Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0124/Э |
Дугаар | 2022/ШЦТ/101 |
Огноо | 2022-02-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/101
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Л.Од холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .......-ны өдөр ..... төрсөн, .. настай, эрэгтэй, Дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, ... зураглаач ажилтай, ам бүл ........... тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Пирамид хотхоны 294 дүгээр байрны 96 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б.Л.О (РД:.........)
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.О нь 2021 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” хотхоны гадна автомашины төв зам дагуу зогсож байсан Д.Бтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.О: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...өнөөдөр үүрээр буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 03 цаг 30 минутад ажилдаа гарах гээд байж байтал Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 4 Бэрх хотхонд дуудлага ирсэн. Улмаар тухайн дуудлагын дагуу очиж хүнээ авах гээд явж байтал 80951922 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн над руу залгаад 4 Бэрх хотхон биш Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Пирамид хотхон шүү гэж хэлсэн. Ингээд дуудлагын дагуу тухайн газар явж очтол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэгээд хүлээгээд зогсож байтал эмэгтэй нь явна, эрэгтэй нь явуулахгүй гээд хоорондоо зууралдаад, ноцолдоод зогсоод байхаар нь би машинаасаа бууж тэр хоёрт хандаж ах нь явлаа шүү, явахгүй бол дуудлагын хөлсөө өгчих гэхэд тэр эрэгтэй нь зайлаач пизда минь гэж хараагаад үгийн зөрүүгүй шууд хүрч ирээд баруун гараараа миний нүүрний зүүн хацар хэсэгт 1 удаа цохисон тэгэхэд нь би манараад газарт унасан. Намайг газарт унасны дараа тэр эрэгтэй хүрч ирээд миний дээр гараад баруун, зүүн гараараа хэд хэдэн удаа миний нүүр хэсэгт цохисон...” (хавтас хэргийн 7-8 дахь тал) гэсэн,
Гэрч Б.Ганзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэр таксины жолооч ах, Одко хоёр хоорондоо барилцаж аваад цохилцоод эхэлсэн...гэрийн гадаа ирэхэд тухайн таксины жолоочийн нүүр нь хавдсан ба гомдолтой гэсэн учир цагдаагийн газар очиж Одког дуудаж Одко тэр таксины жолооч ахтай тохиролцоод салцгаасан...тухайн таксины жолоочийн хамраас нь цус гарсан, нүүр нь буюу баруун талын хацар нь хавдчихсан байсан. Анх намайг такси дуудаад ирэхэд бол ямар нэг бэртэл гэмтэлгүй байсан...” (хавтас хэргийн 17-18 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Д.Бы биед баруун гараараа 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Гэмтлийн улмаас хохирогчид 2.200.000 төгрөг төлсөн. ...би өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа.” (хавтаст хэргийн 37-38 дахь тал) гэсэн,
Гомдол бичгээр (хавтаст хэргийн 2 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал),
Шүүгдэгч Л.Оийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 43-51 дэх тал),
Хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 12 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Л.О нь 2021 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” хотхоны гадна автомашины төв зам дагуу зогсож байсан Д.Бтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хацар, эрүү, зүүн чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б болон шүүгдэгч Л.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №717 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.Бы эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хацар, эрүү, зүүн чихэнд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Л.О түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.О, хохирогч Д.Бы эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хацар, эрүү, зүүн чихэнд цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Оийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Л.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Л.Од хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 43-51 дэх тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Л.Од оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бы эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хацар, эрүү, зүүн чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээнд 2.200.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суух боломжгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 12 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Л.О нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн ........ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Од торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Од оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ