| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0119/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/95 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/95
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч А.Оюунгэрэл,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн А.А.Ст холбогдох эрүүгийн 2203000200076 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.С нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн зүүн урд замд “Nissan Teana J32” маркийн 70-72 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Энх-Амгалан, Б.Оюунтуяа нарыг мөргөж тус бүрийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч А.С “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өглөө найзтайгаа хамт гараад сургууль руугаа явж байсан. “Оргил” худалдааны төвийн зүүн урд талд байрлах явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт чиглэлтэй зам хөндлөн гарсан. Явган хүний гарцаар гарах үед зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд миний зүүн гар талаас нэг хар өнгийн автомашин ирээд найз бид хоёрын мөргөөд газарт унагасан. Тэгээд би газарт хэвтэж байгаад босох гэтэл босож чадахгүй байсан, би тухайн үед зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарсан...” (хавтас хэргийн 17 дахь тал) гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин Оюунтуяа байнгын хэвтэрт хүний асаргаанд, өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа. Миний зүгээс жолоочид ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй, жолооч нь миний охинд шаардлагатай байгаа эмчилгээг тухайн үед нь хийлгүүлж өгөөд явж байгаа...” (хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн,
Хохирогч Ч.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр найз Оюунтуяа бид 2 манай гэрээс гараад сургууль руугаа явж байсан. Тэгээд “Оргил” худалдааны төвийн зүүн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт зам хөндлөн гарсан. Тэгтэл бид хоёрын зүүн гар талаас нэг машин ирээд мөргөөд газарт унагасан, би тухайн үед зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан...” (хавтас хэргийн 32 дахь тал) гэсэн,
Гэрч О.Чинхүслэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг болж байхад гэрээсээ гараад Туулын гүүрний урдаас хойшоо чиглэлтэй даваад 120 мянгат орох гээд алхаад явж байсан. Тухайн үед миний урд талд 2 охин явж байсан. Тэгээд тэр 2 охин “Оргил” худалдааны төвийн зүүн урд талд байрлах явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд гарч явсан тэгтэл зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд явж байхад нь буюу зүүн гар талаас хойноос урагшаа чиглэлтэй явж байсан хар өнгийн автомашин явган хүний гарцаар гарч байсан 2 охиныг мөргөөд газарт унагасан...” (хавтас хэргийн 45 дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 610 дугаар “...Ч.Энх-Амгалангийн биед баруун өвдөгний дотор талын жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 49-50 дахь тал) гэсэн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 589 дугаар “...Б.Оюунтуяагийн биед аарцаг ясны зүүн сүүжний дэлбээ болон ацетабулын дээд ирмэгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 53-54 дэх тал) гэсэн дүгнэлт
Яллагдагчаар А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 сарын 16-ны өглөө ажил руугаа авах гэхэд машины урд салхины шил цантсан байсан. Тэгэхээр нь цаныг нь хусаж байгаад хөдлөөд “Оргил” худалдааны төвийг зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн нэг дүгээр эгнээгээр явж байсан. Тухайн үед явган хүний гарц ойрхон ирж байгааг харсан, зам хөндлөн гарч байгаа хүн байхгүй байх шиг байсан. Тэгээд явж байтал гэнэт машины урдуур хүн ороод ирсэн, шууд тоормос гишгэсэн боловч тулаад ирсэн учир машин зогсож амжилгүй нөгөө хоёр хүнийг мөргөөд газарт унагасан. Тэгээд би машинаас буугаад нөгөө хоёр хүн дээр очоод биеийг нь асуутал нэг нь гайгүй байна, нөгөөдөх нь хөдөлж чадахгүй байна гээд газарт уйлаад хэвтэж байсан. Тэр хавьд байсан хүмүүс эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн байх, Тэгээд нөгөө хоёр охиныг нэг эмнэлгийн машин тааралдаад Интермед эмнэлэгт хүргэж өгсөн ба араас 103-н түргэн ирээд Гэмтлийн аваад явсан. ...бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” (хавтаст хэргийн 83-84 дэх тал) гэсэн,
102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3, 14 дахь тал),
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-9 дэх тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /А.С нь 0,00 согтууруулах ундаа хэрэглээгүй (хавтаст хэргийн 10 дахь тал),
Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 25-28 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Жавхлангийн гаргасан 2022 оны 01-р сарын 11-ний өдрийн 97 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 71 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 86-94 дэх тал),
Шүүгдэгч А.С хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 95-107 дахь тал),
Хохирогч Б.Оюунтуяа “Манал Оточ” ХХК эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 112-116 дахь тал) “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 117-127 дахь тал) баримт зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч А.С нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн зүүн урд замд “Nissan Teana J32” маркийн 70-72 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж хохирогч Ч.Энх-Амгалангийн биед баруун өвдөгний дотор талын жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Оюунтуяагийн биед аарцаг ясны зүүн сүүжний дэлбээ болон ацетабулын дээд ирмэгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Энх-Амгалан, Б.Оюунтуяа болон шүүгдэгч А.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №610, 589 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.С нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Энх-Амгалангийн биед баруун өвдөгний дотор талын жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Оюунтуяагийн биед аарцаг ясны зүүн сүүжний дэлбээ болон ацетабулын дээд ирмэгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Сийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч А.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Ст автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг баримтууд (хавтаст хэргийн 86-94 дэх тал) баримт зэргийг харгалзан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ст торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар З.Наранчулуунд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Энх-Амгалангийн биед баруун өвдөгний дотор талын жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Оюунтуяагийн биед аарцаг ясны зүүн сүүжний дэлбээ болон ацетабулын дээд ирмэгийн далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ, зэрэг баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч А.С нь хохирогч Б.Оюунтуяад 2.748.950 төгрөгийг, хохирогч Ч.Энх-Амгаланд 2.000.000 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагаанд барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 95-107 дахь тал) тогтоогдож байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд хохирогч Б.Оюунтуяа, Ч.Энх-Амгалан нар цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А.Сийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Ст оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай..
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ