Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Т.Отгонтөгс (томилолтоор),

хохирогч Ц.А,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн О.Б.А-ад холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......-ний өдөр .......... төрсөн 34 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Олон улсын худалдаа, Бизнесийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......... тоотод оршин суудаг. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, дугаартай О.Б.А- (РД: .....)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Версалл хотхоны 6 тоотод Ц.Аийн толгой хэсэгт архины шилээр цохиж духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.А: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хохирогч Ц.А: “...Эрдэнэбаяртай, Б.А- хоёр нэг газар сууж байсан. Жавхлан бид нар араас нь Эрдэнэбаяртай ажил ярих гэж очсон. Тэгээд ороод 30-40 минутын дараа Жавхлангийн гэрт, манай үеэлийнд очихоор болсон. Тэгээд зарим хүмүүс яваад өгсөн. Эрдэнэбаяр бид хоёр хоол хийгээд хоол болсон. Энэ хооронд Б.А- унтаж байсан. Тэгээд хоол хийж өгөөд би “хөгшөөн сайхан хоол идчих гэж хэлсэн” ширээн дээр тал шилтэй архи байсан. Тэр шилтэй архиар намайг цохиод багалзуурдсан. Эрдэнэбаяр, Жавхлан хоёр босож ирээд салгасан. Би яагаад тийм үйлдэл гаргасныг мэдэхгүй байна. Тэгээд би цохиулаад хойшоо унахад багалзуурдсан. Түргэн дуудаад ирээд байхад цагдаа ирсэн. Би Б.А-тай Эрдэнэбаяраар дамжуулж холбогдсон. Жавхлангийн ширээ болон тухайн үед эвдэрсэн эд зүйлийн зардлыг өгчих гэж хэлсэн. Толгойн томографын зураг авхуулсан. 1.000.000 төгрөг өгье гэж ярилцсан зүйл байгаа 4 сар өнгөрсөн өгөөгүй. Эрүүл мэнд талаас 2 удаа томографыг хийлгэсэн баримт байгаа хэрэгт өгөөгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Улмаар хоол болсны дараагаар ширээнд сууцгааж хоолоо идэх гээд Б.А- буйдан дээр унтаж байсан болохоор Эрдэнэбаяр түүнийг сэрээхээр нь би Б.А-ад “за сайхан амарсан уу? Хоолоо идчих хөгшөөн” гэж Б.А-ад хэлчхээд би хоол идэх гээд доошоо тонгойход Б.А- ямар ч үг дуугүй гэнэтхэн ширээн дээр байсан Корн гэх нэртэй архины шилийг аваад миний толгой, духны зүүн хэсэг рүү цохиж, над руу дайрч миний дээр гарч намайг буйдан дээр багалзуурдаж дараад байсан. Тэгэхэд Эрдэнэбаяр, Б.А-ыг барьж болиулах гэтэл болихгүй намайг зуураад тавихгүй байгаад байсан. Тэгэхэд Жавхлан дээд давхраас доош бууж ирж Эрдэнэбаярын хамт Б.А-ыг надаас салгасан. Тэгээд тэр хооронд Б.А- агсамнаж гэр бүлээр чинь ална, барина гэх зэргээр балай балай юм ярьж хэл амаар доромжлоод агсраад л байсан...” (хавтас хэргийн 13-17 дахь тал) гэсэн,

 

Гэрч О.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Ингээд маргааш 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өглөө хоол хийчхээд байж байтал Б.А- сэрсэн бөгөөд Б.А-, Ц.А бид 3 буйдангийн голын жижиг ширээн дээр тойрч суугаад хооллосон. Тухайн үед би шөнө унтаагүй байсан бөгөөд сууж байсан сандал дээрээ дуг хийж зүүрмэглэсэн байсан. Тэгэхэд гэнэт дуу чимээ болоод хартал Б.А-, Ц.А хоёр хоорондоо барилцаад авчихсан Ц.Аийн толгойноос дух хавьцаанаас нь цус гарчихсан байдалтай байж байсан. Улмаар тэр хоёрыг би салгаж Ц.А, Б.А- хоёр хоорондоо маргалдаж, хэрэлдсэн. Ц.А болохоор Б.А-аа чи миний толгойг шилээр хагалчихлаа, Эрдэнээ энэ Б.А- миний толгойг хагалчихлаа шүү дээ гээд байсан. Б.А- болохоор би хагалаагүй гээд байсан. Улмаар Жавхлан дээд давхраас бууж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирсэн. Тухайн үед ямар нэг тийм үг үйлдэл тийм яриа гараагүй, би хэсэгхэн зүүрмэглэчихсэн байсан бөгөөд яг нэг нэгнийгээ цохиж зодсон гэж зүйлийг хараагүй. Хоорондоо барилцчихсан байхад нь сэрж салгасан. Тэгэхэд бол Ц.Аийн дух хэсгээс цус гарчихсан хоорондоо хэрэлдээд Ц.А Эрдэнээ энэ Б.А- шилээр миний толгойг хагалчихлаа гэсэн. Харин Б.А- би хагалаагүй л гэж байсан...” (хавтаст хэргийн 24 дэх тал) гэсэн,

 

Гэрч Т.Жавхлан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Би бараг 2 цаг гаран унтчихаад хүмүүс маргалдаад чанга дугараад байхаар нь сэрсэн. Би унтаж байгаад доошоо бууж юу болж байгааг хартал Ц.А буйдан дээр сууж байхад хажууд нь Б.А- зогсчихсон гартаа архины шил барьчихсан байсан. Б.А- “Би та нарыг ална шүү” гэж хэлээд орилоод байсан. Тэгээд Б.А- гартаа барьж байсан архины шилээ Ц.А рүү далайж байгаад архины шилээрээ Ц.Аийн толгойн тус газар цохитол Ц.А толгойгоо бариад доош харахад Б.А- түүний араас хоолойг гараараа боогоод байсан. Тэгээд би шатан дээр зогсож байгаад бууж очоод “хүн аллаа ш тээ, цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд Б.А-ыг Ц.Аээс салгаж холдуулсан юм. Тухайн үед Эрдэнэбаяр тэр хоёрыг хажууд нь хараад зогсож байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” (хавтаст хэргийн 26 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн 7912 дугаар“...Ц.Аийн биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 30-31 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...сайн танихгүй хүмүүстэйгээ хамт архи ууж ийм асуудалд холбогдсон нь миний буруу гэхдээ тухайн Ц.Аийн тогой руу бол архины шилээр цохиогүй. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна.” (хавтаст хэргийн 75 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Ц.Алтансүхийн Медтравма эмнэлгийн компьютер  томограф зураг, дүрс оношилгоонд үзүүлсэн талаарх баримт (хавтаст хэргийн 35 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 45-63 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Аад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Версалл хотхоны 6 тоотод Ц.Аийн толгой хэсэгт архины шилээр цохиж духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.А болон шүүгдэгч Б.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №7912 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд нь “...духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.А түүний иолгойн тус газар  архины шилээр цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А, хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд нь “...духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Аад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Ц.А толгойны компьютер томографи авхуулсны төлбөр зэрэг нийтдээ 130.000 төгрөгийн хохирлын баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Б.А гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлөгдөөгүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Аэд олгох нь зүйтэй.

 

 Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн 2110017461150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Аад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Аад оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Аэд олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ