Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

 

П.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 460 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч П.Х-т холбогдох 1834003420194 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П.Х , 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн. 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газарт татварын байцаагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ......  тоотод оршин суух хаягтай, яял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:АЗ.

 

   П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөөний 07 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг "Бүс хайрхан уул"-ын ард Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах хатуу хучилттай замд өөрийн эзэмшлийн тоёота приус маркийн 79-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж, Хино ранжер маркийн 89-50 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Алтан-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 460 дугаар шүүгчийн захирамжаар: 

              Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Х-т холбогдох эрүүгийн 1834003420194 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

              Эрүүгийн 1834003420194 Дугаартай шүүгдэгч П.Х-т холбогдох хэр'гийг Төв аймгийн прокурорын газарт очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, 

              Шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаяр цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч П.Х-н жолоочийн В ангиллын 515106 дугаарын үнэмлэхийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдаж,

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: Тус аймгийн прокурорын газраас "П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай антйн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дугаар зүйлд заасныг баримтлан П.Х-н гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гарган улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх талаарх саналыг тус тус танилцуулаагүй атлаа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна" гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан  "Прокурорын хяналт" гэсэн хэсгийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан тусгай журамтай хольж, прокурорыг хуульд заасан журмын дагуу явуулсан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчсөн мэтээр бичсэн илтэд нэг талыг барьж байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 зүйлийн 1-д "яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэг "яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана" гэж, мөн хуулийн 3 дахь хэсэгт "прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэх" талаар хуульчилсан байна.

2. Хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч П.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангойн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь түүнд дээрх хуулийн заалтаар ял сонсгосон гэж үзэхээр байгаа ба П.Х нь тухайн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа талаар яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурьдагдсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагч нь "сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй" гэж зааснаас үзэхэд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгээр яллагдагчаар татаж байгаа талаар заасныг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулан улмаар яллагдагчаар мэдүүлэг авахад тухайн яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаараа тайлбараа гаргах эрхийг хуульчилж өгсөн бөгөөд дээрх ажиллагааг хийж гуйцэтгэсэн нь хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, ....шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана" гэж заан, прокурорын шүүх хуралдаанд оролцох эрх хэмжээг тодорхойлон хуульчилснаас үзэхэд яллагдагчид хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа хэрэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокуророос тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ санал гарган хүргүүлж байгаа нь шүүх хуралдаанд оролцох санал, дүгнэлтээ урьдчилан шүүхэд гаргаж байгаатай агуулгын хувьд ижил гэж ойлгож байна.

Гэтэл шүүхээс прокурорын эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан саналыг яллагдагчид ял сонсгосон мэтээр ойлгож буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

З.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "прокурор хэргийг зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг гаргаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлнэ" гэх заалтын дагуу прокурорын санал гаргаж байгаа явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "шүүх ...эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ", мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан "хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудал"-ыг хэрэглэнэ гэх заалтуудын хүрээнд прокуророос дээрх хуулийн заалтуудыг хэрэглэх талаар санал гаргаж байгааг "тухайн хуулийн заалтыг хэрэглэж" байгаа мэтээр ойлгож дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

  1. Мөн П.Х-т холбогдох, эрүүгийн 18340003420194 дугаартай хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 28 өдөр яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тусад нь гаргаж, яллагдагч П.Х-т танилцуулж гарын үсэг зуруулсан байхад "шүүхээс яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчид оногдуулах албадлагын арга хэмжээний талаарх саналыг тусгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хуульчлан заасантай нийцээгүй, хуулийг бодит агуулгаас нь өөрөөр ойлгож хийх ажиллагааг хооронд нь хольж байгааг тэмдэглэх нь зүйтэй" гэсэн нь ойлгомжгүй, яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар саналыг прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурьдаагүй байхад дурьдсан мэтээр бичсэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын саналыг тусад нь бичиж, яллагдагчид танилцуулан хүргүүлсэн байгааг анхаарч үзээгүй байна.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана" гэж хуульчилсан байхад мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан "урьдчилсан хэлэлцүүлэг"-ийн үед хэргийг прокурорт буцаах тухай хуулийн зүйл заалтыг шүүгчийн захирамж гаргахдаа удирдлага болгож, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд П.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 460 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтэдээ: Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх П.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “яллагдагч П.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 03 сарын хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх талаар” санал гаргаж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, прокурорын уг саналыг яллагдагч зөвшөөрвөл яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэхээр заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж тодорхойлсон. Албадлагын арга хэмжээний төрлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд заасан бөгөөд тэнсэх ойлголт нь албадлагын арга хэмжээнд хамаарахааргүй байна. Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 8 сарын хугацаагаар тэнсэх санал гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн дээрх хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасныг зөвхөн шүүх хэрэглэх эсэх асуудлыг хянан шийдвэрлэхээр тодорхой хуульчилсантай нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах асуудал байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн П.Х нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байхад прокурор хүсэлт гаргахаас өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 8 дугаар тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

 

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захиарамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 460 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

                 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

          ШҮҮГЧИД                                                            Т.ЭНХМАА

 

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ