” гэх /хх 43-44 тал/

 

- Хохирогч Г.Энхжингийн “... Би 2021 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэн Дуламсүрэн гэх хүний facebook хаягт хурдан удмын морь зарна гэсэн зар байршуулсны дагуу холбогдож уг хүнээс хурдан удмын морь авахаар болж мөнгийг нь цувуулж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, нийт 4 удаагийн үйлдлээр 5,000,000 төгрөгийг ХААН банкны 5637084095 тоот Даваажаргал гэх хүний данс руу шилжүүлсэн. Учир нь “хүнээс солом өвс авсан мөнгийг нь өгөхгүй бол болохгүй байна” гээд байсан. Facebook-ээр чат бичээд байсан юм. Одоо бодоход тэр Тэмүүлэн гэдэг нь бичээд байсан юм билээ...” гэх /хх 27-28 дугаар хуудас/,

 

  • Гэрч Б.Дуламсүрэнгийн “...Би “Dulamsvren Bud” гэх фейсбүүк хаягаа /хэдэн онд гэдгээ санахгүй байна/ анх нээж байсан. Гэтэл миний фейсбүүк хаяг руу үл таних хүн нэвтэрч иргэдтэй миний өмнөөс харилцан залилан хийгээд байна. Хамгийн сүүлд гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ганзориг овогтой Энхжин гэх Өмнөговь аймгийн хүнтэй харилцан “хоёр унагатай гүү зарна” гээд 5,000,000 төгрөг залилан авсан байна. Г.Энхжин нь өнөөдөр над руу залгаад “Өмнөговь аймгаас адуу авах гэж ирлээ” гэсэн. Би гайхаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Би алдсан “Dulamsvren Bud” гэх фейсбүүк хаяг руугаа орж чадахгүй байгаа.Би одоо “Dulamsuren Bud”гэх фейсбүүк хаяг нээгээд ашиглаж байгаа. Гэтэл миний фейсбүүкт оруулсан зураг, мэдээлэл бүрийг адилхан хуулбарлан оруулаад байгаа юм” гэх /хх 30 дугаар хуудас/, мэдүүлгүүд,

 

  • ХААН банк нь дахь Э.Даваажаргалын 5637084095 дугаарын дансны хуулга /хх 4-18 дугаар хуудас/,

 

  • Төрийн банк нь дахь О.Тэмүүлэнгийн 271100097987 дугаарын дансны хуулга /хх 21 дүгээр хуудас/

 

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46 дугаар хуудас/

 

  • О.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 47 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51 дүгээр хуудас/,

 

  • ХААН банк нь дахь О.Тэмүүлэнгийн 5648032928 дугаарын дансны хуулга /хх 52-55 дугаар хуудас/,

 

  • Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 57 дугаар хуудас/

 

  • Хохирогч Г.Энхжингийн цагдаагийн газарт гаргасан “гомдолгүй” гэх хүсэлт /хх 59 дүгээр хуудас/

 

  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол, санал /хх-64-67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч О.Тэмүүлэн нь Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн иргэн Б.Дуламсүрэнгийн “Dulamsuren Bud” гэх Facebook хаягтай ижил  хаяг нээж Өмнөговь аймгийн харьяат иргэн Г.Энхжинд хурдан удмын адуу зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Энхжингээс адууны төлбөрт иргэн Э.Даваажаргалын ХААН банкны 5637084095 дугаарын дансаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, өөрийн нэр дээрх ХААН банкны 5648032928 дугаарын дансаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг авч залилсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Г.Энхжин, гэрч Б.Дуламсүрэн, ХААН банк нь дахь Э.Даваажаргалын 5637084095 дугаарын дансны хуулга, О.Тэмүүлэнгийн Төрийн банк, ХААН банкны дансны хуулганууд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Тэмүүлэн нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

3. Шүүгдэгч О.Тэмүүлэн нь бусдын эд хөрөнгө залилах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.

 

4. Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Тэмүүлэнг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчаас О.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч О.Тэмүүлэнг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч О.Тэмүүлэнд ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Тэмүүлэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч О.Тэмүүлэнд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

О.Тэмүүлэн үйлдлийн улмаас хохирогч Г.Энхжинд 5,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Энхжин нь “О.Тэмүүлэнгээс хохирлын 5 сая төгрөгийг бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй” /хх 59/ гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч О.Тэмүүлэнг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Тэмүүлэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  О.Тэмүүлэнд мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч О.Тэмүүлэнд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Отгонбаатарын Тэмүүлэнг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тэмүүлэнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Тэмүүлэнд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тэмүүлэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Тэмүүлэнд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.Тэмүүлэн энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Энхжин гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАЯРБААТАР