Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч В.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ө.В.Зт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........-ний өдөр ........... төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Ө.В.З (РД: .............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч В.З нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 12 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний яамны баруун замд “Toyota Prius” маркийн 28-95 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Жаргалбаярын /эмэгтэй, 15 настай/ баруун хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, О.Азбилэгийг /эмэгтэй, 15 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч В.З: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч О.Азбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сургууль орохоор баруунаас зүүн чигт зам хөндлөн гарч явснаа санаж байна. Нэг мэдэхэд би зам дээр хэвтэж байсан...” (хавтас хэргийн 26 дахь тал) гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Жаргалбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Номын санд суухаар баруунаас зүүн згт зам хөндлөн хөтлөлцөөд эхний урсгалд машинууд түгжирсэн зогсож байхаар нь гараад нөгөө урсгал руугаа харахад машин байхгүй байхаар нь гүйж явтал миний зүүн гар талаас машин тулаад гарч ирэхийг хартал Азбилэг машинд мөргүүлээд газар унасан би газар унаагүй. Азаа таталт өгөөд газар зам дээр хэвтээд байсан...Жолооч урсгал сөрж орж ирж мөргөсөн...” (хавтас хэргийн 18 дахь тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин Жаргалбаярыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад явж байхад машин ирж шүргэсэн байсан. Миний охины биед хөнгөн гэмтэл тогтоогдсон. Жолооч В.З нь миний охины эмчилгээний зардалд 320 мянган төгрөг гаргасан...” (хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн,

 

Гэрч Б.Цэрмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрчим хүчний яамны баруун замаар түгжрээнд зогсож байтал эсрэг урсгал хөдөлгөөнгүй хоосон байсан. Энэ үед миний эгнээнд түгжрээнд зогсож байсан машинуудаас 2-3 машин урсгал сөрж хажуугаар өнгөрөөд урсгал сөрөөд явж харагдсан. Би баруун толиндоо хартал нэг охин миний машины архан талаар зам хөндлөн гарч харагдсан, удалгүй түс тас хийх чимээ гарахаар нь би зүүн толиндоо хартал нэг саарал приус машин урсгал сөрж орж ирээд миний машины архан талаар зам хөндлөн гарсан сурагчийн форум, цэнхэр цамцтай охиныг мөргөсөн байдалтай, охин зам дээр дээшээ харж унасан таталт өгч харагдсан...” (хавтас хэргийн 29 дэх тал) гэсэн,

 

Иргэний хариуцагч В.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би жолооны үнэмлэх аваагүй байгаа учраас дүү В.Зтаа машинаа унуулдаг юм...” (хавтас хэргийн 33 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 11017 дугаар“...Т.Жаргалбаярын биед зүүн бугалга, баруун тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 43-44 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 10897 дугаар“...О.Азбилэг-н биед зүүн зулай ясны ар хэсгээс лямбда заадасны дагуу үргэлжилж хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 49-50 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэг эхлэхэд эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам харагдана, хойноосоо урагшаа чигт тээврийн хэрэгслүүд замын түгжрэлд зогсож харагдана. Зорчих хэсгийн баруун талын явган хүний замаар 2 хүүхэд урдаасаа хойшоо чигт гүйж харагдана. Бичлэгийн 04 дэх секундэд гүйж явсан 2 хүүхэд машины цаагуур орж харагдахгүй болно.” (хавтаст хэргийн 16 дахь тал) гэсэн тэмдэглэл,

 

Яллагдагчаар В.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр эхнэрт мөнгө өгөөд дэлгүүр ороод нэг шил архи авчих гээд 0,5 литрийн Хараа авчраад эхнэр 2 хундага уусан бөгөөд бусыг нь би уусан. Би нэлээн согтсон байсан бөгөөд нэг мэдсэн эхнэртэй маргалдсан цохиж зодсон нь үнэн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” (хавтаст хэргийн 55 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 2  дах тал),

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-10 дахь тал),

Насанд хүрээгүй хохирогч О.Азбилэгийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 76-82 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэтуулын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 333 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 67-68 хуудас),

“Toyota Prius” маркийн 28-95 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, (хавтаст хэргийн 101 дэх тал),

шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 95-106 дахь тал), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр, Д.Түмэнжаргал нар нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 109-110, 112-113 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, В.Зт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч В.З нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 12 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний яамны баруун замд “Toyota Prius” маркийн 28-95 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Жаргалбаярын /эмэгтэй, 15 настай/ баруун хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, О.Азбилэгийг /эмэгтэй, 15 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 11017, 10897 тоот дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэтуулын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 333 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.З нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Жаргалбаярын биед биед зүүн бугалга, баруун тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, О.Азбилэгийн биед зүүн зулай ясны ар хэсгээс лямбда заадасны дагуу үргэлжилж хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай дагзны зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч В.Зт Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч В.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч В.З нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч В.Зыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Д.Отгонбаяр, Д.Түмэнжаргал нар нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 109-110, 112-113 дахь тал) ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчид нарт нийт 4.000.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч В.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, хэргийн хадгалах хугацаа дуустал 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.В.Зыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Ванданмягмарын В.Зыг хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмээ авахыг үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д тус тус зааснаар шүүгдэгч В.Зт тэнсэж, хянан харгалзсан байдал, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, В.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирээгүйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч В.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ