Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б.Ж,

улсын яллагч Г.Мижиддорж,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Т.Б.Жд холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....ний өдөр ... төрсөн, эрэгтэй, ...настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ........тоотод оршин суудаг. Урьд нь ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Т.Б.Ж (РД:.........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр төвийн 4 давхрын авто машины зогсоол дээр иргэн А.Оюунболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хоолойг нь боож биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Ж: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.О-д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хороо Наадам центр төвийн 4-р давхрын авто зогсоол дээр автомашинаа ухраагаад зогсоол дээр тавих гээд байж байтал нэг машин миний оронд дайраад зогсоол руу орчихсон. Тэгэхээр нь би бууж очоод нөгөө машины жолооч эмэгтэйд би наад зогсоол руу чинь орох гээд ухрах үйлдэл хийж байсан чи харсаар байж орчихлоо шүү дээ гэж их эелдгээр хэлсэн чинь миний өөдөөс чи эр юм байж тэгж ухардаг юм уу эр юм байж шалчигнаж хэрүүл өдлөө гэж хэлээд шууд миний өөдөөс хэрүүл өнгө аястай ярьсан. Тэгэхээр нь би за тэгвэл би машиныг чинь таглаад тавилаа шүү гэж хэлээд буцаад машин луугаа алхаж байсан чинь нөгөө жолооч эмэгтэй за чи ор, ор арчаагүй амьтан минь гэж намайг өдөөн хатгасан. Тэгэхээр нь би тоолгүй тэр чигээрээ очоод машиндаа дөнгөж суутал нөгөө машин дотроос нэг махлагдуу бүдүүн залуу хөөе пизда минь гэж орилоод миний машин луу гүйж ирээд миний хоолойноос хоёр боогоод авсан, харин би ямар ч хариу үйлдэл хийгээгүй нөгөө залууг больчих болов уу гэж бодоод нэлээд хүлээсэн бараг нэг минут хиртээ боолгуулсан, тэгээд сүүлдээ амьсгаа авч чадахгүй нүд харанхуйлаад ирэхээр нь нөгөө залуугийн долоовор хурууг мушгиж боолтоосоо гарсан, тэгээд би жаахан амьсгаа аваад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа хүлээгээд байж байх үед нөгөө залуу хоёулаа камергүй газар очоод үзэх үү гэх мэтээр дайрч давшлаад байсан. Харин би машинаасаа огт буугаагүй. Тэгээд тэд нар цагдаа ирэхээс өмнө тэр гурав яваад өгсөн. Харин цагдаа ирсний дараа хэргийн газарт нөгөө хоёр эмэгтэй нь буцаж ирсэн. Миний хоолой хөндүүрлэж шүлсээ ч залгиж чадахаа больсон байсан. Унтаж хэвтэхэд хүзүү хөдөлгөж чадахгүй хэцүү байсан. Тэгээд битүү улаан хүрэн өнгөтэй цус хурсан зулгарсан байдалтай байсан хүнд үзүүлэхээс санаа зовоод ажилдаа ч явж чадаагүй. Цагдаа дээр ирснийх нь дараа нэрийг нь сонсоход Б.Ж гэх нэртэй залуу байсан, саарал өнгөтэй дунд оврын жийпэнд сууж явсан залуу намайг багалзуурдаж надад тухайн гэмтлийг учруулсан. Тэр залуу намайг боож байхад түүнтэй хамт явж байсан хоёр эмэгтэй харж байсан гэхдээ тэр хоёр эмэгтэй ирж салгаагүй. Тэгээд хавиар үйлчлүүлж явсан хүмүүс бас байх шиг байсан намайг боолгуулж байсныг харсан эсэхийг мэдэхгүй байна. Би 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд Мэд Траума эмнэлэгт хүзүүний дүрс оношилгооны зураг 152000 төгрөгөөр авхуулсан. Баримт нь хэрэгт хавсаргуулсан байгаа. Тэгээд 5 өдөр ажилдаа явж чадаагүйгээр бас хохирч байна. Нэг өдрийн цалин 76000 төгрөг тэгэхээр 5 өдрийн цалин 380.000 төгрөг ингээд нийт хохирол 540000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна ажилдаа явж чадаагүй өдрийнхөө цалинг бодуулж авмаар байна. Тэгээд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсэж байна...” (хавтас хэргийн 10-13 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Нарантунгалаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би нөхөр Б.Ж, дүү Уянга манай ажлын нягтлан Эрдэнэцэцэг бид хоол идэх гээд Наадам центр төвийн 4-р давхарт машинаа байршуулаад нэг зогсоол дээр зогсох гээд ухарч байтал урд талд зогсож байсан машинаас нэг залуу хүрч ирээд би наад зогсоол дээр зогсох гэж байсан юм чи гар гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тээр тэнд зогсчхоод ийшээ орох гэж байгааг чинь би яаж мэдэх юм би ухраад орчихлоо шүү дээ гээд хэлсэн чинь, над руу тэр залуу чи ямар бүдүүлэг авгай вэ хэрвээ чи гарахгүй бол би машинаараа хааж тавина гарч ирэхгүй хохь чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яадаг тэнэг мал вэ чи ямар ч машин барих ур чадвар байхгүй ухарч орох гэж байсан юм бол 90 градусын эргэлт хийгээд ордог болохоос биш тээр тэндээс ийшээ ухарна гэж юу байх вэ дээ гэж хэлсэн. Тэгээд би санаа зовоод гарах гээд урагшилсан чинь нөгөө залуу над руу гарах хэрэгтэй шүү дээ муу 2 янхан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хүнийг ингэж доромжилж байвал чи энэ зогсоол дээр зогсоно гэж бодож байна уу гээд би ухарсан. Тэгсэн чинь манай дүү очоод тэр залуутай яагаад янхан гэж байгаа юм бэ энэ тэр гээд юм яриад зогсож байсан. Тэгээд намайг машинаа тавих хооронд манай нөхөр нөгөө залуутай очоод заамдалцаад авсан байсан. Тэгээд намайг очих үед манай дүү тэр хоёрыг салгасан байсан. Тэгсэн чинь нөгөө залуу ахиад л бид нарыг доромжлоод байсан. Тэгээд нөгөө залуу дуудаад бид хэд цаашаа яваад хоол идээд сууж байсан чинь цагдаагаас дуудсан. Тэр өдөр манай нөхөр болон нөгөө залуу хоёр заамдалцаж байгаад салаад нөгөө залуугийн хүзүү хэсэг нь жаахан улайчихсан харагдсан...” (хавтас хэргийн 20-22 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Уянга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би төрсөн эгч Нарантунгалаг хүргэн ах Б.Ж ажлын газрын найз Эрдэнэцэцэг нарын хамт Хан- Уул дүүргийн 15-р хороо Наадам центр төвийн 4-р давхарт машинаа байрлуулаад зогсоол дээр тавьж байсан чинь бид нар нэг машин ухарч байхыг анзаараад энэ машин энэ зогсоол дээр тавих гэж байсан юм байхдаа эсвэл гарах гэж байсан юм болов уу гэсэн юм яриад байж байсан чинь нөгөө машины жолооч бууж ирээд би наана чинь машинаа тавих гэж байсан юм гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эгч би тавьчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь нөгөө ах би тэгвэл машиныг чинь хааж тавина гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эгч яахаараа та манай машиныг хааж тавьдаг юм бэ гэж хэлсэн чинь нөгөө ах яадаг юм би хааж тавина гэж хэлээд цааш алхахдаа хоёр янхан чинь гэж хэлсэн. Тэгээд би бууж очоод яахаараа зүв зүгээр хоёр хүнийг янхан гэдэг юм бэ гээд асуусан чинь яадаг юм бэ гэж хэлсэн, тэгсэн чинь ардаас хүргэн ах маань хүрч ирээд нөгөө залууг яадаг юм чам шиг бүдүүн банди минь энэ тэр гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хоёр бие биесээ заамдалцаад авсан. Тэгээд би голоор нь орж зогсоод салгасан. Тэгсэн чинь нөгөө залуу дуудлага өгнө гээд цагдаа дуудсан. Тэгээд ах эр хүн шиг хоёулаа ийшээ уулзъя гээд хэлсэн чинь нөгөө ах чадахгүй энэ тэр гээд муухай муухай үгээр бид нарыг доромжлоод байсан. Тэгээд бид нар цаашаа яваад өгсөн...” (хавтас хэргийн 17-18 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 145 дугаар“...А.Оюунболдын биед хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 27-28 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо яг хэзээ гэдгийг нь мартчихаж, ойролцоогоор 2021 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрийн 12-13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15-р хороо Наадам центрийн 3-р давхрын авто зогсоол дээр эхнэр Уянга, дүү Нарантунгалаг болон Эрдэнэцэцэг нартай хамт машин дотор явж байгаад зогсоол руу ороод зогссон чинь бүүр хойд талд 9991 УБТ улсын дугаартай шар өнгийн автомашинаас нэг залуу бууж ирээд наана чинь би зогсох гэж байсан юм гэж хэлсэн, тэгсэн чинь манай эхнэр чи тэр цаана зогсож байсан биз дээ гээд хэлсэн чинь нөгөө залуу нь чи хэрвээ гарахгүй бол машиныг чинь хаагаад цоожлоод явчихна шүү гэж манай эхнэр лүү хэлсэн, тэгээд тэр хоёр ам зөрөөд нөгөө залууг заа за чи энэ зогсоол руу ороод зогс гэж хэлсэн чинь нөгөө залуу нь тэгвэл таарна шүү дээ муу хоёр гичий минь гэж хэлж орилсон, тэгээд манай дүү гараад чи яагаад эмэгтэй хүмүүсийг ингэж харааж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би араас нь машинаасаа буусан тэр залуу намайг анх анхаараагүй бололтой байсан юм, эмэгтэй хүн болохоор нь дээрэлхэх санаатай л байсан юм шиг байгаа юм. Тэгээд би нөгөө залуу дээр очоод чи манай эхнэрээс уучлалт гуй гэж хэлсэн чинь намайг тэр залуу чи юу юм гэж хэлсэн, тэгэхээр нь би нөхөр нь байна гэж хэлээд чи яахаараа манай эхнэрийг гичий минь гэж дууддаг юм бэ уучлал гуй гэж хэлсэн, тэгсэн чинь нөгөө залуу намайг чадахгүй бүдүүн банди минь гэж хэлсэн, тэгээд бид хоёр заамдалцаад авсан би баруун гараараа заамдсан нөгөө залуу намайг зүүн гараараа заамдсан, тэгсэн чинь нөгөө залуу миний баруун гарын долоовор хурууг мушгиад, тэгээд Уянга гар татаад салгасан. Миний гар сүүлд нь харсан чинь хавдчихсан байсан. Тэгээд цагдаа дуудна гэхээр нь би цагдаа дууд л гэж хэлсэн, тэгээд би Наадам центр лүү ороод хоол идсэн, түүний дараа цагдаа над луу залгаад дуудсан. ... Би бэртэл гэмтэл авсан тохиолдолд шүүх эмнэлэгт үзүүлдэг л гэж бодсон. Тэгсэн ч эр хүн байж нэг ганц заамдалцчихаад ингэж сүржигнэх хэрэггүй байх гэж боддог. Хэрэв би үзүүлсэн бол мөн адил гэмтлийн зэрэг гарах л байсан байх ганц заамдалцчихаад ингэж сүржигнэх хэрэггүй байх гэж боддог. ...2021.12.07-ны өдөр болсон маргааныг хүлээн зөвшөөрч байна. ” (хавтаст хэргийн 45-47, 63 дахь тал) гэсэн,

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 5, 7 дахь тал),

          Шүүгдэгч Б.Жгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 49 дэх тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), хохирогч А.О..д нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч .Б.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр төвийн 4 давхрын авто машины зогсоол дээр иргэн А.Оюунболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хоолойг нь боож биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Оюунболд болон шүүгдэгч Б.Ж, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №145 дугаартай дүгнэлт, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 5, 7 дахь тал), хохирогч А.О нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) шүүгдэгч Б.Ж хохирол барагдуулсан гэх баримт (хавтаст хэргийн 64 дэх тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч А.Оюунболдын эрүүл мэндэд нь “...биед хүзүүнд цус хураалт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Ж түүний хоолойг боож, заамдах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Мөн энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус зан харилцаа нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ж, хохирогч А.Оюунболдын хоолойг боож, заамдан эрүүл мэндэд нь “...биед хүзүүнд цус хураалт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Жд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.О-ын эрүүл мэндэд биед хүзүүнд цус хураалт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчид 540.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь (хавтаст хэргийн 64 дэх тал),  хохирогч А.Од нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) ба шүүгдэгч Б.Жг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн ............ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Жд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Жд оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ