Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

иргэдийн төлөөлөгч Т.Ганболд,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Б.Эрдэнэчимэг,

гэрч Д.Амгаланбадрах,

шүүгдэгч Г.Цэцмаа, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0-009/,

шүүгдэгч О.Содном, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Гүнбаатарын Цэцмаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мунчах овогт Отгонбаярын Содномд холбогдох 201626010277 дугаартай, 188/2016/0101/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 1-20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тайж овогт Гүнбаатарын Цэцмаа   /РД:УП97020228/

            Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16-87 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Мунчах овогт Отгонбаярын Содном /РД:ПИ93091616/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Цэцмаа нь 2016 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлт-Од бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Эрдэнэчимэгийг үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, толгойд нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

Шүүгдэгч О.Содном нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлт-Од бааранд нэг ширээнд хамт сууж байсан хохирогч Б.Эрдэнэчимэгийг ариун цэврийн өрөөнд байхад нь цүнхнээс нь Самсунг маркийн гар утас, бэлэн 30,000 төгрөг, банкны картууд, жижиг монет, түрүүвч зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 292,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Цэцмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Эрдэнэчимэг урьд нь манай нөхөр Амгаланбадрахтай 2015 оны 12 дугаар сарын эхээр миний ажилладаг Гэрэлт-Од бааранд хамт орж ирээд нэг ширээнд суугаад пиво уугаад бүжиглэж байсан тэгэхээр нь би Эрдэнэчимэгтэй маргалдсан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байж байхад бас л Эрдэнэчимэг манай нөхөртэй нэг ширээнд сууж байгаад хэсэг хугацааны дараа манай нөхөр гараад явсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны 17 цагийн үед ажил дээрээ ирээд ажлаа хийж байсан Эрдэнэчимэг ганцаараа 21 цагийн үед орж ирээд 9 номерын ширээнд суугаад сэнгүр нэртэй пиво захиалж уусан. Гаднаас саравчтай малгайтай, саарал өнгийн малгайтай цамц эрээн өнгийн өмдтэй 160-165 см өндөртэй эрэгтэй хүн хажууд нь суусан. Эрдэнэчимэг хамт сууж байсан залуутайгаа хамт ширээгээ солиод 4 номерын ширээн дээр суусан. Эрдэнэчимэг ширээнээс босоод бүжиглэж байсан нөгөө залуу нь ширээн дээрээ сууж байсан. Эрдэнэчимэг манай бааранд хааяа орж ирдэг Зулаа гэх эгчтэй үснээсээ зулгаалцаад байсан.  Манай баарны ажилчид болон бааранд бүжиглэж байсан хүмүүс Эрдэнэчимэгийг салгаад ширээн дээр суулгасан.  Би очоод юу болсон талаар асуусан чинь Эрдэнэчимэг чамд ямар хамаатай юм бэ гичий минь гээд намайг доромжлоод байхаар нь ширээн дээр байсан Сэнгүр нэртэй пивоны шилээр нэг удаа толгойн хэсэг рүү нь цохисон тэгээд холдоод яваад өгсөн. Намайг текний хажууд зогсож байсан чинь Эрдэнэчимэгийн толгойноос нь цус гарсан байдалтай хажууд нь сууж байсан эрэгтэй нь сугадсан байдалтай ариун цэврийн өрөө рүү оруулж байсан. Би араас нь ариун цэврийн өрөө рүү орсон чинь толгойноос нь цус гарсан байсан. Толгойных нь цусыг тогтоогоод байж байсан чинь Эрдэнэчимэгтэй хамт сууж байсан залуу нь гараад явсан. Эрдэнэчимэгийг захирал Одгэрэлтэй хамт гэмтэл авч явах гэсэн чинь куртик цүнхээ авмаар байна гэж хэлсэн. Би Эрдэнэчимэгийн цүнх, куртикийг авахаар сууж байсан ширээн дээр нь очоод цүнх, куртикийг нь аваад Эрдэнэчимэгт өгсөн чинь Эрдэнэчимэг цүнхнээс мөнгө, түрүүвч алга болсон байна гэж надад хэлсэн. …Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. …Эрдэнэчимэг манай нөхөртэй 2 удаа манай ажил дээр хамт нэг ширээнд суугаад бүжиглэж байсан болохоор хардалтаас болоод тухайн үед Эрдэнэчимэгтэй маргалдаж пивоны шилээр толгойг нь хагалсан. …Би Эрдэнэчимэгтэй хамт нэг ширээнд сууж байсан эрэгтэйг урьд өмнө нь харж байгаагүй танихгүй. …Би Эрдэнэчимэгт хохирлын мөнгө 80,000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй. Эрдэнэчимэгийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх болно. … гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 х/

 

Шүүгдэгч Г.Цэцмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …2016 оны 01 дүгээр сарын 06-ний шөнө 21 цагт Эрдэнэчимэг манай бааранд орж ирээд 9 номерын ширээн дээр суусан. Тэгээд нэг шил пиво захиалсан. Манай зөөгч очоод Эрдэнэчимэгийн ширээг нь солиод Содномтой цуг нэг ширээнд суулгасан. Эрдэнэчимэг бүжгийн талбай дээр нэг эмэгтэйтэй маргалдаад зодолдоод байсан. Тэгээд Эрдэнэчимэг ширээн дээрээ суухаар нь би очоод юу болсон яасан бэ гэж хэлэхэд намайг янз бүрээр харааж доромжилсон. Эрдэнэчимэг өмнө нь манай нөхөртэй 2 удаа манай ажил дээр орж ирж доромжилсон. Би Эрдэнэчимэгийг хүний нөхөртэй явалддаг хүүхэн байж яагаад намайг ажлаа хийж байхад минь доромжлох ёстой юм гээд пивоны шилээр цохисон. … гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч О.Содномын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цалин буугаад найзуудтайгаа 18 цаг 30 минутын үе уулзаад 21 дүгээр хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй паабд ороод Боргио нэртэй шилтэй пиво тус бүр 4 ширхэгийг уугаад 19 цаг 30 минутын үед паабаас гарсан. Манай хоёр найз Эрдэнэцогт, Мөнх-Эрдэнэ нар гэртээ харилаа гээд явсан. Би том оврн автобусанд сугаад Баянхошууны хуучин эцэст буугаад Гэрэлт-Од бааранд орж ганц хоёр пиво уух гэж ганцаараа очсон. Гэрэлт-Од бааранд ороод ди жэй, зөөгч /нэрийг нь мэдэхгүй гэх/ хоёртой нэг пиво уугаад байж байсан чинь гаднаас Эрдэнэчимэг гэх эмэгтэй ирж суугаад хоорондоо танилцаад ганц хоёр пиво уусан. Би Эрдэнэчимэгтэй хамт пиво уугаад нилээн удсан. Эрдэнэчимэг бүжиглэлээ гээд босоод бүжгийн талбай руу явсан би харин пиво уугаад үлдсэн. Эрдэнэчимэг бүжиглэж байснаа нэг танихгүй эмэгтэй хүнтэй маргалдаад нэгнийхээ үснээс зулгаалцаад байсан. Эрдэнэчимэгийг бааранд байсан хүмүүс болон баарны ажилчид салгаж суулгасан. Эрдэнэчимэгийг ширээны хажууд сууж байсан чинь баарны зөөгч эмэгтэй хажууд ирээд Чи таньдаг хүнтэй маргалдаад байна, чи миний ажилладаг бааранд орж ирээд арай давраад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь Эрдэнэчимэг Чи юу гээд байгаа пизда вэ гэж хэлсэн. Эрдэнэчимэгтэй баарны зөөгч эмэгтэй Цэцмаа маргалдаж байсанаа гэнэт л ширээн дээр байсан пивоны шилээр толгойн хэсэг рүү нэг удаа цохисон. Эрдэнэчимэг толгойруугаа цохиулаад доошоо хараад уйлаад гараараа толгойгоо бариад байсан тэгэхээр нь би нэг танихгүй залуутай хамт ариун цэврийн өрөө рүү авч явсан. Ариун цэврийн өрөө рүү  орж цусыг нь угаагаад тогтохгүй байхаар нь би дотуур өмсөж байсан цамцаа ураад толгойг нь боосон байж байсан чинь толгой руу нь цохисон зөөгч эмэгтэй Цэцмаа орж ирсэн. Би түргэн тусламж дуудах гээд ариун цэврийн өрөөнөөс гарсан. Би утасгүй байсан болохоор хамт сууж байсан Эрдэнэчимэгийн цүнхнээс самсунг маркийн гар утасыг аваад түргэн тусламж дуудаад ариун цэврийн өрөө рүү орох гэсэн чинь захирал нь оруулахгүй байсан тэгэхээр нь би гар утасыг нь аваад гараад явсан. Би шууд микро автобусанд суугаад гэртээ харисан. Би тухайн хулгайлсан эд зүйлээ хаясан болохоор маргааш нь Эрдэнэчимэгийг ирэхээр нь би хулгай хийгээгүй гээд хэлсэн юм. …Би Самсунг маркийн гар утас л авсан тэрнээс өөр хулгайлсан зүйл байхгүй ээ. Би Гэрэлт-Од бааранд тогтмол ордог тэр үед Гэрэлт-Од баарны зөөгч Цэцмаа нь хүнтэй маргалдаж зодолдож байхыг хараагүй. …Эрдэнэчимэг бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харин Цэцмаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. … гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132 х/

           

            Шүүгдэгч О.Содномын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …2016 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 21 цагийн орчим ажил тараад Гэрэлт-Од гэх бааранд ороод 2 номертой ширээн дээр суусан. Тэгээд Эрдэнэчимэг миний сууж байсан ширээн дээр цуг суусан. Эрдэнэчимэг бид хоёр өөр ширээнд шилжин суусан. Тэгээд бүжиглэж байхад Эрдэнэчимэг хүнтэй хэрэлдээд үснээсээ зулгаалцсан. Эрдэнэчимэгийг суулгаад байж байхад Цэцмаа ирээд толгойг нь пивоны шилээр цохисон. Би Эрдэнэчимэгтэй 00 өрөө рүү ороод толгойг нь цамцаараа боосон. Тэгээд би утсыг нь түргэн дуудах санаатай авсан. Би утас, түрүүвчийг нь аваад явсан. Утас түрүүвчийг нь гээсэн байсан. Маргааш нь Эрдэнэчимэг над руу яриад цуг Цагдаагийн хэлтэс рүү орсон. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед найз Түвшинтэй уулзаж ганц хоёр пиво уух гээд уулзсан. Манай найз Түвшингийн гэр нь Зүүн салаанд байдаг, манай найз гэртээ ороод хувцасаа солиод буцаад гараад ирье гээд явсан. Түвшин намайг Гэрэлт-Од бааранд ороод сууж бай араас чинь орье, би 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Гэрэлт-Од бааранд ганцаараа улаан эрээн өнгийн цамц, цэнхэр өнгийн жэнсэн өмд, хар өнгийн гутал, шар өнгийн куртиктэй явж ороод 2 дахь ширээн дээр суугаад сэнгүр нэртэй 1 ширхэг пиво захиалаад суусан. Намайг сууж байсан чинь зөөгч нь ирээд шилжээд суучих гээд намайг цаашаа суулгасан. Гэрэлт-Од баарны дижи гэх залууг би зүс таних төдий танидаг юм, намайг наадах чинь манай найз байгаа юм гээд хүнтэй ширээн дээр суулгасан. Миний хажууд сууж байсан залуу эрээн өнгийн өмдтэй 160-165 см өндөртэй 20-25 орчим насны эрэгтэй хүн байсан. Би пиво ууж сууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Намайг бүжиглэж байсан чинь нэг 170-175 см өндөртэй эмэгтэй түлхээд байсан, тэгхээр нь би зөрүүлээд түлхсэн. Намайг тэр бүжигийн талбай дээр байсан эмэгтэй үснээс зулгаагаад эхэлсэн, би зөрүүлээд үснээс нь адилхан зулгаасан. Намайг тэр эмэгтэйгээс хажууд бүжиглэж байсан хүмүүс салгасан. Би ширээн дээрээ ирж суугаад байж байсан чинь Гэрэлт-Од баарны бармен Цэцмаа ирээд Чи яагаад асуудал үүсгээд байгаа юм гэж хэлсэн, би Чи надад шаардлага тавих хүн биш, чи юуг нь ч мэдээгүй байж шаардлага тавих хүн биш гэж хэлээд сууж байсан чинь ямар ч шалтгаангүйгээр миний ширээн дээр байсан Сэнгүр нэртэй пивоны шилээр дух хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Миний толгойноос маш их цус гараад тогтохгүй байхаар нь ариун цэврийн өрөө рүү Цэцмаа, надтай нэг ширээн дээр сууж байсан танихгүй залуу хамт ороод цусаа цэвэрлэсэн. Би ариун цэврийн өрөөнд ороод цусаа цэвэрлэж байх үед надтай хамт ширээн дээр сууж байсан залуу гараад яваад өгсөн. Би ариун цэврийн өрөөнд ороод Цэцмаагаас Чи ямар шалтгаанаар миний толгойг шилээр хагалж байгаа юм бэ гэж асуусан чинь Цэцмаа Би чамайг ямар шалтгаанаар толгойг чинь хагалсанаа мэдэхгүй байна, уур хүрээд л хагалсан юм шиг байна гэж надад хэлсэн. Би ариун цэврийн өрөөнд байхдаа найз Түвшин рүү ярьсан чинь Би гарч чадахгүй нь ээ хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Намайг ариун цэврийн өрөөнөөс гараад сууж байсан ширээн дээрээ очиход цүнхээ авах гэсэн чинь миний цүнхэн дотор байсан Самсунг маркын шар өнгийн гар утас, яагаан өнгийн түрүүвч түүний дотор талд байсан 30,000 төгрөг, Голомт, Хаан, Номин, Миний дэлгүүрийн картууд, жижиг монет зэрэг эд зүйл алга болсон байсан. Миний хажууд сууж байсан танихгүй залуу бас алга болсон байсан. Миний толгойноос гарсан цус тогтохгүй тэгээд Гэрэлт-Од баарны захирал, Цэцмаа хоёртой хамт 02 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод оёдол тавиулаад, дусал хийлгээд эмнэлэгээс гарсан. Эмнэлэгээс гараад шууд гэртээ харисан. ...Би Цэцмаатай маргалдсан зүйл байхгүй ээ. ...Би Цэцмаагийн нөхрийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, ямар нэгэн холбоо бол байхгүй. ...Цэцмаатай ямар нэгэн өш хонзонгийн зүйл байхгүй, би Сэнгүр нэртэй 3 ширхэг пиво уусан өөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өөрийн гэсэн ухаантай байсан зүгээр байсан. ...Би ажилаа хийж чадахгүй 7 хоног болсон ажилгүй байсан хоногийнхоо мөнгийг, эмчилгээний 50,000 төгрөгөө нэхэмжилэж байна. Би алдсан эд зүйл болох Самсунг маркийн гар утас 2015 онд 150,000 төгрөгөөр Монтел гэх гар утас зардаг газраас худалдаж авч байсан, бэлэн 30,000 төгрөг, картнууд 12,000 төгрөг, жижиг монет 1гр байсан хэдэн төгрөг байдагийг нь мэдэхгүй байна, түрүүвч 40,000 төгрөг. ...Хохиролоо барагдуулчих юм бол гомдол санал гээд байх зүйл алга байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...Би Цэцмаатай хэрэг болсон өдөр ариун цэврийн өрөөнд ороод нөхрийнх нь талаар юу ч яриагүй. Цэцмаа худлаа ярьж байгаа байх. ...2015 оны 12 дугаар сарын дундуур намайг Гэрэлт-Од бааранд байж байхад Цэцмаагийн нөхөр Амгаланбадрах миний хажууд ирээд надтай өөрөө танилцъя гээд ирээд манай эхнэр өөр хүнтэй явалдаад байна чи надад хань болоод өгөөч гээд байсан. Би тэр үед нь зүгээр л хамт нэг ширээнд суусан, түүнээс өөрөөр ямар нэгэн зүйл болоогүй.  Дараа нь дахиж Амгаланбадрах уулзаагүй ээ. Би Цэцмаагийн нөхөр Амгаланбадрахтай ямар нэгэн холбоо гээд байх зүйл байхгүй. ...Надтай хамт нэг ширээнд суусан Содном гэх хүн эрээн өнгийн өмдтэй, хар өнгийн подволктой цагаан өнгийн куртик, малгай өмссөн байсан бусдыг нь сайн санахгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 х/

 

            Хохирогч Б.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гэрэлт-Од гэх бааранд би орж үйлчлүүлсэн. Пиво захиалаад ширээгээ сольж суусан. Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг охин намайг түлхээд байхаар нь чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн тэгээд маргалдаад зодолдсон. Тэгээд салаад ширээн дээр сууж байхад Цэцмаа ирээд чи дандаа яагаад асуудал үүсгэж байдаг юм бэ гэхээр нь би өөдөөс нь чи надад шаардлага тавих хүн биш гэж хэлсэн өөрөөр доромжилсон асуудал байхгүй. Суух гэсэн чинь Цэцмаа гэнэт миний толгой руу шилээр цохисон. Содном надтай 00 өрөө рүү орж толгойг подволкоор боосон. Тэгсэн Цэцмаа 00-д орж ирээд  уучлаарай би яагаад цохисноо мэдэхгүй байна миний ухаан санаа орж гараад байна гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг ороод 5 оёдол толгойдоо тавиулсан. Би Номин-д ажилладаг байсан, 7-10 хоног ажиллаагүй, тэгээд намайг ажлаас халсан. Эмчилгээ хийлгэсэн зардал, ажилгүй байсан үеийн зардал 500.000 төгрөг, алдсан эд зүйлээ нэхэмжилж байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Д.Амгаланбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Эрдэнэчимэгтэй 2015 оны 12 дугаар сарын дундуур Гэрэлт-Од бааранд танилцаж байсан. Би Гэрэлт-Од бааранд бүжиглэж байсан чинь баарны ди жэй гэх залуу надад дугаарыг нь аваад өгчих гэсэн, би Эрдэнэчимэг дээр очоод гар утсаараа ганц яриулчих гэсэн чинь гар утсаа өгсөн, би өөрийнхөө дугаар руу залгасан. Баарны ди жи залууд Эрдэнэчимэгийн дугаарыг өгчихөөд гадаа тамхи татаад байж байсан чинь Эрдэнэчимэг гадаа гараад ирсэн тэгээд бид хоёр гадаа юм ярилцаж байгаад л танилцсан. Бид хоёр хоёулаа ганцаараа явж байсан болохоор нэг ширээнд суусан гэхдээ юу ч болоогүй би гараад явсан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ байж байгаад Эрдэнэчимэгийн гар утас руу залгаад юм ярилцаж байгаад утсаа салгасан. Намайг гэртээ байж байсан чинь орой Эрдэнэчимэг над руу залгасан Чи хуучин эцсийн хажууд хүрээд ир нэг газар сууж юм яръя гэсэн, би За за одоо очлоо гэж хэлээд гэрээсээ гарсан. Би хуучин эцсийн хажууд очсон чинь Эрдэнэчимэг намайг Гэрэлт-Од бааранд орьё гэхээр нь би Наад бааранд чинь манай эхнэр ажилладаг би орохгүй гэсэн чинь Би ч гэсэн нөхөртэй гээд намайг дагуулаад орсон. Гэрэлт-Од бааранд ороод Эрдэнэчимэг бид хоёр нэг ширээн дээр суугаад нэг цаг гаран болоод би гараад явсан харин Эрдэнэчимэг суугаад үлдсэн. Тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй, гар утасаар ч яриагүй ээ. Би Эрдэнэчимэгтэй ямар ч дотно харьцаанд орсон зүйл байхгүй зүгээр л санамсаргүй байдлаар танилцсан төдий л зүйл болсон өөр ямар ч зүйл болоогүй. Эхнэр Цэцмаатай намайг Эрдэнэчимэгтэй Гэрэлт-Од бааранд явж байхыг манай эхнэр харсан юм шиг байна лээ тэгээд л манай эхнэр намайг Гэрэлт-Од бааранд ажилладаг гэдгийг мэдсээр байж намайг доромжилж байгаа юм уу гээд л хоорондоо маргалдсан. …Цэцмаа бид хоёр албан ёсны гэр бүл биш харин бид хоёр 2 настай хүүхэдтэй. Хоёр жилийн өмнөөс хамт амьдрах болсон. Тэгээд 2015 оны 12 дугаар сараас эхлээд хамт амьдрахаа болисон. Цэцмаа бид хоёр хамт амьдардаг байхдаа байнга хоорондоо  маргалдаад болохгүй байхаар нь бид хоёр салсан. Би эхнэртэйгээ 2015 оны 10 сараас хойш холбоогүй байсан сая л гэмт хэрэгт холбогдсон. …Манай эхнэр Цэцмаа одоо 6 сартай жирэмсэн. Миний хүүхэд байгаа юм. …2015 оны 12 дугаар сард Гэрэлт-Од бааранд байхдаа нэг удаа маргалдаж байсан гэхдээ би Цэцмааг Эрдэнэчимэгтэй ямар шалтгаанаар маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Надад Цэцмаа хэлээгүй. …Манай эхнэр зан байдлын хувьд даруухан талдаа хүнтэй нээх маргалдаад байдаггүй, найз нөхөд хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 х/

 

Гэрч Д.Амгаланбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Эрдэнэчимэгтэй анх 888 гэх нэртэй бааранд танилцаад, 2 удаа уулзсан. …Эрдэнэчимэгтэй эхнэрээ хардуулах зорилгоор уулзсан. Хоёр удаа уулзахдаа эхнэрийнхээ ажил дээр очсон,  эхнэр уурлаад Эрдэнэчимэгтэй муудалцсан. …Цэцмаа, Эрдэнэчимэг нар урьд нь 2015 оны 12 дугаар сард Гэрэлт-Од бааранд маргалдаж байсан. …Бид бие биедээ тунирхаад эхнэрээ хардуулах болсон. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Ц.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Гэрэлт-Од баараны захирал байгаа юм. 2016 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай Гэрэлт-Од бааранд Эрдэнэчимэг гэх эмэгтэй ганцаараа орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэй 4 номерын ширээнд нэг танихгүй эрэгтэй хүн хамт суугаад Сэнгүр нэртэй пиво захиалаад уугаад байж байсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэй нөгөө залуутайгаа бүжгийн талбай дээр бүжиглэж байснаа гэнэт танихгүй эмэгтэй хүнтэй зодолдоод эхэлсэн /тухайн эмэгтэйн зүс царай, хуцасыг нь мэдэхгүй байна гэх/. Манай хамгаалагч Ган-Очир, Наранчлуун гэх хоёр залуу очоод зодооныг салгаад Эрдэнэчимэг гэх эмэгтэйг ширээн дээр нь суулгасан. Би Эрдэнэчимэг гэх эмэгтэйн ширээний хажууд зогсоод тайван байлдаа миний дүү, соёлтой үйлчлүүлнэ шүү гэж хэлээд эргээд алхаад хаалга хэсэг рүү явж байсан чинь ард шил хагарч байгаа чимээ сонсогдоод эргээд яваад очсон чинь Эрдэнэчимэг гэх эмэгтэйг манай бармен Цэцмаа Сэнгүр нэртэй пивоны шилээр толгойг нь хагалсан байсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэйн толгойноос нь цус гараад …хамт сууж байсан нэг залуу нь дагуулаад ариун цэврийн өрөө рүү орсон. Би араас нь Цэцмаагийн хамт ороод нүүр гарыг нь цэвэрлэж өгсөн. Манай нэг ажилчин түргэн тусламж дуудсан чинь ирээгүй тэгээд би Эрдэнэчимэг, Цэцмаа нарыг машиндаа суулгаад гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж толгойд нь оёдол тавиулж, толгойныхоо зургийг авахуулсан. Би Цэцмаад чи ямар шалтгаанаар хүний толгой шилээр цохиод хагалсан юм бэ гэж асуусан чинь Цэцмаа надад хэлэхдээ Би Эрдэнэчимэг гэх эмэгтэйн ширээний хажууд очоод би энэ баарны зохицуулдаг хүн нь байна, юу болсон юм бэ, гэж хэлсэн чинь Эрдэнэчимэг Чамд ямар хамаатай юм бэ гээд хэл амаар доромжпоод байсан тэгэхлээр нь уур хүрээд толгойг нь ширээн дээр байсан пивоны шилээр хагалсан юм гэж надад хэлсэн. …Манай Гэрэлт-Од бааранд урьд өмнө нь орж ирж байсан гэж манай ажилтанууд хэлсэн тэрнээс би яг орж ирж үйлчлүүлж байсан талаар нь мэдэхгүй байна. …Цэцмаа манай Гэрэлт-Од бааранд ажиллаад 1 сар болж байсан. Одоо манай бааранд ажиллахгүй байгаа. …Эрдэнэчимэгийн толгойг хагалсан гэх пивоны шил нь яг цохих үед хагараагүй харин газар унахдаа л хагарсан байх гэж бодож байна гэхдээ би сайн мэдэхгүй байна. …Манай Гэрэлт-Од баарны ажилтан Галбадрах, хамгаалагч Наранчулуун, Ган-Очир, зөөгч Ундрам тэгээд миний бие байсан. Манай бааранд үйлчлүүлж байсан танихгүй хэд хэдэн хүмүүс байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 х/

 

            Гэрч Д.Мөнх-Ундрамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Гэрэлт-Од бааранд зөөгчийн ажил хийдэг. …Намайг бааранд ажлаа хийж байсан чинь 21 цагийн үед гаднаас Эрдэнэчимэг гэх эмэгтэй ганцаараа орж ирээд 8 номерийн ширээн дээр суугаад Сэнгүр нэртэй 2 ширхэг захиалсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэй өөрөө 3 номерийн ширээ рүү суусан хажууд нь танихгүй нэг эрэгтэй хүн суугаад хамт пиво уугаад байсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэй пиво ууж байгаад бүжгийн талбай дээр нөгөө залуутайгаа хамт бүжиглэж байсан чинь манай бааранд хааяа нэг орж ирдэг Зулаа гэх тэр Эрдэнэчимэг гэх эмэгтэй хоёр хоорондоо нэгнийхээ үснээс зулгаагаад зодолдоод байсан. Тэгсэн манай хамгаалагч нар болон захирал салгаад нөгөө хоёр зодолдоод байсан Зулаа, Эрдэнэчимэг нарыг ширээн дээр нь суулгасан. Би баарны текэн дээр зогсож байсан чинь манай бармэн Цэцмаа над дээр ирээд зогсоод байсан. Би хүмүүс орилоод, баарны шалаар цус гараад байхаар нь харсан чинь Эрдэнэчимэг гэх эмэгтэйн толгойноос цус гарсан байдалтай хамт сууж байсан эрэгтэй нь түшээд ариун цэврийн өрөө рүу явж байсан. Араас нь захирал Одгэрэл, бармен Цэцмаа нар ариун цэврийн өрөө рүү ороод цусыг нь цэвэрлээд гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. …Эрдэнэчимэг гэх эмэгтэй урьд өмнө нь манай бааранд хэд хэдэн удаа орж ирж байсан гэхдээ сайн танихгүй. …Цэцмаа гээд бармен манай бааранд ажилд ороод 1 сар л болж байсан. Одоо манай бааранд ажилахгүй байгаа. …Би ямар шалтгаанаар хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна. Эрдэнэчимэгийн толгойг Цэцмаа юугаар яаж хагалсан талаар мэдэхгүй байна. …Эрдэнэчимэгийн толгойг хагалсан гэх пивоны шил хагараагүй байсан Цэцмаа өөрөө тэр пивоны шилээ гартаа бариад зогсод байсан. Эрдэнэчимэгийн сууж байсан ширээны ойр орчимд хагарсан ямар нэгэн шил байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

Гэрч Н.Гал-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Гэрэлт-Од бааранд ди жэй хийдэг. Намайг ажлаа хийж байсан чинь 21 цагаас 22 цагийн хооронд …гэнэт хоорондоо хүмүүс маргалдаад байхаар нь би хөгжмөө зогсоогоод гэрэлээ асаасан тэгсэн хамгаалагч нар болон захирал бас хэдэн хүмүүс Эрдэнэчимэг гэх эмэгтэйн сууж байсан ширээн дээр очоод байсан. Тэр Эрдэнэчимэг гэх эмэгтэй ширээнээсээ босоод хүнээр түшүүлээд ариун цэврийн өрөө рүү толгой нь хагарсан байдалтай цус гараад явж байсан. Араас нь манай захирал Одгэрэл болон бармен Цэцмаа нар орж байсан. Манай захирал Одгэрэл болон Цэцмаа нар Эрдэнэчимэг гэх эмэгтэйг аваад эмнэлэг орно гээд аваад явсан. …Би ямар шалтгаанаар хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна. …Эрдэнэчимэгтэй эхэлж зодолдож байсан Зулаа гэх эмэгтэй нь Цэцмаагийн найз нь юм шиг байна лээ надад Цэцмаа тэгж хэлсэн. …Хагарсан шил байхыг хараагүй, Цэцмаа ямар ч байсан нэг пивоны шил бариад зогсож байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/

 

Гэрч П.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Содном бол манай хүү байгаа юм. 1993 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Ховд аймгийн 6 дугаар 10 жилийн сургуульд 2000-2008 он хүртэл суралцаад 8 дугаар анги төгссөн. 2008 оноос 2012 он хүртэл Ховд аймгийн Мөст суманд малчны ажил хийж байгаад Улаанбаатар хотод гэр бүлийн хамт шилжин ирээд хувиараа барилгын ажил хийж байсан. 2015 оны 04 сараас Төрийн банкны хамгаалалтын компанид ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сард ажлаасаа гарсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай хүү зан байдлын хувьд эелдэг даруу, хүнтэй маргалдаад байдаггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй байхгүй хүүхэд. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

Гэрч П.Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Г.Цэцмаа бол манай охин байгаа юм. 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2003 онд ерөнхий боловсролын 67 дугаар сургуульд элсэн ороод 2015 онд төгссөн. Манай охин Цэцмаагийн зан байдлын хувьд эелдэг даруухан  хүнтэй маргалдаад байдаггүй, муу зуршилгүй, архи, тамхи хэрэглэдэггүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 х/

 

            Шинжээчийн ¹1057 тоот дүгнэлт

            1.Б.Эрдэнэчимэг-н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Золжаргал /хх-ийн 37 х/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 х/

Г.Цэцмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 х/

О.Содномын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 133 х/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 75 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.Цэцмаагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Эрдэнэчимэг урьд нь манай нөхөр Амгаланбадрахтай 2015 оны 12 дугаар сарын эхээр миний ажилладаг Гэрэлт-Од бааранд хамт орж ирээд нэг ширээнд суугаад пиво уугаад бүжиглэж байсан тэгэхээр нь би Эрдэнэчимэгтэй маргалдсан. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байж байхад бас л Эрдэнэчимэг манай нөхөртэй нэг ширээнд сууж байгаад хэсэг хугацааны дараа манай нөхөр гараад явсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны 17 цагийн үед ажил дээрээ ирээд ажлаа хийж байсан Эрдэнэчимэг ганцаараа 21 цагийн үед орж ирээд 9 номерын ширээнд суугаад сэнгүр нэртэй пиво захиалж уусан. ... Эрдэнэчимэг ширээнээс босоод бүжиглэж байсан нөгөө залуу нь ширээн дээрээ сууж байсан. Эрдэнэчимэг манай бааранд хааяа орж ирдэг Зулаа гэх эгчтэй үснээсээ зулгаалцаад байсан.  Манай баарны ажилчид болон бааранд бүжиглэж байсан хүмүүс Эрдэнэчимэгийг салгаад ширээн дээр суулгасан.  Би очоод юу болсон талаар асуусан чинь Эрдэнэчимэг чамд ямар хамаатай юм бэ гичий минь гээд намайг доромжлоод байхаар нь ширээн дээр байсан Сэнгүр нэртэй пивоны шилээр нэг удаа толгойн хэсэг рүү нь цохисон тэгээд холдоод яваад өгсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 х/

 

Шүүгдэгч О.Содномын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Гэрэлт-Од бааранд ороод ди жи, зөөгч /нэрийг нь мэдэхгүй гэх/ хоёртой нэг пиво уугаад байж байсан чинь гаднаас Эрдэнэчимэг гэх эмэгтэй ирж суугаад хоорондоо танилцаад ганц хоёр пиво уусан. Би Эрдэнэчимэгтэй хамт пиво уугаад нилээн удсан. Эрдэнэчимэг бүжиглэлээ гээд босоод бүжгийн талбай руу явсан би харин пиво уугаад үлдсэн. Эрдэнэчимэг бүжиглэж байснаа нэг танихгүй эмэгтэй хүнтэй маргалдаад нэгнийхээ үснээс зулгаалцаад байсан. Эрдэнэчимэгийг бааранд байсан хүмүүс болон баарны ажилчид салгаж суулгасан. Эрдэнэчимэгийг ширээний хажууд сууж байсан чинь баарны зөөгч эмэгтэй хажууд ирээд Чи таньдаг хүнтэй маргалдаад байна, чи миний ажилладаг бааранд орж ирээд арай давраад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь Эрдэнэчимэг Чи юу гээд байгаа пизда вэ гэж хэлсэн. Эрдэнэчимэгтэй баарны зөөгч эмэгтэй Цэцмаа маргалдаж байсанаа гэнэт л ширээн дээр байсан пивоны шилээр толгойн хэсэг рүү нэг удаа цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132 х/

 

            Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Намайг бүжиглэж байсан чинь нэг 170-175 см өндөртэй эмэгтэй түлхээд байсан, тэгхээр нь би зөрүүлээд түлхсэн. Намайг тэр бүжгийн талбай дээр байсан эмэгтэй үснээс зулгаагаад эхэлсэн, би зөрүүлээд үснээс нь адилхан зулгаасан. Намайг тэр эмэгтэйгээс хажууд бүжиглэж байсан хүмүүс салгасан. Би ширээн дээрээ ирж суугаад байж байсан чинь Гэрэлт-Од баарны бармен Цэцмаа ирээд Чи яагаад асуудал үүсгээд байгаа юм гэж хэлсэн, би Чи надад шаардлага тавих хүн биш, чи юуг нь ч мэдээгүй байж шаардлага тавих хүн биш гэж хэлээд сууж байсан чинь ямар ч шалтгаангүйгээр миний ширээн дээр байсан Сэнгүр нэртэй пивоны шилээр дух хэсэг рүү нэг удаа цохиод авсан. ... Би ариун цэврийн өрөөнд ороод Цэцмаагаас Чи ямар шалтгаанаар миний толгойг шилээр хагалж байгаа юм бэ гэж асуусан чинь Цэцмаа Би чамайг ямар шалтгаанаар толгойг чинь хагалсанаа мэдэхгүй байна, уур хүрээд л хагалсан юм шиг байна гэж надад хэлсэн.

...2015 оны 12 дугаар сарын дундуур намайг Гэрэлт-Од бааранд байж байхад Цэцмаагийн нөхөр Амгаланбадрах миний хажууд ирээд надтай өөрөө танилцъя гээд ирээд манай эхнэр өөр хүнтэй явалдаад байна чи надад хань болоод өгөөч гээд байсан. Би тэр үед нь зүгээр л хамт нэг ширээнд суусан, түүнээс өөрөөр ямар нэгэн зүйл болоогүй.  Дараа нь дахиж Амгаланбадрах уулзаагүй ээ. Би Цэцмаагийн нөхөр Амгаланбадрахтай ямар нэгэн холбоо гээд байх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 х/

 

Гэрч Ц.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би Цэцмаад чи ямар шалтгаанаар хүний толгой шилээр цохиод хагалсан юм бэ гэж асуусан чинь Цэцмаа надад хэлэхдээ Би Эрдэнэчимэг гэх эмэгтэйн ширээний хажууд очоод би энэ баарны зохицуулдаг хүн нь байна, юу болсон юм бэ гэж хэлсэн чинь Эрдэнэчимэг Чамд ямар хамаатай юм бэ гээд хэл амаар доромжпоод байсан тэгэхлээр нь уур хүрээд толгойг нь ширээн дээр байсан пивоны шилээр хагалсан юм гэж надад хэлсэн. …Эрдэнэчимэгийн толгойг хагалсан гэх пивоны шил нь яг цохих үед хагараагүй харин газар унахдаа л хагарсан байх гэж бодож байна гэхдээ би сайн мэдэхгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 х/

 

            Гэрч Д.Мөнх-Ундрамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Гэрэлт-Од бааранд зөөгчийн ажил хийдэг. …Намайг бааранд ажлаа хийж байсан чинь 21 цагийн үед гаднаас Эрдэнэчимэг гэх эмэгтэй ганцаараа орж ирээд 8 номерийн ширээн дээр суугаад Сэнгүр нэртэй 2 ширхэг захиалсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэй өөрөө 3 номерийн ширээ рүү суусан хажууд нь танихгүй нэг эрэгтэй хүн суугаад хамт пиво уугаад байсан. Эрдэнэчимэг гэх эмэгтэй пиво ууж байгаад бүжгийн талбай дээр нөгөө залуутайгаа хамт бүжиглэж байсан чинь манай бааранд хааяа нэг орж ирдэг Зулаа гэх тэр Эрдэнэчимэг гэх эмэгтэй хоёр хоорондоо нэгнийхээ үснээс зулгаагаад зодолдоод байсан. Тэгсэн манай хамгаалагч нар болон захирал салгаад нөгөө хоёр зодолдоод байсан Зулаа, Эрдэнэчимэг нарыг ширээн дээр нь суулгасан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

Гэрч Д.Амгаланбадрахын: “… Намайг гэртээ байж байсан чинь орой Эрдэнэчимэг над руу залгасан Чи хуучин эцсийн хажууд хүрээд ир нэг газар сууж юм яръя гэсэн, би За за одоо очлоо гэж хэлээд гэрээсээ гарсан. Би хуучин эцсийн хажууд очсон чинь Эрдэнэчимэг намайг Гэрэлт-Од бааранд орьё гэхээр нь би Наад бааранд чинь манай эхнэр ажилладаг би орохгүй гэсэн чинь Би ч гэсэн нөхөртэй гээд намайг дагуулаад орсон. Гэрэлт-Од бааранд ороод Эрдэнэчимэг бид хоёр нэг ширээн дээр суугаад нэг цаг гаран болоод би гараад явсан харин Эрдэнэчимэг суугаад үлдсэн. ... Эхнэр Цэцмаа намайг Эрдэнэчимэгтэй Гэрэлт-Од бааранд явж байхыг харсан юм шиг байна лээ тэгээд намайг Гэрэлт-Од бааранд ажилладаг гэдгийг мэдсээр байж намайг доромжилж байгаа юм уу гээд л хоорондоо маргалдсан. …Цэцмаа бид хоёр албан ёсны гэр бүл биш харин хоёр хүүхэдтэй. Хоёр жилийн өмнөөс хамт амьдрах болсон. …Манай эхнэр Цэцмаа одоо 6 сартай жирэмсэн. Миний хүүхэд байгаа юм. …2015 оны 12 дугаар сард Гэрэлт-Од бааранд байхдаа нэг удаа маргалдаж байсан гэхдээ би Цэцмааг Эрдэнэчимэгтэй ямар шалтгаанаар маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Надад Цэцмаа хэлээгүй. …Манай эхнэр зан байдлын хувьд даруухан талдаа хүнтэй нээх маргалдаад байдаггүй, найз нөхөд хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 х/,

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Г.Цэцмаа, Б.Эрдэнэчимэг нар 2015 оны 12 дугаар сараас бие биенээ эчнээ таньдаг болсон, хохирогч Б.Эрдэнэчимэг нь Г.Цэцмааг ажилаа хийж байхад хоёр ч удаа түүний нөхөр Г.Амгаланбадрахтай хамт орж ирж үйлчлүүлэх хамт бүжиглэх зэргээр Г.Цэцмаагийн анхаарлыг татаж байсан,  2016 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Б.Эрдэнэчимэг нь бааранд орж ирээд бусадтай маргаан үүсгэн зодолдсон, үүний улмаас Г.Цэцмаа ширээн дээр нь очиж шаардлага тавихад түүнийг хэл амаар доромжилхоор нь пивоны шилээр толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь танхайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй.Учир нь Г.Цэцмаа тэр орой тус бааранд ажил үүргээ гүйцэтгэж байсан, зүй бус авир гаргасан хүн дээр очиж шаардлага тавихад өөдөөс нь хэл амаар доромжилсон, мөн урьд өмнө нөхөртэй нь хамт түүний бааранд хоёр удаа орж  ирж үйлчлүүлж байсан зэрэг шалтгаан нөхцлийн улмаас Г.Цэцмаагийн пивоны шилээр хүний толгойд цохисон үйлдлийг үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэж үзэх боломжгүй байна.

Хохирогч Б.Эрдэнэчимэг нь шүүгдэгчийн нөхөртэй түүний ажилладаг баараар хоёр удаа үйлчлүүлсэн нь тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө боловч шүүгдэгч Г.Цэцмаа түүнийг нөхөртэйгээ хардах байдлаар ханддаг байсан нь түүний сэтгэлзүйд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

Прокуророос Г.Цэцмаагийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг үл ялих зүйлээр шалтаглан пивоны шилээр цохиж танхайрсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохироогүй.

Хохирогч нь бусадтай үснээсээ зулгаалцаж бааранд жижгээр танхайрсан, түүнд зүй ёсны шаардлага тавихад өөдөөс нь зүй бус үг хэллэг хэрэглэн эсэргүүцэл үзүүлж хэл амаар доромжилсон, хохирогч түүний нөхөртэй хамт хоёр ч удаа түүний ажилладаг баараар үйлчлүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудыг бүхэлд нь авч үзэж дүгнэлт хийхэд уг гэмт хэрэг нь хувийн сэдэлттэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.Цэцмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Г.Цэцмаа нь 2016 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлт-Од бааранд ажиллаж байхдаа үйлчлүүлж байсан Б.Эрдэнэчимэгийг жижгээр танхайрахад нь зүй ёсны шаардлага тавихад түүнийг зүй бус үг хэллэг хэрэглэн хэл амаар доромжлоход нь пивоны шилээр толгойн тус газар нь цохиж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч Г.Цэцмаагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эрдэнэчимэг, шүүгдэгч О.Содном, гэрч Ц.Одгэрэл, Д.Мөнх-Ундрам, Г.Гал-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн 1057 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

О.Содном нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлт-Од бааранд нэг ширээнд хамт сууж байсан хохирогч Б.Эрдэнэчимэгийг ариун цэврийн өрөөнд байхад цүнхнээс нь Самсунг маркийн гар утас, бэлэн 30,000 төгрөг, банкны картууд, жижиг монет, түрүүвч зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 292,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

О.Содномын хэргээ хүлээн мэдүүлсэн “…Эрдэнэчимэгтэй баарны зөөгч эмэгтэй Цэцмаа маргалдаж байснаа гэнэт л ширээн дээр байсан пивоны шилээр толгойн хэсэг рүү нэг удаа цохисон. Эрдэнэчимэг толгойруугаа цохиулаад доошоо хараад уйлаад гараараа толгойгоо бариад байсан тэгэхээр нь би нэг танихгүй залуутай хамт ариун цэврийн өрөө рүү авч явсан. Ариун цэврийн өрөө рүү орж цусыг нь угаагаад тогтохгүй байхаар нь би дотуур өмсөж байсан цамцаа ураад толгойг нь боосон байж байсан чинь толгой руу нь цохисон зөөгч эмэгтэй Цэцмаа орж ирсэн. Би түргэн тусламж дуудах гээд ариун цэврийн өрөөнөөс гарсан. Би утасгүй байсан болохоор хамт сууж байсан Эрдэнэчимэгийн цүнхнээс самсунг маркийн гар утсыг аваад түргэн тусламж дуудаад ариун цэврийн өрөө рүү орох гэсэн чинь захирал нь оруулахгүй байсан тэгэхээр нь би гар утсыг нь аваад гараад явсан. Би шууд микро автобусанд суугаад гэртээ харисан. Би тухайн хулгайлсан эд зүйлээ хаясан болохоор маргааш нь Эрдэнэчимэгийг ирэхээр нь би хулгай хийгээгүй гээд хэлсэн юм.  … би гар утас, түриивчийг авсан нь үнэн, хохирлыг төлж барагдуулна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132 шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Б.Эрдэнэчимэгийн: “…Намайг ариун цэврийн өрөөнөөс гараад сууж байсан ширээн дээрээ очиход цүнхээ авах гэсэн чинь миний цүнхэн дотор байсан Самсунг маркын шар өнгийн гар утас, яагаан өнгийн түрүүвч түүний дотор талд байсан 30,000 төгрөг, Голомт, Хаан, Номин, Миний дэлгүүрийн картууд, жижиг монет зэрэг эд зүйл алга болсон байсан. Миний хажууд сууж байсан танихгүй залуу бас алга болсон байсан. ... Би алдсан эд зүйл болох Самсунг маркийн гар утас 2015 онд 150,000 төгрөгөөр Монтел гэх гар утас зардаг газраас худалдаж авч байсан, бэлэн 30,000 төгрөг, картнууд 12,000 төгрөг, жижиг монет 1 гр байсан хэдэн төгрөг байдагийг нь мэдэхгүй байна, түрүүвч 40,000 төгрөг. ...Хохиролоо барагдуулчих юм бол гомдол санал гээд байх зүйл алга байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...эрэгтэй хүн ширээн дээр байгаа Эрдэнэчимэгийн эд зүйлээр оролдож байгаад гарч яваа харагдана ...” /хх-ийн 21 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

            Г.Цэцмаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан, О.Содномын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар уг хэргийн хөөн хэлэлцэх зургаан сарын хугацаа 2016 оны 07 сарын 08-ны өдөр дууссан тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуульд заасан нөхцөл бүрдсэн байна.

 

            Хохирлын талаар: Хохирогч О.Эрдэнэчимэг нь Г.Цэцмаагаас 500,000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэж байгаа боловч хэрэгт энэ талаар цуглуулж өгсөн нотлох баримтууд байхгүй тул баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх, харин О.Содномын учруулсан хохирлын үнэлгээ 262,000 төгрөг гэж хавтас хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан, шүүгдэгч, хохирогч нар уг үнэлгээн дээр маргаагүй тул О.Содномоос 262,000 төгрөг гаргуулж Б.Эрдэнэчимэгт олгох нь зүйтэй байна.

 

Г.Цэцмаа, О.Содном нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Цэцмаа цагдан хоригдсон хоноггүй, О.Содном нийт 25 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.Цэцмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. .Тайж овогт Гүнбаатарын Цэцмааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мунчах овогт Отгонбаярын Содномыг  бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Г.Цэцмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, О.Содномд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.Цэцмаа, О.Содном нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Содномоос 262,000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 21-729 тоотод оршин суух Боржигон овогт Бат-Эрдэнэ-н Эрдэнэчимэг /РД:НЭ89072626/‑т олгож, Г.Цэцмаагаас гаргуулах зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Г.Цэцмаа, О.Содном нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Цэцмаа цагдан хоригдсон хоноггүй, О.Содном нийт 25 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цэцмаа, О.Содномд нарт авсан бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

 

 

       ШҮҮГЧИД                                 Л.БААТАР

 

 

                                                            Г.МӨНХЗУЛ