Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2014/0197

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

 

2014 оны 05 сарын 01 өдөр              Дугаар 197                                    Улаанбаатар хот

 

              

 

Д.Ч гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Ч гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын байгаль хамгаалагч Л.Д холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүухэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булган аймгийн Бугат сумын байгаль хамгаалагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0009403 дугаар шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ч  нь түлшний мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй, эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчсөн тул тээвэрлэж явсан модыг хураан авч, 960.000 төгрөгийн торгуулийг шийтгэврийн хуудсаар ногдуулсан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.4.2, 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Чимгээ давж заалдах гомдолдоо: Би тухайн үед түлшний мод авах эрх бүхий зөвшөөрлийн бичигтэй байсан ба авсан мод маань өмхөрсөн, шатсан ойн мод байсан. Уг түлээ авсан газар нь хориглосон ногоон бүс биш, түлшний мод бэлтгэн авдаг газар байсан. Би нутгийн хүн учраас хаанаас мод бэлтгэх, хаанаас

бэлтгэж болохгуйг мэднэ. Миний хувьд өндөр настай, өрх толгойлсон эмэгтэйн хувьд мөнгө төгрөг, машины түлш зэргээс шалтгаалан тухайн мод авах эрхийн бичигт заасан газраас аваагүй.

Тэгэхдээ уг газар нь түлшний мод бэлтгэдэг газар гэдгийг байгаль хамгаалагч мэдэж байгаа. Яагаад над шиг хүнд хатуурхаж байгааг ойлгохгүй байна. Би өндөр настай, өрх толгойлсон, ямар ч эд хөрөнгө байхгүй, ядарсан, ахуй байдал хүнд эмэгтэй хүнийг харж үзээд асуудалд уян хатан хандсангүй. Үнэхээр хориглосон болон хориглоогүй ч тухайн газраас нойтон мод бэлтгэсэн бол хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Миний хувьд тийм зүйл байхгүй байхад ийм их хэмжээгээр торгож байгаад гомдолтой байна. Эдгээр байдлуудыг шүүх харгалзан үзсэнгүй. Иймд дээрх байдлуудыг хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ч гээс Булган аймгийн Бугат сумын байгаль хамгаалагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0009403 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Уг шийтгэврээр Д.Ч д 960000 /есөн зуун жаран мянган/ төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч Д.Ч  нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн У Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуст” гэх газраас 5 м3 түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан байна. Гэвч нэхэмжлэгч нь уг зөвшөөрөл бүхий газраас бус Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хус хураалттай” гэх газраас мод бэлтгэж, Орхон аймаг руу гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар мод бэлтгэх зориулалт, хугацаа, газрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн сумын эрх бүхий албан тушаалтан иргэнд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгохоор заасан бөгөөд зөвшөөрөл бүхий этгээд нь уг :< эрхийн бичигт заасан газраас модыг бэлтгэх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь уг эрхийн бичигт зааснаас өөр газраас түлшний мод бэлтгэснийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зааснаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь бэлтгэсэн модоо Орхон аймаг руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээг аваагүй нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж заасныг зөрчжээ.

Нэхэмжлэгчийн дээрх зөрчилд хариуцагчаас Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д заасан эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ойн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон, зөрчлийн шинж байдалд тохируулан хуульд заасан хэмжээгээр төлбөрийг тоггоосон байх тул нэхэмжлэгчийн “өндөр настай, эд хөрөнгө байхгүй, ахуй байдлыг харгалзан үзэж уян хатан шийдвэр гаргах” тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ч  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.