| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0158/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/134 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/134
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.М.Г-өд холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ......-ны өдөр ..... төрсөн, ...настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл..............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б.М.Г- (РД:..........)
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1013-44 тоотод байсан иргэн Б.Бын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Г: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1013-44 тоот гэртээ найз болох Цэрэндуламыг 21 цагийн үед дуудаад гаднаас Нийслэл нэртэй 2.5 литр пиво 2 ширхгийг аваад уусан. Тэгээд 23 цагийн үед манай найз Цэрэндулам найз болох Нямгэрэл гэх хүнийг дуудсан. Тэр эмэгтэй орж ирэхдээ бас Нийслэл нэртэй пиво авч орж ирсэн. Тэгээд байж байтал 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 01 цагийн үед нэг эрэгтэй орж ирсэн би тэр залууг танихгүй нэр нь Төгсөө гэсэн тэгээд нэлээн ууж байгаад үүрийн 05 цагийн үед унтаж амарцгаасан. Нямгэрэл нь өглөө 08 цагийн үед ажилтай гээд явсан гэсэн цуг ирсэн гэх Төгсөө гэх залуу удаагүй араас нь гарч явсан гэсэн. Өдөр 13 цагийн үед сэрэхэд найз Цэрэндулам байсан. Тэгээд би утсаа хайгаад олоогүй тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...Төгсөө гэх залууг би сэжиглэж байна...” (хавтас хэргийн 10 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...буцаж дээрх байр руу ороход унтлагын өрөөнд унтаж байсан залуугийн гар утас нь цонхон дээр байхаар нь би хэн нэгэнд хэлэлгүй аваад шууд гэрээс нь гараад явсан...” (хавтаст хэргийн 35 дахь тал) гэсэн,
Б.Баас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
Шүүгдэгч М.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 20-21 дахь тал),
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал)
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дэх тал),
Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-48 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16 дахь тал)
Хохирогч Б.Б гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 41 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Гөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч М.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1013-44 тоотод байсан иргэн Б.Бын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дэх тал),
Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-48 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16 дахь тал)
Хохирогч Б.Б гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 41 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч М.Гөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Гөд нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүгдэгч нь Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дэх тал) буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй, Хохирогч Б.Б гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 41 дахь тал) зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн ................дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М.Г-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гөд 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Гөд нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ