Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ө.Б.А-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........-ны өдөр ... төрсөн, эмэгтэй, ... настай, тусгай дунд боловсролтой, Тогооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ө.Б.А- (РД: ...)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дондогдуламын байрны 305 тоотод оршин суух иргэн Д.Номинзулыг хуурч, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 55.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25.000 төгрөгийг өөрийн охин А.Хонгорзулын Хаан банкин дахь 5832078544 тоот дансаар нийт 80.000 төгрөгийн авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд онлайн дэлгүүр ажиллуулдаггүй атлаа байгаа мэтээр зохиомол байдлыг бий болгон О.Ойнбилэгээс 25,000 төгрөгийг өөрийн охин А.Хонгорзулын Хаан банкин дахь 5832078544 тоот дансаар авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Хонгорзул” нэртэй хуудсанд онлайн худалдаа гэх зар байршуулан иргэн Б.Оргилмаагаас 500.000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 60.000 төгрөгийг өөрийн охин А.Хонгорзулын Хаан банкин дахь 5832078544 тоот дансаар шилжүүлэн авч нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

          Шүүгдэгч Б.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Номинзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 сарын 10-ны өдөр би өөрийн гэр болор ХУД 11-р хороо Дондогдулам 305 тоот гэртээ байхдаа онлайнаар бараа захиалахаар болж Гэрэлт-Од гэх хүний хаан банкны 5925240639 дугаарын данснаас 55.000 төгрөгийг хаан банкны 5832078544 дугаарын данс руу 88706043 гэх утгатайгаар шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 06 сарын 11-ний өдөр үсний резин авахаар болж ээж Галбаярын хаан банкны 5721171812 тоот данснаас мөн 5832078544 дугаарын Хонгорзул гэх хүний данс руу 25.000 төгрөг шилжүүлсэн...” (хавтас хэргийн 9 дэх тал) гэсэн,

 

Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 50/8937 тоот албан бичиг, (хавтаст хэргийн 44 дэх тал)

 

Хаан банкны 5832078544 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 55.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25.000 төгрөг шилжиж орсон мэдээлэл бүхий дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 48-50 дахь тал)

 

Яллагдагчаар Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын хооронд фейсбүүкээр Khongorzul гэсэн хаягаас бараа бүтээгдэхүүн зарна гэж өөр онлайн шоп дээр байгаа зургуудыг татаж аваад өөрийн хуурамч фейсбүүкийн Khongorzul гэсэн хаяг дээр байршуулан захиалга авна гэж бичихээр хүмүүс бараа захиалах гэсэн юм гэхээр нь би өөрийн төрсөн охин Хонгорзулын хаан банкны 5832078544 тоот дансаар хүмүүсийн мөнгийг авдаг байсан. Тэгээд хүмүүс захиалсан бараагаа авмаар байна гэж асуухаар нь хугацаа нь болоогүй, бараа буугаагүй гэх мэтээр худал хэлээд мөнгийг нь авдаг байсан.” (хавтаст хэргийн 20-22 дахь тал) гэсэн,

 

Хохирогч О.Ойнбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний гар утсан дээр байх Хаан банкны интернэт банкаар миний төрсөн охин О.Нандин-Эрдэнэ /11 настай/ 5832078544 тоот данс руу 25,000 төгрөг шилжүүлсэн байсан. Утган дээр 88471037 дугаарыг бичсэн байсан. Охиноосоо асуусан чинь ааваа би фейсбүүкийн Khongorzul гэсэн хаягаас хүүхдийн чихмэл тоглоом зарна гэсэн байхаар нь би таны данснаас 25,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд захиалсан бараа ирэхгүй байна намайг блок хийсэн байна гэж хэлж байсан...” (хавтас хэргийн 9 дэх тал) гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч О.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 05 дугаар сарын 24- ний өдөр би Khongorzul гэсэн хаягаас онлайн барааны захиалга авна гэсэн зар байсан. Би өөрийн Nandia Nandia гэсэн хаягаас чихмэл тоглоом захиалсан. Тэр тоглоомын үнэ нь 25,000 төгрөг гэж байсан. Тэгээд би аавд хэлэхгүйгээр аавын гар утасны интернэт банкаар 5832078544 тоот данс руу 25,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд захиалсан бараагаа авмаар байна гэж бичсэн чинь намайг блок хийсэн байсан...” (хавтаст хэргийн 89-90 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд байхдаа би фейсбүүкээр хуурамч Khongorzul гэсэн хаяг нээж онлайн худалдаа гэсэн зар байрлуулж янз бүрийн хувцас хүүхдийн тоглоом гоёл чимэглэлийн захиалга авна гэж зар байрлуулж байгаад 5021109622 тоот данснаас миний охин Хонгорзулын 5832078544 тоот данс руу 25.000 төгрөг шилжүүлсэн. Утган дээр нь гар утасны дугаар болох 88471037 дугаар бичсэн байсан. Энэ хүн эргэдэг чихмэл хүүхдийн тоглоом захиалсан байсан.” (хавтаст хэргийн 100-101 дэх тал) гэсэн,

 

Хохирогч Б.Оргилмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бараа захиалахаар цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу 5832078544 дугаарын Хаан банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн үед би тухайн хүний Khongorzu нэртэй фейсбүүк хаягаар харилцдаг байсан юм. Тухайн үед яаралтайгаар бараа захиалахад 5-7 хоногийн дараа ирнэ гэж хэлж байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр захиалсан бараа ирэхгүй болохоор нь асуусан чинь манай бараа замдаа саатчихсан дахиад хэд хоног хүлээчих гэж хэлсэн юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Khongorzu нэртэй хаягаас дахиад чат бичээд бараа чинь хил дээр ирчихсэн дахиад 60.000 төгрөг өгчих гэхээр нь би өөрийнхөө нөхөр Нямдаваагийн данснаас тухайн 5832078544 дугаарын данс руу дахин шилжүүлсэн юм. Түүнээс хойш миний захиалсан бараа ирээгүй, мөнгөө ч авч чадаагүй учраас би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” (хавтас хэргийн 117-118 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн өгөх мөнгөгүй болоод өөрийн фейсбүүк хаяг болох Khongorzul гэх нэртэй цахим хаягаас онлайн шоп хаягуудын нийтлэлийн сэтгэгдэл үлдээх хэсэг дээр нь би онлайн барааны захиалга авна гэсэн утгатай сэтгэгдэл үлдээсэн юм. Миний үлдээсэн сэтгэгдлийн дагуу Оргилмаа гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч надтай холбогдоод захиалга өгөх гэсэн юм захиалга авч байгаа юу гэж надтай холбогдсон юм. Би дээрх бараанууд ирэх боломжтой гэж хэлээд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн хувцаснууд 500.000 төгрөгөөр захиалгаар ирэх юм байна гэж хэлээд өөрийнхөө төрсөн охин болох Хонгорзулын 5832078544 гэх дансны дугаарыг өгч 500.000 төгрөгийг нь авсан юм... Оргилмаа гэх эмэгтэйгээс 2 удаагийн үйлдлээр 560.000 төгрөгийг аваад байрны түрээсийн мөнгөндөө өгсөн юм.” (хавтаст хэргийн 135-136 дахь тал) гэсэн,

 

Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 50/8937 тоот албан бичиг (хавтаст хэргийн 154 дэх тал)

Хаан банкны 5832078544 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 157-158 дахь тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал), Шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 26-30 дахь тал), мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоол (хавтаст хэргийн 76, 173 дахь тал) хохирогч Д.Номинзул, Б.Оргилмаа, О.Ойнбилэг нарын гомдол саналгүй, хохирлоо авсан гэх хүсэлт (хавтаст хэргийн 170-171 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дондогдуламын байрны 305 тоотод оршин суух иргэн Д.Номинзулыг хуурч, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 55.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25.000 төгрөгийг өөрийн охин А.Хонгорзулын Хаан банкин дахь 5832078544 тоот дансаар нийт 80.000 төгрөгийн авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд онлайн дэлгүүр ажиллуулдаггүй атлаа байгаа мэтээр зохиомол байдлыг бий болгон О.Ойнбилэгээс 25,000 төгрөгийг өөрийн охин А.Хонгорзулын Хаан банкин дахь 5832078544 тоот дансаар авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “Хонгорзул” нэртэй хуудсанд онлайн худалдаа гэх зар байршуулан иргэн Б.Оргилмаагаас 500.000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 60.000 төгрөгийг өөрийн охин А.Хонгорзулын Хаан банкин дахь 5832078544 тоот дансаар шилжүүлэн авч нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.А нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Номинзул Б.Оргилмаа, О.Ойнбилэг болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 50/8937 тоот албан бичиг, (хавтаст хэргийн 44 дэх тал) Хаан банкны 5832078544 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 55.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25.000 төгрөг шилжиж орсон мэдээлэл бүхий дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 48-50 дахь тал), Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 50/8937 тоот албан бичиг (хавтаст хэргийн 154 дэх тал)

Хаан банкны .......... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 157-158 дахь тал), хохирогч Д.Номинзул, Б.Оргилмаа, О.Ойнбилэг нарын гомдол саналгүй, хохирлоо авсан гэх хүсэлт (хавтаст хэргийн 170-171 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.А нь дангаараа бодит байдлыг нуух замаар 3 удаагийн үйлдлээр үйлдсэн залилах гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч Б.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А, хохирогч Д.Номинзулд 80.000 төгрөг, хохирогч О.Ойнбилэгт 25,000 төгрөг, хохирогч Б.Оргилмааг 560.000 төгрөг буюу бусдад нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Аийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Ад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Номинзулд 80.000 төгрөг, хохирогч О.Ойнбилэгт 25,000 төгрөг, хохирогч Б.Оргилмааг 560.000 төгрөг буюу бусдад нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Номинзул, Б.Оргилмаа, О.Ойнбилэг нарын гомдол саналгүй, хохирлоо авсан гэх хүсэлт (хавтаст хэргийн 170-171 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110000001075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Б.А-г зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Аг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ