Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогч Ч.Д-,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Т.Ч.А-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......-ны өдөр ... төрсөн, эмэгтэй, ... настай, Дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ тоотод оршин суудаг. Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 227 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай Т.Ч.А- (РД:.......)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.А нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гутал” ХК-ийн эзэмшлийн 8-ын байрны 2 давхрын баруун жигүүр хэсгийг тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд иргэн Д.Арилдий гэх хүнд түрээсэлж, улмаар түрээсэлсэн талаар компанийн удирдлагуудад мэдэгдэхгүйгээр 12 сарын хугацаанд 1 сарын 500.000 төгрөгийн түрээс авч нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

          Шүүгдэгч Ч.А: “...Тухайн үед ажилгүй байсан болохоор удааширсан нь үнэн. 12 дугаар сарын 1-ээс ажилд орсон анхны цалингаасаа 1.000.000 төгрөг төлсөн...” гэв.

         

          Хохирогч Ч.Д- “...Тухайн барилгыг түрээсэлж байсан бол сардаа 880.000 төгрөгийн орлоготой. Жилдээ 10.000.000 гаруй төгрөгийн орлого олох байсан. 1 жилийн хугацаанд нуусан манай байгууллага жилдээ 10.000.000 гаруй төгрөг олох ёстой байсан гэж нэхэмжлээгүй. Өөрөө 6.000.000 төгрөг олсон гэж хэлсэн тул хэлсэн мөнгөн дүн буюу 6.000.000 төгрөг нэхэмжилсэн. Мөн ажлаас нь халахгүйгээр 2 сар ажиллуулж 4.000.000 төгрөг болгосон. Чи төлөөрэй гэж байсан. Манай компанийн санхүүгийн ажилтан холбогдоход төлнө удахгүй, ямар ядаргаатай юм гээд утсаа авахгүй алга болж зугтааж хандсанаас хойш манай байгууллага цагдаагийн байгууллагад хандсан. Энэ бүх зүйлийн дараа санхүүгээс тодруулахад шүүхийн тогтоолоор хүнд өртэй цалингаа хүний дансаар, бэлнээр авдаг байсан. Манай байгууллагад ажиллаж байхдаа цалин, урамшуулал гээд 1.000.000 төгрөгийн цалин бэлнээр авдаг ч өр төлбөрийг дараагүй. Энэ хүн ажилд орсон нь эргэлзээтэй. Цагдаагаар дуудуулахад 1.050.000 төгрөг төлсөн. Өмнө нь нэг байгууллагыг хохироогоод одоо манай байгууллагыг хохироож байна. Бид энэ хүнд итгэхгүй байна. Өр барагдуулах гэрээ гэж хийсэн ажлаас гарахад нь цалин амралтын мөнгө зэргийг нь хасаад 4 сая гаруй төгрөг үлдсэн цагдаад хандахад 1сая төгрөг 3.117.113 төгрөгийн төгрөгийг нэхэмжилж байна .” гэв

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “.../Гутал ХК-ийн менежир/ Манай компанид Ч.А- гэх эмэгтэй 2018 оны 08 дугаар сараас хойш захирлын туслах болон боловсон хүчний асуудал хариуцсан ажилтан болон гэрээний ажилтан хийж байсан. Тэгтэл Ч.А- нь 2020 оны 01 дүгээр сараас Арилдий гэх иргэнд манай 8-ын байрны 2 давхрын баруун жигүүрийн нэг хэсгийг 500,000 төгрөгөөр түрээсэлж  өөрийнхөө удирдлагадаа мэдэгдээгүй, хүн түрээслээгүй байгаа хүн ороогүй гэж хэлээд яваад байсан тэгтэл нэг жил орчим түрээсэлчихсэн байсан... Арилдий гэх хүнд түрээсэлсэн 6,000,000 төгрөгөө манайд өгөөгүй хувьдаа завшсан... Тэгээд уг 6.000.000 төгрөгөөс нь цалин амралтын мөнгийг нь хасаж 4,000,000 төгрөгийн үлдэгдэл гарсан, ерөнхийдөө 2,000,000 төгрөг манайд төлсөн... Тийм албан тушаалын хүн бишээ зүгээр байр танилцуулах ёстой. Тэгээд гэрээ хийх үед баримтуудыг нь бүрдүүлэн цаашаа 3 хүнээр зуруулан баталгаажуулах ёстой байдаг... Гэтэл Ч.А- дур мэдэн түрээсэлж уг байрыг хүн түрээслээгүй байгаа гэж нуун дарагдуулсан байсан...” (хавтас хэргийн 16-18 дахь тал) гэсэн,

 

Гэрч Д.Арилдий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Би тухайн компаниас 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл түрээсэлсэн санаж байна. Нэг сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тохирч хямдхан болж байна гээд түрээсэлсэн, бид нар дулааны төлбөр төлнө, ус цахилгаан цаанаасаа гэж Ч.А гэх эмэгтэйгээс түрээсэлсэн. Ч.А эхлээд түрээсийн гэрээ яаралтай байгуулаарай гэж хэлж байсан бид нар тухайн үед компанийн гэрчилгээ гараагүй байсан учир гэрээ байгуулж амжаагүй байж байгаад нэг сарын дараа бичиг баримтаа авчхаад одоо гэрээгээ байгуулъя гэж Ч.А-д хэлтэл Ч.А- гэх эмэгтэй түр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд гэрээ хийхгүй яваад байсан. Манайх түрээсийн төлбөрөө Ч.Агийн дансаар болон бэлнээр өгдөг байсан. Мөн барьцаа төлбөр гэж нэг сая төгрөгийг Ч.А-д өгсөн. Ч.А- гэх эмэгтэй 6,000,000 төгрөг өгсөн санаж байна... Тэгээд би Ч.А- гэх эмэгтэй рүү ярьж тухайн түрээсийн талаар яриал байгаа талаар хэлтэл Ч.А- надад намайг санаа зоволтгүй би өөрөө ярьчихна гэж хэлсэн. Тэгээд 10 хоногийн дараа Ч.Д- гэх эмэгтэй ярьж намайг дарамталж чи Ч.А-тай хамаатан садан, найз, нөхөд юм байна гэж хэлсэн. Тэр үед би Ч.А-г уг оффисын дээд удирдлагадаа хэлэхгүйгээр манайд түрээсэлсэн байна гэж мэдсэн...” (хавтаст хэргийн 27-28 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Арилдий гэх хүний компанид тухайн байрыг нэг жилийн хугацаатай түрээсэлж, нэг сарын төлбөр 500.000 төгрөгөөр бодож нийтдээ 6.000.000 төгрөг авсан. Компанид учирсан гэх 6.000.000 төгрөгөөс миний цалин амралтын мөнгөнөөс 2.388.886 төгрөгийг суутгасан одоо би 4.217.113 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлж барагдуулах болно.” (хавтаст хэргийн 36 дахь тал) гэсэн,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-60 дахь тал)   шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 63-67 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ч.А нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гутал” ХК ийн эзэмшлийн 8-ын байрны 2 давхрын баруун жигүүр хэсгийг тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд иргэн Д.Арилдий гэх хүнд түрээсэлж, улмаар түрээсэлсэн талаар компанийн удирдлагуудад мэдэгдэхгүйгээр 12 сарын хугацаанд 1 сарын 500.000 төгрөгийн түрээс авч нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Д- болон шүүгдэгч Ч.А нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Д.Арилдий нарын мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

 

Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

 

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.А, хохирогч Хохирогч Ч.Д-д “Гутал” ХК-ийн эзэмшлийн 8-ын байрны 2 давхрын баруун жигүүр хэсгийг тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд иргэн Д.Арилдий гэх хүнд түрээсэлж, улмаар түрээсэлсэн талаар компанийн удирдлагуудад мэдэгдэхгүйгээр 12 сарын хугацаанд 1 сарын 500.000 төгрөгийн түрээс авч нийт 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Ч.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Аг бусдын эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Ч.Агийн эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ч.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Хохирогч Ч.Д- “Гутал” ХК-д нийт 6.000.000  төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Агаас Ч.Агаас 3.217.113 /гурван сая хоёр зуун арван долоон мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д-д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2110000001218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Ч.А-г бусдын эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Аг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Агийн эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сЧ.А-улсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Агаас 3.217.113 (гурван сая хоёр зуун арван долоон мянга нэг зуун арван гурав) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д-д олгосугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ