Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Нямдэлэг,

шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б, тэдний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Э.Г, Б.Ж, Л.Б нарт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ......-ны өдөр ........ төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... дүгээр курсийн оюутан, ам бүл ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, . /РД:......./,

 

2. Монгол Улсын иргэн, ......-ны өдөр ........ төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... дүгээр курсийн оюутан, ам бүл ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, . /РД:......./,

 

3. Монгол Улсын иргэн, ......-ны өдөр ........ төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... дүгээр курсийн оюутан, ам бүл ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, . /РД:......./,

  

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн оочим Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра” караокены гадна О.М, Ч.А нартай маргалдан улмаар зодож О.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд бүсэлхийн 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зулай, дух орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт, нуруу баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Ч.Алтангэрэлийн эрүүл мэндэд бүсэлхийн 2,3-р нугалмуудын хоёр талын 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн дээд, зулайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хацрын төвгөр, бүсэлхийн 4-р нугалмын баруун талд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 “ хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11 “ бүлэглэж”-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нар: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгсэн намайг энд тэндээс өшиглөөд дэвсээд байсан. Тэгээд сонсоход залуучууд дугараад байхаар нь би та нар больчихоо би яаснаа санахгүй байна дараа нь та нар асуудалд орно шүү дээ гээд хэлсэн. Дахиад цохиод байхаар нь би тэнд зогсож байсан машин доогуур мөлхөж орсон. Тэгээд миний санаж байгаагаар хөл гараас татаад байсан. Тэгж байгаад нэг нь гараас татаад намайг чирээд гаргаад ирсэн Тэгээд дээрээс мөн өшиглөөд байсан. Тэгсэн ухаангүй болсон эргээд тэгж байтал Ням-Очир ахын дуу гараад Нямка ахын дүү босоорой явъя гээд сэгсэрч сэрээгээд машин руу авч орж машины урд суудал дээр суулгаад мөн ухаан алдсан...” /хавтас хэргийн 9 дэх тал/ гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Ч.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Араас нэг залуу нь татаад унагаасан. Би толгойгоо дараад эвхрээд хэвтсэн. Тэгсэн энд тэндээс хүмүүс өшиглөөд байсан...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Б.Бумбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...машины төв зам дээр Баяндалай настай ахыг гараа далайгаад цохиж байхыг харсан тэгээд би тэр эрүүл байсан ахад та найзуудаа ав би найзуудаа авч салгая гээд тохиролцоод зогсоол дээр зогсож байсан машинуудын араар настай Баяндалай 2-луу тэр эрүүл ахтай явж байсан чинь манай найз Гаанжуур тэр эрүүл ахыг заамдаад авсан тэгээд би Гаанжуурыг боль хэдүүлээ салъя гэж хэлээд салгасан юм тэгсэн чинь Баяндалай мөн урдаас ирээд тэр эрүүл ахтай Баяндалай, Гаанжуур 2 маргалдаад би салгах гээд чадахгүй байсан тэгсэн Баяндалайн цохисон настай ах нь зам дээр хэвтээд байсан юм тэгсэн чинь Гаанжуур больё гээд зүгээр болсон тэгээд би эрүүл байсан ахтай мөн Баяндалайтай зам дээр хэвтээд байсан настай ахыг түшээд зогсоол дээр байсан машин дээр нь аваачсан, тэгээд би хүрмээ тайлсан байж байгаад хүрмээ авч өмсөх гээд явчхаад буцаад иртэл тэр настай ах өөрөө авто машины зогсоолын нөгөө тал руу алхаад явсан юм тэгсэн тэр ах авто машины зогсоолын налуу хэсэг рүү уначихсан тэгсэн. Гаанжуур тэр ах уначихлаа би очоод босгочихъё гээд ганцаараа явсан тэгээд Гаанжуурыг харахад тэр ахыг босгох гээд оролдож байсан, тэгээд би найзуудаа салгах гээд зогсоол дээрх зогссон машинуудын голд байсан юм тэгэхэд өндөр ахтай манай найзууд маргалдаад хэрүүл хийгээд байж байсан тэгээд Гаанжуур дээр очоод явъя гэсэн чинь энэ ах болохгүй байна гэхээр нь за за хая хая явцгаая гээд бид нар яваад өгсөн, тэгээд 2 хоногийн дараа цагдаагаас залгаад бид нарыг дуудаж мэдүүлэг авсан ийм л зүйл болсон... О.Мөнх-Эрдэнэ гэгч нь миний мэдүүлэг дээр дурдагдаад байгаа өндөр залуухан эрэгтэй юм уг О.Мөнх-Эрдэнийг газар унасан байхад нь миний харснаар Баяндалай өшиглөж харагдсан би машины дээгүүр харсан учир биеийнх нь аль хэсэгт өшиглөж байгааг анзаараагүй... Баяндалайгаас өөр хүн О.Мөнх-Эрдэнийг цохиж байгааг хараагүй дээрх гэмтлийг яг хэн учруулсныг мэдэхгүй байна. Ч.Алтангэрэл гэдэг нь миний дээрх мэдүүлэгт дээрх настай ах гэж яриад байгаа хүн юм уг ахын зүүн мөр лүү  нэг удаа түлхсэн машин луу нэг удаа түлхсэн. Тэгэхэд зүүн дал хавьцаагаараа зогсоол дээр байсан машинд тулаад зогссон бид нар сүүлд нь хоорондоо ярьж байхад Жамъянсэнгэ, Баяндалай 2-н яриагаар Жамъянсэнгэ би зам дээр хэвтэж байсан ахын нуруу луу аймар өшиглөсөн гэж ярьж байсан, Баяндалай болохоор Ч.Алтангэрэлийн биеийн дээд хэсэг болон толгой хэсэг рүү нь гараараа олон цохисон гэж ярьж байсан. Бид нар О.Мөнх-Эрдэнэд 4.000.000 төгрөг Ч.Алтангэрэл 3.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн гомдолгүй гэж хэлсэн...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Гэрч О.Гаанжуур мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэгээд Баяндалай толгой руу нэлээн хэдэн удаа цохиж байхыг харсан би тэр хэдийг орхиод буцаж арай настай ах дээр нь ирээд зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон тэгсэн тэр ах төв зам руу зугтсан. Тэгээд араас нь Э.Гүндалай, Баяндалай бид 3 араас нь хөөгөөд зам дээр зууралдаж унагаасан Баяндалай тэр ахын толгой руу гараараа нэлээн хэдэн удаа цохисон Жамъянсэнгэ ирээд тэр ахын нуруу руу 3 удаа өшиглөсөн Э.Гүндалай урд талаас нь гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшилгөсөн. Тэгээд тэндээсээ би буцаад эрүүл байсан ахтай зууралдсан. Тэгсэн Бумбаяр ирж салгасан. Тэгээд салаад явж байсан чинь өндөр залуу нь машины доогуур орсон байхаар нь Э.Гүндалай бид 2 татаж гаргаж ирээд Э.Гүндалай тэр залуугийн нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд салаад байж байсан чинь зам дээр хэвтээд үлдсэн ахыг Баяндалай Бумбаяр 2 түшээд машин дээр нь авчирч байсан тэгээд тэр ах өөрөө цаашаа алхаж байгаад хашаа зам 2-н завсар унасан тэгээд би араас нь очоод тэр ахыг босгох гэсэн чинь Бумбаяр салчихлаа хая явъя гэсэн ийм л зүйл болсон. Миний хувьд О.Мөнх-Эрдэнийг ерөөсөө цохиогүй машин доогуур орсон байхад нь татаж гаргаж ирэхэд Э.Гүндалай нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...Миний харснаар Ч.Алтангэрэл гэж ахимаг настай ахыг зам дээр унасан байхад нь Баяндалай толгой хэсэг рүү нь нэлээн хэдэн удаа 2 гараараа цохисон, мөн тэр ахын нуруу руу Жамъянсэнгэ 3 удаа өшиглөсөн, Э.Гүндалай гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байсан...” /хавтас хэргийн 46 дахь тал/ гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9309 дугаартай дүгнэлтэд: “...О.Мөнх-Эрдэнийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зулай, дух орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 53 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9212 дугаартай дүгнэлтэд: “...Ч.Алтангэрэлийн биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмуудын хоёр талын, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн дээд зулайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хацрын төвгөр, бүсэлхийн 4 дүгээр нугалмын баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 63 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /хавтас хэргийн 109-141, 155-162 дахь тал/, хохирогч О.М, Ч.А нарын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хавтас хэргийн 173-174 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жамъянсэнгийн оршин суугаа хорооны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч  Э.Гүндалайн оршин суугаа хорооны болон ажлын тодорхойлолт, гэр бүлийн хүний жирэмсний тодорхойлолт зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн оочим Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Астра” караокены гадна О.М, Ч.А нартай маргалдан улмаар зодож О.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд бүсэлхийн 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зулай, дух орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт, нуруу баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Ч.Алтангэрэлийн эрүүл мэндэд бүсэлхийн 2,3-р нугалмуудын хоёр талын 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн дээд, зулайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хацрын төвгөр, бүсэлхийн 4-р нугалмын баруун талд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.М, Ч.А болон гэрч Б.Бумбаяр, О.Гаанжуур нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9309, 9212 тоот дүгнэлтүүд, Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/, хохирогч О.М, Ч.А нарын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хавтас хэргийн 173-174 дэх тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч О.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан “...биед бүсэлхийн 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зулай, дух орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл,

Хохирогч Ч.Алтангэрэлийн эрүүл мэндэд учирсан “...биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмуудын хоёр талын, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн дээд зулайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хацрын төвгөр, бүсэлхийн 4 дүгээр нугалмын баруун талд зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтлүүдийг нь шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нар тэднийг цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарын хохирогч О.М, Ч.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Мөн дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу Хоёр, түүнээс олон хүнийг гэж гэмт этгээд хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэсэн нэгдмэл санаа зорилгоо нэг цаг хугацаанд, эсхүл тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг ойлгоно.

 

Бүлэглэж гэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгоно. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь ч байж болно. Хэрэв хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол уяруулсан тохиолдолд цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй, тогтвортой зохион байгуулалтад ороогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгогүй тогтворгүй, нэг удаагийн тохиолдлоор нэгдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаар гэм буруугийн дүгнэлтдээ: ...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарт тус бүр 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэсэн саналыг гаргажээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.М-ийн эрүүл мэндэд учирсан “...биед бүсэлхийн 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зулай, дух орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл,

хохирогч Ч.А-ийн эрүүл мэндэд учирсан “...биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмуудын хоёр талын, 4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн дээд зулайн гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хацрын төвгөр, бүсэлхийн 4 дүгээр нугалмын баруун талд зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Мөнх-Эрдэнэд 4.000.000 төгрөг, хохирогч Ч.Алтангэрэлд 3.500.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хавтас хэргийн 173-174 дэх тал/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Б.Ж,

 - шүүгдэгч Х.Э.Г,

 - шүүгдэгч С.Л.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарт нь тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Г, Б.Ж, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           И.ГАНБАТ