Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

Шүүгдэгч Т.Т ,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Т.Т-д холбогдох 1734004900009 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Т , Улаанбаатар хот Багануур дүүрэгт 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, “Хан ийст дриллинг” ХХК-д хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УГ

 

Т.Т  нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Зүүн салтгар” гэх газар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг “Хан Ийст дриллинг” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасан “Аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэний ажиллуулах мөн хуулийн 17.4 дэх хэсэгт заасан “Ажлын байранд зохих сургалт явуулж, ажилтнуудыг хамруулж, шалгалт авч байхыг ажил олгогч хариуцна гэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дээж авагч Э.Тимүүрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Т.Т г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

        Шүүгдэгч Т.Т  цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

            Хохирогч УХ94061717 дугаарын регистртэй, Боржигон овгийн Эрдэнэтуяагийн Тимүүр нь нөхөн төлбөртэй холбоотой баримтаа, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний хариуцагч “Хан Ийст Дриллинг” ХХК-иас жич нэхэмжлэх эрхтэйг,

“Хан Ийст Дриллинг” ХХК нь хохирогч УХ94061717 дугаарын регистртэй, Боржигон овгийн Эрдэнэтуяагийн Тимүүрийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлсөн төлбөрөө шүүгдэгч Т.Т гаас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаартай тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Шүүх шүүгдэгч Т.Т г “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ" гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, бусад эрхээр хохирсон иргэн Э.Түмүүрийн эрх ашиг сонирхол болон хэргийн бодит байдлыг зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолд дүгнэлтийн үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй болно.

Төв аймгойн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Зүүн салтгар" гэх газар Мон дулаан ХХК-ийн талбай дээр "Хан Ийст дриллинг" ХХК-ийн өрмийн мастер Б Эрдэнэбаярын удирдлага дор өрмийн туслах Эрдэнэ-Очир, зайлагч Тимүүр нар өрөмдлөгийн үйл ажиллагаанд туслан ажиллаж байхад өрмийн зайлагч Э Тимүүр турба тайлдаг нугасан түлхүүрийн ишэнд цохигдон хүндэвтэр гэмтэл авч хохирсон юм.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ЭТимүүрт хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт "Хан Ийст дриллинг" ХХК-ийн хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай Т.Т г гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотолгоо нь хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай Т.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм бүрууг бүрэн нотолоогүй гэж үзэж байна. Т.Т гийн "ажлын байрны тодорхойлолт", "хөдөлмөрийн гэрээ", Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" сургалтанд хамрагдаж эрх бүхий этгээдээс олгосон эрхийн үнэмлэх баримт бичиг зэрэг нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хийсэн "дүгнэлт" шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгааг харуулж байна.

Хоёр. "Хан Ийст дриллинг" ХХК-ийн хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай Т.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай гэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлтэд "ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ..." гэж үзэж байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Т  "... Би тухайн үед осол болсон хэргийн газар байгаагүй” гэж мэдүүлсэн /ХХ-1-13-14, 15 дугаар хуудас/ байхад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлтэд "...шүүгдэгч Т.Т-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ..." гэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

2017 оны 09 сарын 17-ны өдөр Эрдэнэбаяр, Эрдэнэ-Очир, Тимүүр нарын 13 хүнд "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчлагаа" өгсөн бүртгэл /XX-065 хуудас/ хэрэгт авагдсан боловч уг "Бүртгэл"-ийг ХАБЭА-н зохицуулагч Т.Т  эсвэл өөр хэн нэгэн үйлдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Гурав. Хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай Т.Т д холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлтэд "онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй" байна.

Анхан шатны шүүхийн "Шүүх шүүгдэгч Т.Т г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт. хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ" гэсэн дүгнэлт нь уг хэрэгт онцгой ач холбогдолтой нотлох баримтууд шинжээч Н.Цэцэг-Эрдэнийн мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчээр ажиллаж гаргасан шинжээчийн дүгнэлт хоорондоо эрс зөрүүтэй, мөн шинжээч Н.Цэцэг-Эрдэнийн мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчээр ажиллаж гаргасан шинжээчийн дүгнэлт нь уг хэрэгт нотлох баримтаар авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Хан ийст дрилинг ХХК-ийн Ерөнхий захирал Ө Мөнх-Уянгийн гарын үсэг зурж компанийн тамга дарж баталгаажуулсан "Өрөмдлөгийн ажлын аюулгүй ажиллагааны зааварчлагаа", "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа ажил үүргийн хуваарь", 2017 оны 09 сарын 17-ны өдөр үйлдсэн гэж 'Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт", Хан ийст дрилинг ХХК-ны Үйлдвэримн осол судлан бүртгэх № 1 зэрэг нотлох баримттай эрс зөрүүтэй, ялгаатай байхад тэдгээрийг үгүйсгэх үндэслэлийг шүүхийн тогтоолын дүгнэлтэд тусгаагүй байна.

Дөрөв. Хан Ийст дриллинг" ХХК-ийн хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай Т.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай гэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна гэж үзлээ

Шүүх шүүгдэгч Т.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн дүгнэхдээ "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй" гэдгийг тогтоогоогүй байна. Шүүх шүүгдэгч Т.Т  ямар хууль, түүний зүйл заалт болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, ямар гэрээ хэлцлээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангаагүй талаар шийтгэх тогтоолдоо дүгнээгүй байна.

Шүүхээс "Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэснийг хангаагүй байна.

Шүүх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээнии акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дугаар зүйлийн 17.3, мөн зүйлийн 17.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хан Ийст дриллинг" ХХК-ийн хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай Т.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 -д заасан гэмт хэрэгт гэм буруутай гэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолтой хэрэгт Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн хохирол, хор уршиг", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн "Нотолбол зохих байдал" 1.5 дах хэсэг "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ" зэргийг тогтоох арга хэмжээ авагдаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн баримт нотолгоо байхгүй, гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаагүй байхад шүүх тэмт хэргийн улмаас учирсан хүндэвтэр хохирол учирч эмчилгээ хийлгэсэн талаарх хохирол нөхөн төлөгдсөн  "...  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ... шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн тал дээр маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн ... “ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ... шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Хан Ийст дриллинг ХХК-ийн хөдөлмөр хамгааллын зохицуулагч ажилтай Т.Т г гэм буруутай гэж тогтоосон Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл "Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх"-ийг, мөн хуулийн 39.7 дугаар зүйл "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх"-ийг тус зөрчсөн тул мөн хуулийн 39.5 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтэдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалтын шатанд бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтаар гэм буруутайг нь тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Т.Т  2014 оноос уг компанид ажиллаж байгаа. Хохирол төлбөр төлөгдөөгүй гэж хохирогч өөрөө л мэдүүлж байгаа болохоос хавтаст хэрэгт 3.652.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн баримт байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн Т.Т  гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан тайлбартаа: 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчийн гэм бурууг бүрэн нотлоогүй. Нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Шинжээч Цэцэг-Эрдэнэ нь 3 өөр дүгнэлт гаргасан байдаг. Энэ хүний дүгнэлтийг үндэслэж шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Т.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийг сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй байна.

 

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой бус байна. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох Т.Т гийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдаагүй байна.

Шүүгдэгч Т.Т г 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Хан Ийст дриллинг” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасан “Аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэний ажиллуулах мөн хуулийн 17.4 дэх хэсэгт заасан “Ажлын байранд зохих сургалт явуулж, ажилтнуудыг хамруулж, шалгалт авч байхыг ажил олгогч хариуцна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хөрсний дээж авагч Э.Тимүүрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэж анхан шатны шүүхээс буруутгасан үндэслэл хавтаст хэрэгт хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүд тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Т.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

                    

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

             ШҮҮГЧИД                                                          Т.ЭНХМАА

 

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ