Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 0210

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 30 өдөр          Дугаар 128/ШШ2020/0210       Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч А.Насандэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “П” ХХК /РД:..... /

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нар.

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02958.. тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн д арга М.Цэрэнжаргал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Э.Ц, Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э нарыг оролцуулав.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд гаргасан  тайлбартаа: “”П” ХХК-ийн зүгээс Татварын хэлтсийн улсын байцаагчид 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02958.. тоот Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг илт хууль бус акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан билээ.

“П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу 02958.. тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Харин Татварын улсын байцаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчиж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэлийн үндэслэл хэвээр болно. Тодруулбал,

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар

Татварын хэлтсийн улсын байцаагчид 02958.. тоот Шийтгэлийн хуудсаар “П” ХХК-д шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөн байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр, хуульд заасан журмыг зөрчиж явуулсан талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийг 3 хоногийн дотор хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байна. Үүнд:

-зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

-зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;

-зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.

Татварын улсын байцаагчид “Холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол” 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус тогтоолд “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад ОЛСОН нъ ...”1 гэж зааснаас харахад тус өдрөөс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар уг ажиллагаа 3 хоногийн дотор дуусгах ёстой байсан боловч Татварын улсын байцаагчид нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” зэргийг үйлдэж зөрчлийг нотлоход чиглэсэн ажиллагаануудыг явуулсан. Үүнээс үзвэл зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчлийг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” гэх үндэслэл хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед тогтоогдоогүй байсан нь тодорхой байна. Түүнчлэн, зөрчил үйлдсэн болохыг стандартаар баталгаажсан хэмжилт хяналтын төхөөрөмжөөр нотлоогүй бөгөөд “П” ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, зөрчилд шийтгэл оногдуулсан татварын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч өнөөдрийг хүртэл маргасаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Татварын улсын байцаагчид нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байхад буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн даруй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй тус тус прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна. Гэтэл Татварын улсын байцаагчид нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 85 хоногийн турш хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байгаагүй нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1/2116 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар батлагдаж байна. Татварын улсын байцаагчид нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар зөвхөн “П” ХХК-д шийтгэл оногдуулсны дараа л прокурорын нэгдсэн бүртгэлд ганц удаа бүртгүүлсэн байдаг.

Үүнээс үзэхэд, Татварын улсын байцаагчид нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр, хугацаа хэтрүүлэн хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн байна.

1.2. Татварын улсын байцаагчид хуульд заасан бусад журмыг зөрчсөн талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх аль нэг үндэслэл бүрдээгүй, түүнчлэн зөрчил үйлдсэн эсэхийг 3 хоногийн дотор шалгаж тогтоох боломжгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу зөрчлийн хэрэг нээн, прокурорын хяналт дор 14 хоногийн дотор Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Энэ хугацаанд зөрчил нотлогдоогүй бол удирдах албан албан тушаалтны шийдвэрээр 14 хоног, прокурорын шийдвэрээр 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгах буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нийт хугацаа 58 хоногоос хэтрэх ёсгүй бөгөөд уг хугацааны дотор зөрчлийг тогтоож чадаагүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

Гэтэл Татварын улсын байцаагчид “хялбаршуулсан журмаар” Зөрчил шалган шийдвэрлэх тухай ажиллагаа явуулах нэрээр 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 85 хоногийн турш зөрчил үйлдсэн эсэхийг нотолж, тогтооход чиглэсэн “хэрэг бүртгэлт”-ийн ажиллагааг прокурорын хяналтаас гадуур дур мэдэн явуулсан байна.

Татварын улсын байцаагчдын хууль бус үйлдэл үүгээр зогсоогүй бөгөөд өөрсдөө болон холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгүүдийг засч өөрчлөн Татварын ерөнхий хуулийн 30.1.4-ийг зөрчсөн байдаг. Тодруулбал, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл”-д зөрчил илрүүлсэн он, сар, өдөр, цаг, минутыг бичилгүйгээр, "Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл"-д үйлдсэн он, сар, өдөр болон шийтгэлийн хуудасны дугаар зэргийг бичилгүйгээр цэг тавьж орхисон байсан. Улмаар холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон татварын байцаагчид өөрсдөө нэгэнт гарын үсэг зурж баталгаажуулсны дараа дээрх тэмдэглэлүүдэд зөрчил илрүүлсэн он, сар, өдөр, цаг, минутыг гараар бичиж засвар оруулан хууль бус үйлдэл хийсэн байдаг.

Ийнхүү Татварын улсын байцаагчид Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр, хугацаа хэтрүүлэн, прокурорын хяналтаас гадуур хуульд заасан журмыг ноцтой зөрчиж явуулж Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн байх, мөн хуулийн 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн дээрх хууль бус ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д заасны дагуу нотлох чадвараа алдаж шийтгэлийн хуудасны үндэслэл болохооргүй байна.

1.3. 02958.. Шийтгэлийн хуудас нь утга агуулгын илэрхий алдааргай талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэл оногдуулах шийдвэрт зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдлыг тусгахаар, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосны дараа эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж болохоор тус тус заасан байна.

Гэтэл Татварын улсын байцаагчид нь 02958.. тоот Шийтгэлийн хуудсаар ямар зөрчил үйлдсэн талаарх нөхцөл байдлыг нотолж, тогтоолгүйгээр “П” ХХК-д шийтгэл оногдуулсан юм. Тодруулбал, 02958.. тоот Шийтгэлийн хуудаст “П” ХХК нь ... болох нь татвар санхүүгийн тайлан, ЗШША-2, журнал, падаан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” хэмээн зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдлыг огт бичилгүй цэг тавин орхиж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Бусад хууль тогтоомж зөрчсөн талаар:

2.1. Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа үйлдвэрлэл, үйлчилгээ болох талаар:

“П” ХХК нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар буюу газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцон 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 39,646,555.8 төгрөг хэмээн тайлагнасан. Улмаар Татварын улсын байцаагчид “П” ХХК-ийн дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2502958.. тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" акт үйлдсэн. Уг актаар “П” ХХК-ийн тодорхойлсон үнийн дүнгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв тодорхойлж тайлагнасан хэмээн үзсэн юм.

Гэтэл Татварын улсын байцаагчид нь өөрсдийн үйлдсэн 2502958.. тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актад дурдсанаасаа эсрэгээр буюу “П” ХХК-ийг 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийн дагуу төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн 333,362,178,20 төгрөгийг хасч тооцох ёсгүй байсан хэмээн үзэж торгууль, нөхөн татвар, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд хэрэглэгдэх нэр томьёог тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан утгаар ойлгох бөгөөд тус зүйлийн 4.1.8-д "үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг ойлгохоор өргөн хүрээтэй тодорхойлсон байдаг.  

Үүнээс гадна, Аж ахуйн үйл ажиллагааны тухай зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг нарийвчлан тодорхойлсон байх бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.18-д зааснаар газрын тос хайх, 15.10.19-д зааснаар уламжлалт бус газрын тос хайх нь үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагааны төрөлд хамаарч байна.

Дээрхээс үзвэл, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа нь үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарч байх тул 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, үйлчилгээ мөн гэж үзэж төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох бүрэн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдахгүй татварыг тусгайлан заасан байх бөгөөд тус хэсэгт хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа үл хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хайгуулын үйл ажиллагааг үйлдвэрлэл, үйлчилгээнд үл хамаарна хэмээн үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хайгуулын үйл ажиллагааны зориулалтаар худалдаж авсан бараа, үйлчилгээнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох ёсгүй гэж үзсэн Татварын улсын байцаагчдын тайлбар нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс 02958.. тоот Шийтгэлийн хуудсаар 33,336,217.80 төгрөгийн нөхөн татвар, 10,000,865.40 төгрөгийн торгууль, 6,667,243.50 төгрөгийн алданги ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн байх зарчмыг ноцтой зөрчсөн байна.

2.2. 02958.. тоот Шийтгэлийн хуудас нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөх журам зөрчсөн талаар:

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/150 дугаар тушаапын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөх журам”-ын 2.5-д заасны дагуу зөвхөн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар дутуу төлөлт буюу зөрчил илэрсэн тохиолдолд татварын улсын байцаагч нь тухайн баталгаажуулалтын актаас тусдаа акт үйлдэн холбогдох татвар төлөгчид зохих хариуцлага/шийтгэл хүлээлгэхээр зохицуулсан байна.

Өмнөх хэсэгт дурдсанчлан, Татварын улсын байцаагчид 2502958.. тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар татварын аливаа зөрүү, зөрчил илрүүлээгүй. Тодруулбал, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн хасагдах Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 89,139,094.1 төгрөг, хасагдахгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 1,525,153 5 төгрөг, тухайн хугацаанд төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварын эцсийн үлдэгдэл дүнг 39,646,555.8 төгрөг болохыг шалган баталгаажуулж, “П” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараа үнэн зөв тайлагнасан болохыг зөвшөөрсөн. Иймд, нэгэнт татварын улсын байцаагчид 2502958.. тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар аливаа зөрчил, зөрүү илрүүлээгүй тул Журмын 2.5-т заасны дагуу 02958.. тоот Шийтгэлийн хуудас үйлдэх үндэслэл бүрдээгүй нь тодорхой байна.

Гэтэл татварын байцаагчдын зүгээс Журмын 2.5-т заасан үндэслэл бүрдээгүй байхад шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

Нөгөөтэйгүүр, 2502958.. тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар зөрчил, зөрүү гараагүй гэх атлаа 02958.. тоот Шийтгэлийн хуудсаар 33,336,217.80 төгрөгийн нөхөн татвар, 10,000,865.40 төгрөгийн торгууль, 6,667,243.50 төгрөгийн алданги ногдуулсан нь илт зөрчилтэй байна.

Гомдлыг шаардлага: Дээр дурдсан үндэслэлүүдээр Татварын улсын байцаагчдын үйлдсэн 02958.. тоот Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж, “П” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү “гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаан дээр  гаргасан тайлбартаа: “ 1. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, хууль бус талаар татварын улсын байцаагч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, харин татварын хяналт шалгалтын ажиллагаа явагдсан гэх тайлбар нь бодит байдлаас эрс зөрүүтэй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд татварын улсын байцаагчид 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол” гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд тус тогтоолд "... зөрчөл шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад ОЛСОН нь ...” гэж заасан байдаг бөгөөд энэхүү баримтаар “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жон Хенриксэннд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүргийг танилцуулан, тайлбарласан байдаг юм. Энэхүү баримт нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн болохыг хангалттай нотлон харуулж байна.

Үүгээр ч зогсохгүй 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” зэргийг үйлдэж зөрчлийг нотлоход чиглэсэн хэд хэдэн зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн, татварын улсын байцаагчид 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу холбогдогчид ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг тайлбарлан танилцуулж, үйлдсэн зөрчил, мөнгөн дүнг холбогдогчийн мэдүүлэгч тусгаж мэдүүлэг авсан болно. Мөн татварын улсын байцаагчийн 02958.. тоот шийтгэлийн хуудаст хавсралт ЗШША-2 тэмдэглэлд шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн. ... ” хэмээн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан болохыг өөрсдөө нэгэнт хүлээн зөвшөөрсөн байна.

Учир нь дээр дурдсан холбогдогчийн мэдүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр, ЗШША-2 тэмдэглэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус үйлдсэн байдаг бөгөөд ингэхдээ Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг иш татсан байгаагаас үзвэл татварын улсын байцаагч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсныг харуулж байна.

Иймд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэх татварын улсын байцаагчийн тайлбар үндэслэлгүй, хууль бус байна.

2. Улсын Дээд Шүүхийн 2017 оны 443 тоот тогтоолоор ижил маргааныг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, хууль бус талаар

Улсын Дээд Шүүхийн 2017 оны 443 тоот тогтоолоор ижил маргааныг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар бодит байдлаас эрс зөрүүтэй байна.

Учир нь 2010-2012 оны хоорондох “П” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлттэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь “П” ХХК-ийн гомдолтой энэхүү захиргааны хэргийн үйл баримттай ямар ч холбоо хамааралгүй юм.

Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн 2017 оны 443 тоот тогтоолоор шийдэгдсэн дээрх хэрэгт 2013-2016 оны “П” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлттэй холбоотой ямар нэг үйл баримт байхгүй, хэлэлцэн шийдвэрлэгдээгүй болохыг дурдъя.

Иймд 2013-2016 оны “П” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлттэй холбоотой асуудлыг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 443 тоот тогтоолоор нэгэнт шийдсэн гэх агуулга бүхий татварын улсын байцаагчдын тайлбар, илт үндэслэлгүй, хууль бус байна.

3. Шийтгэлийн хуудаст заасан зөрчил, оногдуулсан шийтгэл нь нотлогдсон гэх тайлбар үндэслэлгүй, хууль бус талаар

Шийтгэлийн хуудаст заасан зөрчил, оногдуулсан хариуцлага нь нотлогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, хууль бус байна.

Учир нь Татварын ерөнхий хууль болон “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөх журам”-ын 2.5-д заасны дагуу зөвхөн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар дутуу төлөлт буюу зөрчил илэрсэн тохиолдолд татварын улсын байцаагч нь тухайн баталгаажуулалтын актаас тусдаа акт /шийтгэлийн хуудас/ үйлдэн холбогдох татвар төлөгчид зохих хариуцлага/ шийтгэл хүлээлгэхээр зохицуулсан байна.

Тус журмын 4.10-р зүйлд зааснаар татварын илүү төлөлтийг бууруулсан, нэмэгдүүлсэн нөхцөлд илрүүлсэн зөрчлийн талаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актын тогтоох хэсэгт дэлгэрэнгүй бичнэ. Улсын төсвийн орлого, хяналтын газар нь нэгжийн баталгаажуулсан үлдэгдэл хэд байсан, үүнийг хэрхэн өөрчилсөн талаар тогтоох хэсэгт дэлгэрэнгүй бичихээр байна.

Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүү, зөрчил нь юуны өмнө “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар тогтоогдсон байх бөгөөд тус зөрүү, зөрчлийг үндэслэн акт/шийтгэлийн хуудас/ үйлдэхээр байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримт болох татварын улсын байцаагчдын 2502958.. тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар “Зөрүү” гэх багана хоосон байх бөгөөд тус актын “Тогтоох” хэсэг татварын илүү төлөлтийг бууруулсан, нэмэгдүүлсэн нөхцөлд илрүүлсэн зөрчлийн талаар огт тусгаагүй байна. Тодруулбал, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн хасагдах Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 89,139,094.1 төгрөг, хасагдахгүй нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 1,525,153.5 төгрөг, тухайн хугацаанд төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын эцсийн үлдэгдэл дүнг 39,646,555.8 төгрөг болохыг шалган баталгаажуулж, “П” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын татвараа үнэн зөв тайлагнасан болохыг зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчдын өөрсдийнх нь үйлдсэн 2502958.. тоот "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан" актаар аливаа нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил, зөрүү илрүүлээгүй тул 02958.. тоот Шийтгэлийн хуудсыг үйлдэх хууль зүйн үндэслэлгүй болох нь тодорхой байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-т заасны дагуу 02958.. тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, татварын улсын байцаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн “П” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тагварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02958.. тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөх тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1 Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц, Д.А бид “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25170500537 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу “П” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, журнал, бусадтай хийсэн гэрээ, татвар төлөгчийн ярилцлага, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн хяналт шалгалт хийж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02958.. тоот шийтгэлийн хуудсаар 333,362,178.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 33,336,217.80 төгрөгийн нөхөн татвар, 16,668,108.90 төгрөгийн алданги, торгууль нийт 50,004,326.70 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн компанийн гаргасан зөрчил нь ил тодорхой буюу санхүү татварын тайлан, анхан шатны баримт, данс бүртгэл журналын бичилтээр тодорхойлогдож байсан тул зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэр гаргасан.

1. Татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх олгосон томилолт, Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан чиг үүргийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийдэг. Дээрх хууль тогтоомж, удирдамж, журамд татварын хяналт шалгалтыг хэрхэн явуулах талаар заасан байдаг. “П” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тасгийн даргын олгосон томилолтын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч талын яриад буй 85 хоногт зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаагүй татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдсан болно. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол нь хяналт шалгалтын ажил явагдаж дууссаны дараа эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрт компанийг төлөөлж ямар этгээд гарын үсэг зурах бэ гэдгийг урьдчилан тогтоосон баримт болохоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шууд явагдсан гэж үзэж болохгүй юм.

2. “П” ХХК болон татварын улсын байцаагч хоёрын маргаан үүсэх болсон шалтгаан нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдаж авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч төсөвт төлөх татвараа бууруулж нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн явдал юм. Тухайн компани нь 2015 онд татварын хяналт шалгалтад хамрагдаж дээрх асуудлаар маргаан үүсч Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл, 3 шатны шүүх хурлаар хэлэлцсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 443 дугаар тогтоолоор татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байх тул татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсан байдаг ч дахин ижил төрлийн зөрчил гарснаар шийтгэлийн хуудас 1 бичигдэх болсон.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу холбогдогчид ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг тайлбарлан танилцуулж, үйлдсэн зөрчил, мөнгөн дүнг холбогдогчийн мэдүүлэгт тусгаж мэдүүлэг авсан болно. Мөн татварын улсын байцаагчийн 02958.. тоот шийтгэлийн хуудасны хавсралт Зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэлд шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байгаа. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”, “Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тэмдэглэлийн он сарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эд гардуулах үед тухайн өдрийн он сар өдрийг нөхөн бичиж гардуулсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсанаа нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Баримт бичигт засвар оруулсан асуудал байхгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байлцуулан танилцуулж бичсэн болно.

3. Тус компани нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хайгуулын тусгай зөвшөөрөл гэх мэт бусад бичиг баримтаар нотлогддог.

Шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил нь тус компаний, татвар санхүүгийн тайлан, анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журналуудаар нотлогдсон. Мөн Татварын байцаагч өөрт олгогдсон эрхийн хүрээнд татвар төлөгчөөс 2013-2015 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг “Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа болон захиргааны үйл ажиллагаанд зарцуулсан нэмэгдсэн өртгийн худалдан авалтыг ангилж өгөхийг шаардсаны дагуу нягтлан бодогч П.С******* нь падааны бүртгэлийг ангилж ******* хаягаар явуулсны дагуу тухайн зөрчлийн дүнг, хяналт шалгалтын явцад нягтлан бодогчоос тодруулж, анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журналтай тулгалт хийж, нягтлан бодох бүртгэлийн холбогдох дансны бичилт зэргийг тодруулж, ярилцлага авч ажилласан.

Газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2013 онд 203,931,944.20 төгрөгийн, 2014 онд 103,251,582.10 төгрөгийн, 2015 онд 26,178,651.90 төгрөгийн нийт 333,362,178.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээнйй зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасныг зөрчсөн болох нь санхүү, татварын тайлангууд, ерөнхий журнал, анхан шатны баримтуудаар нотлогдож байна.

“П” ХХК нь газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан 2013-2015 онуудад “П*******” ХХК, “ПЦ” ХХК, “Б” ХХК, “М” ХХК гэх мэт компаниудаас нийтдээ 333,362,178.20 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байдаг.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт нь “П” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийн хугацаанд татварын албанд ирүүлсэн татварын ногдуулалт төлөлт, тайлан тооцоог тулган баталгаажуулсан баримт болохоос тухайн компани нь зөрчилгүй байна гэж тодорхойлсон баримт биш юм. Татварын хяналт шалгалтын явцад нягглан бодогчтой тулгалт хийж тус компани нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл нь 39,646,558.80 төгрөг болохыг тогтоож 2013-2015 онуудад гарсан зөрчилд шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан болно.

Өөрөөр хэлбэл тус компанийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээг, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй тул татварын улсын байцаагчийн 02958.. тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөр үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь илэрхий тодорхой байсан ба 2016 оны гурван шатны шүүхийн шийдвэр байх ба гаргасан зөрчил нь яг ижилхэн байдаг. Магадгүй нэхэмжлэгч гурван шатны шүүхийн шийдвэрээ биелүүлж татвараа төлж явсан бол өнөөдөр бид маргаад зогсож байхгүй байсан. Энэ зөрчил нь тодорхой байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Тухай аж ахуйн нэгжийн хувьд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгч нь хяналт, шалгалтад хамрагдахдаа холбогдох баримт материалыг авч ирж, татварын улсын байцаагчид өгч хяналт шалгалтад хамрагдахыг үүрэг болгосон байдаг. Татварын ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаараа энэхүү үүргийг тухайн аж ахуйн нэгжийн тодорхой этгээд хүлээх ба аж ахуй нэгжийг хэн хүлээж оролцох талаар тодруулж, хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон тогтоолын дагуу зайлшгүй бөглөх шаардлага бий болсон. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан татварын хариуцлага нь Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уг хууль руу хариуцлага нь шилжсэн. Иймд татварын улсын байцаагчид өмнөх 5 жилийн санхүүгийн баримтыг шалгадаг учир гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсанчлан 3 хоногийн хугацаанд шалгах боломжгүй юм. Учир нь аж ахуйн баримтууд авч ирж өгдөггүй ба тус баримтыг авч ирэхийг татварын улсын байцаагч нар шаардах эрх хэмжээ байхгүй. Иймд нэгэнт ил тодорхой зөрчилтэй байх тул хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн. Улсын ерөнхий прокуророос баталсан албан бланкуудыг хөтөлсөн. Тухайн аж ахуйн нэгжээс зөрчил илрэх эсэх нь тодорхой тохиолдолд уг бланкуудыг бөглөөд явдаг. Шалгалтын явцад зөрчил илэрсэн тул 2018 оны 12 сарын 18-ны өдөр шийтгэлийн хуудсаа бичиж, прокурорт бүртгүүлээд явсан.

Хариуцагч Э.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “Татварын хяналт шалгалтын явцад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө оролцоогүй. Харин “П” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.С******* оролцсон. Зөрчил ил тодорхой байсан. Энэ нь тухайн хяналт шалгалтаар ирүүлсэн “П” ХХК-ийн санхүүгийн тайлан, татварын тайлан, анхан шатны баримт, журналуудаар тогтоогдоод нэмэлтээр нягтлан бодогчоос нь ярилцлага авч тогтоогдсон. Иймд зөрчил ил тодорхой байсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр татварын хууль тогтоомжтой уялдуулах нь асуудалтай байсан. Бид хариуцаж ажилладаг дарга, Татварын ерөнхий газрын хамтын ажиллагаа, арга зүйн газар зэргээс заавар чиглэл авч, дүүргийн прокурорын газар болон Нийслэлийн прокурорын газраас зөвлөмж авч татварын хяналт, шалгалтыг 3 хоногийн дотор шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул Татварын ерөнхий хууль, татварын хяналт шалгалт хийх журмын дагуу татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. “П” ХХК нь олон үүсгэн байгуулагчтай компани.  Холбогдогчийн мэдүүлэг авсны тухайд тухайн татварын хяналт шалгалтын хүрээнд ямар этгээд тус компанийг төлөөлөн оролцох талаар тодруулах зорилгоор авсан баримт бичиг болохоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэх нь өрөөгсөл юм. Татварын хяналт шалгалт нь анхнаасаа хэн нэгнийг буруутгах зорилгоор хийгддэггүй. Уг шалгалтаар тухайн компани нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийг хэрхэн зөв биелүүлж байгаа талаар хяналт тавьж, буруу зүйл байвал залруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илэрвэл тэмдэглэл үйлдэх ёстой. Батлагдсан маягтын дагуу он, сар, өдөр, цаг, минутыг нөхөж бичих шаардлага учирч байна. Гэтэл татварын улсын байцаагч нь таван жилийн хугацааны зүйлийг яг хэдэн цагт илрүүлсэн гэдгийг бичих боломжгүй. Би тухайн үед гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаж, огноог тавиулах шаардлага үүсэж байгаа бол зөрчил шалгах ажиллагааны эхний он сарыг бичиж өгье гэсэн байдлаар тайлбарлаж, бичсэн. Дараа нь нөхөж бичсэн асуудал байхгүй. Маргаан болсон шалтгаан нь тодорхой. Энэ нь зөвхөн “П” ХХК-ийн асуудал биш. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хайгуулын үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудтай холбоотой заалт юм. Татварын ерөнхий хуульд заасан заалтыг бүгдийг нь хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компани нь  тухайн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өмнө энэ үйл ажиллагааг явуулсан бол тухайн төсвөөс авах агуулга үүсгэж болохгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжоор хайгуул, үнэлгээний дансанд бүртгэж, нөөц нь илэрсэн бол цаашид илэрсэнд тооцож явна. Өмнө нь энэ асуудлыг хоёр шатны маргаан таслах зөвлөл, гурван шатны шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ процесс нь үргэлжилж, 213-2016 оны шалгалт нь над дээр орж ирсэн. Маргаад байх зүйлгүй. Өмнө нь байгаагүй, 2016 оноос шинээр бүртгэгдсэн гэж байна. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг Монголын татварын аль нь энэ үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг энэ утгаар ойлгоно гэж тайлбар, зөвлөмжийг тухай бүр нь өгдөг байсан. Энэ талаар маргаан үүсээд байсан тул 16 дугаар зүйл заалтыг оруулсан. Баталгаажуулалтын актын талаар ярьж байх ба ямар ч үндэслэлгүй 33 сая төгрөг гаргаж ирсэн гэж байна. Ингэж ярьж болохгүй. Татварын хяналт шалгалтаар 5 хугацаан дахь бүх санхүүгийн тайлан, тооцоог анхан шатны баримтуудтай нэг бүрчлэн тулгаж байж хийгддэг. Үүнд н.С******* гэх нягтлан бодогч нь оролцсон. “П” ХХК нь зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулдаггүй. Өөр үйл ажиллагаа явуулдаг ба зардал нь хоёулангийнх нь хамааралтай байсан. Иймд бид зардлуудыг ялгах шаардлагатай болсон. Энэ үүргийн хэмжээнд албан шаардлага өгөхөд нягтлан бодогч өөрөө гаргаж өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актыг хэвээр үлдээчхээд зөрчилгүй гэж үзчихээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчилтэй гэж үзсэн гэж тайлбарлаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт гэдэг нь “П” ХХК нь 2013-2015 оны нэмэгдсэн өртгийн орлогын тайлангаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан явцад үүссэн процесс бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 39 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба энэ дотор хасагдахгүй НӨАТ байна. Иймд татварын албанаас зөрчил гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулна л гэсэн үг. Тэрнээс биш “П” ХХК-г буруугүй гэж үзсэн асуудал биш.” гэжээ.

Иргэдийн төлөөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: ““П” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Татварын ерөнхий газар үйл ажиллагааг шалгах хугацаан хуулийн заалттай хугацаатай байхадтатварын ерөнхий газар заасан хугацаанд шалгаж хэргийг илрүүлж чадаагүй гэдэг бол хариуцлага алдсан байна. Нэхэмжлэгч талын асуудлыг Татварын ерөнхий газраас нэхэмжлэгч талд хяналт шалгалт явагдсан хугацаанд явагдсан процесс үйл ажиллагааг нухацтай тайлбарлан дүгнэлт өгсөн байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх “П” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Цийн “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0285834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ[1].

Дээрх гомдлын шаардлагаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2019/1176 дугаартай захирамжаар хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ[2].   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас: 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “...Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай тогтоол”, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл”, “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл” зэргийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах мөн “П” ХХК-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 02958.. тоот Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж өөрчилсөн[3] бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гомдлын шаардлагаа “П” ХХК-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 02958.. тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох болгож тодруулжээ[4].

Шүүх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна[5].

Гомдол гаргагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гомдлын шаардлагаа “2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0285834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа өөрчилсөн бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв[6].

Шүүхэд гомдол гаргах хугацааны тухайд: Гомдол гаргагч нь  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн маргаан бүхий захиргааны актын талаарх гомдлоо 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Монгол шуудан”-аар дамжуулан шүүхэд гаргасан болох нь баримтаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа”, 14.4. “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзсэн болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын тухай хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1. “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4. “Тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх;”, Татварын ерөнхий хуулийн 74.1. “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар гомдол гаргагч “П” ХХК-ийн 2013-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж, татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02958.. тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “П” ХХК-ийг газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон төсөвт төлөх татвараа бууруулсан гэх үндэслэлээр нийт 50,004,326.7 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулсан байна[7].

Нэхэмжлэгчээс уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр, хуульд заасан журмыг зөрчиж явуулсан...” гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” гэж заасан байна.

“П” ХХК нь газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үндсэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ уг үйл ажиллагаандаа зориулан 2013-2015 онд “П” ХХК, “ПЦ” ХХК, “Б” ХХК, “М” ХХК гэх мэт компаниудаас бараа ажил үйлчилгээ худалдан авсан болох нь хэрэгт авагдсан[8] Уул уурхайн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08 тоот Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл[9] болон нэхэмжлэгч компанийн худалдан авалтын бүртгэлээр[10] тогтоогдож, байхын зэрэгцээ нэхэмжлэгчээс ийнхүү худалдан авалт хийсэн болон үнийн дүнтэй холбогдуулан маргадаггүй. Үүнийг хариуцагч нар ил тодорхой зөрчил гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25170500537 тоот хяналт шалгалт хийх томилолтын[11] дагуу “П” ХХК-д хяналт шалгалт хийх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 195 хоногоор тогтоосон ба уг хугацаанд хариуцагч нар хяналт шалгалтаа хийсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд энэ зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 2.3-д Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, 3 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заажээ.

Хариуцагч нар хяналт шалгалт хийх томилолтод заасан хугацаанд нэхэмжлэгчийн 2013-2016 оны санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шалгаж улмаар гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/2116 тоот[12], 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/957 тоот[13] албан бичгүүд, тэдгээрийн хавсралтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч татварын улсын байцаагч нар “П” ХХК-ийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцон төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгаар зүйл. “Татварын улсын байцаагчийн бүрэн эрх”, 29.1.1. “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх;”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл. “Шийтгэл оногдуулах үндэслэл”, 2. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл татварын улсын байцаагч нар нь хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтыг хийж, зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулах эрхтэй байна.

Нэхэмжлэгчээс уг худалдан авалтаа ...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээ... гэж тайлбарласан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.2-т бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг, 4.1.8-д үйлчилгээ гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, мөн 14.4-т худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй бараа, үйлчилгээг нэрлэн заасны дотор 14.4.2-т хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ-г хасч тооцохгүй гэж маргаж байх хэдий ч хэрэгт авагдсан худалдан авалтын бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч “П” ХХК нь газрын тосны хайгуулын үйл ажиллагаандаа зориулан компаниудаас бараа ажил, үйлчилгээ худалдан авсан байх ба худалдан авсан бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй, компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02958.. тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “П” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй шийтгэлийн хуудсын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг өршөөлд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын тухай хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14.1, 14.1.1, 14.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай “2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0285834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “П” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “П” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02958.. тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг зохих ёсоор тооцон өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

                                    ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР

 

                                               Б.АДЪЯАСҮРЭН

 

              

 


[1]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-4 дүгээр хуудас

[2]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 40-41 дүгээр хуудас

[3]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 163-168 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 208 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 217-228 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 36-39 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 1дүгээр хавтас, 26 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 80-96 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 79 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 80 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 63 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 115 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 111 дүгээр хуудас