Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 24 өдөр           Дугаар 128/ШШ2019/0398           Улаанбаатар хот

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: ХУДП Л.Ц,

Хариуцагч: ХУД УБ Б.Б,

Прокурорын дүгнэлт: “ХУД УБ Б.Бийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Ш.Б, Д.С нарын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан 01753--, 01753-- дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  дүгнэлт гаргагч хяналтын прокурор М.Э, хариуцагч байцаагч Б.Б, гэрч Ш.Б, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мандахтуяа нарыг оролцуулав.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Л.Ц******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

ХУДП Л.Ц би, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 01753- дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.Бг, 01753-3 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.С нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, торгуулийн шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 02-03-055/16-18018- дугаартай материалыг хянахад:

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Хивсний үйлдвэрийн хашаанд байрлах “Н” супермаркетаас иргэн Т.Т нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр муудсан бяслаг худалдан авсан гэх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээ авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Ш.Б, Д.С нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар буюу “бараа, бүтээгдэхүүн, бодис бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол” гэх заалтыг дагуу тус бүрийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Материалд цугларсан нотлох баримт болох холбогдогч Ш.Б: “...тээвэрлэлтийг импортлогч компани хадгалалтыг дэлгүүр дээр зохион байгуулагч, эрхлэгч нар хариуцдаг...” гэж мэдүүлсэн байна.

Гэтэл Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь муудсан бяслаг худалдсан гэх зөрчилд Ш.Б, Д.С нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулжээ.

Мөн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэх заалтыг баримтлаагүй, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байх тул 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Ш.Б, Д.С нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан 01753--, 01753-- дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.

Хариуцагч ХУД УБ Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Б нь ..... онд З аймгийн И суманд төрсөн. ... онд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийг ЭАТС мэргэжлээр, ... онд Удирдлагын академийг ТЗМ мэргэжлээр тус тус төгссөн, Нийгмийн эрүүл мэндийн магистр. Ам бүл 2, хүүгийн хамт ХУД-ийн 16 дугаар хороонд оршин суудаг болно.

Миний бие нь ..... онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ХСЭ ажиллаж байгаад өөр ажилд шилжин томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр 2008 оны 12 сард чөлөөлөгдсөн.

2009 оны 01 сард НМХГ-ын БГД дэх МХХ-т хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажилд орсон ба .... онд НМХГ-ын БЗД дэх МХХ-т эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар, ..... онд НМХГ-ын Эрүүл мэнд боловсролын хяналтын хэлтэст эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ...... онд ХУД дэх МХХ-т хэлтсийн ахлах, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчаар .... онд НМХГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст Дотоод хяналт хариуцсан улсын ахлах байцаагчаар, .... оны 01 дүгээр сараас ХУД дэх МХХ-т Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

Л.Ц прокурор нь миний бичсэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан "Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заалтыг буруу албан тушаалтанд шийтгэл ногдуулсан байна гэж буруутгагдсан байна.

Тус сыр нь вакуум савлагаатай битүүмжлэгдсэн хүнсний бүтээгдэхүүн учраас гадна талаасаа муудсан нь мэдэгдэхгүй онцлогтой.

Уг бүтээгдэхүүн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 14 ширхэг ирсэн ба барааг хүлээж авахад тухайн бүтээгдэхүүнүүд нь эвдрэл гэмтэлгүй байсныг барааны мэргэжилтэн мэдүүлсэн байна.

Мөн тус супермаркет нь тухайн гомдол гаргагч иргэний гомдлын дагуу 4 ширхэг сырийг задалж үзэхэд муудаагүй байсныг өөрсдийн гомдол мэдээлэл шийдвэрлэдэг дэвтэр дээрээ бичиж тэмдэглэн буцаасан байна.

Монгол Улсын томоохон хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нар нь хүнсний

бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдааны төв хүнсний дэлгүүрүүд орон нутаг руу хүргэж ажиллаж байгаа болно.

“НТТ” ХХК нь өөрсдөө импортлогч компани бөгөөд монголын Топ хүнсний үйлчилгээ эрхлэгч компани өөрсдийн импортолсон хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Прокурорын бичсэн Зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирээгүй буюу тээвэрлэлтийн буруугаас болсон тухайн өдөр ирсэн бүх сыр муудсан байх бөгөөд 6 дугаар сарын 28-ны өдөр ирсэн 14 сырнээс түүвэрчилж задалж үзэхэд бусад бүтээгдэхүүнүүд муудаагүй байсан байна.

Иймээс тухайн хэрэглэгчийн авсан ганцхан сыр муудсан байгаа нь тус сырийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүйгээс буюу худалдан авагчид барааг үзэж байх явцдаа битүүмжлэлийг алдагдуулсан байна гэж үзэж байна.

Иймд дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас миний бичсэн 01753--, 01753-- тоот шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дүгнэлт гаргагч, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр “Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01753--, 01753-- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ХУД УБ Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29-39 тоотод оршин суугч Т.Таас /РД:/, утас: / ирүүлсэн ХУД байрлах Н супермаркетаас Jav нэрийн сыр худалдан авахад муудсан байсан... гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр эрхлэгч, Ш.Б, барааны мэргэжилтэн Д.С нарыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 01753--, 01753--  дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тус тус тавин нэгжтэй тэнцэх буюу 50,000 төгрөгөөр торгож, холбогдогч нар уг шийтгэлийг хүлээн зөвшөөрч, оногдуулсан торгуулийг бүрэн төлсөн байна.

Прокурор дүгнэлтийн үндэслэлдээ ... Т.Т гэдэг хүн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр муудсан бяслаг худалдаад авчихсан байна. Иймд эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй гэдгээс илүүтэйгээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “...хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх..., бараа худалдсан, үйлчилсэн гэсэн энэ зүйл анги илүү тохиромжтой гэж үзэж байна. Зөвхөн хадгалалтын ажил яригдаагүй, хүн худалдаж авсан, хэрэглэгч үйлчлүүлсэн байгаа юм...” гэж тайлбарлан маргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж заасан байна. “Хүний эрүүл мэдэд сөрөг нөлөө үзүүлэх” эсэхийг шүүх прокурор, улсын байцаагч тогтоохгүй бөгөөд тусгай лабораторийн шинжилгээгээр тогтоох учиртай. Тухайн үед уг хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй, барааг хүлээж авахад хадгалалтын хугацаа дуусаагүй, хуурамч бүтээгдэхүүн байгаагүй болох нь гэрчийн мэдүүлэг болон хяналт шалгалтын явцад тогтоогдсон байна.

Харин одоо уг хүнсний бүтээгдэхүүн байхгүй тул “...хүний биед сөрөг нөлөө” үзүүлэх эсэхийг тогтоох шинжилгээнд өгөх боломжгүй тул прокурорын тайлбарласан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулах боломжгүй байна.

 Иймд Улсын байцаагчийн Зөрчлийн  тухай  хуулийн  6.17  дугаар  зүйлийн 7

дахь хэсэгт заасан “Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн Бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчил үйлдсэн гэж үзэж торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасантай нийцсэн байна гэж үзлээ.

Тухайн барааны мэргэжилтэн болон эрхлэгч нар нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу барааны эрүүл ахуй, хадгалалт хамгаалалтад тавих үүргээ биелүүлээгүйгээс тухайн зөрчил гарах болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хамт хүлээн авсан бараа бүтээгдэхүүнүүд нь муудаагүй, хадгалах хугацаа болон барааны бүрэн бүтэн байдлыг анх шалгаж авахад зөрчилгүй байсан зэргээс үзэхэд тухайн барааны хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүйгээс уг зөрчил гарсан гэдэг нь гэрчийн болон холбогдогч нарын “Орлогын нярав, барааны мэргэжилтэн, орлогын шалган гэсэн 3 албан тушаалтан шалгаж, барааны бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, барааны бичигт үндэслэн хүлээж авдаг.”, “Тухайн үед гомдлын дагуу шалгахад 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрөл төрлөөрөө 14 ширхэг бараа ирсэн байсан. Гомдол гаргах үед 8 үлдсэн байснаас 4-ийг задалж, шалгаж үзэхэд зүгээр байсан. Сыр нь эмзэг савлагаатай, дээрээс нь тугалган лацтай байдаг тул жоохон цохигдоход хий орж, хадгалалтын явцад муудсан байх. Ажлын байрны тодорхойлолтын дагуу хадгалалтын явцад барааны мэргэжилтэн болон эрхлэгч хариуцдаг...” гэх мэдүүлэг, тайлбар холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр “ХУД УБ Б.Бийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Ш.Б, Д.С нарын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан 01753--, 01753-- дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар ХУДП Л.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ