Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0622/З |
Дугаар | 422 |
Огноо | 2019-07-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 422
2019 оны 07 сарын 03 өдөр Дугаар 128/ШШ2019/0422 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: “М” ХХК
Хариуцагч: ГУБ Д.Б,
Гомдлын шаардлага: “ГУБ Д.Бийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 012305- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Н.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 012305- дугаартай хуудсаар тус компанийг 2013 оноос 2017 онд Бүгд Найрамдах Хятад Ард улсаас худалдан авсан 9232828032 төгрөгийн сэлбэг, хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 447475318 төгрөгийн торгууль, 1491584392 төгрөгийн татвар, нийт 1939059710 төгрөг төлбөр төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Манай компани Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28/18 тоот удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтад ч идэвхтэй хамтран оролцож, шаардсан баримт, материалуудыг ямар нэгэн саадгүйгээр түргэн шуурхай гаргаж өгч, шалгалтад хамрагдсан. Мөн нотлох баримтаар шаардаж болохгүй баримтуудыг хүртэл гаргаж өгсөн байгаа. Үүнд 2013 оноос 2015 оны 1 дүгээр улирлыг дуусталх санхүүгийн тайлан хамаарна. Уг баримтууд нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлагнасан баримтууд юм. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар энэхүү тайлантай холбоотой ямар нэгэн баримт, тооцоо, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэхээр нотлох баримтаар татахыг хориглосон байдаг бөгөөд уг хуулийн заалтыг зөрчиж нотлох баримт цуглуулсан. Хяналт, шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Д.Б энэ мэт алдаа гаргаж удирдамжийн дагуу төрийн хяналт, шалгалтыг анх явуулсан. Төрийн хяналт, шалгалтыг явуулсны дараа бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулж, тухайн шалгалтыг гүйцээхгүйгээр буюу дүгнэлт гаргахгүйгээр зөрчлийн хэрэг нээсэн.
2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28/18 тоот удирдамжийн дагуу “М” ХХК нь импортоор оруулж ирсэн бараанд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж нягтлах зорилготой удирдамж юм. Гэтэл энэ компани худалдан борлуулах, чөлөөт эргэлтэд оруулдаггүй. Харин улс хоорондын ачаа тээврийг тээврийн хэрэгслээрээ гэрээ байгуулсан компаниудын ачааг 2 улсын гаалийн хяналтын талбайн хооронд тээвэрлэдэг юм. Гэтэл бараа оруулж ирсэн гэж тайлбарлан Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Шалгалтын явцад үзэж, шалгагдсан гэх 1758 ширхэг гадаад худалдан авалтын баримтууд, тэдгээрийн албан орчуулга, харилцагчийн өглөг, авлагын тооцоо, 2013 оноос 2017 он хүртэлх бүх улирал, жилийн эцсийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан зэрэг баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр баримтуудыг удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалт хийж байх явцад татаж авсан баримтууд бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдгээр баримтуудыг ямар үндэслэлээр нотлох баримт болгосон нь тодорхойгүй.
Гаалийн татварыг гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу “гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах “бараа"-нд гаалийн тарифын дагуу ногдуулна” гэсэн байдаг. Гэтэл бараа гэдэг нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” хамааруулан авч үздэг. Харин Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэг” нь Гаалийн тухай хуулийн 3.1.1-т заасан “бараа” гэдэгт хамаарахгүй тул түүнд гаалийн татвар ногдуулахгүй. Тэгэхээр гаалийн хилээр ачаа, зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэг. Тээврийн хэрэгсэл буюу улс хоорондын зорчигч болон ачаа тээврийн хэрэгслийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг шалгаж нэвтрүүлдэг. Үүн дээр тусгайлсан бүрдүүлэлт хийдэггүй. Гаалийн улсын байцаагч нар тээврийн хэрэгсэл биш гэж үзвэл бодитоор үзэж шалган гаалийн хилээр нэвтрүүлдэг.
Гэтэл шийтгэлийн хуудсын гол агуулга нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гаалийн тухай хуулийг зөрчиж гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон” гэсэн байгаа. Үүнээс үзэхэд Гаалийн тухай хуулийн ямар заалтыг зөрсөн нь тодорхойгүй. Гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон гэж байгаа нь дээрх хуульд заасны дагуу бараанд орохгүй юм. Мөн сэлбэг хэрэгслийг тээрийн хэрэгсэлд суурилуулах засвар үйлчилгээ нь хилийн чандад буюу Бүгд Найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрт хийгдсэн байдаг. Бараа гэдэг нь чөлөөт эргэлтэд байгаа зүйлийг хэлдэг. Харин хилийн чандад сэлбэг хэрэгслийг авч тэнд нь суурилуулсан бол бараа биш тээврийн хэрэгслийн эд анга болох юм. Тэгэхээр Монгол улсын хилээр ямар нэгэн бараа биш тээврийн хэрэгсэл орж ирсэн.
Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг тус компани үйлдээгүй бөгөөд зөрчлийн бүрэлдэхүүн хангагдахгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхдээ захиргааны акт гаргадаг журмаар гаргахгүй хуульд заасан тодорхой үндэслэлүүдийг зааж өгсөн байх ёстой.
Мөн 1758 ширхэг гадаад худалдан авалтын баримтууд дунд нэгт, сэлбэг хэрэгсэл, хоёрт, тухайн сэлбэг хэрэгслийг автомашинд суурилуулсан засвар үйлчилгээ, ажлын хөлс хамаарч байгаа. Засвар үйлчилгээ нь дээрх хуульд заасны дагуу бараанд хамаарагдахгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцохдоо нийт үнийн дүнгээс буюу засвар үйлчилгээний хөлс хамрагдсан байгаа. Эдгээр зүйлсийг шалгахгүйгээр зөрчлийн бүрдүүлэлт хангагдаагүй байхад шийтгэлийн хуудас гаргасан. Мөн удирдамжийн дагуу дүгнэлтийг гаргаагүй байгааг дурдмаар байна.
Иймд дээрх хууль тогтоомжуудыг зөрчин шийтгэл оногдуулсан ГУБ Д.Бийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 012305- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хоёр. Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгт, 2013 оноос 2015 оны санхүүгийн тайланд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд манай гаалийн байгууллагад энэ чиглэлээр хамаарах зүйл байгаа эсэхийг бид шалгахад байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд манай байгууллагад буюу гаалийн мэдүүлэг өгсөн талаар шалгахад байхгүй байсан. Бид үүний дагуу шалгасан тул хууль зөрчөөгүй.
Хоёрт, зөрчлийн хэрэг хууль бусаар нээсэн асуудал дээр зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд зөрчлийн хэрэг шууд нээж прокурор хяналт тавьсан байгаа.
Гуравт, “...цааш нь худалдан борлуулж байгаа барааг импортын бараа гэж бусдыг нь бараа гэж үзэхгүй” гэж тайлбарлаад байна. Хуульд худалдан борлуулах үгүй асуудал яригдаагүй байгаа. Жишээ нь машин худалдан авсан ч гаалийн татвар төлдөг. Үүнийг цааш нь худалдан борлуулдаггүй. Тэгэхээр үүнийг гомдол гаргагч тал ойлгохгүй байна.
Нотлох баримт хэрхэн авсан тухайд танай компаниас бүгдийг нь гаргуулж авсан байгаа. Зөрчил илэрсэн баримтуудыг хуулбарлан авсан. Үүнийг хуулийн хүрээнд гаргуулж аваагүй гэдгийг ойлгохгүй байна.
Гаалийн тухай хууль зөрчсөн гэж байна. Би Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан. Эд ангийн хувьд “бараа гэдэг нь биет болон биет бус зүйлийг” гэж Гаалийн тухай хуульд заасан байгаа. Засварын үнэ хөлсийн хувьд гаалийн үнийг эхэлж тооцон гаргаж дараа нь тариф, татварыг тооцно. Гаалийн үнэ гэдэгт тухайн барааг худалдан авахтай холбогдсон бүх зардал орно. Тээврийн бараа, тээврийн хэрэгсэл хоёрын хувьд Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 нь бусад орны импортын олон улсын тээвэрт зориулсан тээврийн хэрэгслийн эд ангиас татвар авахгүй гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, та нар яагаад тээврийн хэрэгсэлд татвар төлж байна вэ? Түүний дагалдах сэлбэг хэрэгсэлд яагаад татвар төлөхгүй байна.
Гомдол гаргагч нь Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах хятад ард улсын Засгийн газрын хоорондын Автотээврийн хэлэлцээрийн 13 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдохгүй гэж тайлбарлаж байна. Автотээврийн хэлэлцээрийн 13 дугаар зүйлд “хэлэлцэн тохирогч талууд энэхүү хэлэлцээрийн дагуу гүйцэтгэж буй хоёр улсын хоорондын авто замын тээвэрлэлтийн явцад доор дурдсан барааг гаалийн татвараас харилцан чөлөөлнө” гэж заасан байгаа. “М” ХХК нь тээврийн хэрэгслээ Бүгд Найрамдах хятад ард улсын засвар үйлчилгээнд татвар төлсөн байж Монгол улсад орж ирсэн сэлбэг хэрэгсэлд татвар төлдөггүй.
Дүгнэлтийн хувьд гаалийн улсын байцаагч нь хууль хяналтын байгууллага болон захиргааны байгууллагад шалгагдаж байгаа үед дүгнэлтийг гаргадаг юм. Бид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу танайд акт ногдуулсан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч гомдлын шаардлагаа “ГУБ Д.Бийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 012305- дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Гомдол гаргагч “...гаалийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 012305- дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-д шийтгэл ногдуулахдаа бараа импортлоогүй, импортолсон бараа, мэдүүлсэн зүйл байхгүй байхад үндэслэлгүй, хууль бусаар торгууль ногдуулсан” гэж хариуцагч тал “... “М” ХХК нь 2013-2017 онд БНХАУ-аас худалдан авсан сэлбэг хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй...” гэж маргаж байгаа болно.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.
Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 28/18 дугаар удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Б.Б нар “М” ХХК-ийн 2011-2017 онд импортолсон барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг гадаад худалдааны болон санхүүгийн баримтад тулгуурлан шалгажээ.
Дээрх шалгалтаар “М” ХХК нь 2013-2017 онд БНХАУ-аас худалдан авсан 9,232,828.032 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээнд ногдох 516,637.808 төгрөгийн гаалийн татвар, 974,946.584 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 1,491,584.392 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүлийн 1.1-т “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон...” гэсний дагуу шийдвэрлэхээр тогтоол гаргаж, прокуророор батлуулж 180200023- тоот Зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэл ногдуулан, прокурорын байгууллагаар хянуулжээ.
“М” ХХК нь БНХАУ-аас худалдан авсан сэлбэг хэрэгсэлд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёсгүй гэж байгаа боловч Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгсэл”-ийг, 3.1.2-т “Монголын бараа гэж энэ хуулийн 99.1-д заасан горимын дагуу боловсруулалт хийснээс бусад Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг хэлнэ” гэж тодорхойлжээ. Мөн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1-д Хэлэлцэн тохирогч талууд энэхүү Хэлэлцээрийн дагуу гүйцэтгэж буй хоёр улсын хоорондын авто замын тээвэрлэлтийн явцад дор дурдсан барааг гаалийн татвараас харилцан чөлөөлнө:
1. Бүх төрлийн тээврийн автомашины хөдөлгүүрийг ажиллуулахад тохирох, түлшний савны багтаамжийн хэмжээгээр авч яваа шатахуун;
2.тээвэрлэлтийн явцад зайлшгүй шаардагдах хэмжээний тосолгооны материал;
3. тээврийн автомашины засвар үйлчилгээнд зайлшгүй шаардагдах сэлбэг, багаж хэрэгсэл.
Хэрэглэж дуусаагүй шатахуун, материал болон авч яваа багаж хэрэгслийг хилээр буцаан гаргана. Хилээр буцаан гаргахгүй бол тухайн улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх, эсхүл зохих бусад арга хэмжээ авна гэж харилцан тохиролцожээ.
Ийнхүү дээрх Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хуулийн заалтуудын дагуу түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад тавигдсан сэлбэг нь Монголын бараа болоогүй буюу импортлогдоогүй, улсын хилээр орж ирэхдээ түр горим хэрэглэгдэж байгаа бол гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх харин Монгол Улсын гаалийн хилээр бүр горимоор оруулж ирж Монголын бараа болсон чирэгч автомашин болон чиргүүлүүдэд хилийн чанадад тавигдсан сэлбэгийг импортолж Монголын бараа болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна”, 249.2.1-д “мэдүүлэгчээс гааль, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон бусад шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авах, мэдээллийн санд нь нэвтрэх”, 249.3-т “Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно” гэж зааж эрх олгосныг үндэслэн гаалийн байгууллага нь “М” ХХК-д шийтгэл ногдуулсан нь зөв байна.
Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “үйлчилгээ гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд гаалийн улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа хилийн чанадад хийгдсэн үйлчилгээг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тодорхойлогдсон бараа гэх ойлголттой ижил мэтээр тайлбарлаж, хилийн чанадад авсан үйлчилгээг импортлогдсон бараа гэж тодорхойлсон нь алдаатай байх тул гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ. Учир нь, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тодорхойлогдсон бараа гэх ойлголтод хилийн чанадад хийгдсэн засвар, үйлчилгээ хамаарахгүй, уг засвар, үйлчилгээ нь импортоор оруулж ирсэн бараа биш байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс хилийн чандад хийгдсэн засвар үйлчилгээний талаар баримтуудыг нөхөн шалган тогтоох боломжгүй байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгуулллага шинэ акт гаргаагүй бол дээрх шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай байх тул ГУБ нарын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 012305- дугаартай Шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ