Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Энхболд Э.Эд холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....-ны өдөр ..... төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжлийн нүүр хувиргагч мэргэжилтэй, ....ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, Б.Э.Э (РД:..........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны 310 тоот өрөөнд согтуурсан үедээ өөрийн найз залуу хохирогч Б.Птой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн бугалга, нуруунд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, нуруунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Э.Э: “...Тухайн үед манай ажлынхан шинэ жил тэмдэглээгүй учраас бөөнөөрөө гадуур гарсан. Би шинэ оны өмнө найз залуутайгаа таарамж муутай байсан бөгөөд уулзаагүй удаж байсан учраас тэр өдөр ирсэн гэхээр нь уулзсан. Гэртээ орсны дараа манай найз залуу нэг охинтой чатлаад байсан. Намайг утсыг нь үзье гэхэд үзүүлэхгүй байсан учраас тийм нөхцөл байдал үүссэн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би одоо Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт- Ухаа 23 дугаар гудамжинд байх нийтийн байранд найз охин Э.Эын хамт амьдардаг юм. 2022оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Э.Э нэг найз охинтойгоо уулзсан бөгөөд би Сансарын “Цэ” /ТSЕ/ пабын гадна очоод 2 цаг хүлээгээд авч явсан. Бид хоёр замдаа явж байхдаа амьдралаа яриад уйлсан. Аав дээрээ ажил дээр нь орно гээд байхаар нь би болиулж яах юм бэ гээд гэртээ авчирсан. Тэгээд гэртээ орж ирээд нилээ гайгүй байж байгаад чи яагаад эмэгтэй хүнтэй чам бичдэг юм бэ энэ тэр гээд харааж ерөөж эхэлсэн. Чамайг ална гээд байхаар нь би араас нь тэвэрч аваад тайвшруулсан. Уг нь тэгээд арай гагүй болсон. Тэгсэн дахиад агсраад эхэлсэн. Тэр эмэгтэйтэй яахаараа чат бичдэг юм бэ, аргагүй ш дээ ээж чинь янхан юм чинь аргагүй ш дээ гэхээр нь би хариу үйлдэл үзүүлээгүй чи болиоч дээ тэгж болохгүй ш дээ гэсэн. Тэгээд хутга аваад над руу дайрсан. Би бодохдоо арай ч бас хутгалчихгүй болов уу гэж бодсон. Тэгсэн ногоон иштэй хутга аваад миний баруун гарын булчин, зүүн талын далны хэсэгт нийт 2 удаа хутгалсан...” (хавтас хэргийн 13-14 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 1447 дугаар“...Б.Пийн биед зүүн бугалга, нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 18-19 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой ажлын газрынхантайгаа хамт ажилтай ойрхон пабад сууж дарс уучхаад орой 22 цаг өнгөрч байхад Пүрэвдорж намайг ирж авсан ба замдаа үл ялиг зүйлээс болж маргалдсан. Ингээд гэртээ буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн байранд байж байхад Пүрэвдоржийн утсанд чат ирэхээр нь хартал танихгүй эмэгтэй хүнтэй чаталсан байсан ба надад уншуулахгүй байснаас болж бид хоёр маргалдан улмаар хэрүүг үүссэн. Би тухайн үед нэлээн согтолттой байсан ба би явлаа гэхэд Пүрэвдорж намайг явуулахгүй байсан болохоор би уурласан. Би тухайн үедээ Пүрэвдоржийг айлгая гэж бодож байснаас өөр зүйл бодоогүй. Пүрэвдорж нь өөрөө намайг гаръя гэхээр гаргадаггүй, байнга араас дагаад яваад байдаг болохоор миний дургүй их хүрсэн.” (хавтаст хэргийн 59 дэх тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дахь тал)

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал)

          Шүүгдэгч Э.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 37-41 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 67-70 дахь тал),

          Хохирогч Б.П нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны 310 тоот өрөөнд согтуурсан үедээ өөрийн найз залуу хохирогч Б.Птой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн бугалга, нуруунд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, нуруунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.П болон шүүгдэгч Э.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №1447 дугаартай дүгнэлт, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гомдол бичгээр (хавтаст хэргийн 2 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал), Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дахь тал), Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 67-70 дахь тал), хохирогч Б.П нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал)  болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Пийн эрүүл мэндэд нь “...биед зүүн бугалга, нуруунд зүсэгдсэн шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Э.Э түүний нуруунд хутгаар хатгах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э, хохирогч Б.Пийн эрүүл мэндэд нь “...биед зүүн бугалга, нуруунд зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эыг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.Эд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пийн эрүүл мэндэд нь зүүн бугалга, нуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан, бөгөөд хохирогч Б.П нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 12 см урттай, иш 10 см урттай ногоон өнгийн хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, шүүгдэгч Э.Эаас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Эд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Эд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 12 см урттай, иш 10 см урттай ногоон өнгийн хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ