Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0-463/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нохойнхон овогт Баатарын Ганболдод холбогдох 201626011375 дугаартай, 188/2016/0100/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж чихэр боов” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эцэг, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн Баянцагаан бэлчирийн 10 дугаар гудамжны 07 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 33-12 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Нохойнхон овогт Баатарын Ганболд /РД:ПА87020216/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Ганболд нь 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8-79 тоотод оршин суух найз охин Б.Буянжаргалыг “бусадтай хардан мөн гэртээ байхгүй байна” гэх шалтгааны улмаас түүний эзэмшлийн “Samsung” маркийн 32 инчийн LCD зурагт, “BSB” маркийн шарах шүүгээ, хувцасны шүүгээний хаалга /тольтой/, угаалгын өрөөний ханын толь зэргийг санаатайгаар устгасан, “Samsung” маркийн бүрэн автомат угаалгын машин, зурагтын тавиур, модон сандал, ханын модон өлгүүр зэргийг санаатайгаар гэмтээсэн бөгөөд нийт 1,760,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

Шүүгдэгч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би “Өгөөж чихэр боов” ХХК-ний ажлаасаа тараад хөдөөнөөс орж ирсэн 2 найзтайгаа уулзаад, ойрд уулзаагүй болохоор тэр хоёр найзтайгаа зурагтын эцэст байдаг караокед ороод дуулж архи уусан, тэгээд архи ууж байхдаа найз хүүхэн Буянжаргалын гар утас руу залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа авхаар нь би Буянжаргалыг хаана байгаа талаар асуухад айлд байна гэж байсан тэгээд хэсэг хугацааны дараа ахин залгатал 25 дугаар эмийн сангийн ойролцоо байна гээд байсан тэгээд ахин залгатал утсаа авахгүй байсан тэгээд би шөнө 00-01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны 8-79 тоотод Буянжаргалын гэрт очсон бид хоёр угаасаа хамт байдаг учраас надад нэг хувь түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод гэрт нь ортол Буянжаргал гэртээ байхгүй байсан, би том өрөө рүү нь ороод зурагтыг нь асаах гэж байтал зурагтыг нь газар унагаасан, тэгэхээр нь би уурандаа зурагтыг нь хөлөөрөө дэвссэн, тэгээд угаалгын өрөөнд Буянжаргалыг байж магадгүй гэж бодоод ортол байхгүй байхаар нь угаалгын машиныг татаад унагаасан, тэгээд шарах шүүгээ, зурагтын тавиур, сандал, хувцасны шүүгээний хаалга, толинууд зэргийг эвдсэн байсан, мөн үүдний хананд байсан модон өлгүүрийг салгаж газар унагаасан тэгээд удалгүй цагдаа ирээд намайг шууд эрүүлжүүлэх байранд хүргэсэн. …Шарах шүүгээ, зурагт, хувцасны шүүгээ, толь зэргийг шинээр худалдаж авч өгсөн, харин угаалгын машин, сандал, зурагтын тавиур зэргийг засч янзалсан. …Надад Буянжаргалын эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй, дээрх эвдэрч гэмсэн эд зүйлүүд нь бүгдээрээ Буянжаргалын эд зүйл байгаа юм, миний өмчлөлийн эд зүйл байхгүй. …Буянжаргалын эд зүйлийг эвдэхэд гэрт нь ямар ч хүн байгаагүй, би ганцаараа байсан. …Би архи уусан согтуу байсан, Буянжаргал угаасаа гэртээ байхгүй байсан би Буянжаргалыг цохиж зодоогүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн  29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганболд миний найз залуу байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай ажлын эгч Долгормаагийн төрсөн өдөр болоод ТБД-андуудын ойролцоо байдаг гэрт нь ажлынхантайгаа хамт 18 цагийн орчим очсон, тэгээд тэнд байж байтал Ганболд өөрийн гар утаснаасаа залгаад явах болж байна уу наанаасаа хэзээ гарах гэж байна гэхээр нь арай болоогүй байна гэж хэлээд гар утсаа салгасан тэгэхэд надруу ахин дахин залгаад байхаар нь би гар утсаа аваагүй. ...Ганболд намайг байнга харддаг, манай ажлынхан мэддэг. Тэгээд тэндээс гараад явж байгаад Ганболдын утсыг авахад хэнтэйгээ байгаад гар утсаа авдаггүй юм бэ, би зурагтад байна чи ирээд намайг аваадах гэхээр нь би яахаараа чамайг очиж авдаг юм бэ гээд гар утсаа салгасан, тэгээд би 21 цагийн орчим гэртээ иртэл Ганболд мөн залгаад ална чи намайг харах уу, чи өөр хүнтэй байгаа болохоор гар утсаа авахгүй байна уу гээд хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь гар утсаа салгасан, тэгээд гэртээ унтаж байтал шөнө 00 цагийн орчим манай доод орцны хаалга хүчтэй дугараад байхаар нь би Ганболдыг ирж байна гэж мэдээд хувцасаа өмсч гараад дээд талын давхар луу гарсан, тэгтэл Ганболд манай хаалгыг 2-3 удаа нүдээд шууд түлхүүрээр манай хаалгыг онгойлгоод гэрт орсон, тэгээд дотор юм эвдээд байгаа чимээ гараад байсан болохоор би шууд 102 луу дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирээд Ганболдыг аваад явсан. Дараа нь би гэртээ ороход манай гэрийн том өрөөнд байсан Самсунг маркын 32 инчийн LCD зурагтыг унагаагаад эвдсэн, мөн зурагтын модон тавиурыг бас эвдсэн байсан, том өрөөний гал тогооны хэсгийн хоолны шүүгээн дээр байсан ВSВ маркийн улаан нүүртэй хар өнгийн шарх шүүгээ, мөн модон сандал, унтлагын өрөөнд байсан шаргал өнгийн хувцасны модон шүүгээний нэг хаалгыг салгаж эвдсэн байсан тэр хаалганд байсан зуйван хэлбэртэй толийг хагалсан байсан, угаалгын өрөөнд байсан Самсунг маркийн бүрэн автомат угаалгын машиныг нүүрээр нь газар унагаагаад эвдсэн байсан, бас угаалгын өрөөнд байсан жижиг толийг хагалаад угаалгын баннанд хийсэн байсан, тэгээд үүдний коридорын хананд байсан модон өлгүүрийг салгаад шалан дээр хаясан байсан, өөр эд зүйл эвдээгүй байсан. …2013 онд гэрийнхээ бүх тавилгыг шинээр нь авч байсан, цахилгаан барааг ВSВ-гээс, харин тавилгуудыг Сохо мебель дэлгүүрээс авч байсан, Самсунг маркийн 32 инчийн LCD зурагтыг 600.000 төгрөгөөр авч байсан, зурагтын модон тавиурыг 250.000 төгрөгөөр авч байсан, ВSВ маркийн улаан нүүртэй хар өнгийн шарх шүүгээ 799.000 төгрөгөөр, модон сандалыг 70.000 төгрөгөөр, шаргал өнгийн хувцасны модон шүүгээг 650.000 төгрөгөөр авч байсан, хаалганд байсан зуйван хэлбэртэй толь нь дээрх үнэндээ шингээд орж байгаа, Самсунг маркийн бүрэн автомат угаалгын машиныг 700.000 төгрөгөөр авч байсан, угаалгын өрөөнд байсан жижиг толийг нь 20.000 төгрөгөөр, үүдний коридорын хананд байсан модон өлгүүр 10.000 төгрөгөөр тус тус авч байсан. …Дээрх эд зүйлүүдийг манай найз залуу Ганболд захиран зарцуулах эрх байхгүй, бүгдээрээ миний өмчлөлийн эд зүйл байгаа. …Би Ганболдтой гэрлэлтээ батлуулаагүй, бид хоёр зүгээр л үерхдэг байсан. …Б.Ганболдод манай гэрийн нэг илүү түлхүүр байдаг, би энэ талаар мэднэ, би өөрөө зөвшөөрөөд Ганболдод гэрийн түлхүүрээ өгсөн байсан. …Дээрх эвдэрсэн эд зүйл дунд Ганболдын өмчлөлийн зүйл байхгүй, …Ганболд намайг цохиж зодоогүй, өмнө нь ч зодож байгаагүй. …Би Ганболдтой 2015 онд “Өгөөж чихэр боов” ХХК-д хамт ажиллаж байгаад танилцсан, Ганболдтой өдийг хүртэл найзалж байгаа, Ганболд Ховд аймагт төрсөн Сэлэнгэ аймагт харъяалагддаг, ээж, дүү нар нь Био комбинатад хөдөө мал дээр байдаг гэсэн, хотод Баянхошуунд нэг эмэгтэй дүү нь байдаг, Ганболд урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, …Ганболд жаахан түргэн ууртай амархан уур нь гардаг нилээн хартай, дуу цөөтэй, надтай илэн далангүй байдаг мөртлөө өөр хүмүүстэй тийм байж чаддаггүй, гоц гойд авъяас гээд байхаар зүйл байхгүй.  …Би Ганболдод гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, Ганболд миний зурагт, шарх шүүгээ, хувцасны шүүгээ /тольтойгоо/, угаалгын өрөөний толь, зэргийг шинээр худалдан авч өгсөн, харин угаалгын машин сандал зурагтын тавиур ханын модон өлгүүр, зэргийг засч янзалж өгсөн, одоо надад ямар ч хохирол байхгүй. ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 х/

 

Гэрч Б.Цэцэгчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганболд нь миний төрсөн ах байгаа юм. …Манай ах согтуу байхдаа 2016 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Хилчин хотхонд найз хүүхэн Буянжаргалынхаа гэрт нь очоод хамаг эд зүйлийг нь эвдсэн гэсэн яг болсон хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байна. …Манай ах Ганболд миний хамгийн том ах байгаа юм, манай ах 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 10-н жилийн сургуулиа Ховд аймгийн Алтай сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, түүнээс хойш дандаа мал дээр байж байгаад саяхан 2012 онд Улаанбаатар хотод орж ирээд Залуус хорооллын барилга дээр жолоочийн ажил хийж байгаад 2014 онд “Өгөөж чихэр боов” ХХК-д жолоочоор ажилд орсон, одоогоор уг ажилаа хийж байгаа, манай ах урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдоод ял шийтгэл эдэлж байгаагүй, манай ах дуу цөөтэй даруухан зантай харин бага зэрэг түргэн ууртай болохоос уг нь гайгүй, манай ах гоц гойд авъяас чадвар гээд байхаар зүйл байдаггүй юм, эхнэр хүүхэд байхгүй, “Өгөөж чихэр боов” ХХК-д ажилд орсоноосоо хойш Буянжаргал гэх хүүхэнтэй үерхдэг болсон тэр хүүхэн уг компанид менежерийн ажил хийдэг юм шиг байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

          Б.Ганболд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 х/, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Буянжаргалын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 х/ зэргээр  нотлогдсон байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгч Б.Ганболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

             Б.Ганболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Б.Ганболдын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Б.Ганболд нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, ахуйн хүрээнд үйлдэгдсэн, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,

295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нохойнхон овогт Баатарын Ганболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганболдыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганболдын эдлэх 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Б.Ганболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ганболдод оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Ганболд-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ