Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
Хэргийн индекс | 155/2017/00143/И |
Дугаар | 00036 |
Огноо | 2017-08-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 00036
П.Одгэрэлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч П.Одгэрэл, хариуцагч Г.Далайхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 572 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Далайхүү, Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нарт холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч П.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Амартүвшингийн хүсэлтийн дагуу 700,000 төгрөгийг 20 цаг 30 минутад Гүндийн Далайхүүгийн 5890520198 тоот дансанд шилжүүлсэн. Иргэн Амартүвшин 2, 3 хоногийн дотор төлнө гэж хэлсэн боловч түүний өгсөн утсаар мөнгөө авъя гэж хэлэхэд бие муу байна гэсээр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Алтанхүү гэгч бие муутай эмэгтэй ирж уулзаад уйлан хайлан бүх зовлонгоо тоочин яриад өмнөх 700,000 төгрөгийг манай дүү Далайхүү авсан, Би 2,300,000 төгрөгөөр зээлээ хаагаад Капитал банкнаас дахин үл хөдлөхөө барьцаалан зээл 5,000,000 төгрөг авна, Тэгээд би дүүгийнхээ авсан мөнгөтэй 3,000,000 төгрөгийг таньд өгөөд яаралтай хот руу эмчилгээнд явна гэж ярьсан. Тэр үед миний үлдсэн хөрөнгө Bighorn 76-96 дугаартай машин байгаа, тэрийг минь барьцаанд авч бай гэж баримтыг өгсөн. Ингээд тохиролцсон зээлийн гэрээг хийж бөөн баяр болж би заавал хот явна, нэг жилээ даах эмчилгээгээ хийлгэхээр боллоо гээд л явсан.
Утас нь холбогдохгүй болохоор нь хэд хоногийн дараа очиход бүр их бие нь муудсан байсан. Тэр өдрийн маргааш нь нас барсан байсан. Нас барахаас нь өмнө ээж, эгчтэй нь уулзахад шүүхэд нэхэмжлэл гаргаад албан ёсоор мөнгөө аваарай гэсэн.
Эгч Бадмаахүүгээс нь 49 хоногийн дараа машиныг авч борлуулж мөнгөө авъя гэж хэдэн удаа ярьж уулзсан боловч намайг дарамталлаа гээд цагдаад гомдол гаргаад би хэрэгтэн болсон.
Түүнээс хойш 3 дахь жилийн нүүрийг үзлээ. Иймд миний анх өгсөн 700,000 төгрөгийг Г.Далайхүүгээс, мөн дараа нь талийгаач Г.Алтанхүүд өгсөн 2,300,000 төгрөгийг түүний барьцааны машиныг борлуулсан эзэн Г.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нарт холбогдох 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж дараа нэхэмжлэл гаргахаар татан авч байна. Харин хариуцагч Г.Далайхүүгээс гаргуулах 700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаахүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний талийгаач дүү Г.Алтанхүү нь өвчний учир 2014 оны 11 сард нас бараад 2 жил 5 сар гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд түүний өвийг хариуцагч миний ээж П.Доржсүрэн, дүү Г.Далайхүү болон Д.Бадмаахүү нар нь хүлээн аваагүй болно.
Өв нээгдсэнээр өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгддөг бөгөөд нэхэмжлэгч П.Одгэрэл өв залгамжлалын асуудлыг мэдэхгүй бид нарыг өвлөгч гэж ойлгон өв залгамжлагч бус хүмүүст хандан нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад дурдсанаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй юм байна. Гэтэл хариуцагч болоод байгаа иргэн Г.Далайхүүү болон Д Бадмаахүү би дээр дурьдсан хуулийн заалтад байгаа аль ч ангилалд хамаарахгүй байгаа буюу бид 2 талийгаач дүү Г.Алтанхүүгийн хууль ёсны өвлөгч биш юм. Миний ээж П.Доржсүрэн мөн өв нээлгээгүй, өв хүлээн аваагүй.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг юм байна. Бид өвлөгч биш тул надад хариуцагч бид нарт эд хөрөнгө өвлөгдөхгүй, улмаар өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх боломжгүй.
Миний ээж иргэн П.Доржсүрэн, Г.Далайхүү болон Д.Бадмаахүү би талийгаач дүү Г Алтанхүүгийн өв хүлээн авсан өвлөгч биш тул бид нэхэмжпэгч П.Одгэрэлийн нэхэмжлэлд дурьдсанаар талийгаачийн буюу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээхгүй болохыг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн заалтад мөн тодорхой хуульчилсан байна.
Иймд нэхэмжлэгч П.Одгэрэлийн бид нарыг өвлөгч болгон өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаар татаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
700,000 төгрөгийг Г.Далайхүүд иргэн Амартүвшингийн хүсэлтээр шилжүүлсэн гэжээ. Хариуцагч Г.Далайхүү нь Б.Амартүвшин гэгч иргэнийг огт танихгүй, зүсийг нь хараагүй бөгөөд мөн нэхэмжлэгч П.Одгэрэлтэй мөнгө зээлэх зэрэг асуудлаар нэг ч удаа уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй, улмаар түүнтэй ямар нэг хэлцэл хийж мөнгө төгрөг зээлж аваагүй болно.
... Нэхэмжлэгч П.Одгэрэл нь 700,000 төгрөгийг Г.Далайхүүд зээлдүүлээд түүний дансанд нь шилжүүлнэ, Г.Далайхүү уг мөнгийг П.Одгэрэлд буцааж төлнө гэсэн гэрээ хэлцэл хийж байгаагүй. Талийгаач дүү Г.Далайхүүгийн банкны картыг ашигласан байж болох ч П Одгэрэл талийгаач дүүд мөнгө зээлдүүлээд, уг мөнгийг талийгаач Г.Далайхүүгийн дансанд шилжүүлэн авсны улмаас данс эзэмшигч Г.Далайхүү нь автоматаар зээлдэгч болохгүй. Иймд Ямар нэг гэрээ хэлцэл Г.Далайхүүтэй хийгээгүй атлаа данс эзэмшигч уг мөнгийг зээлсэн гэж үзэн 700,000 төгрөгийг Г.Далайхүүгээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
... Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг юм байна. Бид өв хүлээн аваагүй тул хариуцагч бид нарт эд хөрөнгө өвлөгдөөгүй, улмаар өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх боломжгүй буюу П.Одгэрэлийн нэхэмжлээд байгаа 3,000,000 төгрөгийг хариуцагч бид 3 төлөх хуулийн үндэслэл байхгүй байна гэдгийг тайлбарлаж байна.
... 5890520198 тоот данс нь Г.Далайхүүгийн эзэмшлийн данс боловч уг дансны карт нь талийгаач Г.Алтанхүүд явдаг байсан. Г.Далайхүү уг мөнгийг авч зарцуулаагүй харин Г.Алтанхүү авч зарцуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч П.Одгэрэлийн 700,000 төгрөгийг Г.Далайхүүгээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Г.Далайхүүгээс 700.000 /долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид П.Одгэрэлд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3-т зааснаар нэхэмжлэгч П.Одгэрэл нь хариуцагч Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нарт холбогдох 2.300.000/ хоёр сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.950 /жаран хоёр мянга есэн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Далайхүүгээс 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Далайхүү давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн “ТОДОРХОЙЛОХ НЬ” хэсэгт “Нэхэмжлэгч П.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Амартүвшингийн хүсэлтийн дагуу 700,000 төгрөгийг 20 цаг 30 минутад Гүндийн Далайхүүгийн 5890520198 тоот дансанд шилжүүлсэн. Иргэн Амартүвшин “2,3 хоногийн дотор төлнө" гэж хэлсэн боловч түүний өгсөн утсаар “мөнгөө авъяа” гэж хэлэхэд “бие муу байна” гэсээр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Алтанхүү гэгч бие муутай эмэгтэй ирж уулзаад уйлан хайлан бүх зовлонгоо тоочин яриад “бие муутай, нөхөргүй, 2 хүүхэдтэй, өнөө маргаашгүй эмнэлэг явахгүй бол бие маш хүнд байна” гээд арай гэж үгээ зөөн, зөөн хэлж, “өмнөх 700,000 төгрөгийг манай дүү Далайхүү авсан, би 2,300,000 төргөгрөөр зээлээ хаагаад Капитал банкнаас дахин үл хөдлөхөө барьцаалан зээл 5,000,000 төгрөг авна. Тэгээд би дүүгийнхээ авсан мөнгөтэй 3,000,000 төрөгийг таньд өгөөд яаралтай хот руу эмчилгээнд явна...”гэжээ хэмээн дурдаад “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт “Нэхэмжлэгч П.Одгэрэл нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Г.Далайхүүгийн эзэмшлийн 5890520198 тоот данс руу 700,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хэргийн зохигч маргаагүй байна”. гээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаахүү нь “Г.Далайхүү нь уг мөнгийг зарцуулаагүй харин манай талийгаач дүү авч зарцуулсан” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэжээ.
Дээр дурдсан тайлбарт нэхэмжлэгч П.Одгэрэл “Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Амартүвшингийн хүсэлтийн дагуу 700,000 төгрөгийг 20 цаг 30 минутад Гүндийн Далайхүүгийн 5890520198 тоот дансанд шилжүүлсэн.”, Иргэн Амартүвшин “2,3 хоногийн дотор төлнө” гэж хэлсэн гэж нэхэмжлэгч өөрөө тайлбартаа бичсэн байна. Хариуцагч Г.Далайхүү би хариу тайлбартаа: “Хариуцагч Г.Далайхүү нь Б.Амартүвшин гэгч иргэнийг огт танихгүй, зүсий нь хараагүй бөгөөд мөн нэхэмжлэгч П.Одгэрэлтэй мөнгө зээлэх зэрэг асуудлаар нэг ч удаа уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй, улмаар түүнтэй ямар нэг хэлцэл хийж мөнгө төгрөг зээлж аваагүй болно. Нэхэмжлэгч П.Одгэрэл нь 700,000 төгрөгийг Г.Далайхүүд надад зээлдүүлнэ, дансанд минь шилжүүлнэ гэж нөгөө талаас Г.Далайхүү би уг мөнгийг П.Одгэрэлд буцааж төлнө гэсэн гэрээ хэлцэл хийж байгаагүй.’’гэж тайлбарласаар байхад намайг “маргаагүй” гэж үзсэн байна. Иргэн Амартүвшин “2,3 хоногийн дотор төлнө” гэж хэлсэн гээд нэхэмжлэгч тайлбартаа бичсэн нь намайг үг мөнгийг зээлээгүй гэдгийг нотолж байна. Энэ талаар би тайлбартаа өмнө дурдсан байсан.
Нэхэмжпэгч П.Одгэрэл тайлбартаа “өмнөх 700,000 төгрөгийг манай дүү Далайхүү авсан, би 2,300,000 төгрөгөөр зээлээ хаагаад Капитал банкнаас дахин үл хөдлөхөө барьцаалан зээл 5,000,000 төгрөг авна. Тэгээд би дүүгийнхээ авсан мөнгөтэй 3,000,000 төгрөгийг таньд өгөөд яаралтай хот руу эмчилгээнд явна...”гэсэн гэжээ Мөн Иргэн Амартүвшин “2,3 хоногийн дотор төлнө” гэж хэлсэн гэжээ. Үхсэн хүн уг хэлэх биш гэгчээр миний талийгаач дүүг гүтгэсэн гэж үзэж байна. Учир нь дээр бичсэнээр “өмнөх 700,000 төгрөгийг манай дүү Далайхүү авсан” гэж манай талийгаачийг хэлсэн гэж нэхэмжлэгч бичжээ. Энэ нь өөрөө П.Одгэрэл худал ярьж байгааг нотолж байна. Яагаад гэвэл би талийгаачийн дүү биш. Би эгч нь. Үүнийг П.Одгэрэл тооцоолж чадсангүй. Миний дүү миний өмнөөс зээлийг нь төлье гэж миний өмнөө хүнтэй уулзаад явах нь ямар ч тохиолдолд логикгүй үйлдэл юм. Өөрөө зээлсэн болохоор очиж уулзсан бөгөөд П.Одгэрэл амьд байгаагаар нь мөнгө төлүүлэх гэж зохиосон байна. Ер нь огт мөнгө аваагүй миний дансанд мөнгө шилжүүлсэн нь зээлийн гэрээнд тооцогддог, би энэ мөнгийг зээлээгүй гээд гаргасан тайлбар минь “маргаагүй” гэж тооцогдох ёсгүй гэж бодож байна.
Нэхэмжлэгч П.Одгэрэл нь тайлбартаа “мөнгөө нэхэж Б.Амартүвшингийн өгсөн утас руу залгахад “бие муу байна” гэж хэлсэн, дараа нь талийгаач дүү Г.Алтанхүү нэхэмжлэгч П.Одгэрэлтэй ирж уулзсан гэсэн нь миний бие Г.Далайхүүг уг мөнгийг зээлж аваагүй болохыг нотолж байгаа. Хэрэв Г.Далайхүү би уг мөнгийг зээлсэн бол иргэн Б.Амартүвшингийн өгсөн утасны дугаар буюу “мөнгөө авъя” гэж нэхэмжлэгчийн ярьсан утас миний утас байх учиртай, мөнгөө төлөх талаар дараа нь очиж уулзсан хүн нь Г.Далайхүү би байх ёстой байх. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбараас уг мөнгийг миний дүү Г.Алтанхүү зээлсэн болохыг бүрэн нотолж байна.
Харин нэгэнт дүү нас барсан тул нэхэмжлэгч эхний 700,000 төгрөгийг Г.Далайхүү гэж хүний дансанд хийсэн. Тэрийгээ би Г.Далайхүүд зээлсэн гээд ядаж 700,000 төгрөгөө олж олж авъяа хэмээн мэргэн санаа төрсөн гэж би хувь хүнийхээ хувьд бодож байгаа бөгөөд энийгээ гүйцэлдүүлэхээр намайг талийгаачийн “дүү” болгож зохион бичлэг бичин, Г.Алтанхүү нь өмнөх мөнгийг миний “дүү” зээлсэн гэж хэлсэн гэж худал зүйл зохиож, шүүхийг хууран мэхэлж байна.
Хамгийн гол нь нэхэмжлэгч П.Одгэрэл нь 3 сая төгрөгийг талийгаач дүү Г.Алтанхүүд зээлдүүлж, хугацаа, хүү тохирч, гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.Одгэрэл, хариуцагч миний дүү Г.Алтанхүү нар эхэлж зээлсэн 700,000 нэмж сүүлд зээлсэн 2,300,000 төгрөгийн талаар зээлийн гэрээ нэгэнт байгуулсан байна. Гэтэл энэ гэрээг үл харгалзан ямар ч мөнгө зээлээгүй, гэрээ байгуулаагүй надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна. Миний дүү Г.Алтанхүү банкинд зээлтэй байсан тул миний картыг ашигладаг байсан. Өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авахаар банк нь зээлэндээ авчихдаг гэж ярьж миний картыг ашиглаж байсан нь үнэн. Миний дансаар шилжүүлж авсан мөнгөө Капитал банкныхаа зээлэндээ төлсөн гэдэгт би эргэлзэхгүй байна. Шүүх хавтас хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд нь хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй, нотариатаар гэрчлүүлээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй гэжээ. Хаан банкны депозит дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үнэлээгүй юм бол ямар нотлох баримтаар намайг 700,000 төгрөгийг зээлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Би тайлбартаа “Ямар нэг гэрээ хэлцэл Г.Далайхүүтэй хийгээгүй атлаа данс эзэмшигч уг мөнгийг зээлсэн гэж үзэн 700,000 төгрөгийг Г.Далайхүүгээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.”гэж бичсээр байхад зохигч тал маргаагүй гэж анхан шатны шүүх үзсэн байна. Миний дансанд шилжиж орж ирсэн мөнгө нь автоматаар зээлсэн мөнгө болох ёсгүй байх гэж бодож байна. Тэгвэл Монгол Улсын иргэний дансанд өөр данснаас мөнгө шилжүүлснийгээ шилжүүлсэн тал нь “би данс эзэмшигчид зээлсэн юм аа” гэж шүүхэд нэхэмжлэл гаргадаг, шүүх нь дансанд нь мөнгө орсон л бол зээлсэн гэж үзнэ” гэж шийдээд байвал хуулийн хэрэг байх шаардлага байна уу. Аливаа нэг иргэний дансанд өөр нэг иргэнээс мөнгө шилжиж орж ирснийг нөгөө тал нь маргавал түүнийг автоматаар “зээлийн гэрээ” гэж үздэг шүүхийн практик тогтоогүй байх. Давж заалдах шатны шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна.
Иймд энэ бүх нөхцөл байдлыг харгалзан миний бие-хариуцагч Г.Далайхүүгээс 700,000 /долоон зуу мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Одгэрэлд олгохоор шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч П.Одгэрэл нь хариуцагч Г.Далайхүү, Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нарт холбогдуулан зээл 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авч, хариуцагч Г.Далайхүүгээс 700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгч П.Одгэрэл нь хариуцагч Г.Далайхүүгээс 700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч П.Одгэрэлийн шүүхэд гаргаж буй “...Амартүвшингийн хүсэлтээр түүний хэлсэн дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн, хэд хоногийн дараа талийгаач Г.Алтанхүүтэй уулзаж банкнаас зээл аваад таны мөнгийг өгье гэхээр нь итгээд нэмж 2,300,000 төгрөг өгсөн, зээлийн гэрээ хийж 76-96 УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан, зээлсэн мөнгийг нь өгчих байх гэж 3 жил хүлээсэн...” гэх тайлбараар талийгаач Г.Алтанхүү нь 3,000,000 төгрөгийг зээлж авсан болох нь тогтоогдож байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Одгэрэл хариуцагч Г.Далайхүү нарын хооронд мөнгө зээлэх талаар ямар нэг хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгчийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бэлэн бусаар шилжүүлсэн 700,000 төгрөгийг хүлээн аваагүй болох нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас 700,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүх нэхэмжлэгч П.Одгэрэл хариуцагч Г.Бадмаахүү, Доржсүрэн нарт холбогдуулан гаргасан 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан, дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.
Харин шүүх нэхэмжлэгч П.Одгэрэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээний хуулбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтанд үнэлээгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа хариуцагч Г.Далайхүүгийн дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаахүү өөрийн гаргасан тайлбар, татгалзлалыг нотлох баримтыг ирүүлээгүй, хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч Г.Далайхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.
Иймд П.Одгэрэлийн 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 572 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч П.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “3. нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
Т.ГАНБАТ