Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0139/Э |
Дугаар | 2022/ШЦТ/113 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/113
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
Улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч, хохирогч С.Ц,
Шүүгдэгч, хохирогч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн С.С.Ц, О.Б.Мд холбогдох эрүүгийн 2210001540107 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн. Эмэгтэй, 40 настай. Бүрэн дунд боловсролтой. Тогооч мэргэжилтэй. Биг касл ХХК-д үйлчилэгч ажилтай. Ам бүл-2. Нөхрийн хамт Дорнод аймаг, Хэрлэн 5 дугаар багт оршин суух хаягтай ба одоо Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1 -19 тоотод оршин сууж байгаа. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.С.Ц (...............),
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн. Эмэгтэй, 29 настай. Тусгай дунд боловсролтой. Барилгын техникч мэргэжилтэй. Биг касл ХХК-д лифтчин ажилтай. Ам бүл-3. Нөхөр, хүүхдийн хамт тоотод оршин суудаг. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Б.М (.............)
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Ц 2021 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн караоке цэнгээний газарт согтуурсан үедээ Б.Мтай маргалдан түүний биед халдан тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.М 2021 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн караоке цэнгээний газарт согтуурсан үедээ С.Цтай маргалдан түүний биед халдан үс уналт, гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
шүүгдэгч, хохирогч С.Ц “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
шүүгдэгч, хохирогч Б.М “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тооцоогоо хувааж хийхээр тохирсон тэгсэн хүмүүс согтоод өөрт оногдох тооцоогоо өгөөгүй болохоор бүх тооцоог би хийчихье маргааш надад өгөөрэй гэхэд бүгд зөвшөөрсөн, тэгтэл Цэрэндулам эгч 00-ээс ууртай гарч ирээд над руу дайрч давшлаад хэл амаар доромжилсон, намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд зодолдсон...” (хавтас хэргийн 18-21 дэх тал) гэсэн,
Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тооцоо хийх гэж байгаад Б.М бид 2 маргалдсан. Хэн хэн нь согтуу байсан болохоор ойлголцоогүй маргалдаад харилцан бие биеийгээ үсдээд зодолдсон, хамт явсан хүмүүс салгасан...” (хавтас хэргийн 12-15 дахь тал) гэсэн,
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...бие биеэ үсдээд өшиглөөд байхаар нь салгасан. Хэн хэн нь их согтсон байсан...” (хавтаст хэргийн 34 дэх тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01-р сарын 05-ны өдрийн шинжээчийн 1129 дугаар “...С.Цын биед үс уналт, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 35-34 дэх тал) гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01-р сарын 04-ний өдрийн шинжээчийн 1071 дугаар “...Б.Мын биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 36-37 дахь тал) гэсэн дүгнэлт,
Яллагдагчаар С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй мөн өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа.” (хавтаст хэргийн 46-47 дэх тал) гэсэн,
Яллагдагчаар Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй мөн өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа.” (хавтаст хэргийн 51-52 дахь тал) гэсэн,
Хохирогч, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 57-61 дэх тал), Хохирогч, шүүгдэгч С.Цын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 67-70 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66, 72 дахь тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч С.Ц 2021 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн караоке цэнгээний газарт согтуурсан үедээ Б.Мтай маргалдан түүний биед халдан тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр,
2. Шүүгдэгч Б.М 2021 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн караоке цэнгээний газарт согтуурсан үедээ С.Цтай маргалдан түүний биед халдан үс уналт, гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч, хохирогч хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Ц, хохирогч Б.Мтай маргалдан эрүүл мэндэд нь “...тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий...” бүхий хөнгөн хохирол,
Мөн шүүгдэгч Б.М, хохирогч С.Цтай маргалдан улмаар эрүүл мэндэд үс уналт, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ц, Б.М нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ц, Б.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч С.Ц, Б.М нарын нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Ц, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар С.Ц, Б.М нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц, Б.М нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хор нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210001540107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Ц, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.С.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч О.Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, Б.М нарыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Ц, Б.М нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ц, Б.М нарт оногдуулсан 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ц, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ