Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Г.Над холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........-ны өдөр .... төрсөн ...настай эрэгтэй ... төрсөн ... настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....тоотод түр оршин суудаг. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Г.Н (РД:.........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 9 дүгээр гудамж 376 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Дтэй маргалдаж улмаар түүний толгой, хөл гар луу нь өшиглөн цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.Н: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нөхөр дэлгүүр яваад нэг шил архи аваад ирээч гээд мөнгө өгөхөөр нь 21 цагийн үед дэлгүүр ороод нэг шил архи авсан юм. Архинаас би 2 хундага уусан бөгөөд үлдсэнийг нь нөхөр ганцаараа уусан юм. Тухайн өдөр нөхөр хүүхэд бид 3 гэрт байсан өөр хүн бол байгаагүй. Тэгээд би нөхрийг чинь байнга гар утсаа оролдлоо хүү бид 2-т анхаарал тавилдаа гэж хэлсэн. Тэгсэн нөхөр миний гар утас тоглох нь чамд хамаагүй гэхээр нь би уурлаад бид маргалдсан чинь нөхөр хүр ч ирээд 2 гараараа хоолойноос барихаар нь би орилсон чинь дуугай байгаач гээд ам дараад хөлөөрөө баруун гар баруун гуя толгой орчим 3-4 удаа өшиглөхөөр нь би шалан дээр суусан чинь үснээс зулгаагаад орны толгой мөргүүлэхээр нь гэрээс гараад хашаандаа сууж байгаад буцаад ороод ирсэн чинь нөхөр хүүхдээ тэвэрчихсэн байсан . маргааш нь цагдаад өргөдөл өгсөн. Нөхөр намайг урд цохиж, зодож байсан удаа байгаагүй, ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа бол байхгүй...” (хавтас хэргийн 8-10 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн шинжээчийн 10453 дугаар“...Т.Дий биед хүзүү, дух, зүүн бугалга, зүүн дал, нуруунд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуй, зүүн өвдөгт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр эхнэрт мөнгө өгөөд дэлгүүр ороод нэг шил архи авчих гээд 0,5 литрийн Хараа авчраад эхнэр 2 хундага уусан бөгөөд бусыг нь би уусан. Би нэлээн согтсон байсан бөгөөд нэг мэдсэн эхнэртэй маргалдсан цохиж зодсон нь үнэн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” (хавтаст хэргийн 55 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Т.Дд Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-32, 44-49 дэх тал), шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), хохирогч Т.Д нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 40 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 41-43 дахь тал), зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 9 дүгээр гудамж 376 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Дтэй маргалдаж улмаар түүний толгой, хөл гар луу нь өшиглөн цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Д болон шүүгдэгч Г.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №10453 дугаартай дүгнэлт, Хохирогч Т.Дд Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Т.Дийг зодож эрүүл мэндэд нь “...биед хүзүү, дух, зүүн бугалга, зүүн дал, нуруунд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуй, зүүн өвдөгт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, тархи доргилт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Н түүний толгой, хөл гар луу нь өшиглөн цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Н, хохирогч Т.Дийг зодож эрүүл мэндэд нь “...биед хүзүү, дух, зүүн бугалга, зүүн дал, нуруунд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуй, зүүн өвдөгт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ныг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Над оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Дий эрүүл мэндэд хүзүү, дух, зүүн бугалга, зүүн дал, нуруунд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуй, зүүн өвдөгт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Т.Д нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 40 дэх тал) ба шүүгдэгч Г.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2110020421222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Над торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Над оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ