| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0005/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/48 |
| Огноо | 2022-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/48
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Д.Нямдэлэг,
шүүгдэгч, хохирогч Г.Т,
шүүгдэгч, хохирогч Д.Т,
шүүгдэгч, хохирогч З.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ш.Г.Т, С.Д.Т нар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Н.З.Д нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ........-ны өдөр .... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл ..тоотод оршин суух, Дулааны цахилгаан станц 3 ХХК-д зуухны машинч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш.Г.Т /РД:.../
2. Монгол Улсын иргэн, .....-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл ..........тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Д.Т /РД:................../
3. Монгол Улсын иргэн, ............ны өдөр ....... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл ............ тоотод оршин суух, Глобал удирдагч сургуулийн оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.З.Д /РД:........../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Т, Д.Т нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 сарын 30-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны орчимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Э.З.Дийг тамхи асуулаа гэх шалтгаанаар муудалцан зодож, улмаар З.Дий биед зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун эрхий, чигчий хуруунд зулгаралт гэмтэл бүхий,
Шүүгдэгч З.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 сарын 30-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны орчимд Д.Т, Г.Т нартай үл ялих зүйлээр маргалдаж улмаар зодож Д.Тын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, нуруу, баруун бугалга, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, буйл, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохой, зүүн тохой, зүүн өвдөг, баруун хөлийн шагай орчимд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, Р.Г.Тын эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний ёзоорын дунд хэсгээр хугарал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
шүүгдэгч, хохирогч Г.Т “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
шүүгдэгч, хохирогч Д.Т “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
шүүгдэгч, хохирогч З.Д: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз болох Г.Тын хамт түүний машинд 4 лааз пиво авчихсан хоёр хоёроор нь ууж байтал нэг үл таних залуу ирээд машины цонхыг тогшоод тамхи байна уу гэж асуусан тэгэхээр нь би цонхоороо тамхи байхгүй ээ гэж хэлээд цонхоо хаатал дахин машины цонхыг тогшиж тамхи байна уу гэж асуухаар нь тамхи байхгүй чи чинь одоо ямар сонин юм бэ гэж хэлээд хаалгаа онгойлгоод барьцалдаад авсан тэгсэн чинь намайг шанаа тус газар цохисон. Тэгээд тухайн залуутай зууралдаад мөн би шанаа тус газар нь цохисон тэгсэн манай найз машинаасаа бууж ирээд салгах гэтэл салахгүй зууралдаад байсан. Тэгээд нөгөө залуу бид хоёр дахин нэг нэгнийгээ цохисон тэгээд манай найз арай гэж салгасан тэгтэл уг залуугийн найзууд гэх залуус цаанаас буюу байрны булангаас гарч ирсэн. Тэгтэл найзуудыгаа харчхаад улам саагиж онгирч надтай барьцалдаж аваад дахин надтай зодолдсон. Тэр хооронд манай дүү ирж таараад уг залуу бид хоёрыг салгаж байхад тухайн залуугийн нэг найз нь манай дүүг цохисон. Тэр залууг харанхуй байсан учир царай зүсийг нь харж чадаагүй. Тэгээд би зүгээр байсан хүүхэд та нар яагаад цохидог юм гэж орилсон. Тэгсэн цаанаас уг залуугийн найзууд ирээд намайг хэн унагаасныг мэдээгүй дээрээс дэвссэн би хэдүүлээ байгааг нь харах гэтэл 3 залуу харагдах шиг болсон би босож ирээд нөгөө анх надаас тамхи асуудаг залуутай барьцалдаж авсан. Хамар ясны гэмтлийг хэн учруулсныг харанхуй байсан болохоор мэдэхгүй байна газар уначихсан намайг дээрээс дэвсэж байх үед учирсан гэж бодож байна бусад гэмтэл ч гэсэн тухайн дээрээс өшиглөдөг үед учирсан байх. Би тухайн тамхи асуудаг залуутай барьцалдаад хоорондоо зодолдох үедээ эрүү шанаа хэсэгт нь хэд цохисноо мэдэхгүй байна. Толгойг нь би хагалаагүй манай найз цохисныг ч мэдээгүй эрүүлжүүлэх байранд хоночхоод өглөө дүүгээсээ асуухад манай дүү Г.Т ахыг тухайн залуугийн толгой руу хоёр цохихыг харсан гэж хэлсэн. Эхлээд найзтайгаа хоёулхнаа пиво ууж байгаад дүү намайг ирж авахаар ярьсан учир ирж таараад бид нар 3 уулаа л байсан гэсэн үг...” (хавтас хэргийн 15 дахь тал) гэсэн,
Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 09 сарын 29-ний өдөр найз болох Д.Тын хамт гэрийнхээ гадаа машин дотроо 2, 2 пиво уугаад сууж байтал машины хаалга онгойлгоод үл таних залуу манай найзаас тамхи байна уу тамхи байвал өгчхөөч бро гэж хэлсэн. Тэгээд манай найз тамхи байхгүй гэж хэлээд машины хаалга хаасан. Тэгтэл дахин тухайн залуу хаалга онгойлгож тамхи байвал өгчхөөч гэж асуутал тэр хоёр маргалдаж манай найз машинаас буутал тухайн залуу манай найзыг цохисон. Тэгээд манай найз хүртэл тухайн залууг цохиж тэр хоёр хоорондоо зодолдоход би машинаасаа буугаад салгах гэж очтол намайг цохих гэж байна гэж бодсон юм шиг байгаа юм миний ам руу нэг удаа цохисон. Тэгээд би хойшоогоо ухарч байгаад шүдээ татаж янзалсан. Тэгээд салгах гэж оролдож байгаад Түвшээгийн дүүгийн хамт нийлж салгасан гэтэл уг залуу халааснаасаа буу гаргаж ирээд миний цээж рүү цохиж буудчихна шүү бро гэж хэлэхээр нь би чи ямар Америкт байгаа юу чи харуудыг дуурайгаад байгаа юм уу гэж хэлээд бууг нь салгах гэж үзээд буугаа тавихгүй болохоор нь машиндаа суулгаж цагдаа руу явах гэж үзтэл машинд орохгүй зууралдаж байхдаа гар буугаа унагаачихсан. Тэгэхээр нь би тухайн гар бууг нь аваад араас нь толгой руу нь цохичхоод би гэрлүүгээ орсон. Яагаад гэрлүүгээ орсон бэ гэхээр ээж цонхоор намайг харсан юм тэгээд орилоод дуудаад байсан. Тэгээд би тагтан дээрээсээ хараад байж байтал манай найзыг нөгөө тамхи асуудаг залуу унагаачихсан дээрээс нь дэвсэж байсан тэр үед цагдаа ирж таараад тэд нар больцгоосон. Тэгээд би араас нь нөгөө бууг нь аваад гартал тэр хэд явчихсан байсан би Д.Тын дүүг дуудаж хамт хэлтэс рүү явсан. Тамхи асуудаг З.Д гэх залуу учруулсан. З.Д гэх залуу цохиж унагааж дэвссэн уг залуу тэнд орилж чарлаад буу хүртэл гаргаж тулгаж онгирсон. Эхлээд нэг найзтайгаа хоёулхнаа явж байсан дараа нь 4-үүлээ болчихсон байсан санаж байна. З.Дтэй зодолдож байх үед З.Дтэй хамт байсан жижиг залуу цохиж байх шиг байхаар нь би хөөе гээд орилтол цаашаа зугтаачихсан...” (хавтас хэргийн 22 дахь тал) гэсэн,
Хохирогч З.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 сарын 29-ний өдөр найз Ариунбилэг болон Хүслэнгийн хамт Хүслэнгийн гэр лүү орохоор явж байсан тухайн үед Хүслэн ТҮЦ орж тамхи авах гээд явсан ба би Ариунбилэгийн хамт үлдсэн. Тэгээд би тамхи татмаар болоод байж байхаар Тоёота Хариар маркийн машинд хоёр залуу сууж байхаар нь очиж нэг залуугаас тамхи асуутал байхгүй гэж хэлэхээр нь би дахин тамхи асуутал яасан гэнээ гөлөг минь гэж хэлээд буугаад ирсэн. Тэгээд шууд надтай барьцалдаж аваад намайг нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь би тонгойгоод тухайн залууг барьж авсан тэгтэл хамт машинд сууж байсан залуу болон нөгөө залуугийн дүү нь ирээд намайг цохисон. Тэр үед би зууралдаад байгаад байсан. Тэгж байтал уг залуучууд намайг машиндаа хийх гээд үзээд байхаар нь би зууралдаад орохгүй байж байтал хаалгаа хаах гэж байгаад миний гарыг хавчсан мөн жижиг бандгар залуу миний толгой руу бууны ар хэсгээр цохитол цус гараад явчихсан. Тэгээд би орилоод хүн аллаа гээд байж байтал манай найз болон цагдаа нар ирсэн. Уг бандгар залуу буюу Г.Т учруулсан. Би тухайн хоёр залууг цохиогүй. Ариунбилэгийн хамт явж байсан. Ариунбилэг миний толгойг хагалдаг залууг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон гэж сүүлд нь надад хэлсэн. Хүслэн ТҮЦ орчхоод ирсэн гэхдээ зодоонд оролцоогүй. ГССҮТ-д 1 хоног хэвтэж толгой болон гар хэсэгтээ оёо тавиулсан. Би баримтаар эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно...” (хавтас хэргийн 28 дахь тал) гэсэн,
Гэрч С.Хүслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...хоёр залуутай З.Д зогсож байсан. З.Дий толгой нүүр гар цус болчихсон хүн аллаа яаж байгаа юм бэ залуучуудаа гэж хэлээд байсан. Тэгээд би З.Дийг татаж өөрийнхөө ард гаргаад тухайн хоёр залуугаас юу болсон бэ яаж байгаан бэ гэж асуутал туранхай өндөр шалдан нөхөр тэлээ буюу бүсээ барьчихсан З.Дийг шавхуурдсан. Тэгээд би салгаж юу болсон юм бэ гэж асуутал намайг цохих гэж үзсэн би бултсан тэгээд уг залуу согтуу байсан учир би эрүүл байсан залуу буюу дүү нь гэх залуутай ярилцтал танай хоёр найз манай ахыг зодчихлоо гэж хэлсэн...” (хавтаст хэргийн 34 дэх тал) гэсэн,
Гэрч Д.Түвшинтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байтал манай ах намайг ирээд авчих би 120-д найзтайгаа байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад явсаар байгаад 120-ын Оргил дэлгүүр дээр ирчхээд ах руугаа залгатал ах миний машин дотор орж ирж суучхаад чи хүлээж байгаарай би найзыгаа гэрт нь оруулж өгчхөөд ирье гэж хэлээд машинаас буусан...манай ахыг нэг жижигхэн залуу хар машины урд талд шахчихсан араас нь цохиж байсан. Тэгэхээр нь би араас очоод салгатал салахгүй байхаар нь араас нь буюу нуруун тус газар нь тохойлдож салгатал цаашаа зугтаачихсан ...ах дээр очтол ах толгойгоо хагалуулдаг залуутай барьцалдаад авчихсан нэг нэгийгээ цохиж байсан. Тэгэхээр нь би очиж салгах гэтэл салж өгөхгүй байсан...тухайн ахтай зодолдож байсан залууг хоёр удаа цохисон тэгтэл толгойноос нь цус гарчихсан мөн ах уг залууг цагдаад аваачиж өгнө гээд машин руугаа татаж суулгах гээд байсан...” (хавтаст хэргийн 39 дэх тал) гэсэн,
Гэрч М.Ариунбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 сарын 29-ний өдөр З.Дөө, Хүслэн хоёртой хамт Хүүхдийн 100-д байрлалтай Типси гэх газар хоёр хоёр шил пиво уусан тэгээд тэндээсээ гараад Хүслэнгийн гэрийн гадаа ирсэн. Хүслэнгийн гэрийн гадаа ирээд би түрүүлээд машинаас буугаад орцны тэнд очоод зогсож байсан. Тэгсэн З.Д хүнтэй муудалцаж байгаа чимээ гарахаар нь би буцаад очтол З.Д үл таних нэг залуутай барьцалдаад зогсож байхаар нь би очоод салгах гээд өндөр залууг тулхтэл салахгүй байсан тэгээд тэр хоёр нэг нэгнийгээ цохиод салахгүй байж байтал өөр нэг залуу намайг араас дагз руу хоёр удаа цохисон тэгээд намайг чирээд машиныхаа хойно аваачиж байгаад мөн нуруу руу тохойлдож нүүр лүү өшиглөсөн. Тэгэхээр нь би одоо болъё найзыгаа аваад явъя гэж хэлтэл болихгүй байсан дээгүүр өмсөж байсан хувцсаа тайлаад зугтаасан. Тэгээд байрны тийшээ зугтаж цаашаа гүйтэл Хүслэн өөдөөс гарч ирж таараад би Хүслэнд тэнд зодоон болоод байна бид хоёр зодуулчихлаа гэж хэлтэл Хүслэн чи чинь тэгээд З.Дийг ганцааранг нь үлдээчхэж байгаа юм уу гэж хэлэхээр би буцаж гүйж очоод байрны булангаас одоо болиоч ээ ална шүү гэж хэлээд чулуу шидтэл өөр нэг өндөр залуу өөдөөс алхсан. Тэгэхээр нь би байр тойрч буцаад зугтаачихсан очтол Хүслэнгийн ээж болон Эрдэнэсамбуу, Хүслэн гурав ирчихсэн зодоон ч дуусчихсан хоорондоо хэрүүл хийчихсэн байж байсан. Тэгээд би тухайн залууст та нар бас ингэж болохгүй шүүдээ гэж хэлсэн. Эхлээд хоёр залуу байсан сүүлд миний харснаар 4 үүлээ болчихсон байна гэж харсан. Бид нар эхлээд гурвуулаа явж байгаад сүүлд Хүслэнгийн ээж болон Эрдэнэсамбуу хоёр нэмэгдсэн. Намайг байр тойроод ирэхэд сүх байгаагүй сүх яриад хэрэлдээд байж байсан...тэр хоёр хоорондоо зууралдаад зодолдоод салахгүй байсан. Би анх түлхтэл залууг сүүлд нүцгэлчихсэн тэлээгээ барьж байгаад орилоод байхаар нь цээж рүү нь нэг удаа цохисон. Би тэр агшныг харж чадаагүй намайг байр тойроод зугтаж байх үед болсон байх. Намайг байр тойрчхоод хүрээд ирэхэд л ирчихсэн зогсож байсан зодоон хийсэн зүйл харагдаагүй....” (хавтаст хэргийн 52-54 дэх тал) гэсэн,
Гэрч М.Эрдэнэсамбуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр Баянбүрд орчим байж байтал манай найз Хүслэн намайг дуудаж би Хүүхдийн 100-д очиж тэр гурвыг авсан. Тэгээд тэндээсээ 120 мянгат ороод 22 дугаарын байрны урд буулгачхаад 39 дүгээр байр луу гэр лүүгээ явсан. Гэрийнхээ тэнд очиж машинаа грашдаа хийчхээд буцаад Шинэ өглөө хотхон руу Энхжин гэх найзынх руугаа алхсан. Тэгээд явж байтал 1 дүгээр байрны баруун талд Ариунбилэгтэй таарсан Ариунбилэг цус болчихсон дээгүүрх цамц нь байхгүй мань хэдийг зодчихлоо тэнд З.Дөө зодуулж байна гэж хэлсэн. Тэгээд Ариунбилэг чулуу аваад одоо очиж хариугаа авъя гэж хэлэхээр нь би Ариунбилэгийг тайвшруулаад 5-10 минут хамт зогсож хориглосон. Тэгээд Ариунбилэгийг чи эндээ байж байгаараа гээд би цаашаа яваад очтол З.Дөө нэг шалдан нөхөртэй зууралдаад газар хэвтэж байсан .Тэгээд нөгөө газар хэвтэж байгаа хоёрыг салгаж н шалдан залуу тэлээгээр З.Дийг цохиод байсан тэр үед Хүслэнгийн ээж гараад ирчихсэн хүний хүүхэд аллаа гарч ирээд Хүслэнг гэр лүүгээ ор гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирж байна гээд тэр дунд нэг нь хэлээд байсан тэгээд би цаана Энхжин гэх найзыгаа хүлээлгэчихсэн байсан учир яваад өгсөн....” (хавтаст хэргийн 49 дэх тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 9375 дугаар “...Г.Тын биед зүүн дээд
1-р шүдний ёзоорын дунд хэсгээрх хугарал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 61-62 дахь тал) гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 9374 дугаар “...Д.Тын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, нуруу, баруун бугалга, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, буйл, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохой, зүүн тохой, зүүн өвдөг, баруун хөлийн шагай орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 67-68 дахь тал) гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 9448 дугаар “...З.Дий биед аалзан хальсан доорх бага зэргийн цус харвалт, зулай, зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун эрхий, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 73-74 дэх тал) гэсэн дүгнэлт,
Яллагдагчаар Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдөр найз Д.Тын хамт зогсоол дээр байсан өөрийнхөө машинд сууж байгаад хоёр хоёр лааз пиво уугаад сууж байсан тэгээл манай найзын талын хаалгыг үл таних залуу татаж онгойлгоод тамхи байна уу бро гэсэн манай найз байхгүй гэж хэлээд хаалгаа хаасан чинь дахин онгойлгож тамхи байвал өгчхөөч дээ гэж хэлсэн. Тэр үед манай найз байхгүй гэж хэлээд байхад чи ямар хаашаа юм бэ гэж хэлээд буусан. Тэгтэл нөгөө залуу ганц тамхи л асууж байна ш дээ гэж хэлээд маргалдаад тэр хоёр шууд хоорондоо цохилцоод байсан. Тэгээд би машинаас буутал нөгөө хоёр чинь хоорондоо зууралдаад байсан би салгах гэтэл нөгөө тамхи асуусан залуу шууд миний амруу цохисон тэгтэл миний үүдэн шууд хойшоо болчихсон тэгэхээр нь би урагш болгож татаж хэвд оруулсан. Тэгээд байж байтал уг залуу халааснаасаа буу гаргаж ирээд миний цээжин дээр тулгаж хол байгаарай буудна шүү гэж хэлсэн тэгэхээр би чи ямар Америкийн харууд уу гэж хэлээд уг бууг нь булааж авах гэж зууралдаж машиндаа суулгаж цагдаад хүргэж өгнө гээд зууралдаж байтал уг буу газар уначихсан тэгэхээр нь уг бууг нь аваад толгой руу нь нэг цохичихсон юм. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй мөн өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа.” (хавтаст хэргийн 90 дэх тал) гэсэн,
Яллагдагчаар Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдөр найз Г.Тын хамт түүний зогсоол дээр байсан машинд сууж байгаад хоёр хоёр лааз пиво уугаад байж байтал үл таних залуу миний сууж байсан талын цонхыг тогшсон тэгэхээр нь би цонхоо доошлуултал надаас тамхи асуусан би уг залууд надад тамхи байхгүй байна гэж хэлээд цонхоо хаатал хаалга онгойлгоод ганц тамхи байна уу гэж дахин асуусан тэгээд би байхгүй гэж хэлээд хаалгаа хаасан тэгтэл дахин хаалга онгойлгохоор нь байхгүй гээд байна ш дээ гэж хэлээд машинаас буутал надтай маргаан үүсгэсэн тэгээд бид хоёр барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохисон тэр үед манай найз бууж ирж таараад салгах гэтэл салж өгөхгүй байсан тэгээд цаанаас найзууд нь ирээд бүр орилж онгироод явж өгөхгүй надтай зууралдаж дахин зодолдсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй мөн би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа.” (хавтаст хэргийн 101 дэх тал) гэсэн,
Яллагдагчаар З.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би тамхигүй болчхоод тамхи татмаар болоод уг залуугаас тамхи гуйсан юм. Гар буу бол манай найзын сургалтын айр софын газан буу байсан. Би тухайн хоёр залуутай зууралдаж ноцолдсон өндөр залуутай нь хамт газар шороон дээр унаж өнхрөлдсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй мөн би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа.” (хавтаст хэргийн 112 дахь тал) гэсэн,
Хохирогч, шүүгдэгч Г.Тын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 114-125 дахь тал), Хохирогч, шүүгдэгч Д.Тын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 129-138 дахь тал), Хохирогч, шүүгдэгч З.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 142-149 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 126, 139, 150 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.Т, Д.Т нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 сарын 30-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны орчимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Э.З.Дийг тамхи асуулаа гэх шалтгаанаар муудалцан зодож, улмаар З.Дий биед зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун эрхий, чигчий хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Энэ гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн болох нь гэрч, хохирогч З.Д болон шүүгдэгч Шүүгдэгч Г.Т, Д.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №9448 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч З.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 сарын 30-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны орчимд Д.Т, Г.Т нартай үл ялих зүйлээр маргалдаж улмаар зодож Д.Тын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, нуруу, баруун бугалга, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, буйл, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохой, зүүн тохой, зүүн өвдөг, баруун хөлийн шагай орчимд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,
Р.Г.Тын эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний ёзоорын дунд хэсгээр хугарал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн болох нь гэрч, хохирогч Г.Т, Д.Т болон шүүгдэгч З.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №9375, 9374 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч З.Дийг зодож эрүүл мэндэд нь “...биед зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун эрхий, чигчий хуруунд зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Т, Д.Т нар бүлэглэн түүнийг цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Мөн хохирогч Г.Т, Д.Т нарыг зодож Д.Тын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, нуруу, баруун бугалга, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, буйл, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохой, зүүн тохой, зүүн өвдөг, баруун хөлийн шагай орчимд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,
Р.Г.Тын эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний ёзоорын дунд хэсгээр хугарал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүгдэгч З.Д хоёр хүнийг буюу тэднийг цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Т, Д.Т нар бүлэглэн, хохирогч З.Дийг зодож эрүүл мэндэд нь “...биед зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, баруун эрхий, чигчий хуруунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол
Мөн шүүгдэгч З.Д хоёр хүнийг буюу хохирогч Г.Т, Д.Т нарыг зодож Д.Тын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, нуруу, баруун бугалга, баруун шуу, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, буйл, хүзүү, цээжинд цус хуралт, баруун тохой, зүүн тохой, зүүн өвдөг, баруун хөлийн шагай орчимд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,
Р.Г.Тын эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний ёзоорын дунд хэсгээр хугарал, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Т, Д.Т, З.Д нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т, Д.Т, З.Д нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хор нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2110019041158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хар өнгийн хийн гар бууг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Г.Тыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- шүүгдэгч С.Д.Т бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- шүүгдэгч Н.З.Дийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч Д.Тыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч З.Дийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хийн гар бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т, Д.Т, З.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ