Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Н.Д,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Г.Б-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..........-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Г.Б- /РД:......./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бум худалдааны төвийн гудамжнаас хохирогч Н.Дийн самсунг А-51 загварын гар утас, иргэний үнэмлэх, цүнх зэргийг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж авч завшсаны улмаас 794.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.Б: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хохирогч Н.Д “Найзындаа очоод өглөө 6 цагийн үед гарч яваад таксинд суугаад явсан. Тэгээд таксины жолоочтой хамт дарс уусан жолооч уугаагүй утсаа хаана хаяснаа мэдэхгүй байна. Иргэний үнэмлэх, гар утсаа нэхэмжилж байна.” гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Залуус хороололд найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тухай газартаа хоноод маргааш нь буюу 2021 оны 03 сарын 06-ны өдөр 5-н шарын буудлаас гэртээ харих гээд такси барьсан. Замдаа таксины жолоочтой танилцсан. Тэгээд бид 2 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр сонсголонгийн гүүрний харалдаа байрлах Туул голын эргэ дээр очиж зогсоод жолоочийн надад өгсөн дарсыг уусан. Тухайн таксины жолооч машин барьж явсан болохоор дарснаас уугаагүй. Дарсаа ууж дуусаад явахдаа голын эргэ дээр өөрийн эзэмшлийн а-51 гар утас иргэний үнэмлэх цахим үнэмлэхээ гээгдүүлсэн учир олж өгч өгнө үү гэж цагдаад хандсан. Би тухайн таксины жолооч болон таксины улсын дугаарыг огт санахгүй байна. Би өөрийн гар утсаа 2020 оны 06 сард сайн электрониксоос 1.089.900 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан. Миний гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бөгөөд ямар нэгэн урсгал засварт орж байгаагүй. Гар утасны имэй код 352349117236815, 352350117236813 гэсэн дугаартай. Би гар утсаа хулгайд алдаагүй, гээгдүүлсэн” /хх-н 17-р хуудас/ “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор бас яг хаана цүнхээ гээгдүүлсэн талаар сайн санахгүй байна. Манай гэр морингийн даваанд байдаг бөгөөд заримдаа нисэхээр явдаг. Миний хувьд иргэний үнэмлэх цүнх 2-оо үнэлнэ, харин гоо сайхны будаг зэргийг үнэлэхгүй. Миний хувьд хохирлын 794.900 төгрөгийг нэхэмжилж байна...” (хавтас хэргийн 18-19 дэх тал) гэсэн,

 

Гэрч Ж.Намуундарь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 03 сард шиг санаж байна яг өдрийг бол санахгүй байна. Манай нөхөр Г.Б- надад нэг цэнхэр өнгийн самсунг А-51 гар утас авчирч өгөөд барь гэж хэлсэн. Утас олсон гэдгийг мэдээгүй, барьж бай гээд өгөхөөр нь хэрэглэж байгаад гээгдүүлчихсэн...” (хавтаст хэргийн 23 дахь тал) гэсэн,

 

“Сайн интернэшнл ХХК-с Наваантая овогтой Н.Д/У394122109/ нь 2020 оны 06 сарын 13-нд самсунг а-51 утсыг 1.089.900. төгрөгөөр авсан нь үнэн болно” гэсэн баримт (хавтаст хэргийн 43 дахь тал),

Дамно ХХК-н үнэлгээний газрын үнэлгээ (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Мобиком ХХК-н 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 4/2659 дугаартай “352349117236815 имэй кодтой утсанд ашигласан 95591724 дугаарын эзэмшигчийн Ганганхулын Баттулгын мэдээллийг хавсралтаар хүргүүлэв (хавтаст хэргийн 52-53 дахь тал) гэсэн албан бичиг,

 

Яллагдагчаар Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 сарын 06-ны өдөр Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр түгээлтийн ажил хийдэг байсан. Тэр үед би Ви интернайшлд түгээгчээр ажиллаж байсан. Тэгээд би бараагаа дэлгүүрт оруулж өгөөд тооцоогоо хийгээд гарч ирээд гудамжны үзүүрт шээх гээд очиход газарт эмэгтэй хүний будаг хийдэг цүнх байсан. Тэгээд нээж үзэхэд ягаан өнгийн хавтастай самсунг а-51 загварын гар утас байсан. Тухайн үед шууд гэртээ авчраад эхнэр Ж.Намуундарьд өгсөн. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн.” (хавтаст хэргийн 40 дэх тал) гэсэн,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 45-50 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бум худалдааны төвийн гудамжнаас хохирогч Н.Дийн самсунг А-51 загварын гар утас, иргэний үнэмлэх, цүнх зэргийг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж авч завшсаны улмаас 794.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Д болон шүүгдэгч Г.Б нарын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, “Сайн интернэшнл ХХК-с Наваантая овогтой Н.Д /У394122109/ нь 2020 оны 06 сарын 13-нд самсунг а-51 утсыг 1.089.900. төгрөгөөр авсан нь үнэн болно” гэсэн баримт (хавтаст хэргийн 43 дахь тал), Дамно ХХК-н үнэлгээний газрын үнэлгээ (хавтаст хэргийн 26-27 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг завшсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол Хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Б, хохирогч Н.Дийн самсунг А-51 загварын гар утас, иргэний үнэмлэх, цүнх зэргийг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж авч завшсаны улмаас 794.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Баттулгыг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Г.Баттулгын эдлэх 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Дт самсунг А-51 загварын гар утас, иргэний үнэмлэх, цүнх зэргийг нийт 794.900 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бас 794.900 /долоон зуун ерэн дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Дт олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь бичиг баримт нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч нь бичиг баримтыг нөхөн авах, гаргуулах зэрэг ажиллагаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн .............. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г.Б-т гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Б-г 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н эдлэх 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бас 794.900 /долоон зуун ерэн дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Дт олгосугай. 

 

7. Хохирогч нь бичиг баримтыг нөхөн авах, гаргуулах зэрэг ажиллагаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ