Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Ц.Ө-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... өдөр ......... төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ...... ХХК-д нярав ажилтай, .........хүүхдийн хамтаар .......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Ц.Ө- (РД............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт төрсөн дүү Ц.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу ханын зөрөөгүй хугарал, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ц.Ө: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би наад машин чинь халаад байна ш дээ зогсоод тосол нэмж хийе гэж хэлсэн. Тэгээд бүгд машинаас буугаад хамрыг нь сөхөөд нөгөө архи уугаагүй хоёр залуугаар машины тосол хийлгэх гэж байгаад би наадах чинь оргилоод гараад ирдэг шүү гэсэн чинь Ц.Ө- эгч намайг чамаас доор хүн байв гэж дээ юм үзээгүй юм. Мэдсэн бол өөрийнхөө машинтай явдаг байж гэхээр нь би чи одоо юу яриад байгаа юм хүн амьтан түлэгдчихнэ ш дээ. Тэгвэл та нар өөрсдийнхөө машинтай явахгүй яасан юм гэсэн чинь Ц.Ө- эгч намайг шууд үстэж аваад баруун гараараа миний баруун нүд рүү 2,3 удаа цохисон юм. Тэгэхээр нь би уур хүрээд чамд ингэж цохиулна гэж юу байсан юм та нар өөрсдийнхөө машинаар яв гэж хэлээд машинаа барих гээд жолоочийн суудал дээр суусан чинь Ц.Ө- эгч миний араас ирээд хамар уруу гараар 2,3 удаа цохиод миний хамар уруу хөлөөрөө нэг удаа, цээж рүү бас 2 удаа өшиглөөд намайг үстээд машинаас буулгаад машины хойно суулгасан юм...” (хавтас хэргийн 14-15 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.Лхагвадулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Дундговь уруу явахаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн постын наана очоод машин нь халаад зогссон. Тэгээд бүгдээрээ машинаас буусан . Ц.Б- Хонгорзулыг элдвээр хэлээд гараараа нүүр рүү нь алгадах шиг болсон. Тэгсэн чинь Ц.Ө- эгч боль гэж хэлсэн. Ц.Б- Ц.Ө- хоёр хоорондоо үстэлцээд байсан. Би цохилцож байхыг нь хараагүй...Ц.Б- машиныхаа жолоочийн урд талын суудал дээр суугаад бид нарыг буу гэж хэлсэн чинь Ц.Ө- эгч Ц.Б- дээр очоод гараараа нүүр рүү нь алгадах шит болсон...” (хавтаст хэргийн 18-19 дэх тал) гэсэн,

 

Гэрч Э.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Ц.Б- эгч Ц.Ө- эгчийг үстэх шиг болсон. Тэгээд хоорондоо ноцолдоод цохилцоод байсан. Тэгээд бид нар салгасан. Тэгсэн чинь Ц.Б- эгч машиныхаа жолоочийн талаар суугаад та нар зайл гэж хэлсэн чинь Ц.Ө- эгч чи битгий маяглаад бай гичий минь гээд орилоод байсан. Би машины нөгөө талд байсан учраас хараагүй. Тэгээд нэг харсан чинь машины цаана зодолдоод хоорондоо барьцалдаад үстэлцээд байсан. Би яг хэн нь хэнийгээ яаж хэдэн удаа цохиод байгааг хараагүй...” (хавтаст хэргийн 21-22 дахь тал) гэсэн,

 

Гэрч Г.Хонгор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Ц.Ө- эгч Ц.Б- эгч хоёр хоорондоо маргалдаад байж байсан чинь Ц.Б- эгч та нар машинаас буу, зайл гээд хэлээд урд суух гээд дайраад байсан чинь Ц.Ө- эгч болохгүй гэсэн. Ц.Б- эгч Ц.Ө- эгчийн үснээс зулгаасан чинь Ц.Ө- эгч жолоочийн суудал дээр суусан чинь Ц.Б- эгч миний машин гээд Ц.Ө- эгч дээр очоод машинаа асаалгахгүй байсан чинь тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад үстэлцээд байсан. Би харанхуй мөн машины нөгөө талд байсан учраас нарийн зүйлийг хараагүй...” (хавтаст хэргийн 27-28 дахь тал) гэсэн

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 10962 дугаар“...Ц.Б-ийн биед хамар ясны зүүн хажуу ханын зөрөөгүй хугарал, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 34-35 дахь тал) гэсэн дүгнэлт

Яллагдагчаар Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ Ц.Б-ийг бусад руу агсам тавиад орилж хашигчаад байхаар нь болчих гэхэд надтай маргалдаж миний үснээс зулгаагаад тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад тухайн гэмтлүүд учирсан байх. Би тухайн гэмтлүүдийг нь бол санаатай учруулаагүй юм. Уг нь манай Ц.Б- дүү бид хоёр их гайгүй, хамгийн дотно харилцаатай байдаг хүмүүс байгаа юм. Энэ гэмтлүүдийг учирна гэж бодоогүй уг нь дүүгээ архи уучихаар нь аятайхан байлгах гэж байгаад согтуудаа надтай маргалдахад нь зууралдсан асуудал байгаа гэхдээ энэ үйлдэл нь буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” (хавтаст хэргийн 76-77 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Ц.Б-ийн Медтравма эмнэлгийн компьютер  томографи зураг, дүрс оношилгооны хариу (хавтаст хэргийн 38-41 дэх тал), хохирлын баримт (хавтаст хэргийн 42-44 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 59-60, 66-68 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), хохирогч Ц.Б-ийн нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт төрсөн дүү Ц.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу ханын зөрөөгүй хугарал, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Б- болон шүүгдэгч Ц.Ө нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №10962 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны зүүн хажуу ханын зөрөөгүй хугарал, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Ц.Ө түүнийг нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Ө, хохирогч Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны зүүн хажуу ханын зөрөөгүй хугарал, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Өыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Ц.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ц.Өд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хамар ясны зүүн хажуу ханын зөрөөгүй хугарал, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Ц.Б- гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар хамрын хугарал засуулсан үйлчилгээ авсан төлбөр, толгойны компьютер томограф авхуулсан төлбөр зэрэг баримтаар нийтдээ 250.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Ц.Ө гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн ......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Өд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Өд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ