Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0163/З |
Дугаар | 221/МА2023/0694 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0694
Т.О, Ц.Н нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Гуравдагч этгээд А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч Т.О-ны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч Т.О-ны “В х” ХХК-ийн үйлдсэн 699.6 м.кв талбай бүхий газар, нэхэмжлэгч Ц.Н-ны “К л” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 705 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О
Гуравдагч этгээд Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Гуравдагч этгээд А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2023/0163/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.О, Ц.Н нараас нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч Т.О-ны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч Т.О-ны “В х” ХХК-ийн үйлдсэн 699.6 м.кв талбай бүхий газар, нэхэмжлэгч Ц.Н-ны “К л” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 705 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Т.О-ны нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Т.О-ны хашааны дотор орсон байгаа Н.Б-ын өмчлөх 93 метр квадрат газарт холбогдох хэсэг нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, цаашид нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжийн Н.Б-т 400 метр квадрат газар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2020 оны 319 дүгээр захирамжийн Н.Б-ын 400 метр квадрат газрын эзэмших эрхийг сунгасан хэсэг, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжаар Н.Б-т өмчлүүлсэн 400 метр квадрат газрын Т.О-ны хашаа бүхий газарт орсон 93 метр квадратад холбогдох хэсгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргаас туст тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс 6 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжийн Н.Б-т 400 метр квадрат газрын эзэмших эрхийг сунгасан хэсгийн 93 метр квадратад холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжаар Н.Б-т өмчлүүлсэн 400 метр квадрат газрын 93 метр квадрат газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болсонд тооцохоор,
3 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.Н-ны Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Н-ны газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2003 онд нийслэлийн Газрын албаны дарга н.Ц түүний газрын албаны зүгээс хээрийн судалгаа хийж, алхдаг хэмжигч метр ашиглан нэр бүхий 4 иргэнд кадастр хийж газар олгоход хойд хэсгээрээ малтай айлын хашаатай урагш хэсэгт хашаагүй задгай газар байсан гэх ба өөр хүний эзэмшилд байх газарт илтэд давхардуулсан байдлаар зураглал хийж өгөөгүй нь тодорхой юм.
Тэгтэл 2003, 2004 оны үед хойд талын хөрш н.Б нь иргэн Н.Б-ын газрын баруун талаар хашаалаад миний газар гэж хэлдэг ба нэхэмжлэгч Т.О ч энэ үгийг давтан хэлдэг ба шүүгчийн гол нотлох баримт гэж заан ашигласан 2003 оны гар зураглалд машин орсон зам харгуй байхгүй зүлэг ногоон талбай байгаа нь илт харагдаж байгаа.
Харин 2012 оны сансрын зураг шиг машин орж гарсан зам харгуй байдаг ба энэ утгаараа дээрх хэсэг газрыг өөрийн эзэмшлийн болгож харагдуулахын тулд хашаагаа урагш хаалган гарган орж гарч, гарц замтай болгон он удаан жил улируулан хадгалсан нь аль эртнээс өөрийн эзэмшилд байсан мэт харагдуулах заль мэх гаргаж өнөөдөр миний газар гэж хэлж байгаа мэдүүлэгт итгэж түүний газар байсан байна гэж үзэж төөрөлдөх үндэслэл болж харагдаж байна.
Хариуцагч талууд болон нийслэлийн Газрын алба, Чингэлтэй дүүргийн Газрын алба нь 2005, 2006, 2011 онуудын мэдээллийн санд 555 бүртгэж кадастр хийж бүртгэлжүүлсэн мөртлөө 2018 он хүрч гэрээг шинэчлэн 400 м.кв, 2022 онд өмчлөлд өгөхдөө 400 м.кв газрыг нь өмчилж, 155 м.кв газрыг орц гарцаар үлдээсэн гэж тайлбарлаж байгаа нь Т.О болон эдгээр иргэд анхнаасаа 2003 оноос өөрсдийн эзэмшиж байгаа газраа кадастр хийж гэрээ байгуулж баталгаажуулахгүйгээр Н.Б-аас хашаалж авсан хэсэг газраа өөрийн болгох зорилго агуулж хашиж явсаар 2023 онд энд удаан амьдарч байсан иргэн, газар эзэмшигч мөн гэдгээр хэдэн хөгшинд үг зааж өгч шүүхийн танхимд гэрчлүүлэн шүүхээр шийдвэр гаргуулж байгаа нь Чингэлтэй дүүргийн Газрын албатай холбож хардах үндэслэл байна. Энэ ч 2022 онд иргэн Н.Б-т 555 м.кв газраас анх олгосон 400 м.кв газрыг өглөө үлдсэн 155 м.кв газрыг орц гарцад үлдээлээ гэдэг нь нэр бүхий 4 иргэний 2622 м.кв газрыг эзэмшдэг эдгээр нөхдүүдийн санаа зорилгыг гүйцэлдүүлэхэд чиглэсэн бусармаг ажил гэж ойлгогдож байна. Чингэлтэй дүүргийн газрын албанаас гаргаж өгсөн 2005 оны кадастрын зургаар иргэн Н.Б-ын хойд хэсэгт хамар хагаа байх ба нэр бүхий 4 иргэний газар нь баруун зүүн тийш гарцтай зураг байгаа юм.
2003, 2005, 2012 онуудын Чингэлтэй дүүргийн газрын албанд байгаа материалаас үзэхэд Н.Б хууль ёсны дагуу эзэмшээд ашиглаад явж байсан нь үйл баримтаар нотлогдож байгаа.
Шүүгч 2005 оноос өмнөх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэсэн боловч 2003 оны зурагт тусгагдсан хашааг мөн зам харгуйг шинжлэн судлаагүй байж шүүгч “Би үүнийг иш татаж шийдвэрлэнэ” гэсэн нь 2005 оноос өмнөх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэсэн үгээ үгүйсгэж, 2003 оны зураг барьж нэхэмжлэгч талд илтэд ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүгчийн гар доор 2005 оноос хойших эрх зүйн бичиг баримт холбогдох баримт сэлт болон нэр бүхий 4 иргэний газрын кадастр зургаар нэхэмжлэгч талын нэхээд байгаа газарт хамааралгүй болох нь харагдсаар байтал нотлох баримтыг үгүйсгэсэн, ашиглалгүй шийдвэрлэсэн нь гайхлыг төрүүлж байна.
Гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтээс 2 заалтыг хангаагүй түүнчлэн Чингэлтэй дүүргийн газрын албаны болон нийслэлийн газрын албаны төлөөлөгч нарт хүсэлтийг танилцуулаагүй, тэд ч хүсэлтийг танилцаагүй хурлын явцад хүсэлт гаргасныг мэдээгүй гэх хариуг өгсөн байтал нь шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан нь илт хууль зөрчсөн талуудын тэгш байдлыг хангаагүй алдаатай үйл ажиллагаа гэж үзнэ.
Гуравдагч этгээдийн хүсэлтийн 1 болох иргэн н.Б болон нэр бүхий 4 иргэний эзэмшлийн гэх 2662 м.кв талбайн нэгж талбар болон кадастрын зураглалын мэдээллээс харахад дээрх иргэдийн газрын хил нь нэхэмжлэгч талаас хууль бусаар алдсан гэх газартай ямар ч давхцалгүй харин хойд тал нь хамар хашаа маягаар хийгдсэн байгаад шүүгч ач холбогдол өгч нотлох баримтаар ашигласангүй.
Хариуцагч тал болох нийслэл болон Чингэлтэй дүүргийн газрын албанд гуравдагч талаас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан байхад хүсэлтийг хангахад чиглэсэн ажиллагааг дутуу гүйцэтгэж эс үйлдэхүй гаргасан нь өнөөдөр гуравдагч этгээдийн өмчийн эрхэд халдсан шийдвэр гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.
Иргэнд хуулиар олгогдсон боломжийг тухайн цаг үед нь ашиглаагүй бөгөөд энэхүү алдагдсан боломжийг эргэн олж авах боломжгүй гэж үзэж байгаа ба шүүгчийн энэ шийдвэрийн үр дүнд Улаанбаатар хотод газар өмчлөх хуулийн дагуу гэр бүлийн зориулалтаар 0.7 га, зуслангийн зориулалтаар 0.4 га газраа олж авч чадаагүйгээс өөрийн мөнгөн хуримтлалаас зохих хөлс мөнгийг төлж худалдан авсан жирийн иргэн хохирох ёсгүй гэж үзэж байна. Шударга замаар олж авсан эд хөрөнгийг хуулиар хамгаалах ёстой гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2 иргэн тус бүрийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, уг эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан байсан. Эндээс Т.О, Ц.Н нар нь тус тусдаа шаардлага бүхий 2 өөр агуулгатай, захиргааны 2 тусдаа шийдвэртэй нэхэмжлэл гаргасан байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хамтран нэхэмжлэгчийн хүрээнд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн. Т.О, Ц.Н нар нь тус тусдаа Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан. Тухайн байгууллагаас 2 иргэнд хамтатган шийдвэр гаргаагүй бөгөөд тус бүрт нь захиргааны акт гаргаж, бичгээр хариу мэдэгдсэн. Энэхүү хариу нь иргэн тус бүрд өөр өөр үр дагаврыг үүсгэсэн байдаг. Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөр агуулга бүхий 2 нэхэмжлэлийг нэг байдлаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгаа. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу 2 нэхэмжлэгч өөр өөрийн нэхэмжлэлийн хүрээнд төлөх ёстой байтал нэг улсын тэмдэгтийн хураамжийг төлж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э, А.Э нарын хувьд Ц.Н-ны нэхэмжлэлийн тухайд эрх ашиг хөндөгдөөгүй, харин Т.О-ны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх ашиг нь хөндөгдсөн юм.
Гуравдагч этгээдийн зүгээс дээрх ойлголтын талаар шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай, уг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар хэлсэн боловч шүүхээс хэргийг нэг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар хэлсэн боловч шүүхээс хэргийг нэг нэхэмжлэлийг хүрээнд шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Ц.Н-ны нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэг яригдаагүй бөгөөд Ц.Н-д газар эзэмших эрх олгох боломжтой талаар хариуцагчаас тайлбарласан байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг эвлэрүүлэх боломжтой талаар шүүх ажиллагаа хийгээгүй.
Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч Т.О, Ц.Н нарыг маргаан бүхий байршилд он удаан жил амьдарч байсан эсэхтэй мараагүй байдаг. Маргаан гол зүйл нь Т.О-ны амьдарч байсан гэх газартай, гуравдагч этгээдүүдийн худалдан авсан газар 93 м.кв газрын давхцалтай хэсэг байсан. 2003 онд нийслэлийн Газрын албаны дарга н.Ц гэж хүн түүний газрын албаны зүгээс маргаан бүхий байршилд хээрийн судалгаа хийж, алхдаг хэмжигч метр ашиглан нэр бүхий 4 иргэнд кадастр хийж өгсөн байдаг. Уг 4 иргэний нэг Т.О өөрөө юм. Уг баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан.
Тус кадастрын зургийн дагуу иргэн Н.Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмших болсон. Тухайн газрыг нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/319 дүгээр шийдвэрээр 15 жилийн хугацаатай сунгасан. Энэ хугацаанд 2003 онд хийгдсэн кадастрын зураг болон эзэмшиж байгаа газарт ямар нэг өөрчлөлт ороогүй. Харин Т.О нь 2003 онд кадастрын зураг хийгдсэнээс хойш хашаагаа сунгаж Н.Б-т өгөгдсөн байсан 400 м.кв-аас 93 м.кв талбайг хашаалж авсан. Энэ үйл баримтыг нотлох зорилгоор талуудын хүсэлт болон шүүхээс явуулсан ажиллагаагаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зургаас 2005 оноос өмнөх сансрын зураг гараагүй. Эндээс үзэхэд энх Т.О ямар газар эзэмшиж байсан, тухайн газрын хэмжээ хэд болох, Н.Б-ын газартай давхцуулж хашааг хэдэн онд татсан зэргийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч нь 2003 оны Н.Б-т олгосон газрын кадастр, Т.О-ны газартай давхацсан гэж шийдвэрлэсэн нь нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э-ийн төлөөлөгчийн зүгээс 08 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанд маргаан бүхий үйл баримтын талаар голлох нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргахад шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс уг баримтууд байгаа гэдгийг мэдэгдсэн. Гэтэл шүүх хуралдаанд уг баримт ирээгүй тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж, нотлох баримт гаргуулахаар дахин хүсэлт гаргасан боловч шүүгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүгч нь өөрийн гаргасан өмнөх захирам биелэгдээгүй байхад уг асуудлыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Н.Б, н.О, н.Ц нарын 3 иргэний газрын кадастрын зураг, 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Т.О, н.Ж, н.Э, н.Б нарын 4 иргэний газрын кадастрын зургийг нотлох баримтаар өгч, уг баримтыг нотлох баримтаар өгч, уг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хариуцагчаас гаргуулсан. Уг баримтаар Т.О-ны газар нь иргэн Н.Б-ын газартай ямар нэг байдлаар давхцаагүй байдлаар зурагдсан байсан. 2003 оны кадастрын зураг, 2011, 2012 оны кадастрын зураг, 2022 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авахад хийгдсэн кадастрын зургаар тус тус Н.Б-ын эзэмшиж байсан газарт ямар нэг давхцал байхгүй байхад шүүхээс 2005 оны сансрын зургаар Т.О-ны газартай 93 м.кв газраар давхацсан гэж шийдвэрлэсэн хууль зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 705 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Т.О, Ц.Н нараас нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч Т.О-ны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч Т.О-ны “В хс” ХХК-ийн үйлдсэн 699.6 м.кв талбай бүхий газар, нэхэмжлэгч Ц.Н-ны “К л” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг тус тус нэхэмжлэгч нарт олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.О-ны ээж Д.Ж маргаан бүхий газарт 1991 оноос хойш амьдарч байсан болох нь Улаанбаатар хотын зуслангийн товчооноос 1991 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Ж-т олгосон Зуслангийн сууцны үнэмлэх, цахилгаан эрчим хүчийг түр хэрэглэх зөвшөөрөл, цахилгаанаар хангах гэрээ, цахилгааны төлбөр төлсөн баримт, фото зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон, уг газрыг нэхэмжлэгч Т.О, Ц.Н нар одоог хүртэл зуслангийн зориулалтаар ашиглаж ирсэн байх боловч газар эзэмших эрхээ баталгаажуулахаар 2022 оны 04 дүгээр сараас өмнө аливаа байдлаар хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд ийнхүү 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг Н.Б-т өмчлүүлсэн газартай давхацсан гэх үндэслэлээр татгалзсан байна.
2.3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар анх Н.Б-т Чингэлтэй дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн зуслан нэртэй газарт 400 м.кв газрыг эзэмшүүлсэн, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан, улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/753 дугаар захирамжаар уг газрыг Н.Б-т өмчлүүлжээ.
2.4. Хэдийгээр Н.Б-ын хувьд газар эзэмших эрхээ 2003 онд баталгаажуулж, улмаар 2022 онд өмчилж авсан байх боловч түүний өмчлөлийн 400 м.кв газрын 93 м.кв газар нь нэхэмжлэгч Т.О-ны кадастрын зураг хийлгэсэн, эзэмшихээр хүсэлт гаргасан газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын 2001 оноос хойш амьдарсан, газар эзэмших хүсэлт гаргах эрх нь түрүүлж үүссэн газраас 93 м.кв газрыг хээрийн судалгаа хийхгүйгээр Н.Б-т эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байх боловч шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Т.О, Ц.Н нарын 2001 оноос эзэмшиж байсан газрын хил зааг болон Н.Б-т анх 2003 онд эзэмшүүлсэн газрын хил зааг бүрэн дүүрэн, тодорхой тогтоогдохгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.
2.6. Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй анх Н.Б-т газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/753 дугаар захирамжаар Н.Б-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2.7. Тодруулбал, нэхэмжлэгч нар нэгэнт хүчингүй болсон буюу эрх зүйн үр дагаваргүй болсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хүчингүй болсон актуудыг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч Т.О-ны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.8. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, мөн хуулийн 107.7-д “... Тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байх” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.9-д “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу хариуцагч нараас энэхүү шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, шийдвэрт заасан үндэслэл журмын дагуу шинээр захиргааны акт гаргах, маргаан дахин үүсэхгүй нөхцөл байдлыг бий болгох үүрэгтэй гэдгийг анхааруулж тэмдэглэсүгэй” гэж захиран тушаах хэлбэрээр бичиж хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх тул бичиглэлийн хувьд дээрх алдааг цаашид гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
2.9. Эдгээрээс гадна анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т хуулийн зүйлийг бичилгүй орхигдуулсны зэрэгцээ утга найруулгын алдаа гаргажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, гуравдагч этгээд Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 705 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 дугаар захирамжаар Н.Б-т өмчлүүлсэн 400 м.кв газрын Т.О-ны хашаа бүхий газартай давхацсан 93 м.кв газарт холбогдох хэсгийг нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг нийслэлийн Засаг даргын 2022 оны А/753 захирамжаар Н.Б-т өмчлүүлсэн 400 м.кв газрын 93 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж,
Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.О, Ц.Н нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамж, 2020 оны А/139 дүгээр захирамжийн Н.Б-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч Т.О-ны газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж, 5 дахь заалтын дугаарыг “6” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН