| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0108/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/94 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/94
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Д.А,
шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Д.Л.Жд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ............-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхэд, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 102-9 тоотод оршин суудаг, урьд ял
1978 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн 200.а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
1978 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.6, 200 дугаар зүйлийн 200а-д зааснаар 2 жил, 4 сарын хорих ял,
1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.г-д зааснаар 6 сарын хорих ял,
1985 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169.6-д зааснаар 2 жилийн хорих ял,
1993 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.3-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Л.Ж (РД:ЖЮ58040315)
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.Ж: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Д.А “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад И-Мартын гарцаар гарах гэж байхдаа машинд мөргүүлсэн. Уг зам 2 урсгалтай, урагш чиглэлтэй урсгал бөглөрөлтэй, хойшоо чиглэлтэй урсгал бөглөрөлгүй байсан. Би зам гарч яваад мөргүүлсэн. Мөргүүлэх үедээ мэдээгүй, мөргүүлсний дараа нь мөргүүлсэн гэдгээ мэдсэн. Хэвтэж байгаад босох гэтэл босож чадахгүй байж байхад шүүгдэгч гарч ирж машиндаа суулгасан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, эмнэлэгт очиход хагалгаанд оруулна гэж хэлсэн. Эмнэлэгт шинжилгээ өгч, MRI зураг авхуулсан. Эмч нар өвдөгний үе дайрсан үед түргэн эдгэдэггүй, шаардлагатай бол дурангийн хагалгаанд орно гэж хэлсэн. Нэмэлт тэжээл олон сар ууна гэж хэлсэн. Миний хувьд гомдолтой, харамсалтай байна. Эдийн засаг, эрүүл мэндээр хохирсон. Сүүлд гарган өгсөн баримтаас хойш дахин хохирлын баримт гарсан. Цаашид хөлдөө тавиулсан төмрөө авхуулах мэс засалд орно, нэмж эм тариа хэрэглэнэ. Гайгүй эдгэвэл баярлана. ...Нэмж 600.839 төгрөг нэхэмжилж байна. Мөн эмчлүүлж байхад ажлаас 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн. Бусад мөнгийг Нийгмийн даатгалын сангаас авна гэж хэлсэн. Нийгмийн даатгал цалингийн 75 хувиар бодож нөхөн олговор өгнө гэсэн. Түүний зөрүү мөнгийг нэхэмжилж байна. Мөн нэг жилийн дараа орох хагалгааны төлбөрийг нэхэмжилж байна гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би зам гарахдаа явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарсан. Би тухайн тухайн тээврийн хэрэгслийг хараагүй гэнэт ороод ирсэн. ...Осол болох үед цаг агаар тогтуун, түгжрэл бөөгнөрөл байхгүй, сийрэг, харагдах орчин чөлөөтэй, гэгээ тасарсан харанхуй, зорчих хэсгийн гэрэлтүүлэг асаалттай байсан...” (хавтас хэргийн 19 дэх тал) гэсэн,
Иргэний хариуцагч Ж.Жаргалмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тоёота Приус маркийн 27-53 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг анхнаасаа авсан цагаасаа манай эцэг Л.Ж жолооддог байсан. ...Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” (хавтас хэргийн 49 дэх тал) гэсэн,
Гэрч Ч.Цэрэнхорлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед би тухайн хүнийг хараад нөхөр Л.Ж рүү хөөе хүн явж байна гээд хэлтэл манай нөхөр хаана гэж хэлээд харалгүй очоод мөргөсөн...” (хавтас хэргийн 67 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны 354 өдрийн шинжээчийн дугаар “...Д.Аын биед баруун шаант, тахилзуур ясны дээд булууны далд хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 77-78 дахь тал) гэсэн дүгнэлт
Яллагдагчаар Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...И.Март худалдааны төвийн гэрэл дохиогоор зүүнээс баруун тийш чиглэлтэй нэвтрээд явж байтал гэнэт миний зүүн талаас буюу зорчих хэсгийн урд талаас хүн гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгээд зогсоох гэтэл тухайн хүний мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. ...бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” (хавтаст хэргийн 111 дэх тал) гэсэн,
102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3 дахь тал),
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-13 дахь тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Л.Ж нь 0,00 согтууруулах ундаа хэрэглэсэн , (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 21-34 дахь тал),
Хохирогч Д.Аын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 36-45 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 99 дэх тал),
Шүүгдэгч Л.Жгийн хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 113, 143-144 дэх тал),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 117-124 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 125 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 126-142 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 10.633.954 төгрөгийг нэхэмжлэлээс баримтаар 600.839 төгрөгийн нэхэмжлэлийн баримт зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны 17 цаг 30 минутын үед Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, “Е Маrt” худалдааны төвийн урд талын замд “Тоуоta Prius” маркийн 27-53 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч явсан явган зорчигч Д.Ат зогсож, зам тавьж өгөөгүйн улмаас түүнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 354 тоот дүгнэлт, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3 дахь тал),
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-13 дахь тал),
Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 21-34 дахь тал),
Хохирогч Д.Аын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 36-45 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 99 дэх тал),
Шүүгдэгч Л.Жгийн хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 113, 143-144 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Ж нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь биед баруун шаант, тахилзуур ясны дээд булууны далд хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, сарвуунд зулгаралт бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Л.Жд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Б.Л.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд шүүгдэгч 1.472.988 төгрөгийн эмчилгээний зардалд 1.630.000 төгрөг төлсөн. Шүүх хуралдаанд хохирогч 600.839 төгрөгийн баримт гарган өгч байна. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогчид цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэсэн саналыг гаргажээ.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Л.Жд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Иймээс шүүгдэгч Л.Жгийн эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Л.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А эрүүл мэндэд биед баруун шаант, тахилзуур ясны дээд булууны далд хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Д.А гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ, эмнэлэг явахад зарцуулсан шатахууны төлбөр, зогсоолын төлбөр зэрэг баримтаар нийтдээ 1.472.900 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Л.Ж нь 1.630.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 113, 143-144 дэх тал) тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 10.633.954 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 475.839 төгрөгийн шүүгдэгч Л.Жгээс гаргуулж, хохирогч Д.Ат олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нэхэмжлэлийг шийдэх боломжгүй, цалин хөлс авдаг байсантай холбоотой баримтууд дутуу, цалингийн тодорхойлолтоос өөр баримтгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн №........ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Л.Жд буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Л.Жг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жгээс 475.839 (дөрвөн зуун далан таван мянга найман зуун гучин ес) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ат олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн №846639 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Л.Жд буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Л.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ